| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2202000640100 |
| Дугаар | 2023/ДШМ/124 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ДШМ/124
2023 01 26 2023/ДШМ/124
А.М, Ү.Ө нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цогтгэрэл,
шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Нарантуяа,
шүүгдэгч Ү.Ө, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ө.Алтангадас,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1606 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Нарантуяа, шүүгдэгч Ү.Ө, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ө.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2202 00064 0100 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. 0,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 479 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ялыг эдэлж дууссан.
2. 0,
1. Шүүгдэгч А.М нь С.Н гэгчтэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, С.Н-ийн Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аялалын онгоцоор /Карго/, Монгол Улсын хилээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан,
- дээрх бодисоос 1.3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ү.Ө-д хууль бусаар өгсөн,
- улмаар дээрх бодисноос 2022 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчээр оролцож, дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,
2. Шүүгдэгч Ү.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 1.3975 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М-ийн түүнд өгөх зорилгоор орхисныг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,
- мөн уг бодисоо 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, Ү.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ү-Ө-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч А.М-г “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ө-ыг 1 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.М-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 2022 оны 3-р сард Tsogoo Tsogoo гэх Фэйсбүүк хаягтай хүнээс пүүз захиалсан. Улмаар 2022 оны 3-р сарын 15-нд Г гэх хүн өөрийн хаягаас “пүүз чинь ирсэн” каргоноос очоод авчих гэхэд би 17:30 минутын үед зааж өгсөн газарт очиж, өөрийн нэр дугаарыг хэлэхэд “Tийм нэр дээр бараа алга” Ц гэх нэрээр асуухад пүүз биш хүүхдийн скүүтер гаргаж ирсэн. Ц руу залган өөр бараа байна гэхэд “наад зүйлээ авчих пүүз чинь араас нь удахгүй ирнэ” гэж хэлээд төлбөр болох 60.000 төгрөгийг Ц нь А гэх хүний 50... данснаас миний 50... дансанд шилжүүлснээр би төлбөрийг төлөн скүүтерийг аван гэртээ харьсан. Гэртээ ирээд байж байтал Ц гэх хүн “Ахын дүү наад дугуйны бариулыг задлавал нэг юм байгаа” гээд задалж үзтэл мөнгөлөг цаасанд ороосон юм байсан нь мансууруулах бодис байсан бөгөөд Ц гэх хүн наад юм чинь ямар ч асуудалгүй 2 хуваагаад хүнд өгчих ах нь 2 сая төгрөг өгье гэсэн. Би тэр зүйлийг 2 хувааж, надад өгсөн дугаарт залгаж заасан газарт нь аваачиж тавьсан бөгөөд үлдсэн талыг нь хэлснээр нь гэртээ хадгалж байсан. Тус зүйл нь Монголчуудын хэлж заншсанаар “Мөс” гэх зүйл байсан учир бичлэг үзэн маш бага хэмжээгээр хэрэглэж үзсэн. Маргааш нь буюу 3-р сарын 16-нд 08:00 цагийн үед эхнэр, хүүхдээ ажил цэцэрлэгт нь хүргэхээр машинд сууж байтал цагдаа нар дайчлан баривчилсан. Уг өдөр байцаагч надаас мэдүүлэг авахын өмнө айлган сүрдүүлж дарамтлан надад ямар нэгэн эрх, үүрэг танилцуулалгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг авах үед би маш их айж тэвдэж байсан. Мөн мөрдөн байцаагч хөтлөн байцаах, асуусан асуултдаа өөрөө хариулан мэдүүлэг авч дуусгасан. Би тухайн өдөр мансууруулах бодис хэрэглэсэн байсан учир мэдүүлэг өгөх чадваргүй байхад надаас мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. Би тухайн өдөр мэдүүлэг өгөөгүй. Би ямар нэгэн хорих газар хоригдож үзээгүй учир айж сандран яах учраа олохгүй байх үед гэр бүлийнхэн маань өмгөөлөгч Н.Н авч ЭХ 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдах гэж байгааг ойлгуулж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Өмгөөлөгчийн хамтаар дахин үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн болно. Tsogoo Tsogoo гэх Фэйсбүүк хаягтай хүн нь А гэх хүний мэдүүлэг дээрх Г гэдэг хүн юм. Уг мөс гэх зүйлийг хэмжсэн жинлүүр нь эхнэрийн минь ажилдаа хэрэглэдэг саа, шигтгээ гэх мэт зүйлсийг хэмждэг зүйл юм. Би пүүз захиалахад өөрийн болон эхнэрийнхээ дугаарыг өгсөн ч бараа хүлээн авах дугаар дээр эхнэрийн минь дугаарыг бичиж явуулсан байсан. Г- гэх хүнээс мөнгө авсан зүйл байхгүй тул үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байна. Би Н гэх хүнийг огт танихгүй үсэн хуйвалдаагүй чатаар холбогдсон зүйл байхгүй. Энэ талаар Н гэгчийг олж байцаагаагүй байж намайг Н-той бүлэглэн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн бусадтай бүлэглэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлээгүй бөгөөд хэрэглэж үзсэн мөн хадгалсан гэх үндэслэлээр зүйл ангийг минь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү. Миний бие эхнэр охины хамт амьдардаг. Залуу гэр бүлийн хувьд өмнөө тавьсан зорилготой, хүсэл мөрөөдлийнхөө төлөө яваа жирийн нэгэн хүний хань, охиныхоо аав нь билээ. Би охинтойгоо ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд охиноо хүн болгож төлөвшихөд хажууд нь эцэг хүний үүргээ биелүүлэн өөрийн болчимгүй алдаа дутагдлаа ухамсарлах, сайхан амьдрах ганцхан боломж олгон зүйл ангийг минь өөрчилж ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... хэрэгт авагдсан баримтуудыг хооронд нь харьцуулж судалж үзэхэд миний үйлчлүүлэгч М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн уг хэрэгт “цогоо цогоо” гэх фэйсбүүк хаягтай хүн холбоотой, тухайн хүнд би пүүз захиалж байсан. Тэрнээс биш мөс гэх бодис байгааг мэдээгүй, над руу каргоны мөнгийг дансаар “Цогоо цогоо” гэх хаягтай хүн шилжүүлж байсан гэж мэдүүлдэг. Гэтэл тухайн “Цогоо цогоо” гэх фэйсбүүк хаягтай хүнийг олж тогтоож шалгаагүй мөрдөн шалгах ажиллгааг дутуу хийсэн байдаг. М-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Цогоо цогоо гэх хүн нь Г- гэж хүн байдаг” талаар мэдүүлсэн байна. М-ийн мэдүүлгийг нотолсон баримт болох түүний Хаан банкны данс руу 50... дугаартай данснаас 2022.03.15-ны өдөр каргоны мөнгө гэж 60,000 төгрөгийг А- гэх хүний данснаас Г- шилжүүлсэн байна. Гэрч Б, н.А- нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг М захиалж Монгол улсын хилээр нэвтрүүлээгүй. Уг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Г- гэдэг хүн Монгол Улсын хилээр оруулж ирсэн байх бөгөөд М-ийн хувьд карго дээр захиалсан пүүз нь ирсэн байгаа гэж бодож очсон боловч бодит байдал дээр пүүз биш скүүтер байсан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд Г- гэдэг хүнийг олж тогтоож байцаагаагүй, мэдүүлэг аваагүй. Уг хэрэгт хэргийг бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Гэтэл шүүхээс М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ... уг хэргийг анх М-г биш бусад өөр этгээдэд холбогдуулан нээсэн байх бөгөөд бусад хүмүүсийн хэрэг нь хэрхэн шийдэгдсэн болох нь ойлгомжгүй байна. Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх өөрийнх нь гэрч, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг түүнийг гэм буруутайд тооцоход дангаар нотлох баримт болгохгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг дангаар нотлох баримтаар тооцохгүй байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Мгийн 2022.03.16-ны өдөр сэжигтнээр өгсөн, 2022.03.17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг түүний эсрэг ашиглаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зөрсөн байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч 2022.03.16-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж мэдүүлэг авсан байдаг. Дээрх тохиолдолд миний үйлчлүүлэгчээс шинжилгээ авахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин гэх бодис илэрсэн байх ба түүнийг мансуурсан байдалтай байхад анх сэжигтнээр мэдүүлэг авсан нөхцөл байдал тогтоогддог. ... эргэлзээтэй нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. ... Б-ийн мэдүүлэг нь миний үйлчлүүлэгчийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэнийг шууд нотолсон нотлох баримт биш. Б-нь М-г улсын хилээр хэрхэн яаж оруулж ирснийг хараагүй, тухайн үйл баримтыг мэдэхгүй юм. Уг хэрэгт Н гэгчийг олж тогтоож байцаалт авсан зүйл байхгүй атлаа М-г Н-той бүлэглэн гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу миний үйлчлүүлэгч М-д ашигтайгаар шийдвэрлэж түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.М-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... шүүх шүүгдэгч А.М-г хийгээгүй хэргийнх нь төлөө түүний мэдүүлгээр эрх зүйн байдлыг нь дордуулан, зүйлчлэлийг хүндрүүлж Эүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭХХШТХ-ийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан баримтууд нь яллагчийн яллах дүгнэлтийг тэр чигт нь хуулбарлаж, А.М-г гарцаагүй энэ гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тогтоосон нотлох баримт дурдаж чадаагүй байх ба яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга хэлбэр, гэмт хэргийн зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тодорхой тусгасан байх хуулийн шаардлагад огт нийцээгүй. ... М-ийн хэргийг М нарын хэрэгтэй нэгтгэн Н хэнд хүргүүлсэн, Н-д хэн хэрхэн захиалсан, хилээр хэдий хэр хэмжээний зүйл орж ирснийг тогтоох боломжтой гэж харж байна. Хэрэгт авагдсан 1-50 хуудаст авагдсан нотлох баримтууд нь хэрхэн хамааралтай талаар тэдгээр этгээдүүд рүү чиглэсэн ажиллагаа байсан бол М нь эдгээр хүмүүстэй ямар харилцаа холбоо, хамааралтай, энэ талаар ямар ажиллагааг хийсэн талаарх мөрдөгч, прокурорын магадалгаа, тогтоол шийдвэр авагдаагүй байдаг. Шийтгэх тогтоолын 10 талд гэрч Н гээд энэ хэрэгт гэрчээр огт мэдүүлэг өгөөгүй хүнийг утасны эзэн гэрчээр асуусан гэх мэт нотлох баримт дурдсан байсан. Улсын яллагчийн 177 тоот яллах дүгнэлт нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зүйлчлэлийг хангалтгүй шалгаж шүүхээс зөвтгөхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцүүлэхдээ мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцсныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олж авсан, хадгалсан, гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ү.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2022 оны 3-р сарын 15-ны өдөр А овогтой М гэх үл таних хүнээс мөс гэх зүйлийг авсан. Уг зүйлийг би өөрөө хэрэглэсэн бөгөөд цааш дамжуулж тараасан буюу борлуулсан үйлдэл огт хийгээгүй. Энэ үйлдлээсээ болж 3-р сарын 16-нд цагдаагийн байгууллагад баривчлагдсан үеэсээ эхэлж болсон үйл явдлын талаар хуулийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Би өөрийн энэ болчимгүй үйлдэлдээ гүнээ харамсаж байгаа ба цаашид дахин ийм буруу зүйл хийхгүйгээ бүрэн ухамсарлаж байна. Миний хувьд эхнэр, хоёр бага насны хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийн бүх санхүүгийн ачааг би үүрдэг. Манай эхнэр 2020 оноос өндгөвчний хорт хавдартай оношлогдсон, байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Би өөрийн буруу үйлдлээс болж гэр бүлээ хүнд байдалд оруулсандаа гүнээ гэмшиж байгаа ба миний хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан үзэж оноосон ялыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ү.Ө-ын өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэх агуулгаар энэхүү гомдлыг гаргаж байна. Ү.Ө-ын хувьд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан ба Ү.Ө нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь сонгох санкацтай байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлаж байгаа зэргээс хамаараад шүүхийн зүгээс хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон оногдуулах эрх нь зөвхөн шүүхэд байдаг ба шүүгчдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг буруутгаж байгаа бус харин түүнийг хөнгөрүүлэх, хуульд зааснаар хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага буюу зорчих эрх, хязгаарлах ял эсхүл тэнсэн хянан харгалзах ял ногдуулах боломжийг хүсэж байгаа болно. Мөн эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэхийг хориглосон, хязгаарласан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү.Ө-д оногдуулсан хорих ялыг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ү.Ө-ын өмгөөлөгч Ө.Алтангадас давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Ү.Ө нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшдэг, тэрээр өөрт холбогдох мөрдөн шалгах ажиллагаанд эхнээс нь тусалсан, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралгүй. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ... гудамжны ... байрших Субару засварын төвд автомашины засварын нарийн мэргэшлийн ажлыг тогтвортойгоор эрхэлдэг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо ... тоот хаягт байнга оршин суудаг. Түүний эхнэр Ө.Н нь өндгөвчний хорт хавдрын 3 дугаар үе, нийт 32 /гучин хоёр/ удаагийн хими эмчилгээний дараах байдлаар хорт хавдрын 4 дүгээр үеийн оноштойгоор эрүүл мэндийн дэглэмийг сахиж, эмнэлгийн байнгын хяналтад байдаг, хүү Ө-ын А нь 5 настай, охин Ө-ын С нь 2 настай зэрэг байдлууд нотлогдож тогтоогдсон. ... шүүх нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Ү.Ө-д хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэлх хугацаагаар тэнсэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Ү.Ө-ын эхнэр Ө.Н-ийн эмчилгээнд сар тутамд 2 сая орчим төгрөгийн зардал шаардагдаж байсан, тэдний бага насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсанаас багагүй хэмжээний зардлыг нэмж зарцуулах ёстой болсон бөгөөд шүүгдэгч Ү.Ө-ын хөдөлмөрлөж олдог 2-3 сая төгрөгийн цалин нь түүний гэр бүлийн үндсэн орлогыг бүрдүүлдэг. Хэрэв Ү.Ө-ын эхнэр Ө.Н-ийн эмнэлгээс гадуурх байнгын эмчилгээ тасрах, эрүүл мэндийн нарийн дэглэм алдагдсан тохиолдолд хорт хавдрын өвчин дахин сэдэрч амьдралын тавиланд нь шууд сөргөөр нөлөөлөх нэн эрсдэлтэй байна. Иймд дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ү.Ө-д хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Энэ хэрэгт 2022 оны 1 дүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээж М, Н гэх хүмүүс рүү чиглэсэн ажиллагаа явагдаж байсан. Ингээд 2022 оны 3 дугаар сард Н-оос “мөс” гэх бодис илэрсний дагуу А.М, Ү.Ө нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгасан. Шүүгдэгч А.М-ийн зүгээс “мансуурсан үедээ мэдүүлэг өгсөн” гэж давж заалдах гомдолдоо дурджээ. Шүүгдэгч А.М-г хэрэгт холбогдуулан баривчилж, цагдаагийн байгууллагад авчирснаас 20 цагийн дараа сэжигтнээр мэдүүлэг авсан. 7 хоногийн дараа дүгнэлт гарсан. Шүүгдэгчийн гомдолд дурдагдсан дээрх асуудал үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн каргонд А.М-ийн эхнэр Б-ийн утасны дугаар байсан. Шүүгдэгч А.М “эхнэрийнхээ дугаарыг каргонд бичүүлсэн” гэж мэдүүлдэг. Түүнчлэн А.М, Ү.Ө нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Учир нь, дээрх мэдүүлгүүд үйл баримт, цаг хугацааны хувьд зөрүүгүй бөгөөд бусад нотлох баримтуудаар тогтоогдож байсан. Шүүгдэгч Ү.Ө, Н нар нь эцэг ондоотой ах дүүс юм. Шүүгдэгч Ү.Ө 2019 онд эхнэрийн хамт Турк улсад зорчсон тухай лавлагаа хэрэгт авагдсан байгаа. Түүний эхнэр “Ариунаа ари” гэх фейсбүүк хаягтай бөгөөд энэ хаягаар харьцаж байсан талаар хоёул мэдүүлсэн. “Мөс” гэх бодис Монгол улсад үйлдвэрлэгддэггүй, гаднаас орж ирэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх бодисыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч А.М очиж авсан үйл баримт тогтоосон. Мөн А.М-г бодисыг авсны маргааш нь байрных нь гадаа түүнтэй цуг хэрэглэсэн Б-гэх гэрч байгаа. Гэрч Б-шүүгдэгч А.М-өөс “ахаа энэ мөсийг хаанаас олж авсан юм бэ гэхэд Н гэдэг ах маань Туркээс явуулсан юм” гэсэн талаар мэдүүлдэг. Мөн тухайн 60.000 төгрөгийг шилжүүлсэн дансанд үзлэг хийхэд тэр өдөр данснаас олон гүйлгээ хийгдсэн байдаг бөгөөд 60.000 төгрөгийн талаар тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтоосон, прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.М нь С.Н гэгчтэй урьдчилан үгсэн тохиролцож, С.Н-ийн Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аялаллын онгоцоор хүүхдийн скүүтер дугуйны бариулд хийж Монгол Улсын хилээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх 9 дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах каргоноос хүлээн авсан, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1.3975 грамм цэвэр жинтэй бодисыг А.Ө-д хууль бусаар өгсөн, мөн 2022 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны ... тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг хадгалсан,
шүүгдэгч Ү.Ө нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай нийт 1.3975 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.М-гийн түүнд өгөх зорилгоор орхисныг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн уг бодисоо 2022 оны 3 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “... Би Н гэх хүнтэй 2016 онд 13 дугаар хороололд танилцсан. Манай дээд үеийн ах байгаа юм аа. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна. Ariunaa Ari гэсэн хаягаас Н ах миний Сэцэн Мөнх гэсэн хаяг руу мөс явуулья чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ хоёр сая төгрөг өгнө гэж хэлсэн. Ц гэсэн хаягаар явуулж байгаа 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. 2022 оны 03-р сарын 11-ний өдөр Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлээд над руу юнителийн дугаар явуулсан. ... 2022 оны 03-р сарын 15-ны өдөр над руу Н ах эхнэрийнхээ чатаар очоод кино үйлдвэрийн ард Инжир худалдааны төвд байгаа каргоноос очоод ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ... УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 машинтайгаа очсон. Карго дээр ачаа бараа зөөдөг хоёр эрэгтэй бас хоёр эмэгтэй хүн байсан. Ц гэсэн ачааг авъя гэхэд хүүхдийн “scooter” дугуй байсан. Тухайн зүйлийг гэрийнхээ гадна очоод дугуйны голын төмрөөс мөс гэх зүйлийг гаргаж авсан. ... тухайн мөс 7 орчим грамм байсан, хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн. Н ах надад 3 граммыг энэ дугаар руу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн.Тухайн дугаар 9964-тэй дугаар байсан. Би тэр дугаарыг тухайн үедээ холбогдоод устгачихсан санахгүй байна. Би тухайн утсаар залгахад эрэгтэй хүн байсан. ... 3 өндрийн хажуу талын кофены газрын хажууд тамхины хайрцганд хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн газартаа орхисон. Ирж авахыг хүлээе гэж бодоод машиндаа дотроо сууж байх үедээ Б-тэй таарсан. Би бага хэмжээний мөс гэх зүйлтэй гэдгээ хэлээд бид хоёр ... хэрэглэсэн. Тухайн зүйлийг хэрэглэхэд бие сэргэх мэдрэмж төрсөн. Б-тухайн мөсийг шатааж байх үед сонирхоод ганц нэг сорсон. Б-харилаа гээд буцсан. Би гэрийнхээ гадна ирж зогсоод дахиж нэг удаа хэрэглээд гэртээ орсон. Өглөө сэрээд Б-тэй чатаар холбогдоод 08 цагийн үед манай гэрийн үүдэнд бид хоёр уулзаж миний машинд сууж тамхи татсан. Тэр үед цонх тогшоод гал байна уу гэхээр нь гал өгөх гэхэд хаалга онгойлго гэж хэлэхэд би цонхоо онгойлгож амжаагүй байтал машины цонх хагалсан. Би сандраад машинаас буугаад зугтчихсан. Хойноос намайг хөөж барьж авсан. Миний машинд хар тамхитай тэмцэх газрын ажилтан үзлэг хийж хэрэглүүр хоёр шил, хуйлсан 10 төгрөг, асаагуур зэргийг хураан авсан. Манай гэрт нэгжлэг хийж миний үлдээсэн байсан гялгар ууттай 3 гр орчим мөсийг хураан авсан. ... миний биед үзлэг хийж үлдэгдэл бага хэмжээтэй мөс болон гар утсыг хураан авсан. Би Н ахтай чатласан чатаа устгачихсан учир чат, утасны дугаар хэлэх арга алга ...” /1хх-ийн 218-220, 2хх-ийн 197-199, 206-208/,
шүүгдэгч Ү.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “... Миний төрсөн ах С-ийн Н надтай фейс чатаар ярьсан. Би Монгол руу мөс гэдэг зүйл явуулна гэж байсан. Сүүлд болохоо байчихлаа гэж хэд хоногийн дараа ярихдаа хэлж байсан. Тэрнээс хойш холбогдож яриагүй. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орой байсан гэгээ тасарчихсан байх үед над руу дугаарыг нь санахгүй байна, нэг утаснаас залгаад “сайн байна уу, өөрт чинь юм өгөөрэй гэсэн” гэхээр нь “хэн гэж хүн юу өгөх гэж байгаа юм бол” гэхэд нь “өөрийн чинь танил өгөөрэй гэсэн” гэж хэлэхээр нь “хаанаас очиж авах юм бэ” гэхэд “бөхийн өргөөний хажууханд байдаг кофены газрын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагт хийгээд тавьчихъя” гэхээр нь би ерөнхийдөө ойлгоод 21 цагийн үед заасан газарт нь очиход тамхины хайрцаг байхаар нь тэрийг аваад гэр рүүгээ явсан. Тухайн хайрцгийг онгойлгож үзэхэд мөс гэх нэршилтэй зүйл байсан. Тэр залуу “3 граммыг өгсөн шүү” гэж хэлж байсан. Тухайн мөснөөс бага хэмжээтэй авч тарианы усны шилэнд хийж, асаагуураар шатааж хэрэглэж үзсэн. Хэрэглэхэд эм амтагдаж байсан. Бие сэргэж байгаа юм шиг санагдаж байсан. Би гэртээ үлдсэнийг нь цэнхэр цүнхнийхээ урд талын халаасанд орхисон. Өнөөдөр би гэртээ өнжсөн 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хогоо хаячихаад машин дээрээ очиж асаах үед цагдаагийн алба хаагч нар надтай уулзсан. Би болсон үйл явдлын талаар үнэнээр нь хэлсэн...” /1хх-ийн 222-224, 2хх-ийн 182-184/ гэх тухайн мансууруулах бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлэг нь:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1804 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ү.Ө” гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/ илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын жагсаалтанд багтдаг.” /1хх-ийн 166-170/ гэх дүгнэлт,
гэрч Б.Б-ийн “... 2022 оны 03-р сарын 15 ны орой 21 цаг өнгөрч байхад би 13-р хорооллын 3 өндрийн орчмоор харих гээд явж байгаад М гээд багын найз ах зогсож байхаар нь уулзаж мэнд мэдээд салцгаасан. ... 2022 оны 03-р сарын 16 ны өглөө 08:10 цагт М ах 89... гэсэн дугаараас залгаад намайг 13-р хороололд хүрээд ир гэхээр нь би 13-р хорооллын 5-р байрны хойно явж очиход М ах өөрийн хар өнгийн приус маркийн ... УНЯ улсын дугаартай машиндаа сууж байсан. ... М ах тарианы шилтэй мөс гаргаж ирсэн ба хоёулаа тэрнээс хамт сорж хэрэглэсэн. Ингээд сууж байтал нэг хүн ирээд галаа өгчих гэж цонх тогшсон ба онгойлгохгүй болохоор цонхыг хагалж хаалгыг нээсэн. Ингээд цагдаагийн ажилтнууд ирсэн. Ийм л асуудал болсон ...” /1хх-ийн 140-142/,
“ ... тухайн үед А.М-өөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн. Ямар учиртай хүн юм гэхэд за за гэснээр өөр юм яриад эхэлсэн ... би Туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг нь мэдсэн .... ” /2хх-ийн 213-214/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1794 дугаартай “Б-Ж гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн. ...” /1хх-ийн 198-201/ гэх дүгнэлт,
гэрч Н.Э-ын “Ү.Ө нь миний 3 дахь хүү ... С.Н хоёр дахь хүү маань байгаа юм аа. Эх нэгтэй, эцэг өөртэй ах дүүс ... Н одоо Турк улсад байгаа сурагтай байсан. Надтай сүүлийн жилүүдэд холбоо бариагүй ... хүү Ө 2021 оны 11 сард Турк яваад 12 дугаар сард буцаад ирсэн ... Ц гэх хүнийг танина, Н-ийн хадам аав. ... ” /1хх-ийн 112-113 дахь тал/,
гэрч Ө.Н-ийн “Би Ү.Ө-ын эхнэр нь байгаа юм. Нөхөр маань 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Турк улс руу ажиллахаар явсан боловч миний биеийн байдал дээрдэхгүй шинжилгээний хариу муу гарсан учир буцаад Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирсэн, Н нь манай нөхөртэй эх нэгтэй, эцэг ондоотой төрсөн ах нь байгаа юм. Турк улсад байгаа гэж сонссон ... Ц гэх хүн Н-ийн эхнэр А-н аав нь гэх хүн байдаг гэж сонсож байсан ...” 1хх-ийн 116-117/,
гэрч Б.Б-ийн “... 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би ажилдаа 09 цагийн үед явахад гэртээ үлдсэн. Би тэр өдөр орой 19 цагийн үед ирэхэд гэрт байгаагүй. Цагийг нь санахгүй байна нөхөр оройхон гэрт орж ирсэн. Хоолоо идчихээд нөхөр унтаад өгсөн. Өглөө сэрэхэд гэрт байгаагүй. Би охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явсан. Орой нь цагдаад баригдаад явсан гэдгийг мэдсэн ...” /1хх-ийн 124-125/,
“... би 94 ... дугаарыг 2015 оноос хойш ашиглаж байгаа. Энэ дугаар нь миний нэр дээр байдаг дугаар юм. ... миний утасны дугаар ямар учиртайгаар Туркээс ирсэн каргон дээр тавигдсаныг мэдэхгүй. Надад туркээс каргогоор ямар нэгэн зүйл ирж байгаагүй ...” /1хх-ийн 128-129/,
гэрч Б.Ю-ийн “... Турк улсаас ирэх ачааг нийлүүлж МИАТ-ын ачааны онгоц түрээслэсэн. Турк улсад нийт 20 тонн 472 ачаа бэлэн болоод 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 12 цаг 10 минутанд Чингис Хаан олон улсын нисэх буудалд ирж гаалийн шалгалтанд орсон ... ачааг нийт 13 шалгаад ачаагаа тараагаад үлдсэнг нь мянган оюутны байрны тэнд авч ирсэн. Ялгаж байгаад байранд хадгалах шаардлага гарсан тул БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэр дээд сургуулийн зүүн талын зам дагуу агуулах хийж болохоор ажлын байрыг түрээслэсэн. Миний 3-4 найз ирж тусалсан. Ажлын байран дээр ачаануудаа зөөж авч ирсэн. Намайг ажлын байран дээр эзгүй байх үед буюу үлдэгдэл ачаагаа агуулах руугаа зөөж байх хооронд хүүхдийн скүүтер дугуйг 89 ... гэсэн утасны дугаартай залуу ирж найз Т-ийн данс руу ачааны 50.000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан байсан. ... бид нар онлайнаар холбогдож групп үүсгэж Турк Улсад байгаа А гэх хүн бараануудыг цуглуулж ачуулсан. Тухайн скүүтер дугуйг 2 хүн авч ирж өгсөн гэж надад хэлсэн. ...” /1хх-ийн 132-133/,
гэрч Б.О-ын “... Бүх ачааг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шалгаж дуусаад эзэнд нь олгосон. Ю гэх хүн гаалийн мэдүүлэг буруу мэдүүлсэн учир 19,9 сая төгрөгөөр торгож, 38 сая төгрөгийн татвар нэмж төлүүлсэн. Тухайн 19,9 тонн буюу 472 хайрцаг ачаанаас хууль бус зүйл илрээгүй. Хяналт шалгалт хийхэд албаны нохой, рентген аппарат болон биечилсэн шалгалтыг хийсэн ... Төмрөн дотор хийгээд мөнгөлөг цаасаар ороочих юм бол рентген аппаратанд харагдахгүй. Бас нохой үнэрлэх боломжгүй. Төмрийг задалж үзэх боломж байхгүй. Тэр ачааг шалгахад нийт 80 орчим алба хаагч нар ажилласан ...” /1хх-ийн 136-137/ гэх мэдүүлгүүд,
шүүгдэгч А.М-ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан эд зүйлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1791 дугаартай “Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн гялгар уутанд хийсэн хоосон тарианы шил, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан А05196968 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг, “3” гэсэн гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. 3, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,9519 г, цэвэр жин нь 0.0364 г, “1 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 3,3562 г, цэвэр жин нь 2,0764 г, байна. /1хх-ийн 156-164/,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот Ү.Ө-ын гэрт нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1792 дугаартай “1.2.3. ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул зэргээс метамфетамин /methamphetabine/ илэрсэн, уг бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 2,3242 г, цэвэр жин нь 1,3975 г байна.” /1хх-ийн 172-177/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 348, 347 дугаартай “А.М, Ү.Ө нарыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай.” /1хх-ийн 180-187 дахь тал/ гэх дүгнэлтүүд,
яллагдагч Ү.Ө-ын мэдүүлгийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 202-205/,
яллагдагч А.М-ийн мэдүүлгийг 2022 оны 3 сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /1хх-ийн 206-215/,
А.М-ийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 54-61/,
А.М-ийн биед 2022 оны 3 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн, гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 85-96/,
Ү.Ө-ын оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ... тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 68-73/,
Ү.Ө-ын биед 2022 оны 03 сарын 16-ны өдөр үзлэг хийсэн гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 97-109 дэх тал/,
гэрч Б.Б-ийн биед 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, Мансууруулах сэтгэцэд, нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх-ийн 78-84/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 62-67/,
Тээврийн хэрэгслээс хураан авсан хүүхдийн скүтер дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 74-77/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2-4в/1605 дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 227-228/,
А.М-ийн Хаан банкны 50м ... дугаартай дансны хуулга /Зхх-ийн 34/,
.... УНЯ улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /Зхх-ийн 35-36/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 143-148/,
Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 188-195/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ү.Ө-ыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.М-г “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэж 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч О.Б, Н.Н нараас “... мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгөхийг ...”,
шүүгдэгч Ү.Ө болон түүний өмгөөлөгч Э.Т, Ө.А нараас “ ... хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг ...” шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ар гэрийн нөхцөл, өөрсдийн хувийн байдлыг үндэслэл болгожээ.
Шуудангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд 17.2.1-д “үйлчлүүлэгч буюу илгээгч нь илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх” үүрэгтэй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1, 3.1.4-т заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг шуудангаар илгээхийг хориглоно” гэж заасан.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлснээр хэргийн бүрдэл хангагддаг.
Өөрөөр хэлбэл хууль бус барааг хүлээн авагч хил нэвтэрч ирлээ гэдгийг лавтай сайн мэдсэн үеэс барааг хууль бусаар нэвтрүүлэх субъектив талын санаа, зорилго буюу тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үздэг.
Хэрэгт авагдсан шүүгдэгч А.М-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “Н ах миний Сэцэн Мөнх гэсэн хаяг руу мөс явуулья чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ хоёр сая төгрөг өгнө гэж хэлсэн.”, сэжигтэн, яллагдагчаар Ү.Ө-ын өгсөн “Миний төрсөн ах С-ийн Н Монгол руу мөс явуулна гэж ярьсан. ... 2022 оны 1 сарын сүүлээр ахтайгаа дахин фейсбүүк чатаар холбогдоход би Монгол руу хүнд мөс явуулах юм.Тэр мөс авах хүн чамд мөснөөс жоохоныг өгч магадгүй, тэрийг хэрэглээрэй гэсэн. 2022 оны 3 дугаар 15-ны өдөр танихгүй хүн залгаад өөрт чинь хүн юм өгөөрэй гэсэн гэхээр нь ... яваад очиход ... бага хэмжээний мөс байсныг аваад харьсан ... ” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “ ... тухайн үед А.М-өөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн ... би Туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг нь мэдсэн .... ” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч А.М нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд анхнаасаа С.Н гэгчтэй үгсэн тохиролцож, түүний илгээсэн метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авч, бусдад өгөхөөр амлаж дамжуулан өгсөн, үүнийхээ хариуд шан харамж авахаар тохирч, хамжигчаар хамтран оролцсон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, гаалийн улсын байцаагч Б.О-аас “... мансууруулах бодисыг төмрөн дотор хийгээд мөнгөлөг цаасаар ороочих юм бол рентген аппаратанд харагдахгүй. Бас нохой үнэрлэх боломжгүй.” гэх, шүүгдэгч А.М-өөс “... С.Н-той харилцсан гэх чат, зурвас, ярьсан утасны дугаар зэргийг устгасан, мөн түүний улсын хил нэвтрүүлж илгээсэн сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх 9 дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах каргоноос өөрийн биеэр хүлээн авч Ү.Ө-д өгсөн ...” хэмээн мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч А.М нь С.Н гэгчтэй урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг скүүтер дугуйны бариулд нууж улсын хилээр хууль бусаар нэврүүлснийг өөрийн биеэр каргоноос хүлээн авсан, мөн уг бодисоос 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.3975 граммыг шүүгдэгч Ү.Ө-д хууль бусаар өгч, өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод 2.3226 граммыг, өөрийн биедээ 0.0364 граммыг хадгалсан зэрэг дэс дараалалтай гэмт үйлдлийн шинж байдлаар нь мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг тодорхойлох үндсэн шинж, хэлбэрийг хангажээ.
Хэдийгээр шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч О.Б, Н.Н нараас “ ... “Цогоо цогоо” гэх фэйсбүүк хаягтай хүнд пүүз захиалсан боловч скүүтер ирсэн. Н гэх хүнийг огт танихгүй, үгсэн хуйвалдаагүй чатаар холбогдсон зүйл байхгүй. Н-той бүлэглэн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг нотлож чадаагүй, уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй ... ” хэмээн маргаж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ү.Ө, А.М нарын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 202-212/, шүүгдэгч А.М-ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж “Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэсгэрт, тарианы шил мэт зүйл 2 ширхэг, улаан өнгийн асаагуур, цэнхэр өнгийн скүүтер дугуй” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 62-67/, уг тээврийн хэрэгслээс хураан авсан хүүхдийн скүүтер дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 74-77/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ... тоот Ү.Ө-ын гэрт нэгжлэг хийж “2,3 грамм жинтэй цагаан өнгийн талс хэлбэртэй мөс, цагаан өнгийн асаагуур, цагаан өнгийн гуурс” зэргийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 68-73/, шүүгдэгч А.М-ийн унаж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хураан авсан эд зүйлд хийсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1791 дугаартай /1хх-ийн 156-164/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот Ү.Ө-ын гэрт нэгжлэг хийж хураан авсан эд зүйлд хийсэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1792 дугаартай, шүүгдэгч Ү.Ө-ын шээсэнд “метамфетамин” илэрсэн гэх 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1804 дугаартай /1хх-ийн 166-170/, гэрч Б.Б-ийн шээсэнд “тетрагидроканнабинол, метамфетамин” илэрсэн гэх 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1794 дугаартай /1хх-ийн 198-201/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар давхар няцаагдаж байх тул тэдний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ү.Ө-д 1 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч А.М-д 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь мөн л шүүхийн эрх мэдлийн асуудал билээ.
Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдоггүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М болон түүний өмгөөлөгч О.Б, Н.Н, шүүгдэгч Ү.Ө болон түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ө.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ү.Ө, А.М нар нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 85 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Түүнчлэн прокуророос шүүгдэгч А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн” гэж, шүүгдэгч Ү.Ө-ын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн шинжээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг “худалдаалах зорилгоор” гэж, шүүгдэгч А.М-ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг “худалдаалах зорилгогүйгээр” гэж, мөн метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг “дельта-9 тетрагидроканнабинол” гэх зэргээр алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан бөгөөд цаашид энэ төрлийн алдаа давтан гаргахгүй байхыг анхааруулан тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Нарантуяа, шүүгдэгч Ү.Ө, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Ө.Алтангадас нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ө, А.М нарын 2022 оны 11 дүгээр сарын 02-ноос 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 85 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН