Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 000033

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Ц.Баасанхүү

Шүүгдэгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-т холбогдох эрүүгийн 1725004020225 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 9 сарын 1-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, урьд 2015 оны 02 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 8 сарын 4-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,  Г.М

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт Ц.Баасанхүүгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоцикlийг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сарын 23-ны өдөр Уртын гол багт танил Зоригоогийн хамт байж байтал Баасанхүү утсаар ярихаар орж ирээд бид 3 юм ярьж сууж байгаад Баасанхүү хөдөө явах гэж байна, архинд яваад ир гэхээр нь би яваад мотоциклийг нь 35.000 төгрөгний барьцаанд архи пиво авчирсан. Тэгтэл хэд хоногийн дараа нөгөө дэлгүүр дээр очиход мотоциклио аваагүй болохоор нь би мөнгийг нь төлж аваад Булганы тийшээ Бат-Очир гэдэг хүнд 100.000 төгрөгний барьцаанд тавьсан. Дараа нь очиход нүүгээд явсан байсан олоогүй. Хохирол төлөөгүй байгаа. Би алтанд явах гээд барьцаанд тавьсан юм. Уртын гол багт байдаг махны дэлгүүрт барьцаанд тавьсан байсан. Хохирлыг төлнө. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчооос уучлалт гуйсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Баасанхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 сарын 23-нд Сэлэнгэ нутагт хадлан бэлдсэн байсан. Тэгээд Зоригоотой уулзах гээд энд ирсэн. Тэгээд Зоригоогоор замын юм бэлдүүлэх гээд гэрт нь ирэхэд энэ Мянганбаяр байсан. Тэгээд мотоциклио барьцаанд тавьж ирж уух юм авъя гэхэд Мянганбаяр би явъя гээд яваад 3 пиво тамхи авчирсан. Тэгээд явсан. Дараа нь 13-14 хоногийн дараа эргэж ирж нөгөө дэлгүүрийг нь эрээд олоогүй. Одоо би мотоциклио эргүүлж авмаар байна. Миний хувьд гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ч.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ өдөр Баасанхүү Орхон аймагт ирчихлээ гэж над руу ярьсан. Тэгээд би гэртээ байхгүй байна урд талынхаа айлд байна хүрээд ир гэж хэлсэн. Баасанхүү миний дуудсан газарт мотоцикльтойгоо ирсэн. Орж ирээд юм ярьж сууж байгаад хөдөө машинаар явахаар болсон гэж байснаа Баасанхүү миний мотоциклийг дэлгүүрт архинд тавьчих, ганц хоёр юм уучихаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ яаж тавих юм бэ гэсэн чинь Мянганбаяр хажуу талаас би барьцаанд тавьчихаад ирье гээд унаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 том пиво, 2 хайрцаг тамхи зэрэг эд зүйл авчирсан. 35.000 төгрөгөнд тавьчихлаа гэсэн. ...М надад хэлэхдээ Урд хабитатад тавьчихлаа гэж хэлж байсан дэлгүүрийн нэрийг нь хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

            -Эд зүйлийн үнэлгээ /хх 9-12/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26 ху/

-Г.М-г яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 35-39 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол багийн нутаг дэвсгэрт Ц.Баасанхүүгийн итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Баасанхүүгийн “Тэгээд мотоциклио барьцаанд тавьж ирж уух юм авъя гэхэд Мянганбаяр би явъя гээд 3 пиво тамхи авчирсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Зоригоогийн “...Мянганбаяр хажуу талаас би барьцаанд тавьчихаад ирье гээд унаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 том пиво, 2 хайрцаг тамхи зэрэг эд зүйл авчирсан. 35.000 төгрөгөнд тавьчихлаа” гэсэн мэдүүлэг /хх 20 ху/, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч  Г.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Энэ хэргийн улмаас 650.000 төгрөгний хохирол учирсаныг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид Ц.Баасанхүүд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх яд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.М-г бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Г.М-г 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.М-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.М-н  цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.М-с 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд оршин суух РД/ФМ69071198/ Ц.Баасанхүүд олгосугай.

 

  7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА