| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00906/И |
| Дугаар | 155/ШШ2024/00936 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00936
| 2024 оны 09 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00936 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, О Д-ийн Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/0090-/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал оролцлоо.
(Нэхэмжлэгч Д.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие О овогтой Д-ийнБ нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1970 онд Д-ийн 7 дахь хүү болж мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8-н жилийн дунд сургуулийг төгсөж, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчнаар 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Давшилт нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй, тамга тэмдэг, дарагдаагүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1986 оноос 1988 оны хооронд ажиллаж байсан хугацаа нөхөн тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.Б миний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: О овогт Д-ийн Б-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оноос 1988 онуудын цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар, 1991-2020 онуудад мал тоолуулж байсан баримтын хүснэгтэд тус тус Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д-ийнБд холбогдох лавлагаа гарах боломжгүй гэх бичилт бүхий Хөвсгөл аймгийн Архивын тасгийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б-ийн Н, З-гийн Ц нарыг гэрчээр асууж авсан мэдүүлэг, нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-ийн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР 1(А) маягтын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсантай холбоотой тушаал, шийдвэр бий эсэх талаарх лавлагаа зэрэг баримтыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-19, 31 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт,
Д- овогтой Б-ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч 1986, 1987, 1988 онуудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн тооцооны хүснэгтэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 045-т Ажилладаг байгууллага хэсэгт Давшилт нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1986, цех, тасаг, бригад хэсэгт МААН хэсэг, эрхэлдэг ажил гэх хэсэгт хоньчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1986, оршдог сум район гэх хэсэгт Төмөрбулаг гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар (хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас),
Гэрч Х.Нын ...Миний бие 1964 онд Бүрэнтогтох суманд төрөөд 1965 оны үед Төмөрбулаг сумын Тээл бригадад шилжин очсон. Үүнээс хойш миний бие Төмөрбулаг суманд өссөн бөгөөд 1982 онд сургуульд ажилладаг байхдаа мал тооллогын үеэр хөдөөгүүр явахдаа Д.Б-ийн таньдаг болсон. Тухайн үед Д.Б-ийн аав, ээж нь малчин хүмүүс байсан бөгөөд өөрөө хамт малаа малладаг байсан. ... 1986 оноос мал маллаж эхэлсэн... гэх мэдүүлэг,
Гэрч З.Цгийн ...Д.Б нь 1986 оны 6 дугаар сараас Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Үүний дараа 1988 оноос цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн мал маллаж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний О Д-ийн Б-ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 1991-2020 онуудад мал тоолуулж байсан баримтын хүснэгт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул үнэлээгүй болно. (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Д.Б нь 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О Д-ийн Б-ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН