Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 97

 

А.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00795/И

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г-т холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт нийт 3.250.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамбын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.Х- нь Н.Г-тэй зээлийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулж, 2.500.000 төгрөгийг зээлүүлсэн. Гэрээнд зээлийн хүүг 10 хувиар тохирч, 1 сарын хугацаатай байгуулсан. Н.Г- нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, огт төлөлт хийгээгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин тооцоо нийлж, үндсэн төлбөр 2.500.000 төгрөг дээрээ 3 сарын хүү 750.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг төлнө гэдгээ баталж, Н.Г- нь өөрөө бичиж гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ гэх баримтыг төлбөр тооцоогоо нийлсэн баримт гэж хэлж болно. Иймд хариуцагч Н.Г-ээс зээлийн үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, 3 сарын хугацааны хүү 750.000 төгрөг, нийт 3.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Г-ээс 2.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 58.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамба давж заалдсан гомдолдоо:

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

            1. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээний 5 дугаар заалтыг хэрэгжүүлэн үүнээс зөвхөн 500.000 төгрөгийг нь тооцож зээлийн алданги, хүүд олгож өгнө үү.

            2. Хоёр тал харилцан ярилцаж, тохиролцон 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 5 тоот гэрээг нотлох баримтаар үнэлэн шийдвэрлэж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн дээрх 2 заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч Н.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл 2.500.000 төгрөг, хүү 250.000 төгрөг буюу нийт 2.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл талууд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-н 4-р тал/ байгуулж, уг гэрээндээ нийт 2.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, гэрээнд заасан хугацаанд зээл, зээлийн хүүгээ төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги тооцохоор тохиролцсон байна.

            Түүнчлэн дахин 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Зээлийн гэрээ” гэх нэртэй  гэрээг байгуулан “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин 17 хоногийн хугацаатай гэрээгээ сунгав...” гээд уг гэрээнийхээ ар хэсэгт хариуцагч Н.Г- нь нэхэмжлэгч А.Х-д нийт 3.250.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. /хх-ийн 5-р тал, арын нүүр/

            Анхан шатны шүүх дээрх баримтуудын дагуу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Иргэний хэрэг” үүсгэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-д 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан хуульд заасны дагуу эрх үүргийг нь тайлбарлан өгчээ. /хх-ийн 16, 17-р тал/

Хариуцагч талаас хуульд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй мөн шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хууль хэрэглээний хувьд зохих өөрчлөлтийг оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

Хариуцагч Н.Г-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариу тайлбар, татгалзал гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас 3.250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар “...хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй...” ба уг үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, үүнтэй нь холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байхад шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ гэх баримтад “...17 хоногийн хугацаатай гэрээг сунгав...” гэж бичсэн нь өмнөх зээлийн гэрээний сунгалт гэж үзэх боломжгүй, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах ба нэмэлт 2 сарын хүү гаргуулах тухай шаардлагын үндэслэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ...”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтад “...хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн  хэргийг  хянан шийдвэрлэнэ...” гэж тус тус заасныг баримталсан болно.

            Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон 500.000 төгрөгийг гэрээний алдангид тооцон гаргуулан өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлээгүй байна.

            Анхан шатны шүүх зээл, зээлийн хүүгийн асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөж, Иргэний хуулийн хүүгийн талаарх зохицуулалтыг нэмж өөрчлөлт оруулав.

            Иймд магадлалд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  08 дугаар сарын 06-ны өдрийн 886 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Г-ээс 2.750.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг  

“...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Н.Г-ээс 3.250.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгосугай...” гэж,

Шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 58.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгосугай...” гэснийг

“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид 66.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Х-д олгосугай...” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэдэндамбын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                                        ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

                                                                                                                М.МӨНХДАВАА