Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/01074

 

Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02521 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1216 дугаар магадлалтай,

Ө.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

Баянзүрх дүүргийн Ахмадын хороонд холбогдох,

Урамшуулалд 900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Гажсүрэнгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэн, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадуудын төлөөлөгчдийн хуралдаанаар ахмадын зөвлөлийн даргаар сонгогдож,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн юм. 2014 оны 04 дүгээр сард ар гэрт гачигдал гарч хүүхэд гадаадад эмчилгээнд явах болсноор 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс чөлөө авсан. Ингээд 08 дугаар сарын эхээр ажилдаа орохоор ирэхэд миний ажлын байранд өөр хүн авч ажиллуулсан байсан. Тухайн үед Засаг дарга эзгүй байсан учраас би дуугүй гараад явсан. Дараа нь уулзахад таныг ажиллуулах боломжгүй гэж хэлсэн. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дүрэмд зааснаар Хорооны ахмадын зөвлөлийн даргыг хорооны ахмадуудын төлөөллийн хурлаас олонхын санал авсан хүнийг, тус хуралдааны тэмдэглэл, тогтоолыг үндэслэн Ахмадын хорооны дарга тушаал гарган Ахмадын зөвлөлийн дарга батламжилж ажиллуулж, мөнгөн урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу дүүргийн Ахмадын хорооны дарга батламжлахаар байна. Гэтэл тус дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/56 дугаартай илт хууль бус шийдвэр гаргасан тул шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон. Ажилдаа ороод ажилгүй байсан хугацааныхаа авах ёстой байсан урамшууллыг авъя гэж удаа дараа хүсэлт гаргахад н.Нарангаваад холбогдох хэргийн эцсийн шүүхийн шийдвэрийг харна гээд байлгаад байсан, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Магадлалыг авчирч үзүүлэхэд энэ урамшууллыг олгоогүй. Урамшууллын мөнгө нь ТББ-ын дүрэм, тушаал болон гэрээний дагуу сард 100.000 төгрөг олгогдохоор заагдсан байдаг. Иймд БЗД-ийн Ахмадын хорооноос надад урамшуулалд олгогдох 2014 оны 4, 5, 6, 7, 8 сарууд, 2015 оны 5, 6, 7, 8 саруудын нийт 900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Ө.Ичинхорлоо нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ахмадуудын төлөөлөлийн хурлаас сонгогдсон учир 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн. Гэвч 26 дугаар хорооны Засаг дарга Б Нарангаваатай санал Ө.Ичинхорлоо өргөдөл гаргаснаар асуудал хурцдаж, Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн. 26 дугаар хорооны 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар Н.Нармандахыг сонгосон тухай хурлын тэмдэглэл Ахмадын хороонд ирүүлсэн. Энэ нь хууль бус хурал тул хүлээж авах боломжгүйг тайлбарлаж хэлсэн боловч Н.Нармандах нь ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гэж өөрсдийгөө сонгосон 8 ахмад настантайгаа нийлэн дахин хурал хийж тэр материалаа 2014, 2015 онуудад олон газарт өргөдөл гомдол гаргаж хууль бус ажиллагаагаа зөв болгох гэж Ахмадын хорооны үйл ажиллагааг олон удаа буруутгасан. Н.Нармандахыг Ахмадын зөвлөлийн даргаар батламжилсан тушаалыг огт гаргаагүй тул Ө.Ичинхорлоогийн талд шүүхийн шийдвэрүүд гарсан болно. 2015 оны хамтран ажиллах гэрээний 3,6-д "Ахмадын хорооны дүрэм болон мөрдөгдөж байгаа хуулийн заалтын зөрчих, хороон дээрээ тодорхой шалтгаанаар ажиллахгүй байх сонгуульт ажлаа гүйцэтгэхдээ олон нийтэд зохисгүй үйлдэл гаргавал урамшуулал авах эрх үүсэхгүй гэж заасан байгаа. Дүүргийн Ахмадын хороо нь Төрийн бус байгууллагын хувьд үйл ажиллагаагаа явуулахдаа Аж ахуйн нэгжийн удирдлага, Засаг даргын Тамгын газрын дэмжлэг туслалцааг авч байж ахмадуудаа үйл ажиллагаагаа хүргэдэг бөгөөд нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага бөгөөд сайн дурын идэвхтэн сонгуультны үйл ажиллагаанд тулгуурлан ахмадуудаа урлаг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөн хэлэлцүүлэг уулзалт зэрэг үйл ажиллагааг явуулдаг. Хорооны Ахмадын зөвлөлийн дарга нар нь ахмадуудынхаа итгэл хүлээж сонгуульт үүргийг сайн дураараа гүйцэтгэдэг учир сарын цалин гэж авдаггүй. Ахмадын хороо нь орлого олсон үедээ хорооны ахмадуудынхаа дунд тодорхой хийсэн ажлын үр дүнгээр багахан урамшууллыг өгдөг. Олгосон урамшуулаасаа Хүн Амын Орлогын Албан татвар 10 хувийг суутган хуулийн дагуу дүүргийн татварын албандаа төлдөг. Ө.Ичинхорлоо нь шүүхээр асуудлаа шийдвэрлүүлж байна гээд дүүргээс зохиосон ажилд хүмүүсээ болон өөрөө ч оролцоогүй ч тухайн саруудаас бусад сарын урамшууллыг нь ахмад багш бөгөөд хорооны ахмадын зөвлөлийн даргын үүрэгт ажлыг нь хүндэтгэн бүрэн олгосон. Засаг дарга Б.Нарангаваад хоёр ч удаа Ө.Ичинхорлоог ажиллуулах албан бичиг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гарсан ч хороон дээрээ өөрөө огт ажиллаагүй. Ө.Ичинхорлоо нь хороондоо тогтмол ажиллахгүй, нэгдсэн журмаар ажилд ахмадуудаа оролцуулахгүй, ажлын тайлангаа өгөөгүй байж 2014 болон 2015 оны амарсан ба чөлөө авсан саруудын урамшуулал болох 900.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02521 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос 100.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1,5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.150 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ө.Ичинхорлоод буцаан олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооноос улсын тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1216 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/02521 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11...” гэснийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөөлөгч Ж.Гажсүрэнгийн төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/02521 шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1216 тоот магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:

1. Анхан шатны шүүгч Б.Ундраа нь Ахмадын хорооноос урамшуулал төлүүлэхэд хэт анхаарч 26-р хороон дээрээ ажил хийгээгүйг нотлох 26-р хорооны засаг дарга Нарангаваа, Ахмадын хорооны дотоод ажил хариуцсан зохион байгуулагч Ц.Адьяасүрэн нар болон бусад хүмүүсийг гэрчээр шүүх хуралд оролцуулаагүй мөн ажиллаагүйг тодорхойлсон албан тоотыг нэг талыг барьсан гээд хавтаст хэрэгт авалгүйгээр хэргийг шийдсэн нь шүүхийн шийдвэр буруу гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

2. Ө.Ичинхорлоо нь шүүх “Хамтран ажиллах гэрээгээ сунгуулж ир” гэсэн гэж худлаа хэлж 2015 оны гэрээгээ сунгуулсан бөгөөд ажлаа хийгээгүй мөртлөө урамшууллаа авсан. Түүний нэхэмжилсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байхад миний талд шүүхийн шийдвэр гарсан гэж худлаа хэлсэн нь илэрсэн учир байгууллагын даргын хувьд 2016 оны гэрээг сунгаагүйгээс “Чамайг чадна” гэж анхан шатны шүүхэд мөнгө нэхэмжилсэн. 26-р хорооны ахмадууд ахмадын зөвлөлийн дарга өөрчлөхөөр удаа дараа хуралдаж өөр хүн сонгосон ч Ө.Ичинхорлоо нь Захиргааны болон Иргэний шүүхэд гомдол гаргасан тул хүлээгдэж байсан. Харин шүүхийн шийдвэрээр хэргүүд нь хэрэгсэхгүй болсон ахмадууд удаа дараа гомдол гаргасныг үндэслэн 2016 онд 26-р хорооны ахмадуудын төлөөлөлын хурлыг дахин хуралдуулж, Ө.Ичинхорлоог чөлөөлөн, ахмадын зөвлөлийн даргаар Н.Нармандахыг сонгон ажиллаж байна. Гэтэл Ө.Ичинхорлоо нь одоо болтол байгууллагын данстай эд хогшлыг хүлээлгэж өгөөгүй, хөгжмийг хувьдаа байлгаж өгөхгүй байгаа.

3. Шүүхийн магадлалаар заалтыг өөрчилсөн ч Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх заалт нь “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх ,ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. Хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй бөгөөд сонгуульт ажлыг сайн дураар гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ байгуулсан ч гэрээний 3,6 дахь заалтыг огт харгалзаж үзээгүй.

4. Төрийн бус байгууллага маань шүүхийн шийдвэр болон магадлалыг биелүүлье гэж бодоход Ахмадын хорооны дарга би төлбөрийг хувиасаа төлөх болж байна. Төрийн бус байгууллагын сонгуульт үүрэг хүлээж сайн дураараа ажиллаад, эцэст нь өөрийнхөө бурууг бусдад тохон, төрийн бус байгууллагын даргыг гүтгэснийг зөвтгөсөн шүүхийн шийдвэрүүд нэг тэтгэвэрийн хүнээс нөгөө тэтгэвэрийн хүнд мөнгө төлүүлэхээр болж байна. Харин ажлаа хийгээгүй атлаа 2015 онд санхүүгийн ажилтнуудыг загнан урамшууллаа бүрэн авсан. Байгууллагын хувьд Ө.Ичинхорлоогоос урамшууллаа буцаан нэхэмжилж, ажилласан ахмадад олгох эрх нээлттэй байна.

5. Төрийн бус байгууллагын хувьд асуудлыг шууд шийдэх боломжгүй хорооны Засаг даргатай зөвшилцөн хурлыг хуралдуулж байж асуудлыг шийддэг онцлогтой .Шүүхийн хурлууд нь хороон дээрээ ахмадын зөвлөлийн ажлыг хийсэн гэх ямарч нотлох баримт байхгүй байхад 2014 оны 5 сарын 100.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн мөртлөө, 26-р хороон дээр ажлыг нь тухайн саруудад өөр идэвхтэй ахмадууд ажилласныг огт харгалзаж үзсэнгүй гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Ө.Ичинхорлоо нь 2014 оны 4-8, 2015 оны 5-8 дугаар саруудын урамшуулалд 900.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны даргын 2013 оны 23 тушаалаар Ө.Ичинхорлоог тус дүүргийн 26 дугаар хорооны ахмадын зөвлөлийн даргаар сонгож, сард 100.000 төгрөгийн урамшуулал олгохоор гэрээ байгуулсан ба тэрээр 2015 оны 5 дугаар сард ажлаа гүйцэтгэсэн боловч урамшуулал олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ /хавтаст хэргийн 15, 35-36 дугаар тал/.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 100.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь ахмадын зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлыг улирлаар дүгнэн мөнгөн урамшуулал олгохоор харилцан тохиролцжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1216 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ