Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 483

 

Д.Е-ийн нэхэмжлэлтэй,

БӨА-ийн БСУГ-ын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Х.Батсүрэн

                                                   Б.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                          Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:            Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлүүлж, даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0489 дүгээр магадлал, Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.Е-ийг соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор 2,253,254 /хоёр сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус ажил олгогчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0489 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Х.Зауре хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0489 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэн захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5. Нэхэмжлэгч Д.Е нь 2017 онд өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, байгууллагын удирдлагаас удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй буюу ажил олгогчоос хуульд нийцүүлэн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удаа дараа албан ажлын шаардлага тавихад хүлээн авахгүй, эсэргүүцэл үзүүлдэг, гүйцэтгэсэн ажил нь чанаргүй, хугацаат ажлыг заасан хугацаанд удирдлагад тайлагнахгүй, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан, 2018 оны үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд байгуулах талаар удирдлагын зүгээс удаа дараа шаардсан боловч үр дүнгийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгуулаагүй татгалзсан нөхцөл байдал, тэрээр урьд нь албан үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас 2 удаа сахилгын арга хэмжээ тооцуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан явдал нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

6. Ажил олгогчоос мэргэжилтэн Д.Е-д 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05 тоот тушаалаар сануулах, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 тоот тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус асуудлыг хүлээн зөвшөөрч байсан.

7. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 4.2.3-т “ард түмэнд үйлчлэх”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”, 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргээ тус тус зөрчсөн тул Д.Е-ийг үүрэгт ажлаас чөлөөлөх нөхцөл байдал үүсэн явдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчид сахилын шийтгэл ногдуулсан үндэслэлээ шүүхэд нотлохын тулд нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-ын хувийг менежер буюу хариуцагч өөртөө болон байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжид тус тус авч үлдэх үүргээ биелүүлээгүй, менежер нь төрийн албан хаагчтай ярилцлага хийгээгүй, “Илтгэх хуудас”-ыг хувийг хэрэгт хадгалаагүй зэргээс журмын заалтууд зөрчигдсөн гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа ба “Илтгэх хуудас”-ыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэнд тооцох, “F” буюу “хангалтгүй” үнэлгээ авсан гэж шүүхээс үнэлэх боломжгүй байна гэж дүгнэсэн асуудлыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.Е- нь 2017 оны үр дүнгийн гэрээнд заасан тусгай ажлыг огт гүйцэтгээгүй учраас “F” үнэлгээ авахаас өөр арга зам байгаагүй, тэрээр өөрөө ч ажил хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн, 2017 оны үр дүнгийн гэрээг хуульд заасан хугацаанд дүгнэх талаар менежерээс биечлэн болон байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар түүнд удаа дараа тавьсан шаардлагыг биелүүлээгүй байдал, тэрээр ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурахаас удаа дараа эрс татгалзсан байдал, байгууллагын хүний нөөцөд байгаа хувийн хэргийн материалыг дур мэдэн аваад явсан байдал зэрэг нь шүүхээс хийсэн дээрх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин нэхэмжлэгчийг 2018 оны үр дүнгийн гэрээг байгуулаагүй үндэслэлээр буруутгасан хариуцагчийн үйлдэл үндэслэлтэй ба журмын 2.1-д "...төрийн жинхэнэ албан хаагч нь ...дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй", 2.2-д “Менежер нь ...дараа оны гэрээний төслөө хугацаанд ирүүлээгүй төрийн жинхэнэ албан хаагчид шаардлага тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй” гэж тус тус заасан. Журмын дээрх заалтуудаас үзэхэд төрийн албан хаагч өөрөө биечлэн дараа оны гэрээний төслөө боловсруулж, хугацаандаа менежерт танилцуулах үүрэгтэй ба нэхэмжлэгчийн “...үр дүнгийн гэрээнд тусгагдсан “тусгай ажлын үйлчилгээ”-г нэгжийн дарга А.Еркегүл гаргаж өгөхөөр болсноор түүнийг хүлээж үр дүнгийн гэрээг байгуулаагүй” гэсэн тайлбар үндэслэл муутай байна” гэж дүгнэсэн байна.

10. Ингэхээр ажил олгогчоос нэхэмжлэгч Д.Е-д сахилгын шийтгэл ногдуулах нэ

г хууль зүйн үндэслэл нь 2018 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан явдал байсан ба энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлэн дүгнэлт хийсэн мөртлөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.

11. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

13. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Соёл урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Е- нь “...2017 онд ажилдаа хариуцлагагүй хандаж, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй..., 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр “F” үнэлгээ авсан...” гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт байна.

14. Д.Е-т өмнө нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/05, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалуудаар “сануулах”, “1 сарын цалинг 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулж байсан үндэслэлээр дахин төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болохыг шүүхийн шийдвэр, магадлалд дэлгэрэнгүй, тодорхой, зөв дүгнэжээ.

15. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар жирэмсний болон хүүхэд төрүүлсний амралт авсан, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа орсон, түүнийг ажлаас халах шийтгэл ногдуулах хүртэлх хугацаанд Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдэд хамаарах маргаан бүхий тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй байна.

16. Мөн Д.Е-ийн 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт “F” үнэлэгдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүйгээс гадна үр дүнгийн гэрээний үүргийн биелэлттэй хамааралтайгаар төрийн албан хаагчид ногдуулах арга хэмжээ, үр дагавар нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан албан тушаал бууруулах, 25 дугаар зүйлд заасан төрийн албанаас халах хэлбэрээр тодорхойлогдохоор, өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл ч буруу байгааг шүүхүүд зөв дүгнэжээ. 

17. Иймд, “...шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...нотлох баримтыг буруу үнэлсэн, ...хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

18. Шүүхүүд маргааны үйл баримтад хамаарах Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2018/0052 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0489 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ