Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ****ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, Э.У, Э.Г

Хариуцагч: *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э

Хариуцагч: Н.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Ч.О

Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” гэжээ

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Э.У, Э.Г, хариуцагч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч “*** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.     

2.Маргааны үйл баримтыг дурдвал      

2.1.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч ****ХХК-д Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 1,673,126,252.42 төгрөгийн татварын өрийг татварын нэхэмжлэх хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан татварын өрийг барагдуулахыг үүрэг болгосон байна.

2.2.Нэхэмжлэгч ****ХХК-аас маргаан бүхий дээрх актыг эс зөвшөөрч *** дүүргийн татварын хэлтсийн даргад гомдол гаргасан байна.  

2.3. Нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн 2023  оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 04/603 дугаартай “Хариу хүргүүлэх тухай албан бичгээр” Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орсон өөрчлөлтөөр хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт иргэн хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлөхөөр зохицуулсан. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “Орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц гэрийг гэж тодорхойлсон ба хуулийн этгээд нь хөрөнгө өмчлөх эрхийнхээ хүрээнд орон сууцыг өмчилж болох боловч тухайн орон сууцанд зориулалтын дагуу суурьшин амьдрахгүй, албан татвараас чөлөөлөх орон сууцанд хамаарахгүй тул ашиг олох зорилгоор өмчилж байгаа орон сууцыг зориулалттай хөрөнгөд тоо нутаг дэвсгэрийн байршил харгалзахгүйгээр албан татвар ногдуулахаар” шийдвэрлэсэн байна. 

2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс “*** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ 2000 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хөрөнгийг тодорхойлохдоо “орон сууц” хэмээн тодорхойлсон байсныг УИХ-аас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, “иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц” гэж өөрчлөн найруулсан. Улаанбаатар хотод орсон орон сууц өмчилдөг аливаа иргэн, хуулийн этгээдийн хоёр орон сууцыг татвараас чөлөөлөх болсон.

Хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цахим татварын систем болох etax.mta.mn дээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын чөлөөлөлтөд хамруулах өөрийн өмчлөлийн хоёр орон сууцны мэдээлэл бүхий хүсэлтээ илгээсэн. Татварын улсын байцаагч Н.Энхбат нь нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр татварын нэхэмжлэх ирүүлэхдээ дээрх хоёр сууцанд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулан нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчаас ирүүлсэн нэхэмжлэхээс нэхэмжлэгчийн 2 орон сууцанд хамаарах хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 12.1.6, 81.1.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хууль 93.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн *** дүүргийн Татварын хэлтсийн д арга Б.Баатарт гомдол гаргасан. Тус татварын хэлтсийн дарга гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлдээ хуулийн этгээд нь хөрөнгө өмчлөх эрхийнхээ хүрээнд орон сууцыг өмчилж болох боловч тухайн орон сууцанд зориулалтын дагуу суурьшин амьдрахгүй, албан татвараас чөлөөлөх “орон сууц”-д хамаарахгүй болно гэж тайлбарласан. Татварын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг үл харгалзан, нэхэмжлэгчийн өмчлөлийн хоёр орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2 дах хэсэгт заасан болон Татварын ерөнхий хуулийн 12.1.2 дах хэсэгт заасныг нэхэмжлэгчийн татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх татвараас чөлөөлөгдөх” эрхийг зөрчиж байна.

Хариуцагчийн хууль бус захиргааны акт нь нэхэмжлэгчид тэгш бус хандаж, ялгаварлан гадуурхаж буй явдал бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.1 дэх хэсэгт заасан тэгш байдлыг дээдлэх захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөн хуулийн 4.2.1 дэх хэсэгт заасан хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг мөн хуулийн 4.2.5 дах хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг Татварын ерөнхий хуулийн 76.1.1 дэх хэсэгт заасан татварын албаны үйл ажиллагаанд баримтлах хууль дээдлэх зарчмыг тус тус зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хоёр орон сууцаа чөлөөлүүлэх хүсэлтээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах эрхээ эдэлье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх үйл ажиллагааны журам болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд холбогдох хугацаанд нь гаргасан. Хариуцагч нь захиргааны актаа гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс баримтлаагүйн улмаас өөрсдөдөө буруу ойлголттой болоод хууль бус акт гаргасан гэж үзэж байгаа. Хариуцагч хариу тайлбар дээрээ энэ татварыг 2016-2020 оны татварт хамаарах өмнөх хэргээр шийдсэн татвартай хольсон асуудал гардаг. Хэрвээ сонсох ажиллагаа хийгээд шийдвэрээ процессын дагуу гаргачихсан энэ 2016-2022020 оны татвартай хамаагүй, 2021 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж байгаатай холбоотой гэдгийг ойлгоод захиргааны акт нь хуульд үндэслээд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийн дагуу гарах байсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн анхны гаргасан тайлбараас нь үзэхэд нэмэлт өөрчлөлтийг харгалзаж үзээгүй буюу тэр талын хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Захиргааны маргааны гол онцлог нь захиргааны байгууллага өөрөө гаргасан шийдвэрийнхээ үндэслэл, холбогдох нөхцөл байдлаа нотлох үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл хариуцагчаас энэ хэрэг дээр нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Мэтгэлцэх зарчмын хүрээнд талууд нотлох болон үгүйсгэх байдлаар нотлох баримт дээр үндэслээд мэтгэлцдэг. Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргийг хариуцагчид оногдуулж өгсөн.

Ялгаварлан гадуурхаад байна, хууль зүйн үндэслэлгүй байна, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөд байна гэдэг бүх тайлбарууд дээр нэхэмжлэгч өөрөө холбогдох бүх материалаа гаргаж өгсөн. Гаргаж өгөх боломжгүй материалуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийг 32.3-ыг баримтлаад эх сурвалжаа зааж өгсөн. Нэг нутаг дэвсгэр дээр адилхан үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагууд байна гээд зааж өгсөн. Гэтэл хариуцагчийн зүгээс нотлох үүргээ биелүүлээгүй, нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй, хоорондоо илтэд зөрчилдөөнтэй тайлбаруудыг аман байдлаар гаргадаг. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн зүгээс хоёр ярилцлагыг хэрэгт гаргаж өгсөн. Нэг нь Улсын Их Хурлын гишүүн н.Энхболдын яриа болон Татварын ерөнхий газрын дарга байсан н.Заяабалын нарын ярилцлагыг гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс анхан шатын хуралдаан дээр болон давж заалдах шатын шүүх хурал дээр эдгээр ярилцлагуудыг нийтэд илэрхий баримт гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Холбогдох тэмдэглэлүүдэд тусгагдсан байгаа. Татварын ерөнхий газрын дарга н.Заяабалын ярилцлага дээр манай улсад гурав болон түүнээс дээш орон сууцтай 12,896 татвар төлөгч байна гэж байгаа юм. Дээрх орон сууцуудаас хорин тав мянга орчим нь буюу хоёр сууцтай иргэн, хуулийн этгээд татвараас чөлөөлөгдөнө гэж байгаа юм. Татварын байгууллагаас гурав ба түүнээс дээш орон сууцтай иргэн, хуулийн этгээдүүдэд гурав дахь орон сууцаа бусдад шилжүүлэх байдлаар гурав дахь орон сууцаа чөлөөлөлтөд хамруулаач гэдэг зөвлөмжийг хүргүүлсэн. Тэр зөвлөмжийн дагуу иргэн, хуулийн этгээдүүд мөн татвараас чөлөөлөгдсөн статистик байгаа гэж байгаа юм. Энэ ярилцлагыг хариуцагч нийтэд илэрхий үйл баримт гээд хүлээн зөвшөөрчихсөн. Татварын байгууллага бусад одоо олон орон сууцтай иргэн, хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлээд гурав дахиа та нар шилжүүлээд чөлөөлөлтөд хамрагдаач гэх байдлаар ажилладаг юм байна. **** ХХК-д огт зөвлөмж ирүүлдэггүй, хоёр орон сууцыг ч татвараас чөлөөлдөггүй, бүх орон сууцнаас чинь татвар авна гэдэг. Тайлбар дээрээ орон сууцын зориулалттай биш гэж тайлбарлаад байдаг. Өнгөрсөн долоо хоногт шүүхээс үзлэг хийсэн. Тэнд хүн удаан хугацаагаар амьдарч байгаа орон сууц байгаа. Түүнээс гадна тухайн үед ярилцсаны дагуу нэхэмжлэгчийн зүгээс орон сууц хөллөх гэрээг гаргаж өгсөн. Энэ гэрээний дагуу тус оршин суугч нь 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.

Үзлэгээр ороогүй учир нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хөлслөөд сууж байгаа хүн нь гадагшаа явсан байгаа учир манайхаас холбогдож чадаагүй байна.

Орон сууцын зориулалт гэдэгтээ бид нар үзэж танилцсан. Энэ гэрээ нь 2020 оноос эхлээд 2025 оны 06 дугаар сарыг дуустал сунгагдсан. Ийм хугацаагаар хугацаагаар байнга оршин сууж амьдарч байгаа. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалаар баталсан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам байгаа. Энэ журмын 2.5-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг тухайн хөрөнгийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэснээр татварын алба эдлүүлнэ гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл татварын алба тухайн эд хөрөнгийг орон сууцын зориулалттай юм уу, оффисын зориулалттай юм уу гэдгийг үнэлж дүгнэж шүүхгүй, тогтоохгүй. Тухайн эд хөрөнгийг бүртгэх эрх бүхий байгууллага тогтоогоод тогтоосныхоо үндсэн дээр гэрчилгээ олгоно. Улсын бүртгэлийн газраас авсан буюу бүртгэлийн эрх бүхий байгууллагаас авсан гэрчилгээ нь байгаа. Энэ гэрчилгээ дээр орон сууцын зориулалттай гэдэг нь тогтоогддог. Манай байгууллага бусад бүх объектууд дээрээ ямар ч маргаангүй, хоцрогдолгүйгээр бүх татвараа төлөөд явдаг. Татварын байгууллага нь хуулийг зорилгодоо нийцсэн байдлаар хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нотлох баримт өгөхгүйгээр, нотлох үүргээ огт хэрэгжүүлэхгүйгээр ганцхан хуулийн этгээдийг ялгаварлан гадуурхсан шинжтэйгээр татварын чөлөөлөлтөд хамрагдах эрхийг нь зөрчөөд байж болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

 

 

 

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ****” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 2021 оны жилийн эцэст 1,604,485.2 төгрөгийн өртэй гарсан Татварын өрийг төлүүлэхээр тус компанид нэхэмжлэх хүргүүлэхэд эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тус компанийн гомдлыг Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022  оны 06 дугаар сарын 22-ны өдөр 482 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 тоот тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг төлүүлэхээр 2023 оны 01 дүгээр сард *** дугаартай нэхэмжлэхийг ****” ХХК-д хүргүүлсэн. Нэхэмжлэхээр хүргүүлсэн *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд ногдсон албан татварын өр нь дээр дурдсан шүүхээр төлүүлэхээр шийдвэрлэсэн өмнөх оны өр бөгөөд тус өр нь 2023 оны 01 дүгээр улиралд төлөгдсөн болно. Гэтэл 2021 онд төлөгдөөгүй байсан үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэхээр татвар төлөгчид хүргүүлсэн нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана буюу 54.1.6 дах заалтад нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасны адгуу нэхэмжлэгчийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль 2000 онд батлагдсан. Анхны үзэл баримтлал нь төрөөс иргэдийн орон сууцаар дэмжих агуулгатай байсан. Одоо ч энэ үзэл баримтлал хэвээр байгаа. Нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь энэ хууль болон Орон сууцын тухай хуулийн үндсэн үзэл баримтлалд нийцдэггүй. Тухайлбал, Орон сууцын тухай хуулийн 4 дүгээр зүйл, төрөөс орон сууцын талаар баримтлах зарчмыг тусгаж өгсөн. Үүнд иргэд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан орон сууцаар өөрсдийгөө хангах, нөхцөлийг бүрдүүлж өгөх, гэр хорооллын орон сууцыг тохижсон орон сууцын хороолол болгон хөгжүүлэх зэрэг иргэддээ чиглэсэн үзэл баримтлалаар тодорхойлогддог. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь тухайн нэхэмжлэгч компанийн үндсэн хөрөнгөд бүртгэгддэг элэгдэл хорогдол, засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцдог. Өөрөөр хэлбэл хуульд заасан нийтийн болон амины орон сууцын байшин бус харин ашиг олох зорилгоор ашиглагддаг нэхэмжлэгчийн татвар ногдох орлогыг бүрдүүлдэг орон сууц болохын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй гэж татвар бол үзэж байна. Татварын албаны зүгээс нэхэмжлэгчийг ялгаварласан зүйл байхгүй. Хуулийн анхны үзэл баримтлалыг үндэслэн гурван шатын шүүхийн дүгнэлт нэгэнт гарсан тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх орон сууцад хамаарахгүй. Манайх орон сууц мөн эсэх дээр маргаагүй. Гэрчилгээ нь орон сууцаар гарчихсан. Нэхэмжлэгчийн ашиг олох зорилготой, ашиг олдог, тухайн аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө нь бүртгэлтэй, элэгдэл хорогдол, зардлаа тооцдог үл хөдлөх хөрөнгө гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.            

2.Нэхэмжлэгчээс “... нэхэмжлэгч ****ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу хоёр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөндөө албан татвараас чөлөөлөгдөх ёстой.” гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж маргаж байгаа хоёр орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь түрээсэлж ашиг олох зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд албан татвараас чөлөөлөгдөхгүй.” гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч ****ХХК-аас *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “*** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд дээрх шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нэхэмжлэгчийн *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

5.Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийг нэхэмжлэгч ****ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэхийн жагсаалтын 7-д 62,717,709.30 төгрөг гэжээ.

6.Маргаан бүхий 62,717,709.30 төгрөгийн хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь нэхэмжлэгч ****ХХК-ийн улсын бүртгэлийн **** дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн 2022 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар бөгөөд хэргийн оролцогч нараас татвар ногдох хугацаа болон үнийн дүн дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

7.Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ****ХХК-д Нийслэлийн ****** дүүргийн 1-р хороо, **** /14241/ Олимпын гудамж 19с байр, 31-р давхар А тоот хаягт байршилтай 375.28 м.кв талбайтай, долоон өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, 000694965 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

8.Мөн Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ****ХХК-д Нийслэлийн *** дүүргийн 1-р хороо, **** /14241/ Олимпын гудамж 19с байр, 33-р давхар А тоот хаягт байршилтай 375.28 м.кв талбайтай, долоон өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэж, 000694972 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгожээ.

9.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн эрхийн улсын бүртгэлийн *** дугааруудад бүртгэл үл хөдлөх эд хөрөнгүүд нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд байна.

10.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл.“Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх”, 7.1.“Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:”, 7.1.2.“иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, сум, нийслэлийн харьяа хотоос бусад улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот дахь орон сууц, нийслэл, нийслэлийн харьяа хот дахь хоёр орон сууц;” гэж заажээ.

11.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хуулийн этгээдийн хоёр орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

12.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд “7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц;” гэх өөрчлөлт нь 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр орсон байх бөгөөд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дээрх хуулийн 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу дээрх хуулийн өөрчлөлт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөхөөр байна.

13.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч ****ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн *** дугааруудад бүртгэл үл хөдлөх эд хөрөнгүүд нь орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд байх хуулийн дээрх өөрчлөлтийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэх үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “*** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Эн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсэг нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

15.Нэхэмжлэгчийн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;   

16.Нэгэнт хуулиар зохицуулсан харилцааг үүсэн болохыг тогтоох нь ач холбогдолгүй тул нэхэмжлэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

17.Хариуцагчийн уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх үндэслэлийн тухай;

18.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт нэмэлт өөрчлөлтөөр орж, уг заалтын дагаж мөрдөгдөх хугацаа эхлэхээс өмнөх нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой асуудлыг тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 482 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 83 дугаар тогтоолуудаар шийдвэрлэсэн байх тул уг шүүхийн шийдвэрүүд нь энэ хэргийн үйл баримттай хамааралгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

          1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн *** дугаартай нэхэмжлэхийн 7 дугаарт бичигдсэн улсын бүртгэлийн **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд 62,717,709.30 төгрөгийн татвар ногдуулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 2 орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх эрх үүссэн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ