| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0029/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 34
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.Г, А.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Г, О овогт А.Н нарт холбогдох эрүүгийн 1710004200034 дугаартай, 187/2018/0029/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Г
2. Монгол Улсын иргэн, О овогт А.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны шөнийн 02-03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн ....... дугаар гудамжинд иргэн Ө.О-тай маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч А.Н нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны шөнийн 02-03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн ...... дугаар гудамжинд иргэн Ц.М-тэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Г, А.Н нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн ....... дугаар гудамжинд иргэн Ө.О, Ц.М нарыг “харанхуй шөнө нохой шувуу хуцуулаад, хүн амьтан амраахгүй” гэж хэллээ хэмээн маргалдаж шүүгдэгч Б.Г нь хохирогч Ө.О-г толгойн тус газарт нь стаканаар цохих, шүүгдэгч А.Н нь хохирогч Ц.М-н толгойн тус газарт нь чулуугаар цохих, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож хохирогч нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Б.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Шүүгдэгч А.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
3. Хохирогч Ө.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд 10 жилийн найз Ц.М-н гэрт очсон. Бид хоёр 02 цаг хүртэл юм ярьж ганц хоёр пиво ууж суусан. Тэгээд байж байтал Ц.М-н эхнэр Б.А бие засахаар гэрээсээ гарсан. Гарчихаад хашааны гадна хүмүүс юм яриад, нохой хуцаад байхаар нь Ц.М бид хоёр гарсан. Гартал Б.А хашааны гадна шар махлаг залуутай маргалдаж байсан. Хашааны гадна талд тэр залуугаас гадна 4-5 залуучууд байсан. Тэгээд Ц.М бид хоёр тэр залуучуудтай “харанхуй шөнө нохой шувуу хуцуулаад, хүн амьтан амраахгүй” гэж хэлээд хэрэлдэж маргалдсан. Ц.М бид хоёр болон тэр залуучууд халамцуу архи пиво ууцгаасан байсан. Тэгээд хэрүүл маргаан нь зодоон болсон. Б.А-тай эхлээд хэрэлдэж маргалдаж байсан махлаг шар залуу эхлээд Ц.М-тэй маргаж, тэр хоёр барилцаж авсан. Би наана нь бас хэсэг бүлэг хүмүүстэй нь маргасан. Маргаж дуусаад нэг залуутай нь /Э.Б нь/ гар бариад эвлэрч учир зүйгээ олж байтал миний толгойны ар хэсэгрүү хэн нэгэн нь хатуу зүйлээр цохьсон. Хартал нөгөө махлаг шар залуу миний толгойруу стаканаар цохьчихоод зугтаачихсан. Тэр стаканыг Б.А гэрээс авч гарч ирсэн байсан юм. Тэр үед Б.А цагдаа дуудчихсан гэж орилоход тэр залуучууд бүгд зугтаачихсан. Дараа нь харахад Ц.М-н толгой бас хагарчихсан байсан. Би тухайн үед өөрөө унаад хоёр өвдгөө шалбалсан. Харин тэр махлаг шар залуу Б.Г миний толгойны ар хэсэгрүү стаканаар 2 удаа цохиж толгой хагалсан. Өөр миний биед гэмтэл шарх учраагүй...Тэр залуучууд Ц.М-н гудамжаар явж байхад нь нохой нь хуцаж дайрсан юм байна лээ. Тэгээд тэр залуучууд нохойруу нь чулуу шидэж байхад нь Б.А бие засч явж таараад тэгээд нохойноос болж маргаан болоод, маргааны үед Ц.М бид хоёр гарч очиж маргалдаад маргаан нь зодоон болчихсон. Өөр шалтгаан байгаагүй. Бүгд л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас үл ойлголцож л ийм байдалд хүрсэн. Одоо бол бид учир зүйгээ олсон. Ц.М бид хоёрын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...бүлэглэсэн зодоон бол болоогүй. Маргааны улмаас миний биед гэмтлийг Б.Г гэх махлаг шар залуу стаканаар толгойн ар хэсэгт цохиж хагалж учруулсан. Харин Ц.М-н биед А.Н гэх залуу нь чулуугаар цохиж...гэмтэл учруулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/
4. Хохирогч Ц.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд манай гэрт манай 10 жилийн ангид сурч байсан найз Ө.О ирсэн. Бид хоёр манайд 02 цаг хүртэл юм ярьж ганц хоёр пиво ууж суусан. Бид хоёрыг пиво уугаад сууж байтал манай эхнэр Б.А бие засахаар гэрээсээ гарсан. Гарчихаад хашааны гадна хүмүүстэй юм яриад, нохой хуцуулаад маргаад байгаа юм шиг болохоор нь Ө.О бид хоёр араас нь гарсан. Гарахад хашааны гадна талд хэдэн залуучууд байсан. Тэдний нэгтэй нь манай эхнэр маргалдаад байсан. Ө.О бид хоёр мөн тэр залуучуудтай “харанхуй шөнө нохой шувуу хуцуулаад, хүн амьтан амраахгүй” гэж хэлээд хэрэлдэж маргалдсан. Бид нар бүгд л халамцуу архи пиво ууцгаасан байсан. Тэгээд хэрүүл маргаан нь зодоон болсон. Ө.О бид хоёр тэр залуучуудыг огт танихгүй. Гол маргаан болсон шалтгаан харанхуй шөнө нохой хуцуулсанаас л болсон. Уг нь хэн хэн нь эрүүл байсан бол хэрүүл болсон ч зодоон болохгүй байх байсан байх. Гэвч бид нар бүгд л халамцуу согтуу байсан учраас хэл амаа ололцож чадаагүйгээс тийм асуудал гарсан. Маргааны улмаас миний толгойг А.Н гэх залуу нь чулуугаар цохиж хагалсан. Харин Ө.О-н толгойг махлаг шар Б.Г гэх залуу нь стаканаар /манай эхнэрийн барьж явж байгаад уурандаа Б.Г-рүү шидсэн/ толгойн ар хэсэгт цохиж хагалж гэмтэл шарх учруулсан. Өөр тэнд гэмтэж бэртсэн хүн байгаагүй...А.Н гэх залуу нь миний толгойн тус газарт чулуугаар цохиж толгойг хагалж гэмтээсэн. Мөн миний нүүррүү гараараа цохиж гэмтээсэн, гэхдээ одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57, 109-110/
5. Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би найз нар болох А.Н, Э.Б, Б.Г, С.Б нартай уулзсан. Уулзаад Яармагийн эцэст н.Б-н гэрт очсон. Тэнд юм ярьж сууцгааж байгаад 2,5 литрийн 3 ширхэг савтай пиво хувааж ууцгаасан. Тэгээд шөнө 02-03 цагийн үед гэр гэртээ харихаар явсан. Яармагийн ....... дугаар гудамжинд алхаад явж байтал Э.Б рүү нохой дайрсан. Э.Б тэр нохой руу чулуу шидсэн, тэр үед хажуу талын хашаанаас 2 согтуу ах гараад ирсэн. Тэгээд нохой хуцуулаад гэж уурлаад бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Бид нар тэр 2 ахтай маргалдсан. Маргаан нь сүүлдээ зодоон болох гээд байсан. Б.Г Ц.М гэх ахтай нь барилцаж авсан. А.Н Ө.О гэх ахтай нь хэрэлдэж байсан. Би Б.Г-г салгах гээд хажууд нь зогсож байтал Ц.М гэх тэр ахын эхнэр нь жирэмсэн эмэгтэй ирээд Б.Г-н толгой руу барьж байсан стаканаараа цохьчихоод түүнрүү тэр стаканаа шидсэн. Тэр үед нь Б.Г хойш болж бултсан. Би ч мөн бултсан. Би тэр эгчид “та яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч хашааруугаа гүйгээд явчихсан. Б.Г тэр эгчийн шидсэн стаканыг газраас аваад Э.Б-ний тийшээ гүйгээд түүнтэй гар бариад зогсож байсан Ө.О гэх ахын толгойруу нь ар талаас нь цохьсон. Тэгээд тэр ах толгой хагалчихлаа гээд байж байтал Э.Б-ээ зугтаарай гэсэн. Тэгээд бид нар зугтсан...Дараа нь найз нараасаа асуухад Ц.М гэх ахын толгойруу А.Н чулуугаар цохиж гэмтээсэн байсан...Бид нараас гэмтэж бэртсэн хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/
6. Гэрч С.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай найз нар болох А.Н, Э.Б, Б.Г, Ц.Б бид нар найз н.Б-д оччихоод гэр гэртээ харих гээд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн ..... дугаар гудамжинд 02-03 цагийн үед явж байсан юм. Тэгтэл Э.Б-рүү нохой дайрсан. Э.Б тэр нохойруу чулуу шидсэн чинь хажуу талын хашаанаас 2 согтуу ах гараад ирсэн. Тэгээд бид нарыг хэл амаар доромжлоод бацаанууд гээд байсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж маргалдсан. Маргааны үед Б.Г Ц.М гэх ахтай нь барилцаж авсан. Тэр хоёр зодолдох гээд байсан учраас Ц.М-нх нь эхнэр нь гэх жирэмсэн эмэгтэй Б.Г-г барьж байсан стаканаараа толгойруу нь цохьсон. Тэгээд Б.Г Ц.М гэх ах хоёр салсан. Б.Г Ц.М гэх тэр ахаас салаад Э.Б-тэй гар барьж байсан Ө.О гэх ахын толгойн ар хэсэгрүү нь нөгөө жирэмсэн эмэгтэйн барьж байсан стаканаар цохиж гэмтээсэн. Тэгээд овоо гайгүй маргаан намдаж байтал А.Н Ц.М гэх ахтай нь маргалдаж түүний толгойруу чулуугаар цохиж гэмтээсэн. Тэгээд гараараа тэр ахын нүүррүү нь цохиж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаж бид нар зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/
7. Гэрч Э.Б-ний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энэ хэрэг 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн .... дугаар гудамжинд 02-03 цагийн үед болсон. Хэрэг гарсан шалтгаан нь гэвэл гудамжаар явж байтал надруу айлын нохой дайрсан. Тэгэхээр нь би чулуу аваад тэр нохойруу шидчихсэн. Тэгтэл хажуу талын хашаанаас нь ах нар гараад ирсэн. Тэр ах нар согтуу байсан. Тэгээд нохойруу чулуу шидлээ гээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид нар тэр ах нартай маргалдсан. Б.Г Ц.М гэдэг ахтай нь барилцаж авсан. Тэгтэл түүний эхнэр Б.А гэх жирэмсэн эмэгтэй ирээд Б.Г-ийн толгой руу нөхрөө өмөөрч стаканаар цохьсон. Б.Г тэр стаканыг нь аваад Ө.О гэх ахын толгойны ар хэсэгрүү цохьчихсон. Тэгээд бид нар эвлэрч байтал А.Н Ц.М гэх ахтай нь маргалдаж түүний толгойруу чулуугаар цохиж гэмтээсэн. Тэгээд гараараа тэр ахын нүүррүү нь ганц хоёр цохиод байх шиг байсан. Тэгээд салцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/
8. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №9780 тоот шинжээчийн дүгнэлт:
-Ө.О-н биед тархи доргилт, зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31/
9. Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №9781 тоот шинжээчийн дүгнэлт:
-Ц.М-н биед тархи доргилт, зүүн зулай, чамархай, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34/
10. Яллагдагч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Яармагийн .... дугаар гудамжинд иргэн Ө.О гэгчтэй маргалдаж улмаар түүний толгойг стаканаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан. Тэр үед би өөрийн найз нар болох Ц.Б, А.Н, Э.Б, С.Б нарын хамт гэр гэртээ харихаар алхаж явсан юм. Тэгтэл Яармагийн ..... дугаар гудамжинд явж байтал Ц.М гэх айлын нохой манай найз Э.Б-рүү хуцаж дайрсан. Тэр үед Э.Б тэр нохойруу чулуу шидсэн. Дуугай байлгах гээд мөн дайраад байсан учраас өөрөөсөө холдуулах гээд. Тэгтэл хашаанаас нэг эмэгтэй гарч ирсэн араас нь 2 эрэгтэй гарч ирсэн. Эмэгтэй нь жирэмсэн байсан. Бид нар уг нь хэрүүл маргаан хийхгүйгээр явчихъя гэж бодоод алхаж байтал тэр хүмүүс араас хэрүүл маргаан хийж өдөөд байсан. Тэгэхээр нь тэсэхгүй хэрэлдчихсэн. Тэгээд би хэрүүл маргааны явцад Ц.М-тэй барьцалдаж автал түүний эхнэр нь надруу барьж байсан стаканаа шидсэн тэр үед би цохиулаагүй холдож, тэр стаканыг аваад хажуудаа зогсож байсан Ө.О-н толгойруу цохиж гэмтээсэн. Тэр үед А.Н Ц.М-н толгойг бас чулуугаар цохиж гэмтээсэн. Өөр цохиж зодолдсон хүн болон гэмтсэн хүн байхгүй...Эхлээд Ө.О-г нь нөхөр нь юм байх гэж бодсон...Ө.О-н толгойг стаканаар цохиж гэмтээсэн нь үнэн. А.Н бид хоёр хоёулаа Ө.О, Ц.М нартай уулзаж уучлалт гуйж, хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Ө.О-д эмчилгээний мөнгө гэж 1 сая орчим төгрөгийг өгч барагдуулсан. Ц.М-д бэлнээр 350.000 төгрөг, эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-123/
11. Яллагдагч А.Н-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 02-03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Яармагийн ..... дугаар гудамжинд иргэн Ц.М-тэй маргалдаж улмаар түүний толгойг чулуугаар цохиж, зүүн шанаа руу нь гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан. Зодсон шалтгаан нь найз нартайгаа уулзчихаад гэр гэртээ харих гээд явж байтал Яармагийн .... дугаар гудамжинд Ц.М-н нохой манай найз Э.Б-рүү хуцаж дайрснаас болсон. Тэр нохой хуцаад дайраад байсан учраас Э.Б тэр нохойг дуугай байлгах гээд чулуу шидчихсэн чинь хашаанаас хүмүүс гарч ирж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь би Ц.М-н толгойг чулуугаар цохиж гэмтээсэн. Ц.М-г би урьд өмнө таньж мэдэхгүй...Нохойноос болж л тийм асуудал гарсан...Одоо бол гэмээ ухаарч байна. Цаашид дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хохирогчоосоо уучлалт гуйсан. Сайн дураараа бид нар хоорондоо эвлэрсэн...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127-128/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г, А.Н нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 78/-аар тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын №9780, №9781 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б.Г, А.Н нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн ...... дугаар гудамжинд иргэн Ө.О, Ц.М нарыг “харанхуй шөнө нохой шувуу хуцуулаад, хүн амьтан амраахгүй” гэж хэллээ хэмээн маргалдаж шүүгдэгч Б.Г нь хохирогч Ө.О-г толгойн тус газарт нь стаканаар цохих, шүүгдэгч А.Н нь хохирогч Ц.М-н толгойн тус газарт нь чулуугаар цохих, нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож хохирогч Ө.О-н биед “...тархи доргилт, зулай, дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Ц.М-н биед “...тархи доргилт, зүүн зулай, чамархай, зүүн завьжинд шарх...” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Г, А.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г, А.Н нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.О-н өгсөн “...Одоо бол бид учир зүйгээ олсон. Ц.М бид хоёрын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/, хохирогч Ц.М-н өгсөн “...А.Н гэх залуу нь миний толгойн тус газарт чулуугаар цохиж толгойг хагалж гэмтээсэн. Мөн миний нүүррүү гараараа цохиж гэмтээсэн, гэхдээ одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57, 109-110/, мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хохирогч нарын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 105-106/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Б.Г, А.Н нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Г, О овогт А.Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Б.Г, О овогт А.Н нарыг тус бүр 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г, А.Н нарт оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Б.Г, А.Н нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Г, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР