| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2205029172474 |
| Дугаар | 2023/ДШМ/151 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/151
2023 02 01 2023/ДШМ/151
Т.Сад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/1884 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Энэрэлийн бичсэн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэлд үндэслэн Т.Сад холбогдох 2205029172474 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Тын С, 1993 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилга угсралтын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../.
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гадна найз Ц.Быг өмөөрч, Л.Атай маргалдан түүний нүүр тус газарт 2-3 удаа гараараа цохиж, унахад нь 2-3 удаа өшиглөсний улмаас хохирогч Л.Аын эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, хацар, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 өвдгийн үе, баруун шагайн үений зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Анх Ц.Б гэгч нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох явцдаа жолооч Л.Атай муудалцсан байх ба улмаар тэдгээрийн хооронд маргаан үүсч, харилцан зодолджээ. Цагдаагийн байгууллагад очсоны дараагаар Ц.Бы танил болох Т.С гэгч ирснээр шүүгдэгч Т.С хохирогч Л.А нарын хооронд болсон үйл явдал буюу тухайн үеийн нөхцөл байдлын талаар Л.А нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэхдээ “нэг л зүйлийн талаар” тогтвортой мэдүүлжээ. ...Шүүгдэгч Т.Сад холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл хуульд заасан ажиллагаа бүрэн хийгдсэн гэхэд эргэлзээтэй байх бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарна. Үүнээс гадна хяналтын прокурор 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай” прокурорын 22 дугаар тогтоол гаргахдаа “Бүртгэлийн 8456 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсугай” /хх-н 42/ гэсэн мөртлөө 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь /хх-н 33/, мөн 2022 оны 9 дүгээр сарын 19 (13)-ны өдрийн мөрдөгчийн саналд "... Должинсүрэнгийн Цэндбаатарын биед хөнгөн хохирол учруулсан. ...” /хх-н 32/ гэсэн зэрэг нь ойлгомжгүй байна. Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд хэргийг прокурорт буцаахгүй, харин шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч хуулийн энэ зохицуулалт нь тухайн шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр байгаа бол гэсэн агуулгатай гэж шүүх үзэв. Түүнчлэн энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний дараа прокурорт буцааж байгаа нь “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хуулийн заалтыг баримталсантай холбоотой. Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цагийг огт тодорхойлоогүй байгааг дурдаж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Прокурор Г.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Т.Сад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх заалт нь урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэрэглэх заалт тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.А нь 2022 оны 8 дугаар сарын 21, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр болон хохирогчоор өгсөн “...жолооч нь бууж ирээд намайг цохисон. Тэгэхээр нь би заамдаж аваад хавирч унагаад нэг цохисон. ...Цагдаа нар ирээд харилцан зодолдсон байна. ...Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна гээд 20 дугаар хороо руу дагуулж явсан. ...Машинаасаа мөнгө авах гээд ...явж байсан чинь тухайн жолоочийн найз гээд ...залуу нь шууд нүүр хэсэг рүү цохисон. Жолооч залуу нь цамцны араас зулгаагаад араас татсан. Унагаагаад нүүр нүдгүй өшиглөсөн” гэсэн мэдүүлгийг шалгаж, Моносын уулзварын ойролцоо болсон харилцан зодоон, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны гадна болсон зодооныг харсан, тэнд байсан гэх гэрч Ц.Б, М.Энхсайхан, А.Мөнхнасан нараас мэдүүлэг авахад Моносын уулзварын ойролцоо Ц.Б, Л.А нар нь харилцан зодолдсон, Л.Аын цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, мэдээллийн дагуу очсон цагдаа тэдний биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, Т.С, Л.А нарын зодооныг Ц.Б салгасан талаар тогтвортой мэдүүлсэн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл буюу хохирогч Л.Аын нүүр хэсэгт учирсан гэмтлийг Т.С гараараа цохих, өшиглөх үйлдлээр учруулсан гэж дүгнэсэн. Мөрдөгчөөс Т.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад Т.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзан. Мөрдөгчийн саналыг шийдвэрлэж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, цаашид хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны талаар даалгавар бичиж, мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн. Прокурорын даалгаварт заагдсан ажиллагааг мөрдөгч бүрэн хийж гүйцэтгэсний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Т.Сад дахин эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай саналыг гарган ирүүлснийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримт дутуу. ...хохирогч Л.А нь мөрдөн шалгах ажиллагаанд “...би газар унахад хоёулаа нүүр, нуруу гэх газар руу өшиглөж байгаад цаашаа яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх 8, 11/-үүдээс дүгнэхэд шүүгдэгч Т.С нь өөр этгээдтай хамтран гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй. ...прокурорын тогтоолууд, мөрдөгчийн санал зэрэг нь ойлгомжгүй. ...” гэсэн дүгнэлтүүдийг хийж Т.Сад холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.
Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой. Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлтэй тул мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь, дээрх ажиллагааг хийснээр гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгч Т.Сын үйлдлийн шинж чанар, хохирогч Л.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа өөр этгээдтэй хамтран оролцсон эсэх, тухайн гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.
Харин анхан шатны шүүх Т.Сад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1874 дүгээр захирамжаар яллагдагч Т.Сыг шүүхэд шилжүүлсэн атлаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар түүнийг дээрх хуулийн заалтад заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/1884 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Энэрэлийн бичсэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР