| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2110020510842 |
| Дугаар | 2023/ДШМ/150 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/150
2023 02 01 2023/ДШМ/150
Ц.Бад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1967 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Д.Энххэрлэнгийн давж заалдах гомдолд үндэслэн Ц.Бад холбогдох 2110020510842 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Цын Б, 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжилтэй, “...” ХХК-ийн ерөнхий зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.
Яллагдагч Ц.Б нь хохирогч Б.Этай барилгын материал болох дүнзэн мод нийлүүлэхээр аман хэлцэл байгуулж, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 395.000.000 төгрөгийг шилжүүлэн авч Б.Бтэй дүнзэн мод нийлүүлэх гэрээ байгуулаагүй мөртлөө байгуулсан гэж, Б.Мтэй 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ биелэгдэх боломжгүй болсон байхад дүнзэн мод нийлэхгүй байна гэж, Я.Атай 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээгээр 1 ширхэг дүнзэн модыг 90.000 төгрөгөөр захиалгын гэрээ байгуулсан атлаа 110.000 төгрөгөөр байгуулсан гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэл эвдэх аргаар хохирогчийн 259.195.000 төгрөгийг өөртөө захиран зарцуулж, залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтаст хэрэгт хохирогч Б.Э, гэрч Б.М, Я.Аын мэдүүлгүүдээс дүгнэхэд “...” ХХК-ийн дансанд хохирогч Б.Эын 285.000.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн эсэх, орсон бол ямар байдлаар данснаас гарсан, иргэн, хуулийн этгээдийн дансанд шилжсэн болон бэлнээр орсон мөнгө хэрхэн зарцуулагдсан эсэхийг цаг хугацаа мөнгөн дүнгээр нэг бүрчлэн шалгаж тогтоох, дансны хуулганд үзлэг хийх, мөн Б.Мгээс буцаан шилжүүлсэн гэх 100.000.000 төгрөг, Я.Аын буцаан шилжүүлсэн гэх 60.000.000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан эсэхийг нэг мөр шалгаж тогтоох шаардлагатай. Прокурор яллах дүгнэлтдээ хохирогч Б.Эын 395.000.000 төгрөгийн заримыг нь буюу 259.195.000 төгрөгт дүнзэн мод авч өгөхгүй байх гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь ямар үндэслэлээр зарим шилжүүлсэн мөнгийг хууль ёсны, заримыг нь гэмт үйлдлээр залилж авсан гэж ялгаж салгасан эсэх, мөн мөнгөн дүнгийн хэмжээ хоорондоо зөрүүтэй нь тодорхойгүй байдалтай байна. Иймд хохирлын хэр хэмжээг бодитой зөв тогтоох шаардлагатай.
Прокуророос 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Т.У нь хохирогч Б.Этай гэрээ байгуулсан бөгөөд уг ажлыг Ц.Б нь гүйцэтгэж байсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх субъект бөгөөд компанийн санхүүгийн баримтад гарын үсэг зурах, мөнгөн хөрөнгийг зарцуулах субъект нь гүйцэтгэх удирдлага ба хохирогчийн компанийн дансанд шилжүүлсэн мөнгө Т.Угийн зөвшөөрөлгүйгээр компанийн данснаас гарах, зарцуулагдах боломжгүй тул түүний үйлдэл оролцоог нэг мөр шалгаж, зохих ажиллагааг хийх шаардлагатай. Мөн хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт дээрх компанийн үүсгэн байгуулагч Т.Амарсайхан хэрхэн, яаж оролцсоныг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгах нь зүйтэй. ...Хохирогч Б.Э, “...” ХХК-ийн хооронд “Барилгын ажил гүйцэтгэх” 03 тоот 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан гэрээ авагдсан, хохирогчоос ...яллагдагчийг дүнз мод олох, тээвэрлэх, байшин барих, түлхүүр гардуулж хүлээлгэж өгөх талыг даана гэсэн... гэж мэдүүлсэн. Харин прокуророос яллагдагчийг хохирогчоос дүнзэн мод нийлүүлэхээр аман хэлцэл байгуулж мөнгийг шилжүүлэн авч залилсан гэж зөрүүтэй дүгнэсэн байх ба яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга хэсэг хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Иймд хохирогч, яллагдагч, бусад этгээдийн хооронд ямар ажил гүйцэтгэх байсан талаарх бодит үйл баримтыг нотлон тогтоосны эцэст гэмт хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн, хэн үйлдсэнийг тогтоох шаардлагатай.
Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Быг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогчийн 259.195.000 төгрөгийг залилсан гэх боловч гэмт хэрэг хэзээ, хаана төгссөн зэргийг санхүүгийн баримт болон бусад нотлох баримтын хүрээнд нэг мөр шалгаагүй тодорхойгүй байдлаар хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэмт хэрэг төгссөн газрыг тогтоосны эцэст шүүхийн харьяаллыг зөвтгөх шаардлагатай.
Яллагдагч Ц.Бын үйлдлийг яллагдагчаар татсан тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолд ...гүйцэтгэгч тал “...” ХХК-ийг төлөөлөн Т.У, захиалагч талыг төлөөлөн Б.Э нь гэрээ байгуулж, улмаар дүнзэн мод нийлүүлэх асуудлыг хариуцахаар аман хэлцэл байгуулж гэрээг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан гэж хуурч залилсан гэж агуулгыг бичсэн атлаа яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дээрх товч агуулгыг өөр байдлаар дүгнэж бичсэн зөрчилтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан үндэслэл, шаардлагыг яллах дүгнэлтэд хангаагүй гэж дүгнэв.
Гэрчээр тогтоогдсон Т.Амарсайхан нь шаардлага хангахгүй нарийн дүнз байна гэж хэлсэн. Нарийн дүнзнээс худалдан авах уу гэхээр нь тэгье гээд 150 дүнз авсан. Мөнгийг Б ахад цувуулаад өгсөн гэж мэдүүлсэн ба хохирогчийн шилжүүлсэн мөнгөөр авсан гэх зарим дүнз бусдад шилжсэн үйл баримт байх тул Т.Амарсайхан төлбөр төлсөн эсэх талаар санхүүгийн баримтыг шалгаж, яллагдагч Ц.Бын залилсан гэх хэргийн хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах талаар холбогдох ажиллагааг хийвэл зохино.
“..." ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд авто машины худалдаа, барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, аялал жуулчлал, амралтын газрын үйлчилгээ явуулах талаар тусгагджээ. Хэрэгт “...” ХХК нь хохирогч Б.Этай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан баримт байгаа ба 12 айлын буюу нийтийн амины орон сууц, хотхон барих чиглэлээр үйл ажиллагаа явуулахад Барилгын тухай хууль болон бусад хууль, дүрэм журмаар тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардах эсэхийг мэргэжлийн байгууллагаас тодруулах, хэрэв тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол зөвшөөрөл олгодог зохих байгууллагаас “...” ХХК тусгай зөвшөөрөлтэй эсэхийг тодруулан шалгах шаардлагатай ба энэхүү ажиллагаа нь Барилгын ажил гүйцэтгэх гэсэн гэрээ байгуулсан хуулийн этгээдийн удирдлага гэмт хэрэгт оролцсон эсэхийг тогтооход шууд хамааралтай гэж үзнэ. Иймд дээрх зөрчлүүдийг арилгах, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдийг зөв тогтоох, мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлсэн байх үндэслэлтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Яллагдагч Ц.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдолдоо: “...Яллагдагч Ц.Б болон өмгөөлөгчийн зүгээс түүний үйлдсэн гэмт хэрэг болон бусдад учруулсан хохирлын хэмжээ, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй гэдгийг илэрхийлсэн болно. Шүүгчийн захирамжийг уншиж танилцахад бүхэлдээ ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь, холбогдогч болон хохирогчийн эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийх шаардлагагүй ба үзлэг хийснээр хэргийн зүйлчлэл болон хэргийн бусад байдалд нөлөөлөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э, яллагдагч Ц.Б нар хоорондоо 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, хийсэн ажлын талаараа тооцоо нийлж хохирлыг 259.195.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж үзэн энэ талаар холбогдох баримтуудыг гарган өгч мэдүүлэгтээ хэн аль нь тайлбарласан байхад шүүх энэ асуудлыг дахин хийлгүүлэхээр буцаасан нь ойлгомжгүй байна.
Шүүх гэмт хэрэг нь нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэх талаар дурдаад энэ ажиллагаа нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хохирогч Б.Э нь “Хамгийн сүүлд шилжүүлсэн мөнгийг Хан-Уул дүүрэг, Яармагийн “Сансар” худалдааны төв дотор байдаг АТМ-с шилжүүлсэн...” гэж мэдүүлгийг өгсөн. Тухайн мэдүүлэг нь хохирогчийн дансны хуулгаар давхар батлагдаж байх тул шүүхийн шатанд тухайн асуудлыг зөвтгөх боломжтой байна. Шүүхээс эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчийн талаар дурдсан боловч өмгөөлөгчийн зүгээс тухайн заалтын талаар огт ойлгоогүй болохоор хариу тайлбар хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчилнө” гэж заасан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээ хэвээр байгааг тус тус дурдаад өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан шүүхийн шийдвэрт гомдол гаргах, хариу тайлбар хийх эрхийг боогдуулсан, зөрчсөн, мөн миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шүүгчийн шийдвэрийг хянаж, хууль зүйн дүгнэлтийг хийж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтаар тогтоогдсон бодит хохирлыг хохирогч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээрээ, мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ тус тус илэрхийлдэг. Яллах дүгнэлтэд хохирогч Г.Эт учирсан хохирлыг хэрхэн тогтоосон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн яллах дүгнэлтэд яллагдагч Ц.Бын гэмт хэргийн шинжийг “яллагдагч Ц.Б нь гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад эрсдэл үүсмэгц хохирогч Б.Эын эд хөрөнгийн заримыг нь өгөхгүй гэсэн гэмт санаа зорилго төрж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд өмчлөгчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийсэн байна” гэж дүгнэсэн байхад шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн дүгнэлт, хэргийн бодит байдалтай хэрхэн зөрчилдөж, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Угийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2110020510842 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.У, Ц.Б нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр бөгөөд Т.У хохирогч Б.Э нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд дүнзэн мод нийлүүлэх талаар тохиролцоогүй. Түүнчлэн нөхөр Ц.Бын хэлснээр мөнгө шилжүүлдэг байсан. Дүнз нийлүүлэх гэрээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулах ажлыг Ц.Б нь гүйцэтгэж байсан зэрэг үйл баримтууд тогтоогдсон. Дээрх үйл баримтаар яллагдагчаар татагдсан Т.У нь Ц.Бтай бүлэглэн залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул яллагдагч Т.Уд ашигтай байдлаар шийдвэрлэж, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд гагцхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан бөгөөд Т.У, Т.Амарсайхан нар нь Ц.Бтай гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн гэх үйл баримт, хохирогч Б.Э, гэрч Я.А, Д.Улаалзгана, Б.М, Т.Амарсайхан, Т.У нарын мэдүүлэг, “Их Гүрэн Вүүд” констракшн” ХХК Б.Э нарын хооронд байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар Ц.Бын үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал үгүйсгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Амарсайхан, Т.У нар нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай тодорхой үйлдэл хийсэн. Энэ нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан, эсхүл энэ гэмт хэрэгт хамааралтай буюу Ц.Быг залилах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдсэн, гэмт хэргийн улмаас олсон ашиг, орлого гэдгийг мэдсээр байж, зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй дан ганц үр дагаварт чиглэсэн объектив талын яллах ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь, яллагдагч Ц.Б нь Т.Утай эхнэр, нөхөр, Т.Амарсанаа, Т.У нар нь төрсөн эгч, дүүс болох нь тогтоогддог бөгөөд тэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгдөггүй. Мөн яллагдагч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эт учруулсан хохирлыг Т.Амарсанаа, Т.У нартай бүлэглэж үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого гэдгийг мэдсээр байж, зориуд авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан гэж маргадаггүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд дан ганц хохирогч Б.Этай хамтран ажиллах гэрээгээр 12 айлын дүнзэн хаус барих төслийн ажлыг хийгээгүй. Өөр ажил, үйлчилгээ хийж, түүнээсээ ашиг орлого олж байсан тухай мэдүүлсэн байдаг зэрэг нөхцөл байдал нь энэ гэмт хэрэгт Т.Амарсанаа, Т.У нарыг хамтран оролцсон, эсхүл энэ гэмт хэрэгт хамааралтай гэж дүгнэх нь учир дутагдалтай. Мөн хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларч, эдгээр нотлох баримтуудыг яллах дүгнэлтэд нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн байхад шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй мэтээр гэмт хэрэг хаана, хэзээ төгссөн зэргийг санхүүгийн баримт болон бусад нотлох баримтын хүрээнд тогтоогоогүй гэж дүгнэжээ. Гэтэл хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ц.Бад шилжүүлсэн мөнгийг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн тухайгаа мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн нотолбол зохих байдлыг дан ганц мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад ч тогтоох боломжтой байхаар хуульчилсан байдаг. Иймд гэмт хэрэг төгссөн газрыг тогтоосны эцэст шүүхийн харьяаллыг зөвтгөх шаардлагатай гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх ба гэмт хэрэг хэзээ, хаана үйлдсэнийг нотолсон үйл баримт хэрэгт хангалттай тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар 3 дахь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгахаар хуульчилсан байх тул яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Учир нь, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт зэргийг тусгасан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолд бичсэн агуулгыг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмт хэргийн шинж зэргээр нь тус бүрд нь дүгнэж бичсэнийг агуулгын хувьд зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийг хэт хэлбэр талаас дүгнэжээ.
Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйл, Барилга хот байгуулалтыг сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дүгээр тушаалын хавсралт зэргээр барилга байгууламжийн төвөгшлийн ангилал, төрлөөс үзвэл 12 айлын дүнзэн хаус нь бага төвөгшилтэй ангилал, агуулахын төрөлд орохоор байгаа тул барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд хамааруулж үзэхээр байна. Энэхүү “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд”-ын жагсаалтын 1.1-д “7 м хүртэл өндөртэй 200 м.кв талбай бүхий орон сууц”-ыг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийн ангилалд, харин “4000 м.кв хүртэл талбайтай агуулахын барилга байгууламж”-ийг бага төвөгшилтэй барилга байгууламжид тус тус хамааруулсан байна. Мөн хавтаст хэрэгт цугларсан гэрч Б.Суубилэг, Д.Мягмардалай нарын мэдүүлгээр “...” ХХК нь барилгын ажил гүйцэтгэдэг, урьд хамтран ажиллаж байсан талаар мэдүүлсэн байдаг. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүгийн хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг гэдэгт шүүгдэгчид холбогдох эрүүгийн хавтаст хэрэг, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүулсэн нотлох баримтууд болон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэгдсэн хэргийн зүйлчлэл хамаардаг бөгөөд энэ хүрээнд шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хохирлын хэмжээг бодитой зөв тогтоох. ...хохирогч, яллагдагч, бусад этгээдийн хооронд ямар ажил гүйцэтгэх байсан талаарх бодит үйл баримтыг нотлон тогтоох. ...гэмт хэрэг хэзээ, хаана төгссөн зэргийг санхүүгийн баримт болон бусад нотлох баримтын хүрээнд нэг мөр шалгах. ...яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй. ...хохирлыг хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар холбогдох ажиллагааг хийх. ...бусад этгээд гэмт хэрэгт оролцсон эсэхийг тогтоох. ...” гэсэн дүгнэлтүүдийг хийж Ц.Бад холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь, дээрх ажиллагааг хийснээр Ц.Б нь хохирогч Б.Эын 395.000.000 төгрөгийн заримыг буюу 259.195.000 төгрөгийг хэрхэн залилсан гэж үзсэн эсэх, мөн хохирогч Б.Барцэцэг, Б.М, Я.А нараас мөнгө залилсан эсэх, хэргийн үйл баримтыг нотлох баримтыг бүрэн гүйцэд судлан тогтоох, мөн яллагдагч нь хохирогч нарыг хэзээ, хаана залилсан нь тодорхойгүй, түүний үйлдэлд бусад этгээд хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг нарийвчлан тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх нь гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл, яллагдагч Ц.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь ойлгомжгүй, хариу тайлбар хийх боломжгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин яллагдагч Ц.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэн тус шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа өөрт гардуулагдсан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1967 дугаар захирамжийг хавсарган ирүүлсэн. Тус гардуулагдсан шүүгчийн захирамжийн 4, 6 дугаар нүүр хэсэг нь хавтаст хэрэгт авагдасан шүүгчийн захирамж /3хх 230-236/-ийн 4, 6 дугаар нүүрүүдээс өөрөөр хуулбарлагдсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул тус алдаа зөрчлийг гаргалгүй ажиллахыг анхан шатны шүүхэд анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1967 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Д.Энххэрлэнгийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР