Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2024/0129/З |
Дугаар | 128/ШШ2024/0236 |
Огноо | 2024-03-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0236
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: **** ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.О
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:
2.1.**** ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр Шатахуун түгээх станцын барилга байгууламжаа ашиглалтад оруулахаар Хотын стандарт, хяналтын газарт цахимаар хандсан боловч барилга эхлэх зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн тул уг зөвшөөрлийг нөхөн олгох талаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хүсэлт гаргажээ.
2.2.Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх хүсэлтийг хянаад, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй болохыг **** ХХК-д мэдэгджээ.
2.3.Тус шүүх нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай компани нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 сарын 30-ны өдрийн *** тоот захирамжаар Улаанбаатар хотын *** дүүргийн 9-р хороо ****гудамжинд 716 м.кв газрыг нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олгосон ***** дугаартай газар эзэмших гэрчилгээний дагуу шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жил эзэмшихээр гэрээ байгуулсан. Эрх бүхий төрийн байгууллагаас олгосон газарт зориулалтын дагуу шатахуун түгээх станц барьж байгуулахаар тусгай зөвшөөрөл бүхий компаниар зураг төслөө хийлгэн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 онд *** дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар авч загвар зургаа батлуулсны дагуу Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт №***, Онцгой байдлын ерөнхий газрын Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гаргуулсан.
Уг батлагдсан зураг төслийн дагуу шатахуун түгээх станцын барилга, технологийн барилга байгууламжийг барьж дуусгасан боловч улсын комисст хүлээлгэн өгөөгүй шалтгаанаар 2020 онд ****Онцгой байдлын хэлтсээс 3 сая төгрөгөөр, 2021 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 1 сая төгрөгөөр торгуулан хугацаатай үүрэг Даалгавар авсан бөгөөд 2023 оны 9 сарын 19 нд Нийслэлийн онцгой байдлын газраас зөрчлийн хэрэг нээн 5 сая төгрөгөөр торгож үйл ажиллагааг явуулахыг хориглон, улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл зогсоосон байгаа юм. Бид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан тул улсын комисс ажиллах боломжгүй гэсэн бөгөөд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан Барилгын ажил эхлэх зөвшөөрөл нөхөн олгохыг хүссэн боловч 2023 оны 12 сарын 07 өдрийн №***албан бичгээр боломжгүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн.
Иймд Засгийн газрын 2021 оны 7 сарын 20-ны өдрийн *******-р тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 7.2 т заасан "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно" гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа тул Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хэрэг дээр маргаж байгаа шатахуун түгээгүүрийн зураг, төлөвлөгөө бүх зүйлээ аваад хамгийн сүүлд барилгын зөвшөөрөл эхлүүлэх гэсэн зөвшөөрлөө аваагүй. Манайх тухайлан барилгын ажил явуулдаг компани биш. Тухайн үед хариуцдаг байсан мэргэжилтний буруутай үйл ажиллагаанаас үүдэж алдаа гарсан. 2022 онд Улсын комисст хүсэлтээ өгөөд нэг удаа ажиллуулж байсан. Тухайн үед ажилласан комисс нь хажуу талын хашаа, барилга, байрны барьсантай холбоотойгоор зай хэмжээний зохицуулах шаардлага байна гээд буцсан. Мөн дахиад энэ намар улсын комисс ажиллуулах хүсэлтээ өгсөн. Ажиллах гэж нэг ирээд зургийн аптерийг авч ирээгүй учир ажиллах боломжгүй байна гэж буцсан. Надад зургийн аптер авч ирээрэй гэсэн албан ёсны мэдээлэл ирээгүй. Би анх удаа комисс ажиллуулж үзэх гэж байна. Мөн танайх барилга эхлүүлэх зөвшөөрөл ирүүлээгүй байна гэсэн үндэслэлээр комисс сүүлд ажиллаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20 дугаар тогтоолоор нотлогдсон байна. Барилга, байгууламж ашиглалтад оруулах дүрмийн 13-т ашигласан нь тогтоогдсон барилга, байгууламжид комисс ажиллуулахыг хориглосон бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсний үндсэн дээр ашиглалтад орох комисс ажиллуулна гэсэн үндэслэлээр албан бичиг өгч манайхыг шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу тайлбар өгсөн.
Комисс ажиллуулахын тулд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасан үндэслэлийн тухайд Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан нэхэмжлэл нь хүчин төгөлдөр захиргааны актад маргасан бус барилгын ажлын зөвшөөрөл буюу Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэртэй холбоотой. Өөрөөр барилгын ажлын зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан шинжийг агуулсан акт бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын барилгын ажлын зөвшөөрлийн тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичиг нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр. гэв.
6.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ****" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаартай албан бичгийн татгалзлыг хууль бус гэдгийг тогтоолгох, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.
******-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн барилга байгууламж барих хүсэлтийг хүлээн авч судлан *** дүүргийн 9 дүгээр хороонд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ***** захирамжаар олгосон, **** дугаар бүхий нэгж талбарын дугаартай 716.2 кв.м газрыг үндэслэн 2020 оны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 12 дугаар хурлаар хэлэлцүүлж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр *** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн барилгын Загвар зураг батлах хүсэлтийг судлан 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр "****" ХХК-ийн шатахуун түгээх станц №8 Загвар зургийг баталсан.
Монгол улсын Засгийн газрын 2021 оны ******* дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.", 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйл Барилгын ажлын зөвшөөрөл, 27 дугаар зүйл Барилын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, 28 дугаар зүйл Барилгын ажлын гэрчилгээ олгох, 37 дугаар зүйл Захиалагчийн чиг үүрэг, 37.1.1 дах заалтад барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.6 дэх хэсэгт дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно, 40 дүгээр зүйл Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалт "барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх" зэрэг зүйл заалтуудыг зөрчиж 2020 оноос хойш барьж ашиглаж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа эхлүүлсэн нь хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн барилга байгууламж барих ***-ийн хүсэлтийг судалж *** дүүргийн 9 дүгээр хороо, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/******* тоот дугаартай захирамжаар олгосон 616.2 м.кв газрыг үндэслэж 2020 оны газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 12 дугаар хурлаар хэлэлцүүлж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар ***-д олгосон. Мөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн загвар зураг батлах хүсэлтийг судалж 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ***-ийн шатахуун түгээх 8 дугаар станц гэх загвар зураг баталсан байдаг. Загвар зураг баталсны дараагаар Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн нэхэмжлэгчид авах ёстой байсан. Нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлт ирүүлээгүйгээр барилгаа бариад ашиглалтад оруулаад ашиглаад явж байсан. Ашиглаж явж байгаад улсын комисс ажиллаад эхлэх болоход улсын комисс барилга байгууламжийг үе шатны зөвшөөрлийн дагуу баримт бичиг бүрдүүлсний үндсэн дээр ажиллаад цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шийдэж байгаа. Гэтэл барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүйгээр барилгаа ашиглалтад орсон байсан гэдэг нь тогтоогдсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс ... манай компани маргаан бүхий шатахуун түгээх станцыг барихдаа барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ аваагүй бөгөөд энэ үйл баримттай маргахгүй гэхдээ шүүхээр шийдвэрлүүлээд тус гэрчилгээг нөхөж авах боломжтой гэж үзэж байна. гэж, хариуцагчаас ... Барилгын тухай хуульд зааснаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилгын ажлыг эхлүүлэхээсээ өмнө авах хуулийн зохицуулалттай байдаг бөгөөд нэгэнт баригдсан барилгад зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох боломжгүй. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч **** ХХК-аас хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хотын стандарт, хяналтын газар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүсэлт буцаах тухай ******* дүгээр албан бичгийг нэхэмжлэгч **** ХХК-д хүргүүлжээ.
5.Уг албан бичигт: Танай барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн дагуу *** дүүргийн 9 дүгээр хороонд баригдсан шатахуун түгээх станцын барилгад Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж ажиллахад Барилгын тухай хуулийн 37.6 дахь /Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно./ заалтыг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын 10.3 дахь заалтын дагуу шүүхийн шийдвэрийг гаргуулах, мөн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь заалтыг зөрчин барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2021 оны ******* дугаар тогтоолын дагуу арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдье. гэжээ.
6.Нэхэмжлэгч **** ХХК нь дээрх мэдэгдлийг авсантай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хүсэлт гаргах тухай ******* дугаар албан бичгээр маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн авах талаар хүсэлтийг хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан байна.
7.Дээрх хүсэлтэд: **** ХХК нь Улаанбаатар хотын *** дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 сарын 30-ны өдрийн А/******* захирамжтай, нэгж талбарын **** дугаар бүхий 716.0 м/кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшдэг.
НХБХГ-аас 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар *** олгогдож загвар зураг батлагдсан ба 2020 оны 6 сарын 12-нд Барилгын хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн *** дугаар дүгнэлт авсан.
Бид ШТС-ын барилга байгууламжаа ашиглалтад оруулахаар Хотын стандарт, хяналтын газарт цахимаар хандсан боловч барилга эхлэх зөвшөөрөл аваагүй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн тул уг зөвшөөрлийг нөхөн олгож өгнө үү. гэжээ.
8.Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтэд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн тухай ***дугаар албан албан бичгээр хариуг өгсөн байна.
9.Уг албан бичигт: *** дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалттай барилгад Барилгын ажлын зөвшөөрөл авах тухай ирүүлсэн хүсэлтийг судлан дараах хариуг хүргүүлж байна.
Тус хүсэлтэд ирүүлсэн шатахуун түгээх станцын зориулалттай барилга баригдсан байх бөгөөд удаан хугацаанд ашигласан байгаа нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь (барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;), 37.6 дахь (Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.), 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь (барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх;) заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.
10.Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно:, 26.1.1.барилга байгууламжийг шинээр барих;, 27 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрөл олгох үйл ажиллагаа, 27.2.Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар олгоно., 28 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, 28.1.Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна. гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 зүйлийн 28.2-т заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохоор байна.
12.Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
13.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч **** ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан **** ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***дугаар албан бичгийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ