Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/145

 

 

   

2023 02  01          2023/ДШМ/145                                                                      

                                    М.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1971 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн М.А-т холбогдох эрүүгийн 2210000001159 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0,

Яллагдагч М.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч А.Д-ийг зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “ ... шинжээчийн 12843 дугаартай дүгнэлтийг гаргахад гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцэж гарсан эсэх, дүгнэлтийг гаргахад тулгуурласан баримт, болон биеийг үзлэг нь эргэлзээ төрөхүйц, хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй, өөр хоорондоо зөрүүтэй” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр бол хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах ажиллагааг ойлгоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж зааснаас үзэхэд дахин шинжилгээ хийлгэх ажиллагаа нь мөрдөгчөөс явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй, шүүхийн шатанд хийгдэх боломжтой ажиллагаа байхын дээр шинжээч шүүх хуралдаанд оролцож дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлах бүрэн эрхтэйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалт, 35.21 дүгээр зүйлд хуульчилсан. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон байх боловч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсгийн 29.5.1 дэх заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Анхан шатны шүүх хэргийг заавал прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд дахин шинжээч томилох боломжтой. Шинжээч дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт өөр хүний нэрийг бичсэн байсан. Бичиг, техникийн алдаа гаргасан гэж үзсэн. Дүгнэлт хэсэгтээ хохирогч А.Д-ний биед учирсан гэмтлийг тодорхой тусгасан. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “том бүлтгэр нүдтэй болох А- нь намайг зодоод байсан. Энэ хүний үйлдлээс болж миний биед гэмтэл учирсан” гэдэг. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж хэргийг шийдвэрлэх боломжтой. Прокурорт хэргийг буцаах шаардлагагүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч М.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “ ... шинжээчийн 12843 дугаартай дүгнэлтийг гаргахад гэмтлийн зэрэг тогтоох журамд нийцэж гарсан эсэх, дүгнэлтийг гаргахад тулгуурласан баримт, болон биеийг үзлэг нь эргэлзээ төрөхүйц, хохирогчийн мэдүүлэг эх сурвалжаа зааж чадаагүй, өөр хоорондоо зөрүүтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хэрэгт авагдсан “Med trauama hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээгээр хохирогч А.Д-ний зүүн талын нүдний ухархайн эргэн тойронд зөөлөн эдэд хавантай, харин бусад биеийн байдал нь хэвийн гэх хариуг гаргажээ. /хх-39/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12843 дугаартай дүгнэлтээр А.Д-ний зүүн нүдний дээд, доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хуралттай, хүзүүний баруун, зүүн хэсэгт 7x2.5 см хүртэл хэмжээтэй хүрэн улаан өнгийн цус хуралттай гэх үзлэгийг хийж, түүний биед “зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтлийг  тогтоож “хөнгөн” зэрэгт хамруулжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т “Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:”, 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан;” гэж заанаас үзэхэд шинжээч нь хохирогч А.Д-ний биед үүссэн гэмтлийн зэргийг тогтоохдоо хэрэгт авагдсан КТГ-ын хариу, түүний биеийн хэсэг газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн түүнд хөнгөн гэмтэл учирсан хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт” бүхий гэмтэл нь
хохирогчийн биеийн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал хэрхэн алдагдаж, сарниулсан, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “хөнгөн” гэмтэлд хэрхэн, хамаарсан нь тодорхойгүй, мөн А-ийн А гэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийж, А.Д-ний биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан “ ... шинжилгээний обьектын талаарх мэдээлэл ...” гэж заасан шинжээчийн дүгнэлтэд тусгах шаардлагыг зөрчсөн байх бөгөөд шүүх тус шинжээчийн дүгнэлтийн зөрүүтэй байдлыг арилгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/-ыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/1971 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Доржмаагийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН