Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 563

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Ж.Баттөгс,

шүүгдэгч Г.А өөрөө өөрийгөө өмгөөлөн нарыг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013979 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.А, 1966 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгч Г.Туулын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 114 дүгээр байрны 37 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,

-Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 6 жилийн хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын зарим болох 5 жил 4 сар 10 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 5 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч Г.А нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд Ж.Баттөгстэй уулзахдаа өөрийгөө Солонгос компанид менежер хийдэг, Солонгос улс руу эмчилгээний визээр 3 сарын хугацаатай гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5133056218 дугаарын дансаар авч итгэл эвдэн залилан мэхлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө барагдуулна. Би эдгээр мөнгийг авч амжиргааны эх үүсвэр болгоогүй” гэв.

Хохирогч Ж.Баттөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 дүгээр сард Солоногос улс руу виз хөөцөлдөх гээд явж байсан. Ахаасаа машины түлүүхүүрийг нь авчихаад явах гэж байхад намайг чи Төрөөгийн дүү юм бол Солонгос улс руу явах визийг чинь эгч нь асуудалгүй хурдан гаргаад өгье эгч нь Солонгос компанид ажилладаг гэж анх энэ хүн надад хэлээд надаас мөнгө авсан. Нийт 10.500.000 төгрөг өгснөөс үүнээс надад 100.000 төгрөг буцаан өгсөн, одоо 10.400.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би анх Алтантуул гэдэг хүнийг таньдаггүй байсан. Баттөр гэдэг хүн энэ хүнтэй намайг анх танилцуулж байсан. Баттөр гэдэг хүний авто тээврийн газарт ажилладаг байхад нь би таньдаг байсан. Яагаад энэ хэрэгт Баттөрийг цуг шалгахгүй байгаа юм бэ, Баттөр энэ хэрэг холбоотой хүн шүү дээ. Үүнийг шалгаж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Баттөгс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Г.А “эгч нь Солонгос компанид менежер хийдэг Баттөрийн дүү нь гээд хэлчихвэл хурдан явуулна” гэхээр нь “өө тиймүү” гээд ярилцсан. Би ярилцаж асуухад Солонгос компанид менежер хийдэг асуудалгүй гэхээр нь итгэсэн. Тэгэж байгаад тэр өдөр тарцгаахад миний гадаад паспортыг авч үлдээд цээж зураг, банкны тодорхойлолт зэрэг зүйлүүдийг бүрдүүлж өгөөрэй гэхээр нь маргааш нь бүрдүүлж өгсөн. Маргааш нь уулзаад ярилцахад өөрийнхөө хаан банкны дансны дугаарыг надад бичиж өгөөд 5 сая төгрөг шилжүүлчих би чамайг эмнэлгийн журмаар 3 сарын хугацаатай явуулж өгнө, одоо Солонгос эмч нар ирнэ тэд нар ирээд явахдаа чамайг аваад явна гэж хэлсэн. Би дансны дугаарыг нь авсаны дараа 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5 сая төгрөг Г.Алтантуулын данс руу шилжүүлсэн.Хэд хоног ярихгүй байхаар нь би утсаар ярьж байгаад очиж уулзахад 5 сая төгрөг биш 5 сая вон юм байна гэхээр нь тэгвэл би яах ёстой вэ гэхэд 2.10-аар бодоод шилжүүлчих гэсний дараа тэр өдрөө 5 сая 500 мянган төгрөг дахин Г.Алтантуул эгчийн данс руу шилжүүлсэн. Тэрнээс хойш одоохон явуулна гэсээр байгаад одийг хүрлээ. Өөрийгөө Солонгос компаний Монгол дахь менежир хийдэг гэж байсан...” гэсэн мэдүүлэг.  /хх-13/

Гэрч С.Бүжмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Г.Алтантуулыг хэрэгт холбогдсон талаар өөрөөс нь сонсоогүй. Батцогт гэх хүн надлуу залгаад 10.500.000 төгрөг авсан гэж ярьж байсан. Алтантуул өөрөө надад хэлэхдээ нэг хүн солонгосруу гарах гэж байтал нөгөөх нь бүтэхгүй болоод ийм байдалд хүрсэн гэж ярьж байсан. Алтантуул эрхэлсэн тодорхой ажилгүй...’’ гэсэн мэдүүлэг. /хх-14/,

Гэрч Ж.Батцогт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…баттөгс солонгос явхаар хөөцөлдөж байгаа талаар ярьхад Г.Алтантуул би солонгос улсын эмч нартай хамтран ажиллаж байгаа. Баттөрийн дүү гэхээр явуулчих байх этчилгээний журмаар явуулчихна очоод ажил бэлэн гэх мэтэчлэн ярсан…” гэсэн мэдүүлэг. /хх-54/,

Г.А мэдүүлэхдээ “…Батцогт надтай нэг өдөр уулзаад манай дүү Баттөгсөд виз гаргаад өгөөч гэсэн тэрнээс өмнө надаас хэдэн удаа виз гаргаад өгөөч гэж гуйж байсан. …Баттөгс би мөнгийг байршуулчихъя та дансаа өгөөч гэхээр нь өөрийнхөө 5133056**** дугаарыг өгөхөд 2016 оны 11 сарын 14-ний өдөр миний дансруу 5 сая төгрөг хийсэн. Баттөгсийн эхний хийсэн мөнгөө дансанд байж байхад би визийг нь хүнуус асуухад 4 сая вон буюу 8 сая орчим төгрөг болдог гэж хүн хэлэхээр нь Баттөгсөд дансандаа 10.500.000 төгрөг байршуулах хэрэгтэй юм байна гэж хэлсэн. 5.500.000 төгрөгийг Баттөгс миний данс руу шилжүүлсэн. Би тухайн үед бизнес хийгээд хэдэн булган шуба зарж байхад мөнгө хэрэг болоод байсан учир Баттөгсийн өгсөн мөнгийг авч бизнесдээ хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх20-23/,

Мөнгө шилжүүлсэн баримт /хх-8/, Хохирогч Ж.Баттөгсийн мэдүүлэг /хх12-13/, гэрч С.Бүжмаагийн мэдүүлэг /хх14-15/, ажмгтэн Г.Алтантуулын мэдүүлэг /хх-20/, яллагдагч Г.Алтантуулын мэдүүлэг /хх22-23/, ял шалгах хуудас /хх-24/, шүүхийн шийтгэх тогтоолууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.А нь давтан үйлдлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд Ж.Баттөгстэй уулзахдаа өөрийгөө Солонгос компанид менежер хийдэг, Солонгос улс руу эмчилгээний визээр 3 сарын хугацаатай гаргаж өгнө гэж хуурч мэхлэн, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 /таван сая/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5133056218 дугаарын дансаар авч итгэл эвдэн залилан мэхлэсэн болох нь хохирогчын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Г.А-н үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх бөгөөд дээрх зүйл ангид заасан ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт заасан ялаас хөнгөрсөн байх тул 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.А-г бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогч нарт учирсан хохирлын сайн дураараа нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүнрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.А-г бусдыг хуурч эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-г 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г. А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-н урьд цагдан хоригдсон 114 /нэг зуун арван дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.А-с 10.400.000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Баттөгст олгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР