Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.А

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Ш

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.З, П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын С.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ш, хариуцагч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын С.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр С.А Увс аймгийн Нефть базад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 жил, 3 сар, 20 хоног ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай *** дугаар актаар иргэн С.А тэтгэвэр олголтыг зогсоожээ.

2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: С овогтой А миний бие 2017 оны 10 сард Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон 2022 оны 12 сарын 26-ний өдрийг хүртэл 4 жил 2 сар тэтгэвэр авсан. Гэтэл Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн *** актаар надад холбогдуулан хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэсэн үндэслэлээр миний тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосон. Миний бие 2017 оны 04 сарын 03 ний өдөр ажилссан жил тогтоолгохоор Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж нотлох баримтаар өөрт байсан 1981 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн дарга Нүүнээгийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 64 тоот ажилд томилох тухай тушаал, 1984 оны 06 сарын 15-ний өдрийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилга материалын үйлдвэрийн дарга Нүүнээгийн гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 56 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал мөн 1994 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн БНМАУ-ын Тээврийн Яамны Харьяа Увс аймаг дахь Нефть баазын дарга Х.С*******ын гарын үсэг тамга тэмдэгтэй 98 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хавсаргаж мөн тухайн үед хамт ажиллаж байсан А. Н*******, Г.Г нараар гэрчлүүлэн 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 394 тушаалаар шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Нефть баазад ажиллаж байсан 7 жил 3 сар 20 хоногийг Тогтоолгож шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 17 тоот магадлалгаагаар 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Барилга, угсралтын трестийн дугуй зууханд амны хаагчаар 2 жил 11 сар 15 хоног ажиллаж байсныг тогтоолгон тэтгэвэрт гарсан.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч нь архиваас нотлох баримт олдоогүй гэсэн шалтгаанаар тэтгэвэр түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Угаасаа архивд нотлох баримт байхгүйн улмаас ажилсан жилийг шүүхээр тогтоолгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байхад түдгэлзүүлсэн гэж үзэж байна. Мөн архив болон нийгмийн даатгалын байгууллагын буруутай алдаатай үйлдлээс болж архиваас шүүхэд миний бичиг баримт байдаггүй. Гэтэл өөрт хадгалагдаж байсан тушаалууд шүүхэд гаргаж өгч нотлох баримтаар хавсаргасныг хуурамч нотлох баримт гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний гаргаж өгсөн нотлох баримтыг хуурамч гэдгийг нотлоогүй байж, архиваас гарч ирээгүй учраас хуурамч нотлох баримт гэж гүтгэн гүжирдэж хуурамч үнэн эсэхийг тогтоогоогүй байж миний тэтгэврийг түдгэлзүүлэн зогсоосонд гомдолтой байна.

Миний бие уг асуудлаар 2023 оны 05 сарын 16-ний өдөр Нийгмийн даатгалыг ерөнхий газарт өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх гэсэн боловч захиргааны актыг хянан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа өнгөрсөн тул хянаж шийдвэрлэх боломгүй гэсэн хариу өгсөн тул 2022 оны 06 сарын 29-ний өдрийн *** дугаартай Нийгмийн даатгалын Ерөнхий газраас гаргасан актын С.А надад холбогдох хэсгийг шүүхээр хүчингүй болгож өгнө үү. гэв.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.А миний бие 2017 оны 04 сарын 03-ны өдөр ажилласан жил тогтоолгохоор Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж нотлох баримтаар өөрт байсан 1981 оны 07 сарын 20-ны өдрийн Увс аймгийн барилга угсралтын Барилгын материал үйлдвэрийн даргын гарын үсэг, тамга тэмдэгтэй 64 тоот ажилд томилох тушаал, 1984 оны 06 сарын 15-ны өдрийн Увс аймгийн барилга угсралтын тестийн барилга материалын үйлдвэрийн даргын гарын үсэг бүхий тэмдэгтэй 56 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1994 оны 12 сарын 20-ны өдрийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын гарын үсэг бүхий тамга тэмдэгтэй 98 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалуудыг хавсаргаж, мөн тухайн үед хамт ажиллаж байсан н.Н, н.Г нараар гэрчлүүлэн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 394 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрээр Увс аймаг дахь Нефть баазад ажиллаж байсан 7 жил 3 сар 20 хоногийг тогтоолгож шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 07 сарын 04-ний өдрийн Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 17 дугаар магадлалаар 1981 оны 07 сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл барилга угсралтын трест, дугуй зууханд амны хаагчаар 2 жил 11 сар 15 хоног ажиллаж байсныг тогтоолгон тэтгэвэрт гарсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нь архиваас нотлох баримт олдоогүй гэсэн шалтгаанаар тэтгэврийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Архивд нотлох баримт байхгүй учраас ажилласан жилийг шүүхээр тогтоолгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байхад түдгэлзүүлсэн гэж үзэж байна. Мөн архив болон нийгмийн даатгалын байгууллагын буруутай алдаатай үйлдлээс болж архиваас шүүхэд миний бичиг баримт байдаггүй. Гэтэл өөрт хадгалагдаж байсан тушаалууд шүүхэд гаргаж өгч нотлох баримтаар хавсаргасныг хуурамч нотлох баримт гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний гаргаж өгсөн нотлох баримтыг хуурамч гэдгийг нотлоогүй байж архиваас гарч ирээгүй байгаа учраас хуурамч гэж үзэж үнэ тогтоогоогүй байж миний тэтгэврийг түдгэлзүүлсэнд гомдолтой байна аа. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн *** дугаартай захиргааны актын С.А надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчаас гаргасан маргаан бүхий 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 3205 дугаартай захиргааны актыг гаргасан үндэслэлдээ хуурамч баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэж дүгнээд тэтгэврийг түдгэлзүүлсэн байдаг. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын лавлагаагаар С.А энэ хугацаанд ажиллаж байсан баримт байхгүй байна гэдэг тодорхойлолтыг үндэслээд энэ актыг гаргачихсан. Захиргааны актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн буюу нийцээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг зөрчиж актыг гаргасан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр Нефть баазын даргын тушаалууд нь жинхэнэ биш байна гэдэг дүгнэлт гарсан боловч хэргийн материалд авагдсан Увс аймаг дахь Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, лавлагаагаар нефть баазаас 1984-1993 онд С.А цалин олгогдсон гэдэг үйл баримт тогтоогдсон. Ажиллаж байсан учраас цалин олгогдсон. Нефть баазад ажиллаж байсан нь цалин олгосон баримтаар тогтоогдож байна. Барилга угсралтын трестэд ажиллаж байсан гэдэг дээр ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлт дээр ч жинхэнэ, хуурамч гэдэг асуудал тусгагдаагүй. С.А ажилласан байдлыг Увс аймаг дахь анхан шатын сум дундын анхан шатын шүүх, Увс аймаг дахь Эрүү, иргэний давж заалдах шатын шүүхээс тогтоосон. Ингэхдээ тушаалуудаас гадна давхар хамт ажиллаж байсан хүмүүсийг нь гэрчээр оролцуулсан байдаг. Үйл баримт нь шүүхийн шийдвэр тусгагдсан. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа. Хүчингүй болгосон тогтоол хэргийн материалд авагдаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн ийм заалт байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1-д зааснаар тухайн захиргааны акт хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй гарсан захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдөр баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** тоот актаар тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч С.А тэтгэврийн олголтыг мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэсэн.

Учир нь тус дүүрэгт хийгдсэн шалгалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн С.А тэтгэврийн хувийн хэрэг дэх бичиг баримтын үндэслэлийг шалгахад тэрээр 2017 оны 05 сарын 12-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 17 дугаартай шүүхийн шийдвэрээр тэрээр ажилласан жилээ тогтоолгосон бөгөөд шүүхэд ажилласан жилээ тогтоолгохдоо Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1981 оны 64 тоот тушаал, 1984 оны 56 тоот тушаал, мөн аймгийн Нефть баазын даргын 1987 оны 67 тоот тушаал, 1994 оны 98 тоот тушаал шийдвэрүүдийг нотлох баримт болгон бүрдүүлэн өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг 10 жил 02 сар 04 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосон байна.

Шалгалтаар шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлж өгсөн тушаал шийдвэрийн үндэслэлийг Увс аймаг дахь архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Барилга угсралтын контор болон Нефть баазын архивын хадгаламжийн нэгжид шүүж, шалгахад түүний шүүхэд нотлох баримт болгон өгсөн тушаал шийдвэрүүд нь архивын сан хөмрөгт байхгүй тухай 2023 оны 248 тоот албан бичиг ирүүлсэн болно. Мөн түүнчлэн иргэн С.А нь 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Увс аймгийн Гурилын үйлдвэрт засварчин, жолоочоор тус тус нийт 1 жил 9 сар ажиллаж байсан нь архивын лавлагаагаар нотлогдсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад "нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн....... бол тус тус өөрийн хүсэлтээр" гэж заасан заалтын 10-аас доошгүй жил ажилласан жилийн болзол хангахгүй байсан тул түүний өндөр насны тэтгэврийн олголтыг түдгэлүүлэн зогсоож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэн С.А гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зул шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид нар нийгмийн даатгалын ерөнхий газрын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг. Энэ шалгалтын хүрээнд тэтгэвэр тогтоолгосон 2500 гаруй иргэдийн тэтгэврийг шалгасан. Үүн дотроос нэхэмжлэгч С.А гуайн хувийн хэрэг материалыг шалгаж үзсэн. Шалгаж үзэхэд С. А гуай 10 жил 2 сар 4 хоног хортой нөхцөлд ажиллаж байсан гэж шүүхийн шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад 20 жил гэсэн болзлыг хангах ёстой байдаг. С.А гуай 20 жилийнхээ 10 жилийг шүүхийн шийдвэрээр тогтоолгосон. 10 жилийг нь нөхөн даатгалын хэлбэрээр нийгмийн даатгалд хамрагдаж авсан байдаг. Нөхөн даатгалын бичиг баримтыг шалгаж үзэхэд нөхөн даатгалын баримтууд 2013 он гэсэн байгаа.

С.А өөрийнх нь гар өргөдөл байгаа. Гар өргөдөлдөө гурилын үйлдвэрт ажиллаж байсан гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Гурилын үйлдвэрт ажиллаж байсан гэсэн учраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архив руу С.А гуай шүүхийн шийдвэрт дурдагдсан 4 тушаалыг гаргуулж авахад 4 тушаал байхгүй гэж хариу ирсэн. Харин гурилын үйлдвэрт С.А гуай ажиллаж байсан, орсон гарсан тушаал нь гарч ирдэг. Энэ тушаал нь гарч ирснээрээ 1989-аас 1990 хооронд нэг жил 9 сар хүн гурилын үйлдвэрт ачигч буулгагч, жолооч, засварчин гэсэн мэргэжлээр ажиллаж байсан хугацааг хасахаар нийтдээ 20 жилийн болзол нь хангагдахгүй байгаа учраас 32 дугаар актыг бол үйлдэж тэтгэврийн олголтыг 07 сарын 01-ээс зогсоож, иргэнд мэдэгдэх тухай чиг үүргийг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж явсан байдаг. Даалгасны дараагаар Баянзүрхийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхээс иргэн С.А гуайн тушаалыг гаргуулж авсан. Тушаал нь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа гэсэн тамгагүй, өөрт хадгалагдаж байсан гэдэг эх хувь байсан учраас тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон. Үргэлжлүүлж олгохдоо 7-11 сарын тэтгэврийг бөөн дүнгээр олгож, үргэлжлүүлээд сар бүр 12, 1 саруудад тэтгэврийг нь олгосон. Тэтгэврийг 2023 оны 02 сарын ямар үндэслэлээр зогсоосныг Баянзүрхийн нийгмийн даатгалын хэлтэс өөрсдөө мэднэ. Бид нар 7 сараас олголтыг нь зогсоогоод Баянзүрхийн нийгмийн даатгалын хэлтэс тэтгэврийг нь нээгээд буцаагаад зогсоосон нь Баянзүрхийн нийгмийн даатгалын хэлтэс учраас тэндээ асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжээчийн дүгнэлтээр 1989-1994 оны тушаал нь хуурамч, ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэн гаргасан тушаал байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас С.А тэтгэврийг зогсоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтын газар нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгадаг. Бид нар даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажилладаг болохоос биш ямар нэгэн байдлаар даатгуулагчийн эрх ашгийг зөрчих үйлдлийг таслан зогсоодог үндсэн чиг үүрэгтэй. С.А хувьд 2017 онд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, шүүхийн шийдвэрээр биелүүлэх зарчмаар зөвхөн ажилласан жилээ тогтоолгосон шүүхийн шийдвэр байгаа. Тэтгэвэр тэтгэмж тогтоолгох нь нийгмийн даатгалын байгууллагад даалгасан тушаал, шийдвэр биш. Би Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт 24 жил ажиллаж байгаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд архивын сан хөмрөгт хуурамч бичиг баримт үйлдэх, архивын сан хөмрөгтэй холбоотой асуудлаар ажиллаж байна. Шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар үндэслэлгүй шүүхийн шийдвэр гаргуулах асуудал улсын хэмжээнд 10 орчим тэрбум төгрөгийн асуудалд нэлээдгүй үүсгэгдэж байгаа. Нэгэнт хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэртэй холбоотойгоор гуравдагч этгээдээр бид нарыг авахгүй байна гэдэг асуудлаар асуудлаар Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлд бид нар удаа дараа хүсэлт гаргасан.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нийгмийн даатгалын байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулдаг болсон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөхтэй холбоотойгоор тайлбар мэдүүлэг авах зэрэг ажлууд явагдаж байгаа. С.А гуайн хувьд Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд 1987-1994 оны хуурамч тушаал бүрдүүлж өгсөн байгаа учраас энэ тушаалын дагуу шүүхийн шийдвэрийг эргүүлэн харж хянаж үзнэ үү гэдэг асуудлыг Увс аймгийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд гаргаж өгөөгүй. С.А би давхар ажил хийдэг байсан гэдэг асуудал ярьж байна. Социализмын үед ажил албан тушаал ховор олддоггүй. Нэг байгууллагад ажиллаж байгаад сул зогсолтын үед нөгөө байгууллагад шилжин ажиллуулах ч гэдэг юм уу байдлаар хийгддэг байсан. Гурилын үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа хортой нөхцөлийнхөө ажлыг зэрэг хийх боломжгүй учраас хортой нөхцөлд тухайн хүн өөрийн биеэрээ хийж байгаа тохиолдолд хортой нөхцөл гэж үзнэ. Өөрийн биеэр гардаж ажиллаагүй, гурилын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байгаа үеийг хортой нөхцөлд ажилласан жилд орохгүй. Тиймээс ажилласан жил нь тасарч, хүрэхгүй байгаа гэж үзэж байна. Бид нар акт гаргаж зогсоосон нь үнэн. Гэхдээ С.А гуайн тэтгэврийг үргэлжлүүлээд олгосон. Олгохдоо 2 сая 500 болон 500,000 мянган төгрөгөөр нийтдээ 3 сая 500 мянган төгрөгийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгоё гэдэг шийдвэр Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалынхан гаргасан. Гаргачхаад 2023 оны 02 сарын 01-ээс зогсоосон. Тэтгэврийн зогсолттой холбогдуулан манай захиргааны акт 2022 оны 07 сарын олголттой холбоотой зогсоож байгаа шийдвэр болохоос биш 2023 оны 02 сарын тэтгэврийн олголт зогсоохтой холбоотой шийдвэр биш учраас нэхэмжлэгч С.А гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс ... Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилласан жилийг тогтоосон байхад тухайн жилүүдтэй холбоотой баримт нь архиваас олдоогүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актаар миний тэтгэврийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагчаас ... Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалт, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй. гэж тус тус маргажээ.

3.Нэхэмжлэгч С.А Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай *** дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар магадлал, холбогдох бусад баримт бичгийг үндэслэн нэхэмжлэгч С.Аулсад 25 жил, 5 сар, 5 өдөр ажилласан гэж үзэж, тэтгэвэр тогтоолтын хуудсаар өндөр насны тэтгэвэр тогтоож шийдвэрлэсэн байна.

5.Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шалгах Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын хамтарсан шалгалтын удирдамж-ыг баталжээ.

6.Нийгмийн даатгалын улсын байцаагч нар нь дээрх удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж маргаан бүхий Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай *** дугаар актыг үйлдсэн байна.

7.Уг актад ... Шалгалтад 2018-2020 онд шинээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 18 311 иргэний тэтгэврийн үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтад тулгуурлан шалгаж, давхардсан тоогоор нийт 176 439 тэтгэвэр авагчдын тэтгэврийн олголтыг тус тус хамруулав.

Шалгалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалт, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нэр бүхий 64 иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоон олгосон зөрчил илрэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн ТОГТООХ нь

Нэг.Хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 64 иргэний тэтгэврийн олголтыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоосугай./хавсралт 1/ гэжээ.

8.Дээрх маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын 1 дүгээр хавсралтын 7-д С.А, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтыг зөрчиж хуурамч баримт бичиг бүрдүүлэн тогтоосон гэжээ.

9.Нэхэмжлэгч С.А 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

10.Дээрх нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр С.А* Увс аймгийн Нефть базад 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 7 жил, 3 сар, 20 хоног ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

11.Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаж, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар магадлалаар 1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн **** дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн тоосго шатаах дугуй зууханд 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугуй зуухны ам нээгч, хаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. гэж өөрчилж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай гэж шийдвэрлэсэн байна.

12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 519 дүгээр шинжээчийн дүгнэлтэд ... ДҮГНЭЛТ 1.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 4, 5 дугаар талд авагдсан тушаал гэсэн баримтуудын хэвлэмэл хуудсуудыг хар өнгийн хуурай хортой хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Мөн дээрх баримтууд дээрх тэмдэгний дардсуудыг бараар дарсан байна. Шинжилгээнд тэмдэгний дардасны харьцуулах загваруудыг ирүүлээгүй тул жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн 6, 7 дугаар талд авагдсан тушаал гэсэн баримтуудын хэвлэмэл хуудас, тэмдэгний дардас зэргийг шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн хуурамч хэвлэмэл хуудас, тэмдэгний дардас байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан тушаал гэсэн баримтууд дээрх гарын үсгүүд нь бичих хэрэгслээр зурагдсан байна. Шинжилгээнд гарын үсгүүдийн харьцуулах ирүүлээгүй тул жинхэнэ эсэхийг тогтоох боломжгүй байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан тушаал гэсэн баримтууд дээрх бичвэрүүдийг бичгийн машинаар үйлдсэн байна.

5.Шинээр илэрсэн нөхцөл байдал үгүй. гэжээ.

13.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 394 дүгээр шийдвэр, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар магадлал зэрэг нь одоо хуулийн хүчин төгөлдөр байна.

14.Тодруулж хэлбэл, хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны акттай холбоотойгоор нэхэмжлэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлэн шүүхээр ажилласан байдлаа тогтоолгосон гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл.Нотлох баримтыг үнэлэх,40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж зааснаас үзвэл нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон буюу үнэлэгдсэн нотлох баримтыг дахин үнэлэхээргүй байна.

16.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нарын хуурамч гэж үзсэн зарим баримтуудыг шинжээчийн дүгнэлтээр эх нотлох баримт биш байна гэж үзсэн боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тус баримтуудыг эх баримт мөн гэж үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхээс дээрх баримтуудыг хуурамч гэж үзэж хариуцагч нарын шийдвэрийг зөвтгөх боломжгүй юм.

17.Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл , хариуцагч нар нь маргаан бүхий улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж үзсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.А Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын С.А холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалт, 4.3.3 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар актын иргэн С.А холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ