Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/123

 

   2023             01             26                                        2023/ДШМ/123                          

Т.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

         Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяагийн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2211011570422 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эдэлж дууссан, 

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 834 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийг 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутын орчимд 1.17 хувийн согтолттой үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота” маркийн “Виста” загварын 06-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний 3.4 дүгээр зүйлийн а, 3.7 дугаар зүйлийн а, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Я-ын жолоодон явсан “Тоёота” маркийн “Аурис” загварын 38-62 УАМ, Д.Б-ийн жолоодон явсан “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 73-74 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Э.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Э.О-ын эзэмшлийн “Тоёота” маркийн “Аурис” загварын 38-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.987.500 төгрөгийн, Д.Б-ийн эзэмшлийн “Митсубиши” маркийн “Пажеро” загварын 73-74 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил жолоодох эрхийг хасаж, 6 сарын хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногоор тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүх “... урьд ял шийтгүүлж, зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь хувийн байдал ...” гэж түүний хувийн байдлын талаар өрөөсгөл дүгнэлт өгч шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлуудыг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Миний үйлчлүүлэгч зорчих эрх хязгаарлах ялыг хуульд зааснаар биелүүлээгүй ямар нэг үйлдэл, эс үйлдэл хийгээгүй ба энэ талаар хавтаст хэрэгт ямарч баримт авагдаагүй. ... улсын яллагчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 168, 170 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг зөрчих, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих журам зөрчсөн талаар, мөн ял солиулах талаар ямар нэг санал гаргаагүй ба хэрэгт баримт авагдаагүй байхад ялыг хүндрүүлэн ар гэр хувийн байдлыг тодруулалгүйгээр өмгөөлөгч, улсын яллагчийн гаргасан саналуудыг хүлээн авалгүй хорих ял өгч байгаа нь энэрэнгүй ёсонд нийцэхгүй. Миний үйлчлүүлэгч нь эхнэр Ө.М, охин М.Ү нарын хамт СХД-ийн 25 дугаар хороо, Одонт гудамжны 11-1 тоотод айлын хашаа түрээслэн амьдардаг ба дугуй засварын үйлчилгээ /түрээсээр/ эрхлэн ар гэр, үр хүүхдээ авч явдаг залуу хүн юм. Түүний эхнэр Ө.М нь тархины гэмтлийн улмаас ухаан алддаг, онош тодруулахаар эмчилгээ байнга хийлгэх шаардлагатай байгаан дээр одоо 27-28-н недели буюу 7 сар гарантай жирэмсэн, мөн охин М.Ү нь 3-н настай бага насны хүүхэдтэйгээр хоёулаа түрээсийн хашаанд харж хандах өөр хүнгүй амьдарч байна. Т.А-ын амьжиргаагаа залгуулахаар түрээсээр ажиллах байсан дугуй засварын газар нь түүнийг хоригдсоноос хойш ажиллуулах хүнгүй болж эхнэр хүүхдийг нь харж хандах, мөнгө орлого олох, амьжиргаа залгуулах ямарч боломжгүй байдалд хүрээд байна. ... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлж, хорих ялыг тэнсэж, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Т.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би одоогоор эхнэр М болон охин Ү-ийн хамт амьдардаг, хувиараа авто дугуй засварын газар ажилуулдаг. Мөн зав чөлөөтэй үедээ такси үйлчилгээнд явж эхнэр 3 настай охиноо тэжээдэг. Эхнэр маань одоо 8 сартай жирэмсэн үлдсэн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, охин болон жирэмсэн эхнэртээ тавих анхаарал халамжаа сулруулж гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Өмнө нь эдэлж байсан зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд миний ар гэрийн байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял эдлүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд өмнө шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, энэ гэмт хэрэгт хорих ял оноож, ялыг тус тусад нь эдлүүлэх саналыг гаргасан. Анхан шатны шүүхээс Т.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6  сарын хугацаагаар хорих ялыг, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 10 хоногоор тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн боловч өмнө шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота” маркийн “Виста” загварын 06-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй, ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Ц.Я-н жолоодон явсан “Тоёота Аурис” маркийн 38-62 УАМ, Д.Б-ийн жолоодон явсан “Митсубиши пажеро” маркийн 73-74 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Э.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, /М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол/, Э.О-ын эзэмшлийн “Тоёота Аурис” маркийн 38-62 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд 1.987.500 төгрөгийн, Д.Б-ийн эзэмшлийн “Митсубиши Пажеро” маркийн 73-74 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлд 510.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч Я.М-ийн хууль ёсны төлөөлөгч О.О  “ ... тээврийн хэрэгслийг манай нөхөр Ялалт жолоодоод би жолоочийн хажууд урд суудал дээр суугаад арын суудал дээр 4-13 насны 3 хүүхэд маань суугаад явж байсан. ... гэнэт манай машины араас машин ирээд маш хүчтэй мөргөхөд манай машин тэр хүчиндээ урдаа зогсож байсан Пажеро маркийн 7374 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зогссон. ... ослын маргааш нь манай охин М гэмтлийн эмнэлэгт эмчийн хэлсний дагуу 3 хоног хэвтэж эмчлүүлсэн. Манай нөхөр болон бага 2 хүүхдийн эрүүл мэндэд гэмтэл байхгүй. Миний болон охины эмчилгээнд мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжилж гаргуулж авмаар байна. ... Машины хохирол үнэлгээгээр 1.987.500 төгрөг, үүн дээр үнэлгээ хийлгэсний төлбөр 116.000 төгрөг нийт 2.103.500 төгрөг болж байна. Эмчилгээ эм тарианы мөнгөө баримтаар гаргаж өгнө, одоогоор бодож гаргасан зүйл байхгүй байна. ... “ /хх 55-58/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ц.Я-ын “ ... Хайлаастын эцсээс Баянхошуу руу эргэдэг уулзвар дөхөөд   уулзвар зогсоод хүлээгээд байж байтал гэнэт манай машины араас маш хүчтэй машин ирээд мөргөхөд манай машин тэр хүчиндээ урдаа зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж зогссон. ... машин мөргөх үед манай эхнэр болон том охины биед гэмтэл учирсан. Бага 2 хүү болон миний биед учирсан гэмтэл байхгүй ... “/хх 71/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9247 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн “... Э.О-ын биед тархи доргилт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэн ясны зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 9248 дугаартай “ ... М.М-ийн биед зүүн талын 8-р хавирга зөрүүгүй хугаралтай, баруун талын 7-р хавирганы цууралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /хх 27-28/ гэх дүгнэлтүүд,

иргэний нэхэмжлэгч Д.Б-ийн “Би  2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн Пажеро маркийн машинаа жолоодоод эхнэр Б-ийн хамт Баянхошуу орохоор гарсан. Тухайн үед зам ачаалалтай түгжрэлд зогсож байсан. Тэгэхэд гэнэт л түс хийх чимээ гарахаар нь ард машинууд мөргөлдчихлөө дөө гэж бодохын хооронд л миний машины араас түс хийгээд л машин мөргөчихсөн. ... эхнэр бид 2-ын хувьд ослоос учирсан гэмтэл бэртэл байхгүй. Харьцангуй зөөлөн мөргөсөн учраас машинд доргилт бага өгсөн. Гэмтсэн бэртсэн зүйл байхгүй учраас эхнэр бид 2 шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Хамгийн гол нь машины хохирлоо барагдуулж авмаар байна. Үнэлгээгээр 510.000 төгрөгийн хохирол учирсан байсан. ... ” /хх 61/,

яллагдагчаар Т.А-ын “Виста маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, Э.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Драйгер үлээхэд 1.17 хувийн согтолттой байсан. Угаасаа би пиво уучихсан байсан. ...” /хх 105/ гэх мэдүүлгүүд,

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “...Т овогтой А-ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.17% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо ...” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 14/,

Шүүгдэгч Т.А-ын жолоодож явсан “Тоёота” маркийн “Виста” загварын 06-99 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 999431 дугаартай шинжээчийн “ ... уг тэврийн хэрэгслийн 1 дугаар болон 2 дугаар тэнхлэгийн тоормос, мөн их гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осолд нөлөөлнө. Уг эвдрэл, гэмтлүүд нь ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийгээгүйгээс үүссэн хуучин эвдрэл, гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийн 1 дугаар болон 2 дугаар тэнхлэгийн тоормосыг тоног төхөөрөмжөөр шалгахад зогсоогүй эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлнө. Их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа эвдрэл, гэмтэл нь уг зам тээврийн осолд жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө ...” /хх 86-93/ гэх дүгнэлт,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 1719 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “Эзэмшигч Э.О, Тоуta Auris маркийн 3862 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 1.987.500 төгрөг” гэж  тогтоосон тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 33-34/,

“Виннер Вэй” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 9418 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: Эзэмшигч Д.Б, Mitsubishi Pajero io маркийн 7374 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 510.000 төгрөг” гэж тогтоосон тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-36/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-54/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Т.А- согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж Э.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр /М.М-ийн эрүүл мэндэд хөнгөн/ хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Т.А болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нараас “... зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсхүл өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлж, хорих ялыг тэнсэж, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх Т.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин шүүх шүүгдэгч Т.А-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацааны хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлүүлэх ялыг 1 жил 7 сар 10 хоногоор тогтоосоныг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Учир нь шүүгдэгч Т.А нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байхад энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаас “оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх” гэснийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/839 дугаартай  шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Т.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 118 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хэлэлцээд 2022/ШЦТ/839 дугаартай шийтгэх тогтоол гаргасан байх боловч тус шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт хуулийн хугацаанд гардуулаагүй, мөн шүүгдэгч Т.А- болон түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан атлаа хэргийг давж заалдах шатны шүүхэд хуулийн хугацаанд ирүүлээгүй буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн зөрчил гаргасан байх тул холбогдох ажилтан, албан хаагчид зохих хариуцлагыг тооцох нь зүйтэй бөгөөд цаашид ийм төрлийн алдаа, дутагдал гаргахгүй байхыг зориуд тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/839 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.А-д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн ялыг тусад нь эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоос “оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх” гэснийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

           ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН