| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00350/И |
| Дугаар | 131/ШШ2015/00340 |
| Огноо | 2015-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2015/00340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэишигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2-р бригадад 1981 оны 01 сараас 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дэвтрийг хадгалах явцад нүүрэн хэсэг нь гээгдсэн. Иймд миний 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар, мөн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 02 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг архивын лавлагаа, шагнасан баярын бичиг зэргээр тогтоож өгнө үү. Би хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн архивын тасгийн 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 123 дугаар лавлагаа, 1981 он, 1989 оны баярын бичиг, 1982, 1985, 1987, 1990 оны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 02 сараас 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 123 дугаар лавлагаа, 1981 он, 1989 онд шагнуулсан баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ясли цэцэрлэгийн комбинатын захиргаанаас 1981 оны 02 сарын 25-ны өдөр, тус аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлээс 1989 оны 02 сарын 15, 1989 оны 05 сарын 15-ны өдөр, тус аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн Зоо мал эмнэлгийн тасгаас 1989 оны 12 сарын 25-ны өдөр шагнасан баярын бичигт түүний нэрийг Б.Болор гэж бичсэн ба тус аймгийн архивын тасгийн 2015 оны 03 сарын 26-ны өдрийн 123 дугаар архивын лавлагаанд Баасан овогтой Болормаа /Болор/ гэсэнтэй тохирч байна.
Хүсэлт гаргагч нь 1982, 1985, 1987 онуудад хүүхэд төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүний ажиллаж байсан хугацаа тасраагүй гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1981 оны 02 сараас 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ