Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00931

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00931

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, Х М-ын Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий 155/2024/00975/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие М- овогтой Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрж тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж Улаан туг нэгдэлд мужаачнаар 1987 онд элсэн орсон. Түүнээс хойш тасралтгүй 1991 он хүртэл ажилласан.

Иймд М.Б миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан.

Одоо биеийн байдал нь тааруу өвчний учир группт орох гэтэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо.

Иймд нэхэмжлэгч М.Бийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 86 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг Хувьцаат компанийн гишүүдийн судалгаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаал, хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, М- овогтой Бийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1987-1989 онд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, М.Бийн 1989 оны малын хөдөлгөөний нэгдсэн бүртгэл, 1988 оны ердийн хөсөг, тракторын тээврийн ажлын бүртгэл, 1987 оны малын хөдөлгөөний бүртгэл зэрэг баримтад тус тус Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х М-ын Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 200 дугаартай итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12, 34-39)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Б, Д.Я нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Бийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-54 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д нь нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Б нь өвчний улмаас группт орох гэтэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч М.Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дын шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж илгээлтээр үйлдвэрлэлд ажиллах 25 сурагчдыг 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай. гэх бичилт бүхий Илгээлтийн эздийг ажилд томилох тухай 26 дугаартай тушаал, түүний хавсралтын 11 дүгээрт Овог нэр гэх хэсэгт М- Б, хэсгийн дугаар гэх хэсэгт 4 дүгээр бригад, нас гэх хэсэгт 15, Хаана хэний суурьт юу хийх гэх хэсэгт: туслах үйлдвэрт гэрийн мод, халамжлан хүмүүжүүлэгч гэх хэсэгт н.Д гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавстаст хэргийн 5 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1.Нэгдлийн бүх гишүүдийн 12 дахь удаагийн сонгуулийн 4 дүгээр хурлаар БНМАУ-ын аж ахуйн нэгжийн хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д зааснаар Улаан туг нэгдлийг 1992 оны 1-р сарын 1-нээс Улаан туг хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан тул нэгдэлд ажиллаж байсан ажилчдыг хавсралтад дурдсан ажил албан тушаалаас нь 1991 оны 12-р сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай 86 дугаар тушаал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг хувьцаат компаний гишүүдийн судалгаа: 196. М- Б, мужаан гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавстаст хэргийн 3-4 дүгээр хуудас),

М- овогтой Бийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1987 оны 4-9, 12 дугаар сар, 1988 оны 1-7, 9, 10, 12 дугаар сар, 1989 оны 1-7, 9, 10, 12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавстаст хэргийн 6-9 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг Хувьцаат компаний гишүүдийн судалгаа гэх баримтын 196 дугаарт Овог нэр гэх хэсэгт М- Б, Эрхэлж байсан ажил гэх хэсэгт мужаан гэх бичилт бүхий баримтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавстаст хэргийн 4 дүгээр хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн М-ын Бид холбогдох 1988 оны 10 дугаар сарын 28-ны хөтөлсөн Хаягийн хуудас №7 баримтын 10 дугаарт хаана ямар ажилтай гэх хэсэгт Жаргалант сум Улаан туг нэгдэл грушик гэх бичилт бүхий баримтын архивын хуулбар (хавстаст хэргийн 19 дүгээр хуудас),

Гэрч Х.Бын ...М.Б нь 1987 оноос 1990 он хүртэл туслах үйлдвэрт гэрийн модчин хийж байсан. Оныг сайн санахгүй байгаа ч үүний дараа цэрэгт явж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Д.Яын М.Б нь 1987 оноос 1991 он хүртэл туслах үйлдвэр 4 дүгээр бригадад мужаан хийж байсан. 1991 оноос хоршоонд мөн мужаанаар ажиллаж байсан. Хоршооны нэрийг нь сайн мэдэхгүй байна. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна (хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Б нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Х М-ын Бийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1(А), иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 (A), баримтууд нь тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 18, 20 дугаар хуудас)

Нэхэмжлэгч М.Б нь 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр халагдсан болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х М-ын Бийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН