Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 578

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг,

улсын яллагч М.Цэнд-Аюуш,

иргэний хариуцагч Д.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч А.Сандагдулам,

хохирогч С.Зоригт, Б.Даваахүү, Б.Уянга, Д.Оюунсүрэн, С.Баяржаргал,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201301023127 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн А.У, 1980 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй,  халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 13-251 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч А.У нь 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 23 хохирогчоос автомашин дугуй худалдан авч зараад мөнгийг чинь өндөр хүүтэй буцааж өгнө, банкнаас зээл аваад хүүгийнх нь хамт богино хугацаанд эргүүлж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 354.395.000 төгрөг залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 354.395.000 төгрөгийн хохирол учруулаагүй. Хохирогч Нарангэрэл 3.5 сая төгрөгийн хохиролтой байхад 8 сая төгрөгийн хохиролтой гэж яллах дүгнэлтэд байна. Эрдэнэсувд хохирогчийг 1.2 сая төгрөгийн хохиролтой байхад 3 сая төгрөгийн хохиролтой гэж байна. Энэ жишээний их мөнгийн нэмж оруулж ирсэн байна. Миний хохирол 127.780.000 төгрөгийн хохирол байгаа. Би энэ их мөнгийг идэж ууж, бусдыг залилан мэхлэсэн зүйл байхгүй. Би Эрдэнэтуяа гэдэг хүний зээлийг гаргаж өгөх гэж байгаад ийм байдалд орсон. Би ажил хийгээд хүмүүст мөнгийг нь төлөөд явж байгаа. Энхбат ахын 100.934.910 төгрөгийн хохирлыг бэлнээр төлсөн. Манай эгч Солонгост ажил хийдэг болохоор том өрийг маань дарж өгсөн. Би Эрдэнэтуяа эгчид бэлнээр зөндөө мөнгө өгсөн ба энэ нь 14 сая төгрөг болсон. Энэ мөнгийг Эрдэнэтуяа эгч авсан гэж гарын үсгээ зурсан байгаа. Энэ талаар аудитын дүгнэлт гарсан. Эрдэнэтуяа эгчийн дансанд 97 сая төгрөг орсон гэдэг нь баримтаар нотлогдож байгаа. Би 2011 оны 8 сараас эхэлж Эрдэнэтуяа эгчийн зээлийг цалинтай гаргаж эхэлсэн. Энэ хугацаанд би зөндөө ашиг олж өгсөн. Би өөрөө их хохирсон байна. Би 4 жил энэ асуудлаас болж зовж байна. Би завсар зайгаар нь ажил хийгээд цалингаараа жижиг өрөө төлсөн. Би 70 настай ээжтэйгээ хамт гудамжид амьдарч байна. Манай эгч аргаа бараад солонгост ажиллаж байгаа. Надад хүмүүсийг залилаж мэхлэх санаа зорилго огт байгаагүй. Би энэ хэргийн учрыг олох гэж өөрөө цагдаагийн байгууллагад очиж байсан. Эрдэнэтуяа намайг ийм байдалд хүрсэн байхад яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна. Хохирогч нарын хохирлыг Эрдэнэтуяа төлөх ёстой. 8 жил надтай эгч дүү шиг явчихаад өнөөдөр надтай ингэж харьцаж байгаад гомдолтой байна. Би байхгүй бол миний ээж гудамжинд гарах гээд байна. Би хохирлоо боломжоороо төлөөд явж байгаа. Би энэ хэргээс болж 4 жил нойргүй явж байна. Өнөөдөр шүүх хурал дээр намайг дагаж ирсэн хүн байхгүй. Ээждээ хүртэл хэлэхгүй ирсэн. Иймд шүүх бүрэлдэхүүн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч С.Зоригт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анх А.Уянгад 57.500.000 төгрөгийг өгсөн. Үүнээс 500.000 төгрөгийг ажил явдал гараад гуйж байж авсан. Одоо миний эрүүл мэнд муу байгаа хохирлоо авъя гэхэд А.Уянга өгөхгүй байна. Яагаад миний хохирлыг төлөхгүй байгааг гайхаж байна. Энхбатын хохирлыг төлсөн гэхэд гайхаж байна. Би Уянгаас хохирлоо авах гээд зөндөө гуйж байгаа. Одоо хохирлын 52 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Даваахүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2013 оны 5 сард 5 сая төгрөг зээлээд хохирлоо аваагүй байна. Хохирлоо яаралтай гаргуулж авмаар байна. Эрдэнэтуяагийн дансанд орсон гэдэг тул Эрдэнэтуяагаас хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч Б.Уянга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 7 сая төгрөг зээлээд 2 сая төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэв.

Хохирогч Оюунсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Анх 28 сая төгрөг Уянгад өгөөд 5.5 сая төгрөг авсан. Одоо 22.5 сая төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Халиун шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Уянгад 1 сая төгрөг өгсөн энэ хохирлыг барагдуулах хүсэлтэй байна” гэв.

Иргэний хариуцагч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь би ч мөн адил Уянгад мөнгө өгч байсан. Харин гомдол гаргаагүй л болохоос. Тухайн үед би хүүхдээ гадагшаагаа явуулах гээд дансандаа овоо мөнгө цуглуулсан байсан. Уянга намайг “та зээл гаргаж мөнгөө өсгөөч” гэж надад удаа дараа санал болгож шахаж байсан. Би эхэндээ зөвшөөрөөгүй. Анх 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Уянгатай хамт Да хүрээ  зах руу очиж 14 хүнд 20 сая төгрөг гаргаж өгсөн. Уянга зээлийг нотариатаар батлуулж зээлийн эргэн төлөлтийг Уянга зааж өгсөн. Тухайн үед би өөрийн хувийн ажилтай байсан тул энэ ажлаа болъё гэхэд Уянга “та ажлаад үз” гээд байхаар нь итгээд бусдад зээл өгч эхэлсэн. Дараа нь Уянга надаас мөнгө аваад бие дааж зээл хийж эхэлсэн. Тухайн үед Уянга надаас мөнгө авахгүй гэхээр нь яаж зүгээр байхав гэж бодоод сард 250.000 төгрөг өгч байх болсон. Үүнийг жишээн дээр тайлбарлавал: 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэхэд Уянга гэхэд Уянга хүнээс 2.150.000 төгрөг аваад буцаагаад Золгэрэл гэдэг хүнд 2 сая төгрөг зээлдүүлсэн гээд үлдэгдэл 150.000 төгрөгийг миний 5027423055 гэсэн дансанд шилжүүлсэн. Өдөртөө хүмүүсээс мөнгөө аваад буцаагаад хүмүүст зээлдүүлчихлээ гэж утсаар ярьж тэмдэглүүлдэг байсан. 5 дугаар сарын 12-ны өдөр Уянга хүнээс 5.150.000 төгрөгийг Үйлстөгөлдөр, Эрдэнэчимэг, Батаа гэдэг хүмүүст 5 сая төгрөгөө буцааж зээлдүүлээд үлдэгдэл 150.000 төгрөгөө миний дансанд хийсэн гэж тэмдэглүүлсэн. 7 дугаар сарын 13-ны өдөр 15.195.000 төгрөгийг аваад Отгонцэцэгт 2 сая, Хонгорзулд 2 сая, Жавзмаад 3 сая, Нараад 2 сая, Энхтуяад 3 сая, Батжаргалд 2 сая гээд нийт 14 сая төгрөг хүнд зээлдүүлсэн гэж тэмдэглүүлсэн. Үлдэгдэл 1.195.000 төгрөгийг миний дансанд хийсэн гэж тэмдэглүүлсэн. Энэ мэтчилэн би Уянгын хэлснийг хар дэвтэр дээрээ бичдэг байсан. Уянга 2011 оноос хойш миний данс руу нийт 324.815.000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрөөсөө Уянгад 309.270.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт Нийт 15 сая төгрөгийн зөрүү харагддаг. Би Уянгад 197.400.000 төгрөг өгсөн. Өссөн дүн буюу аудитын дүнгээр 700 гаран сая гэж гарсан байдаг. Энэ нь нэг хүнээс аваад буцаагаад хүнд шилжүүлсэн гэж дүгнэсэн байдаг. Хэрэгт холбогдсноос хойш 94.200.000 төгрөг Уянга надад өгсөн. Би Уянгад буцаагаад 89.252.000 төгрөг буцаагаад өгсөн байдаг. Үүнийг цагдаад Уянгатай хамт суугаад тулгалт хийсэн. Уянга надаас 25.500.000 төгрөгийн зээл авсан. Эгч Аюушийнхаа нэр дээр 6 сая төгрөгийн зээл аваад нийт 31.500.000 төгрөгийн зээл авч үлдэгдэл 10.140.000 төгрөгийг өөрийнхөө авдаг 250.000 төгрөгтөө суутгуулая гээд суутгуулж байсан. Уянга энэ хугацаанд надад 5 хүний нэр бичүүлсэн байдаг. Оюун-Эрдэнэ, Гэрэл, Азхаан, Эрдэнэцэцэг, Цэцэгсүрэн нарын 7.250.000 төгрөг байдаг. Эдгээр хүмүүс зээлээ төлж чадахгүй байна гээд надаас хаагдсан байгаа. Би иргэний хариуцагчийг хүлээн зөвшөөрөхгүй. Хар дэвтэрээс харахад би Уянгаагаас авах авлагатай” гэв.

Хохирогч Б.Уянга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр намайг Да хүрээ зах дээр байж байсан чинь А.Уянга ирээд контейнер дугуй урагшаа захиалчихсан чинь долларын зөрүүнээс болоод мөнгө дутаад байна. 3 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлчих 3.5 ся болгоод өгье гээд гуйхаар нь А.Уянгын “Хас банк”-ны данс руу 2.500.000 төгрөг шилжүүлж бэлэн 500.000 төгрөг өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр А.Уянга дахиж ирээд контейнер дугуй одоо ирж байна. Дахиад 9 сая төгрөг дутчихлаа, мөнгө байвал зээлээч гээд шалаад байхаар нь 4 сая төгрөгийг Уянгад өгсөн чинь “би энэ 4 сая төгрөгийг 2 сарын дараа 6 сая болгоод өгье” гэхээр нь “тийм өндөр хүү гэж худлаа яриад яахав чи 500.000 төгрөгийн хүү өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр А.Уянга надад 1 сая төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр 1 сая төгрөг өгчихөөд алга болсон” гэсэн мэдүүлэг. /хх-22-23/

Хохирогч С.Зоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сарын дундуур Да хүрээ зах дээр дугуй зардаг А.Уянга гэдэг хүүхэн над дээр ирээд 4 сая төгрөг 14 хоногийн хугацаатай зээлчих, хүүнд нь 500.000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд зээлчихсэн. Тэгээд 14 хоногийн дараа хүү гэж 500.000 төгрөг өгөөд “Зоригоо ахаа та надад дахиад 8 сая төгрөг зээлчих таны мөнгийг сарын дараа 9 сая болгоод өгье би ингэж хүмүүст мөнгө зээлүүлээд ашиг олдог гэж хэлээд баахан бичиг цаас үзүүлэхээр нь итгээд 8 сая төгрөг өгсөн. 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А.Уянга дахин ирээд “та 20 сая төгрөг 100 хоногийн хугацаатай зээлчих би таньд 10 хоног тутам 2.500.000 төгрөг өгөөд 100 хоногийн дараа та 25.000.000 сая төгрөгтэй болно” гэхээр нь би гайгүй мөнгөтэй болчих юм байна гэж бодоод 20 сая төгрөг өгөөд явуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр А.Уянга дахиж ирээд “Зоригоо ахаа хоёулаа нийлж нэг контейнер дугуй худалдаж аваад ашгаа хуваая би дугуй авах гээд 24 сая төгрөг шилжүүлчихсэн. Та одоо 24 сая төгрөг шилжүүлчих тэгээд таны мөнгө багаар бодоход 30 сая төгрөг болно” гэж хэлээд шалаад гуйгаад байхаар нь би өмнө нь мөнгө өгчихсөн болохоор нь бас л итгээд 24 сая төгрөгийг А.Уянгад өгсөн. ...20 сая төгрөгний хүү гээд манай эхнэрийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Уянга надаас нийт 56.000.000 сая төгрөг аваад буцааж 5.500.000 төгрөг өгсөн. Одоо би Уянгаас 50.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-27-28/

Хохирогч Б.Жаргалсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Уянга ирээд манай нөхөр Батболд мөнгө зээлээч гэнээ гэхээр нь итгээд 1.200.000 төгрөг бэлнээр өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Уянгаа эгч ирээд нэг контейнер дугуй авах гэсэн юм 5.000.000 төгрөг хэрэг болоод байна гэж уйлан дугараад байхаар нь манай нөхөр Бямбабаатар бид хоёр зайлуул их хэцүү байгаа юм шиг байна гэж өрөвдөөд Соёмбо гэж хүнээс 5.000.000 төгрөг зээлээд Уянгад өгсөн. Нийт 6.200.000 төгрөг Уянгад өгсөн. Үүнээс 200.000 төгрөгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг. /хх-32-33/

Хохирогч Ж.Энхтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “А.Уянга надаас нийт бэлнээр болон дансаар 36.950.000 төгрөг увуулж цувуулж авсан. Үүнээс дансаар болон бэлнээр 28.330.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 8.620.000 төгрөг үлдсэн байсан. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр А.Уянга над руу 100.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо үлдэгдэл 8.520.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-66/

Хохирогч Д.Оюунсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “А.Уянга дугуй орж ирж байгаа, дугуй худалдаж аваад өгье гэж надаас нийт 28.000.000 төгрөг бэлнээр авсан. Дараа нь 5.500.000 төгрөг бэлнээр буцааж өгсөн. Одоо надад 22.500.000 төгрөгний учраад байна.” гэсэн мэдүүлэг. /хх-55-56/,

Хохирогч Г.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 3 сая төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дахиад  2 сая төгрөг Уянгад өгсөн. Нийт 5 сая төгрөг аваад 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 700.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 700.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 1 сая төгрөг тус тус авсан. Одоо би Уянгаас 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. ” гэсэн мэдүүлэг. /хх-59-60/,

Хохирогч Б.Билэгтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 10 дугаар сарын 5-нд манай ажил дээр Уянга ирээд “дугуй авах гэсэн мөнгөгүй болчихлоо ...5 сая төгрөг зээлчих би удлаа гэхэд 15 хоногийн дотор буцааж өгнө 10 хувийн хүүтэй зээлчих” гээд гуйгаад байхаар нь  зээлийн гэрээ хийгээд Уянгад 5 сая төгрөг өгсөн. 2013 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “5 ссая төгрөг 20 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлчих” гээд гуйгаад байхаар нь гайгүй өндөр хүүтэй юм байна гэж бодоод зээлийн гэрээ хийгээд 5 сая төгрөг өгсөн. ” гэсэн мэдүүлэг. /хх-64-65/,

Хохирогч Б.Отгонтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Уянга “ би Солонгос улсаас контейнер дугуй 50 сая төгрөгөөр оруулж ирдэг. Тэгтэл 2 сая төгрөг дутчихлаа би найдвартай 1 сарын дараа 10 хувийн хүүтэй нь хамт өгнө” гээд шалаад байхаар нь 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 2 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж байгаад Уянгад бэлнээр өгсөн. ” гэсэн мэдүүлэг. /хх-68-69/,

Хохирогч Д.Бакайн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр итгээд 300.000 төгрөг зээлүүлсэн. Би Уянгад 2013 оны 9 сард 300.000 төгрөг өгсөн. 2016 оны 2 сард 300.000 төгрөгөө буцааж авсан. Надад 7 хоногийн дараа өгнө гээд 2 жил гаран болсон” гэсэн мэдүүлэг. /хх-71-72/,

Хохирогч Р.Тугбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 онд 9 дүгээр сарын 5-ны өдөр би машинаа зараад зогсож байсан чинь дугуй зардаг Уянга гэдэг хүүхэн ирээд “гааль дээр миний контейнертэй дугуй ирчихээд 2 сая төгрөг дутаад авч чадахгүй байна. Та 2 сая төгрөг зээлчих би 14 хоногийн дараа 2.400.000 төгрөг болгоод өгье” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд “гэхдээ чи 7 хоногийн дараа буцааж өгөөрэй” гээд бэлэн 2 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Уянга дахин над дээр ирээд 5 сая төгрөг зээлчих гэхээр нь би өгөөгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-74-75/,

Хохирогч С.Баяржаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө Уянга надаас бэлэн 1 сая төгрөг аваад явсан. Уянга мөнгө авснаас хойш сураггүй алга болсон.” гэсэн мэдүүлэг. /хх-77-78/,

Хохирогч С.Халиун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Уянга миний төрсөн дүү Баяржаргалаас бэлнээр зээлээч гээд 1 сая төгрөг авсан байна лээ. Манай дүү Баяржаргал БНСУ-д байгаа тул би итгэмжлэлээр энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа. Хохирол нэг ч төлбөр гар дээрээ аваагүй” гэсэн мэдүүлэг. /хх-42/,

Хохирогч У.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 4 сард Уянга над дээр ирээд “дугуй ирж байна яаралтай мөнгө хэрэг болоод байна 4 сая төгрөг зээлчих” гэхээр нь би надад байгаа нь 1 сая төгрөг байна гээд сарын 200.000 төгрөгийн хүүтэй зээлүүлсэн. Уянга зээлсэн үндсэн мөнгөө өгөхгүй 5,6 сард хүү болох 200.000 төгрөгийг өгсөн. 2013 оны 7 сард Уянга дахин мөнгөний хэрэг болоод байна гээд 1 сая төгрөг зээлж аваад 2013 оны 7,8 дугаар саруудад 400.000 төгрөгийн хүү өгөөд түүнээс хойш мөнгө өгөөгүй. 2013 оны 4 сараас хойш нийт 1.200.000 төгрөгийн хүү авсан. Үндсэн мөнгө болох 2 сая төгрөгөө аваагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-81-82/,

Хохирогч Ц.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр над дээр ирээд “4 сая төгрөгний хэрэг болоод байна. 1 сарын хугацаатай зээлчих” гээд гуйгаад байхаар нь би зээлүүлсэн. Энэ мөнгөө 1 сарын дараа 4.500.000 төгрөг болгон өгсөн. Дараа нь 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Уянга дахин ирээд яаралтай дугуй авах гэсэн юм та 4 сая төгрөг зээлчих гэхээр нь урьд нь мөнгө зээлээд өгчихсөн болохоор итгээд зээлүүлсэн. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй. Би 4 сая төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-85-86/,

Хохирогч Н.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 7 сард Уянга надаас 1 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлж аваад үндсэн мөнгөө өгөлгүй хүү болох 200.000 төгрөг өгчихөөд дахин 2 сая төгрөг зээлчих гэхээр нь би итгээд зээлсэн. Үүнээс хойш Уянга надад 500.000 төгрөгөөр 2 удаа, 600.000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Одоо би хүү бодохгүйгээр 1.400.000 төгрөг авах ёстой” гэсэн мэдүүлэг. /хх-89-90/,

Хохирогч Т.Ариунзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 2 сая төгрөг зээлж гэрээ хийсэн. Дараа нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Уянга даруй буух гээд мөнгөний хэрэг болоод байна гэж шалсаар байгаад 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээд гэрээ хийсэн. Миний мөнгийг увуулж цувуулан өгч нийт 1.500.000 төгрөг өгсөн. Одоо би үлдэгдэл 1.500.000 төгрөгийн нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-94-95, “...А.Уянгад нийт 3 сая төгрөг өгсөн. Үүнээс 1.825.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 1.175.000 төгрөгөө одоо болтол аваагүй байгаа...” гэсэн мэдүүлэг. /хх-124/,

Хохирогч Л.Дулмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Уянгад 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Уянга 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 2 сая төгрөг зээлээд өдөр бүр 75.000 төгрөг өгч байгаад мөнгө өгөхөө болиод сураггүй болчихсон. Уянга нь 12 хоногийн турш 75.000 төгрөг өгч нийт 900.000 төгрөгийг өгсөн. Би Уянгаас хүү тооцохгүйгээр 1.100.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-98-99/,

Хохирогч Ч.Болортунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Уянга эгч надтай уулзаад “дугуй худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихаад байна. Эгчдээ 2 сая төгрөг зээлчих” гээд гуйхаар нь зах дээр контейнертнй дугуй зараад байдаг юм чинь найдвартай байх гэж бодоод гэрээ хийгээд 2 сая төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Үүүнээс хойш 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 400.000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг тус тус өгөөд дахиж мөнгө өгөөгүй. Уянга эгчээс нийт 800.000 төгрөг авсан. Одоо 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүний 1.600.000 үндсэн зээл, 480.000 төгрөг нь 3 сарын хүү, 320.000 алданги” гэсэн мэдүүлэг. /хх-101-102/

Хохирогч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Уянга “дугуй худалдаж авах гэсэн чинь яаралтай 4 сая төгрөг хэрэгтэй болчихлоо. Та зээлчих би 7 хоногийн дотор буцаагаад өгье” гэхээр нь би итгээд 4 сая төгрөг өгсөн. Мөнгөө өгөхгүй 10 гаран хоночихоор нь би Уянгыг яасан бэ мөнгөө авья гэсэн чинь 500.000 төгрөг өгөөд дахиж мөнгө өгөлгүй алга болсон. Одоо 3.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-110-111/,

Хохирогч Б.Даваахүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “А.Уянга өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй байгаа,  энэ хэргийг түргэн шийдэж, учирсан хохиролыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хх-46/,

Хохирогч О.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Уянгын нөхөр Батболд бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм...2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би байраа барьцаалаад Хас банкнаас 50 сая төгрөгний бизнесийн зээл авсан чинь 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Уянга над руу утсаар яриад Туяа эгчийн мөнгийг зээлэнд гаргаж байсан чинь Хятад руу эмчилгээнд явах болоод мөнгөө татаад авчихсан чинь мөнгөгүй болчихлоо. Хүмүүс зээл авах гээд байна та мөнгө байвал гаргаач таны мөнгийг 20 хувийн хүүтэй гаргаад өсгөөд өгье гэхээр нь... би итгээд банкнаас авсан мөнгөнөөсөө 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 4 сая төгрөгийг Уянгын данс руу шилжүүлсэн. Тухайн үед  Уянга “Батболд болон миний ээж, эгчид битгий хэлээрэй энэ та бид 2-ын бизнес шүү Батболд мэдчих юм бол архи уугаад мөнгө нэхээд унана гэж хэлсэн. 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш би цувуулж өгсөөр байгаад өөрт байсан 50 сая төгрөгөө өгч дуусаад мөнгө гээд Уянга дахин дахин яриад байхаар нь би хамт ажилладаг Цэгмэдээс 15 сая төгрөг, Төгсжаргалаас 8 сая төгрөг, Баяраагаас 25 сая төгрөг, Байгальмаагаас 15 сая төгрөг тус тус 10 хувийн хүүтэй зээлж авсан. Ингээд нийт 113 сая төгрөгийг Уянгад өгсөн. Энэ хугацаанд Уянга надад мөнгө өгөөд буцааж аваад л явдаг байсан. “...Уянга над руу шилжүүлсэн мөнгөө тухайн үед нь зээлэнд гаргалаа гээд л авдаг байсан. Ингээд тооцож үзэхээр би Уянгаад цэвэр 113 сая төгрөг өгөөд үүнээс 27.200.000 төгрөг буцааж авсан. “...Тухайн үед Уянга надад хүнд битгий хэлээрэй гэж хэлэхээр нь би итгээд энэ талаар хэнд ч хэлээгүй явсан нь буруудсан байна. Одоо энэ асуудлаас болоод манай ах дүү нар болон гэр бүл дотор бөөн асуудал болж байна. Одоо миний дансны хуулгыг харахаар би Уянгаад 113 сая төгрөг биш 179.500.000 төгрөг өгчихсөн юм шиг харагдаад байгаа. Учир нь би Уянгаас ирсэн мөнгийг буцааж шилжүүлээд 1 мөнгө маш олон болж харагдаад байгаа. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-129-130/

“...Би мөрдөн байцаалтын шатанд ХААН, Хас, Төрийн банкаар бүх гүйлгээний утгаар болон үнийн дүнгээр тулгалт хийж нэг мөр болсон. Дээрхи Хаан, Хас, Төрийн банкаар Уянгад өгсөн, авсан тооцооны зөрүүгээр би 48.980.000 төгрөг авах тооцоо гарсан, хэрэгт нэмж хасах өөр баримт нотолгоо надад байхгүй. Хохиролд эрүүгийн хэрэгт А.Уянгаас нийт 49.980.000 төгрөг, иргэний журмаар 51.954.919 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-49-51/,

Хохирогч Ц.Оюунгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би техникийн зах дээр орос машины сэлбэг зардаг ажил хийдэг. 2013 оны 08 дугаар сард Уянга над дээр ирээд мөнгөний хэрэг болоод байна та мөнгө зээлчих гэхээр нь би эгчид нь 1.500.000 төгрөг байна гэсэн чинь за та наад мөнгөө зээлчих би 1 сарын дараа 10 хувийн хүүтэй нь өгнө гэж хэлээд авсан. Тэгээд нэг сарын дараа 500.000 төгрөгийг хүү болох 150.000 төгрөгний хамт өгөөд үлдэгдэл мөнгийг нь хүүтэй нь хамт 1 сарын дараа өгнө гэх хэлсэн. Би Уянгад зээлүүлсэн 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх-80-81/,

Хохирогч Н.Уртнасан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 1999 оноос хойш Да хүрээ зах дээр наймаа хийж байгаа..2013 оны 08 дугаар сард би Уянгад 250.000 төгрөгний өртэй байж байгаад Уянга 300.000 төгрөг надаас зээлж авахаар нь би “Чи өрөндөө 250.000 төгрөгийг нь суутгаад авчих дараа нь 50.000 төгрөгийг нь надад өгчих гэж хэлээд орхисон. Тэгсэн чинь Уянга 2013 оны 08 дугаар сарын 11-ны өдөр дахиж надаас 100.000 төгрөгийг зээлж аваад буцааж өгөлгүй алга болчихсон. Одоо би Уянгаас 150.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /2 дугаар хавтас, хх-84-85/,

Гэрч Ч.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2007 онд Да хүрээ зах дээр гарч машины олгой хаймар зардаг ажил хийж эхлэсэн ба тэгж байгаад Уянагатай танилцсан. Уянга Да хүрээ зах дээр дугуй зардаг ажил хийдэг байсан. 2012 оны 7 дугаар сараас хойш би Уянгын хажууд дугуй зардаг болсон...Уянга өдөр бүр солонгос хоол авч идээд, бас турж байна гээд Херблайф гэж үнэтэй юм уугаад, юм зарж яваа хүмүүсээс хэрэгтэй, хэрэггүй хувцас, янз бүрийн зүйл худалдан авдаг байсан. Уянга ер нь үрэлгэн зантай, дэмий зүйлд их мөнгө үрдэг байсан. Намайг дугуй зардаг байхад наймаа маш муу байсан ба 14 хоногт 4 дугуй зарагдвал их юм болдог байсан. Би өөрийнхөө нэр дээр л 2 удаа Уянгаас зээл авсан. Уянга хоёулаа өөр хүний нэр дээр зээл аваад энэ таны өрийг дарах уу гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-142-144/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 9 тоот дүгнэлтэнд: /1 дүгээр хх-ийн 203 дугаар хуудас/

  1. А.Уянга нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна.
  2. А.Уянга нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгаа удирдан хянах чадвартай байсан байна.
  3. А.Уянга нь одоо сэтгэцийн ямар нэг өвчтэй эсэхийг нотлох баримт алга байна. А.Уянга нь албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.
  4. А.Уянга нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

Хохирогч Б.Уянгын мэдүүлэг /1 хавтас, хх22-23/, хохирогч С.Зоригтын мэдүүлэг /1 хавтас, хх27-28/, хохирогч Б.Жаргалсайханы мэдүүлэг /1 хавтас, хх32-33/, хохирогч Ж.Энхтуяагийн мэдүүлэг /2 хавтас, хх-66/, хохирогч Д.Оюунсүрэнгийн мэдүүлэг /1 хавтас, хх55-56/, хохирогч Г.Соёл-Эрдэний мэдүүлэг /1 хавтас, хх59-60/, хохирогч Б.Билэгтүвшингийн мэдүүлэг /1 хавтас, хх64-65/, хохирогч Д.Бакайн мэдүүлэг /1 хавтас, хх71-72/, гэрч Д.Туяацэцэгийн мэдүүлэг /5 хавтас, хх-116/, хохирогч С.Баяржаргалын мэдүүлэг /1 хавтас, хх77-78/, хохирогч С.Халиуны мэдүүлэг /7 хавтас, хх-42/, хохирогч У.Алтанчимэгийн мэдүүлэг /1 хавтас, хх81-82/, хохирогч Ц.Нарангэрэлийн мэдүүлэг /1 хавтас, хх85-86/, хохирогч Н.Эрдэнэсувдын мэдүүлэг /1 хавтас, хх89-90/, гэрч Ч.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /1 хавтас, хх142-144/, хохирогч Н.Уртнасангийн мэдүүлэг /2 хавтас, хх84-85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.У нь 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 23 хохирогчоос автомашин дугуй худалдан авч зараад мөнгийг чинь өндөр хүүтэй буцааж өгнө, банкнаас зээл аваад хүүгийнх нь хамт богино хугацаанд эргүүлж өгнө, мөнгийг чинь өсгөж өгнө гэх мэтээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 354.395.000 төгрөг залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Уянгын мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч А.У үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн хэргийн ангилалд багтах бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.У-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.У нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, зарим хохирогчийн төлбөрийг төлсөн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх бүрэлдэхүүн гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.У-с нийт 125.865.000 /нэг зуун хорин таван сая найман зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж үүнээс:  

Хохирогч С.Зоригтод 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөг,

Хохирогч Б.Жаргалсайханд 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ж.Энхтуяад 8.520.000 /найман сая таван зуун хорин мянга/ төгрөг,

Хохирогч Д.Оюунсүрэнд 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Г.Соёл-Эрдэнэд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг,

Хохирогч Б.Билэгтүвшинд 10.000.000 /арван сая/ төгрөг,

Хохирогч Б.Отгонтуяад 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг,

Хохирогч Р.Тугбаатарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг,

Хохирогч С.Баяржаргалд буюу С.Халиунд 1.000.000 /нэг сая/ төгрөг,

Хохирогч У.Алтанчимэгт 800.000 /найман зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ц.Нарангэрэлд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Н.Эрдэнэсувдад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Т.Ариунзаяад 1.475.000 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг,

Хохирогч Л.Дулмаад 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ч.Болортунгалагт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Д.Даваасүрэнд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Б.Нямаад 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Б.Даваахүүд 5.000.000 /таван сая/ төгрөг,

Хохирогч Ц.Оюунгэрэлд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Хохирогч О.Энхбат нь хохирол төлбөрөө авсан одоо шүүгдэгч А.Уянгатай ямар нэгэн тооцоо байхгүй болно гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүний хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгч А.У-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт иргэний хариуцагчаар Д.Эрдэнэтуяаг татсан бөгөөд тэрээр уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан нөхөн төлөх хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

2. А.У-г бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар А.У-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.У-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.У-н урьд цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн

- Нэг хавтас 75 хуудас бүхий аудитын дүгнэлт,

- 2-т гэсэн бичигтэй хар өнгийн дэвэр 42 хуудас,

- ХИС 25 жил гэсэн бичигтэй бор өнгийн дэвтэр 84 хуудас,

- 2012 он гэсэн бичигтэй 81 хуудас,

- 5-т гэсэн бичигтэй хар өнгийн дэвтэр 198 хуудас,

- Гэрэлтдэг цайвар цэнхэр өнгийн хавтастай дэвтэр 82 нүүр,

- А4 хэмжээтэй ногоон өнгийн дэвтэр 17 нүүр,

- Жаст групп гэсэн бичигтэй ногоон өнгийн дэвэр 40 хуудас,

-  Гялгар ногоон өнгийн хавтастай 18 хуудас дэвтэр,

- 10-т гэсэн бичигтэй цэнхэр өнгийн жижиг дэвтэр,

- Бор өнгийн хавтастай жижиг дэвтэр 40 хуудас,

- Цэнхэр кноптой, хавтастай 78 хуудас бүхий дэвтэр зэргийг хэрэгт хавсаргасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.У-с нийт 125.865.000 /нэг зуун хорин таван сая найман зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж үүнээс:  

Хохирогч С.Зоригтод 52.000.000 /тавин хоёр сая/ төгрөг,

Хохирогч Б.Жаргалсайханд 6.200.000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ж.Энхтуяад 8.520.000 /найман сая таван зуун хорин мянга/ төгрөг,

Хохирогч Д.Оюунсүрэнд 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Г.Соёл-Эрдэнэд 2.100.000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөг,

Хохирогч Б.Билэгтүвшинд 10.000.000 /арван сая/ төгрөг,

Хохирогч Б.Отгонтуяад 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг,

Хохирогч Р.Тугбаатарт 2.000.000 /хоёр сая/ төгрөг,

Хохирогч С.Баяржаргалд буюу С.Халиунд 1.000.000 /нэг сая/ төгрөг,

Хохирогч У.Алтанчимэгт 800.000 /найман зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ц.Нарангэрэлд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Н.Эрдэнэсувдад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Т.Ариунзаяад 1.475.000 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг,

Хохирогч Л.Дулмаад 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөг,

Хохирогч Ч.Болортунгалагт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг,

Хохирогч Д.Даваасүрэнд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг,

Хохирогч Б.Нямаад 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг,

Хохирогч Б.Даваахүүд 5.000.000 /таван сая/ төгрөг,

Хохирогч Ц.Оюунгэрэлд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.У-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.МӨНХТУЯА