Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 37

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч З.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт З.М-д холбогдох эрүүгийн 1710011520042 дугаартай, 187/2018/0035/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,  Ш овогт З.М

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч З.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ................ хорооллын ........... тоотод байр өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Б-тэй маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч З.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ............. хорооллын .......... тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Б-г “цаашаа бол архи үнэртүүлээд” гэж хэлэн орноос түлхэж унагаалаа хэмээн маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч З.М-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө би гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж орсон. Би Ц.Б-г хэвтэж байхад нь хайртай шүү гэж хэлээд араар нь хэвтсэн чинь намайг орноос түлхэж унагасан. Миний үйлдлээс Ц.Б-т гэмтэл учирсан, Ц.Б-т хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             2. Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би ажилдаа явсан. Харин манай нөхөр гэртээ үлдсэн. Намайг орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ байхгүй байсан. Намайг гэртээ байхад манай нөхөр над руу мессеж бичээд “Би архи ууж байна, чамдаа ямар ч байсан санхүүчдийн баярын мэнд хүргэе” гэх мэт...бичсэн байсан. Мөн өөр янз янзын хардалтын шинжтэй мессеж бичсэн байсан. Тэгээд би нөхрийнхөө бичсэн мессеж бүрт хариу бичээгүй. Тэгээд орой унтаад өгсөн. Тэгтэл манай нөхөр 02 цаг 30 минутын үед хаалга цохьсон. Тэгэхээр нь би нөхөртөө хаалга онгойлгож өгөөд орондоо ороод хэвтэж байсан. Нөхөр маань гэртээ орж ирэхдээ их уйлаад орж ирсэн. Тэгээд намайг жижиг өрөөнд бага охинтойгоо унтаж байхад миний хажуугаар хэвтээд уйлаад архи үнэртүүлээд байхаар нь би цаашаа бай гэж хэлээд нэг нэгнийгээ түлхсэн. Манай 13 настай охин өрөөндөө унтаж байсан, харин 2 настай бага охин маань унтаж байсан. Нөхөр бид хоёрын маргааныг манай хүүхдүүд мэдээгүй, сэрсэн асуудал байхгүй. Нөхөр бид хоёр нэг нэгнийгээ наашаа цаашаа гэж маргалдаж байх үед манай нөхөр миний зүүн шагайны ясны дээд хэсэгт хазсан. Тухайн үед их өвдсөн боловч би чанга орилоогүй. Тэгээд жижиг өрөөнөөс гарахад миний шагайны дээд хэсгээс цус гарч байсан. Тэгээд миний хөлийг хазлаа гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр над руу жижиг модон сандал шидсэн. Би тухайн үед ар нуруу хэсгээрээ сандлыг хаасан. Тэгээд би цагдаа дуудах гэхэд миний гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд бид хоёр маргалдаад байж байхад нөхрийн гадуур хувцасны халаасанд гар утас нь байхаар нь утсыг нь аваад гэрээсээ гараад явсан. Тэгээд цагдаа дуудчихаад буцаад гэртээ орсон чинь манай нөхөр гайгүй тайвширчихсан сууж байсан. Тэгээд би нөхөртэйгөө ярилцаад сууж байхад 2 цагдаа ороод ирсэн...Тэгтэл манай нөхөр намайг цагдаа дуудлаа гэж хэлээд тагт руу үсрэх гээд байсан. Тэгтэл цагдаа манай нөхрийг татаад авсан. Тэгээд цагдаа нөхрийг маань аваад явах гэхэд явахгүй гээд маргалдаад байсан. Цагдаа нар манай нөхрийг ямар ч байсан аваад гарсан. Тэгтэл нэг цагдаа манай гэрт орж ирээд нөхрийг чинь алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа надаар эрсдлийн үнэлгээ хийлгэсэн. Би тэгээд өргөдөл бичиж өгсөн юм...Манай нөхөр их хэмжээний согтолттой байсан...Манай нөхөр миний зүүн шагай хэсэгт хазсан, мөн над руу сандал шидсэн. Тэр сандал нь өгзөг хэсэг болон гарын бугалга хэсэгт оносон. Өөр ямар нэгэн байдлаар зодсон цохьсон асуудал байхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18/

            3. Гэрч Ч.Ч-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр Эрхэс-111 чиглэлийн машинт эргүүлийн ажилд цагдаагийн дэд ахлагч Э.Н-н хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Тэр өдөр миний санаж байгаагаар 03-04 цагийн орчим гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг Эрхэс-10-аас авч дээрх хаяг дээр очсон. Тухайн хаяг дээр очиж хаалгыг нь тогшиход тухайн гэрийн эзэгтэй болох эмэгтэй хүн хаалгаа онгойлгож өгсөн. Тухайн орон сууцанд ороход нөхөр нь бололтой эрэгтэй хүн том өрөөнийхөө буйдан дээр бага зэрэг халамцуу эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан. Тэгээд нөхөр болох З.М гэдэг хүнийг авч явах гэхэд явахгүй гэж шаардлага эсэргүүцэж тагтныхаа хаалгыг онгойлгож үсрэхээр завдсан. Энэ үед Э.Н бид хоёр З.М-г араас нь татаж авч гэр рүү нь оруулаад тагтны хаалгыг нь хаасан. Тэгээд гавлаад гарах гэхэд гавлуулахгүй өөрөө хувцасаа өмсөөд явна гэсэн. Тэгээд З.М хувцасаа өмсөөд Э.Н бид хоёртой хамт гэрээсээ гарсан. Тэгтэл орцны хаалгаар гараад бид хоёроос зугтаагаад алга болсон. Тэгээд байрны эргэн тойрноор хайхад олдоогүй. Тэгэхээр нь би гэр рүү нь буцаж ороод эхнэртэй нь орж уулзаад өргөдөл бичүүлж аваад аюулгүйн зэргийн үнэлгээ хийж, мэдүүлэг материалжуулаад Эрхэс-10-т хүлээлгэж өгсөн...Тухайн дуудлага өгсөн гэх эмэгтэй их ууртай бухимдсан байдалтай, миний хөлнөөс хазсан гэж хэлж байсан. Зүүн шагайны хэсэгт шалбарсан хавдсан байдалтай байсан. Мөн тэр эмэгтэй нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Мөн байнга архи уудаг гэж хэлж байсан...З.М өөрийгөө авч явах чадвартай, гэхдээ халамцуу л харагдаж байсан. Харин эхнэр нь гэх хүн эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

                        4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг /134/-ийн дүгнэлт:

                                    -Ц.Б-н биед бугалга, өгзөгний цус хуралт, зүүн шагайн шарх гэмтэл тогтоогдлоо.

                                    -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                                    -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                                    -Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 30/

            5. Яллагдагч З.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Улаанбаатарт ирсэн ажил хэргийн найзууд болон Солонгос улсын иргэдтэй уулзаж орчуулгын ажил хийсэн. Би Солонгос найзуудыгаа онгоцны буудал дээр тосож уулзаад хоол унданд оруулчихаад бага зэрэг архи уучихаад шөнийн 01 цагийн орчим гэртээ ирсэн...Намайг гэрт ороход эхнэр Ц.Б бага охинтойгоо унтлагын өрөөнд унтаж байсан. Харин 13 настай охин маань өөрийнхөө өрөөнд ганцаараа унтаж байсан...Би орны ирмэг хэсэгт хэвтэж байхад эхнэр маань уурлаад “Цаашаа байгаач чи заваан юм үнэртүүлээд” гэж хэлээд намайг хөлөөрөө өшиглөж газарт унагаасан. Тэгээд би яагаад намайг түлхэж байгаа юм бэ гэж хэлээд эхнэртэйгээ маргалдаад жижиг өрөөнөөсөө гараад том өрөөндөө орсон...Тухайн үед эхнэр бид хоёр нэг нэгнийгээ түлхэж зууралдсан. Тухайн үед эхнэр маань уурлаад цагдаа дуудна гээд байсан. Тэгэхээр нь би маргааш нь ажилтай шүү дээ чи ч гэсэн мэдэж байгаа шүү дээ гэж хэлээд эхнэрээсээ битгий цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр миний гадуур хувцасны халаасанд байсан миний утсыг аваад цагдаад дуудлага өгсөн...Би эхнэр рүүгээ сандал шидсэн талаараа мэдэхгүй байна...Би маргааш өдөр нь Солонгос улсаас ирсэн хүмүүстэй уулзах маш чухал ажилтай байсан. Үүнээс болоод л би зугтаахаас өөр ямар нэгэн сонголт байхгүй юм гэж бодоод зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч З.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг /№134/-ийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч З.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо .......... хорооллын ........ тоотод байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Б-г “цаашаа бол архи үнэртүүлээд” гэж хэлэн орноос түлхэж унагаалаа хэмээн маргалдан зүүн хөлийн шагайн хэсэгт хазах, биеруу нь модон сандал шидэх зэргээр зодож биед нь “бугалга, өгзөгний цус хуралт, зүүн шагайн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч З.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.М-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах ялыг /500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б-н өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч З.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш овогт З.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овогт З.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.М-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  З.М-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР