Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 96

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00564/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 02-ны өдрийн 782 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.С-д холбогдох  

"Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 90.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах давж заалдсан гомдлыг үндэслэн

          2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Хөвсгөл аймагт амьдран сууж байгаад төрсөн дүү Л.С-тэй ярилцан Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгөтэй болохоор шийдэж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Хөдөө аж ахуйн их сургуулийн баруун урд байрлалтай хувийн орон сууцыг газрын хамт 180.000.000 төгрөгөөр худалдан авсан ба үүнээс 90.000.000 төгрөгийг миний бие гаргасан. Тухайн үед би Хөвсгөл аймагт амьдарч байсан учраас бичиг баримтын асуудлыг дүү Л.С- хөөцөлдсөн. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2016 оны 11 дүгээр сард газар эзэмших гэрчилгээ гарсан. Би 2017 онд шилжин ирсэн, одоог хүртэл Дархан-Уул аймагт оршин сууж байгаа юм.

Дүү Л.С- 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хас банкнаас мөнгө зээлэхдээ дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө газрыг барьцаанд тавьсныг надад мэдэгдээгүй. Үүгээр зогсохгүй эзэмших эрхийн гэрчилгээ болон газар гэрчилгээ 1 хүний өмчөөр бичигдсэн. Гэтэл үнэн хэрэгтээ би хамтран худалдан авсан. Тухайн үед би гэр бүлийн хүний хамт хурааж хуримтлуулсан бүх эд хөрөнгөө өгсөн. Дүү маань санаа зоволтгүй байж бай гэсэн боловч одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр намайг бүртгүүлээгүй. Би хэл ярианы хувьд эрүүл хүнтэй адил биш юм.

Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын 4505701521 дугаартай, эзэмших эрхийн 000556514 гэрчилгээний дугаартай 156 м.кв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2003019782 дугаартай 189,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хамтран өмчлөгчөөр тогтоосонтой холбогдуулан бүртгэх ажиллагааг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б- нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Маргааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын 4505701521 дугаартай, эзэмших эрхийн 000556514 гэрчилгээний дугаартай 156м.кв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2003019782 дугаартай 189,0м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 180.000.000 төгрөгөөр худалдан авсан, үүнээс 90.000.000 төгрөгийг өөрөө гарган худалдан авч байсан. Миний бие дээрх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож анх уг эд хөрөнгүүдийг худалдан авахад өөрийн зүгээс гаргасан 90.000.000 төгрөгтэй тэнцэх хэсгийг Л.С-эс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өөрт ногдох хэсгийг 90.000.000 төгрөг гэж тухай үеийн ханшаар үнэлэн тогтоож байгаа бөгөөд зах зээлийн ханш өнөөдрийн байдлаар нэмэгдсэн байх бүрэн боломжтой.

Иймд дээрх эд хөрөнгүүдийн хамтран өмчлөгчөөр тогтоож, тогтоолгосон эд хөрөнгийн 50 хувьтай тэнцэх хэсгийг буюу өөрийн бодитоор оруулсан 90.000.000 төгрөгтэй тэнцэх хэсгийг Л.С-эс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Л.С- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдагдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын 4505701521 дугаартай, эзэмших эрхийн 000556514 гэрчилгээний дугаартай 156м.кв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2003019782 дугаартай 189,0м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд бол миний бие тус эд хөрөнгийн хууль ёсны дагуу өмчлөгч нь болсон. Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахдаа ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, миний бие өнөөдрийг хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байгаа.

Өөрт ногдох хэсэг болох 90.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Л.Б- бид 2 төрсөн ах дүү хоёр, тус үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авахад Л.Б-гөөс оруулсан бага хэмжээний хөрөнгийг миний бие бүрэн төлж барагдуулаад дууссан байгаа, одоо бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ хэд болсон нь тодорхойгүй байхад үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын 4505701521 дугаартай, эзэмших эрхийн 000556514 гэрчилгээний дугаартай 156м.кв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2003019782 дугаартай 189,0м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Л.С- худалдаж авсан. Ах дүү нарын хувьд мөнгө төгрөг зээлж туслах үе байсан. Гэхдээ мөнгийг тухайн үед нь мөн л буцааж өгсөн. Хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх хөрөнгөө авахдаа ахаасаа тодорхой хэмжээний мөнгө авсан гэсэн. Ах нь нэг хэсэг хамтран амьдарч байсан. Тэгээд тусдаа гарсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 782 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-т заасныг баримтлан хариуцагч Л.С-эс 90.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-гөөс улсын тэмдэгтийн хураамжид 18.550 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Л.С-эс улсын тэмдэгтийн хураамж 158.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар шинжээчийн зардалд 135.430 төгрөгийг шүүхийн Тамгын хэлтсээс гаргуулан Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ /Худалдаа хөгжлийн банкны 404202172 тоот данс/-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах давж заалдсан гомдолдоо:

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 782 дугаартай шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмандах би эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, 13-р баг, ХААИС-ийн баруун урд байршилтай нэгж талбарын 4505701521 дугаартай, эзэмших эрхийн 000556514 гэрчилгээний дугаартай 156м.кв газар, мөн тус хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2003019782 дугаартай 189,0м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 онд 180.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан бид хамтдаа энэ хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон зүйл байхгүй ба бидний дундын өмч огт биш юм. Тухайн үед миний бие төрсөн ах Л.Б-гөөс мөнгөний туслалцаа авч байсан нь үнэн. Гэхдээ үнийн дүнгийн 50 хувь хүртэлх хэмжээний мөнгө аваагүй, тодорхой хэмжээний туслалцаа авч байсан /үнийн дүнг сайн санахгүй байна, ойролцоогоор 60 орчим сая төгрөг/. Уг мөнгөө ч ах Л.Б-д эргүүлэн бэлнээр өгч байсан. Ах Л.Б- нь Хөвсгөл аймагт амьдран сууж байгаад 2017 оны 04 дүгээр сараас манайд хэсэг хамт амьдарч байсан, удалгүй эхнэртэйгээ тусдаа гарч амьдрах болсон ба ямар нэгэн маргаан үүсээгүй.

Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр Л.Б- нь миний өмчлөх эрхэд халдаж миний өөрийн хөдөлмөрөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, мөн 90.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж Л.С- надаас 90.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлагыг нотлох үүрэгтэй, мөн шүүх шийдвэрийг нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх заалтыг зөрчсөн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад дээрх үл хөдлөх хөрөнгийг анх худалдан авах үед нэхэмжлэгч Л.Б- нь их хэмжээний мөнгө болох 90.000.000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэх ба энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Цаашлаад бид хоёр тус үл хөдлөх эд хөрөнгийг хамтран авахаар тохиролцсон нэг ч гэрээ, хэлцэл, үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон хариуцагч талууд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн өнөөгийн бодит ханшаар үнэлүүлэх нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэн шинжээч томилуулах хүсэлтийг талуудын хэн хэн нь шүүх хуралдааны явцад гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ талаар ч шүүхийн шийдвэрт тусгагдаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б- нь өөрийн төрсөн дүү Л.С-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигчээр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад хөрөнгө оруулсан гэх 90.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Л.Б- нь үгийн үндсэн салаа ба шилжсэн утгыг ойлгох чадвар эзэмшээгүй, өгүүлбэрийн утга найруулгыг зөв уншиж ойлгох чадваргүй, хэнтэй ч бичгийн хэлээр харилцаж мэдүүлэг өгөх боломжгүй, сонсгол хэл ярианы бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа хугацаагүй 100 хувь алдсан этгээд байх бөгөөд мэргэжлийн дохионы хэлний хэлмэрчээр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой этгээд байна. /хх-ийн 39-42-р тал/

Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2675 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчид дохионы хэлний туслалцаа үзүүлэхээр “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” Төрийн бус байгууллагыг томилж, уг байгууллагаас Л.Б-гийн дохионы хэлний хэлмэрчээр И.Болормааг шүүх хуралдаанд оролцуулахаар томилжээ. /хх-ийн 35-36, 38-р тал/

Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал буюу оролцогчийн шаардлага, тайлбар, мэдүүлэг, татгалзал, шүүх хуралдааны болон бусад ажиллагаа, шүүхийн шийдвэрийн агуулгыг орчуулж, хэлмэрчилж өгөх, хэргийн материалтай танилцахад туслах үүрэгтэй талаар хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хувийн байдал болон хуулийн дээрх заалтыг анхааран үзэлгүйгээр зөвхөн шүүх хуралдааны шатанд дохионы хэлмэрчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу бөгөөд өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид орчуулагч, хэлмэрч томилогдохоос өмнө шүүхээс түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг хэрхэн тайлбарласан, хэргийн материалтай хэрхэн танилцуулсан эсэх нь ойлгомжгүй байна.

Орчуулагч, хэлмэрч нь хэлгүй, дүлий хэргийн оролцогчоос шүүхэд хандаж нэхэмжлэл, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд оролцох, үг хэлэх, мэтгэлцэх зэрэг эрх үүргээ хэрэгжүүлэхэд үйлчилдэг ба хууль шүүхийн өмнө хэргийн оролцогчийн эрх тэгш байх эрхийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг субъект болохыг анхаарвал зохино.

Зохигчоос анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үеийн үнэ ханш болон одоогийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох зорилгоор шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх захирамж гарган уг хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгон, гомдол гаргах эрхгүй хэмээн шийдвэрлэжээ. /хх-ийн 62-63-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана...” гэж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...38.9..., ... дэх хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасныг зөрчсөн, шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад оруулсан өөрийн 90.000.000 төгрөгийг гаргуулах, эсвэл зөвхөн мөнгөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсэх нь тодорхой бус, уг шаардлагууддаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад шүүхээс энэ нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжийг буруу /дутуу/ хуваарилжээ.

Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс залруулах хуулийн боломжгүй болно.

Талууд өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх, шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэх хүсэлт гаргаж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзсэн тохиолдолд хэргийг шийдвэрлүүлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлдөг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 782 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                          ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА

                                                                                                           М.МӨНХДАВАА