Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 559

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нарыг оролцуулан иргэн Д.Д*******гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Да*******гийн Д*******

 

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарг

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, Д.Д******* намайг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Д******* би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын б/539 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасныг тус тус үндэслэн, намайг ажлын хариуцлага, алдаа, дутагдал, гаргаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дугаар тушаалаар цагдан хорих 461 дүгээр ангийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилсон илт хууль зөрчсөн тушаал гаргасан байна.

Миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Төрийн албаны зөвлөлд хандсан болно. Гэтэл Төрийн албаны зөвлөлөөс миний гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэх боломжгүй, Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй гэж зөвлөсний дагуу нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү”,

“Д.Д******* би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 1992 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд төлөөлөгч, ангийн дэд дарга, ангийн дарга, тогтоол гүйцэтгэх газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга зэрэг албанд ажиллаж байсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгэж, аливаа нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй төдийгүй энэ оны 3 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүндэт ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан болно.

Гэтэл надад урьдчилан мэдэгдэлгүй, ямар нэгэн байдлаар санал асуулгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын “Д.Д*******г албан тушаалд шилжүүлэн томилох тухай” б/539 дүгээр тушаал гарч, намайг Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар шилжүүлэн томилсон. 

Уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, ийнхүү шилжүүлэн ажиллуулах болсон шалтгаан, үндэслэлийг тодорхой тусгаагүй, энэ талаар надад огт мэдэгдэлгүйгээр гаргасан нь хууль бус байх бөгөөд төрийн албан хаагч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг үндэслэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих ёсоор баталгаажилт хийхийг даалгуулах” болгон нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Да******* овогтой Д*******гийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эдэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Хурандаа Д.Д******* нь Цагдан хорих 461 дүгээр ангийн даргаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн б/1032 дугаар тушаалаар томилогдон ажиллаж байсан ба түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дугаар тушаалаар Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээг бууруулахгүйгээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасантай адил төрлийн чиг үүрэг бүхий албан тушаалд шилжүүлэн томилсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “иргэний болон эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий...”, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасан “сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах, хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий” босоо тогтолцоо, нэгдсэн удирдлагатай байгууллага юм.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах” асуудлыг шийдвэрлэх эрхтэй..., тус хуулийн 6.1.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын чиг үүрэгт хамаарна..., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны А/272 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн заавар”-ын 2.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга тодорхойлж, Захиргааны удирдлагын газар хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасан байдаг ба боловсон хүчний бодлого тодорхойлон алба хаагчдыг томилох, салбарын бодлогыг хэрэгжүүлэх нь байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж зааснаар Д.Д******* нь хурандаа цолтой төрийн жинхэнэ албан хаагч ба тус байгууллагын албан хаагчийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл...”, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Цэргийн албан хаагч нь Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан иргэний нийтлэг эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг биелүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний чиг үүрэг, цэргийн албаны онцлогтой холбогдуулан тэдэнд эрх зүйн байдлын зарим хязгаарлалт, хөнгөлөлт, давуу байдлыг хуулиар тогтоож болно. Цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бусад харилцааг цэргийн дүрмээр зохицуулна...”, тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-т “цэргийн албан хаагч нь цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагаас үндэслэн “төрийн бодлого, цэргийн удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх”-ийг хориглоно...”, Цэргийн албаны дотоод дүрмийн 27 дахь хэсэгт “Цэргийн албан хаагч нь захирагч /дарга/-ийн өгсөн тушаалыг цаг хугацаанд нь заавал биелүүлнэ” гэж тусгайлан зохицуулсан байдаг ба тушаал хэрэгжихгүйгээс үүдэн тус албаны өдөр тутмын үйл ажиллагаа, харуул хамгаалалтын ажлыг удирдлагаар хангах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны аюулгүй байдал, сахилга хариуцлагад хяналт тавих /тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ар гэрт эргэлт, уулзалтын зөвшөөрөл олгох/, төсвийн хөрөнгийг орон тоо, цалингийн сангийн хязгаарт багтаан удирдах, зарцуулалтад хяналт тавих, санхүүгийн асуудалд гарын үсэг зурах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа зогсох, байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтад хяналт тавих ажил цалгардаж, тус албанд 2016 онд баригдахаар төлөвлөсөн барилгын ажил буюу Нэг цонхны үйлчилгээ бүхий албан контор, Цагдан хорих байрыг шинээр барих барилгын ажил зогсоод байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/8 дугаар “Журмын заалт хүчингүй болгох тухай” тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/188 дугаар тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг сэлгэн ажиллуулах журам”-ын 2.7 дахь хэсэгт заасан “Сэлгэн ажиллуулах болон албан тушаалд томилох тухай шийдвэрийг албан хаагчид ажлын 21-ээс доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ” гэсэн заалтыг албаны бэлэн байдал, шуурхай байх зарчимд нийцэхгүй тул хүчингүй болгосон” ба хурандаа Д.Д*******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Т******* тус албанд томилох гэж байгаа талаар тушаал гаргахын урьд өдөр урьдчилан түүнд мэдэгдсэн ба тушаал гарахаас өмнө хурандаа Д.Д******* нь тус албанд очихгүй шүүхдэнэ гэх яриа гаргасан байдаг ба түүний надад урьдчилан мэдэгдээгүй, тушаал гарч байгааг огт мэдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Мөн төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан байдаг, хурандаа Д.Д******* нь бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх үүргийг байгууллага хүлээхгүй юм.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дүгээр тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Д*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн б/1032 дугаар тушаалаар Цагдан хорих 461 дүгээр ангийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дүгээр тушаалаар Завхан аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байна. Нэхэмжлэгч Д.Д******* дээрх б/539 дүгээр тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны б/539 дүгээр “Д.Д*******г албан тушаалд шилжүүлэн томилох тухай” тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 /Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах/, 8.4 /Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, ... асуудлыг шийдвэрлэх/ дахь заалтад тус тус үндэслэжээ. Дээрх хуулийн заалтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын бүрэн эрх болон процессыг тодорхойлжээ. 

Маргаан бүхий захиргааны актаар төрийн жинхэнэ албан хаагчийн ажил хөдөлмөр эрхлэх харилцааг буюу нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох харилцааг зохицуулсан хэрнээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй нь захиргааны актад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Мөн ямар үндэслэл,   шалтгаанаар төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах болсон тухайгаа тушаалдаа дурдаагүй байна. 

Төрийн албаны тухай хууль нь “...төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулах” зорилготой, энэ хүрээнд төрийн алба, төрийн албаны албан тушаалыг “улс төрийн”, “захиргааны”, “тусгай”, “үйлчилгээний” гэж 4 ангилан, төрийн захиргааны болон төрийн тусгай албыг “төрийн жинхэнэ алба” гэж нарийвчлан тодорхойлжээ. 

Төрийн алба, албан тушаалыг ийнхүү ангилсан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгааг ялгавартай тогтоох хууль зүйн үндсийг тавьсан. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг бусад төрийн албан хаагчийн эрх зүйн байдлаас ялгавартай байдлаар хуульчлан тогтоосон байна. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна мөн хуулийн 27.2-т заасан нэмэлт баталгаагаар мөн хангагдахаар хуульчилсан байна.      

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Хурандаа Д.Д*******д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Т******* тус албанд томилох гэж байгаа талаар тушаал гарахын урьд өдөр урьдчилан түүнд мэдэгдсэн ба тушаал гарахаас өмнө хурандаа Д.Д******* нь тус албанд очихгүй шүүхдэнэ гэх яриаг гаргасан байдаг...” гэж дурдсанаас дүгнэхэд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нэхэмжлэгч Д.Д*******тэй тухайн асуудлаар тохиролцолгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилох тушаалаа гаргасан байна. Мөн тушаал гарахын урьд өдөр нэхэмжлэгч Д.Д*******д шилжүүлэн ажиллуулах тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа Г.Т*******гийн мэдэгдсэнийг Д.Д*******д урьдчилан мэдэгдсэн гэж үзэж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дүгээр хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, 18 дугаар хэсэгт заасан түр буюу байнга оршин суух газраа сонгох иргэний эрхийг хязгаарласан тушаал болжээ.

Хариуцагч хариу тайлбартаа “Д.Д******* нь цэргийн албан хаагчийнхаа хувьд удирдлагын шийдвэр, захирагч даргын тушаалыг эсэргүүцэх эрхгүй” хэмээн дурдсан бөгөөд харин нэхэмжлэгч тус тушаалыг хууль бус, өөрийнх нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж, хууль бус шийдвэр эсэхийг шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм. 

Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус шийдвэр гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д*******г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн б/539 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Д*******г түүний өмнө эрхэлж байсан Цагдан хорих 461 дүгээр ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д*******гийн хууль бусаар ажилгүй байсан буюу  2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстөй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож,  нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих журмын дагуу тооцож, нөхөн бичилт хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН