| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0667/Э |
| Дугаар | 605 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Г |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
иргэдийн төлөөлөгч Б.Билгүүн,
улсын яллагч Э.Гэрэлмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхамсүрэн,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011472 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Г, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 5-89 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлай зочид буудлын гадна Д.Энхзаяатай маргалдан нүүрэн тус газар нь цохиж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн оршуулгын зардалыг төлж барагдуулсан, хийсэн хэргтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өнөөдөр бол миний гашуудлын өдөр байна. Хавтаст хэрэгтээ би танилцсан хүн. Талийгаачийн аав, ээж нь тахир дутуу хүмүүс байдаг. Талийгаачийн аав нь миний төрсөн хүүхэд байгаа юм. Амьдын зол үхсэний хохь гэдэг үг байдаг. Тэгэхдээ миний хүүхдийн тавилан нь ийм байсан юм байлгүй дээ, өнөөдрийн шүүх хуралдаанд худлаа мэдүүлэг өгөөд байх шаардлаггүй. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж чадаагүй нь бид нарын буруу. Чи Ариунболд гэдэг хүнтэй чи зодолдож байхад чинь Энхзаяа та хоёрыг салгасан байдаг. Би камерын бичлэгийг бүгдийн харсан. Үүрийн 05 цаг 51 минутад Энхзаяа та хоёр гадагшаа хамт гарсан. Тэрнээс өмнө чи 9 номерын өрөөнд байсан. Та нар 5 цаг 40 минутад өрөө рүү 4-лээ ороод нийлж архи уугаад, 7 цаг 45 минутын үед талийгаачтай хэрэлдэж маргалдаад гадагшаа гарсан байдаг. Гараад нэг л цохисон байдаг. Хэрвээ үнэн мэдүүлэг өгвөл би эрхэм шүүгч нараас өршөөл гуйж, чиний ирээдүйг бодмоор байна. Залуу хүн байна 2 хүүхэд, эхнэрийг чинь бодъё. Танай эхнэрийг доромжилж гомдоосон зүйл байхгүй ээ, та нарын архи ууж маргалдаж чиний нэг цохилтоос л болж өнгөрсөн. Энэ явдал миний хүүхдийн ч буруу, чиний ч буруу байгаа. Харанхуй шөнө архи ууж буудал хэсүүчилж явсны гай байх. Үнэн явдлыг үнэнээр л ярь, хэрвээ тэгвэл болохгүй ч байсан шүүх бүрэлдэхүүнээс би өршөөл гуйж 1 жилийн ч болтугай хасаад өгөөчээ гэж гуйхад шүүх бүрэлдэхүүн миний саналыг бас харгалзаж үзэх байх гэж би бодож байна. Би оршуулгын 5.400.000 төгрөгийг нэхэмжилсэн өөр зүйл нэхэмжлээгүй, Ганбатын ээж нь 2 хуваагаад нотариатаар орж гэрчлүүлж надад өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Залуу хүний ирээдүйг бодож хуульд заасны дагуу шүүх хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лхамсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 1-ний өглөө охин Отгонжаргал над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд байж байтал охин Отгонжаргал такси барьж ирээд намайг аваад Дашдэмбэрэл, Оюунжаргал бид 3 Баянзүрх дүүргийн эмнэлэг орсон. Эмнэлэг дээр иртэл ач хүү Дашдэмбэрэлийн Энхзаяа нь эрчимт эмчилгээний өрөөнд нас барсан байдалтай байсан. Би юу болсон талаар мэдээгүй....” гэсэн мэдүүлэг. /хх-29/,
Гэрч Д.Түвшинзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “..талийгаач Ганбат хоёр гаръя гээд гарцгаасан. Араас нь талийгаачийн найз охин Сувдаа гарсан. Удалгүй 10 минутын дараа Сувдаа гаднаас ухаан алдчихлаа гээд орилоод ирэхээр нь би хувцасаа өмсөөд гартал талийгаач дэн буудлын үүдний цементэн дээр уначихсан хэвтэж байсан хажууд нь Ганбат зогсож байсан. Сувдаагаас юу болсон талаар асуухад Ганбат талийгаачийг юм ярьж байхад гэнэдүүлээд нэг удаа цохичихсон....” гэсэн мэдүүлэг. /хх-30/,
Гэрч О.Адъяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би машины зогсоолд ойрхон үүдний довжоон дээрээс харж байхад Ганбат Энхзаяа хоёр хоорондоо зодолдох гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг хоорондоо юм яриад байсан. Тэгэж байгаад Ганбат баруун гараараа нэг удаа Энхзаяагийн эрүү хавьцаа цохисон тэгсэн Энхзаяа хөл дээрээ тогтох гээд хичээж жоохон дайвсхийж байгаад газар унасан...” гэсэн мэдүүлэг. /хх-32/,
Гэрч Б.Эрдэнэсувд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Цахлай дэн буудалд миний найз залуу талийгаач Энхзаяа, түүний төрсөн ах Түвшинзаяа, түүний найз охин Буяндэлгэр нар орсон юм. ...Тэгээд 6-7 цагийн үед Ганбат гэх залуу Энхзаяатай “ахыгаа хүндлэхгүй, том болчиж” гэж агсарч, улмаар маргалдаад зочид буудлаар гарч үүдэнд нь тэр хоёр зодолдсон. Би гарахад Ганбат гэх залуу Энхзаяагийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж, улмаар Энхзаяа цементэн газар дээр унасан. Талийгаач ухаангүй, хөдлөхгүй хэвтэж байхад амнаас цус гарсан. Тэгээд түргэн дуудаад ирэхгүй болохоор нь бид нар бүгд аваад дүүргийн эмнэлэг дээр авч ирээд үзүүлэхэд нас барсан гэсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-33/,
Гэрч Б.Хадбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 5 дугаар сарын 1-ний өглөө жижүүртэй байх хугацаанд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр нэг эрэгтэйг нэг эрэгтэй, хоёр эмэгтэй 4 хүн дамжилж оруулж ирснийг үзэхэд амьсгал, зүрх зогссон, даралт байхгүй, зүрхний цохилт байхгүй, бие хөрсөн, хүүхэн хараа гэрлийн урвалгүй байдалтай эрэгтэй хүний цогцос байсан. Ингээд эмч Шүхэртийг дуудаж дахин магадлуулахад нас барсан байна гэснээр 102-т мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-50/,
Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Энхзаяагийн цээж рүү нь цохисон санаж байна 1 удаа л цохисон. Яг хаашаа нь цохисноо сайн санахгүй байна. Тэгтэл Энхзаяа 2-3 алхаад газар уначихаар нь босоорой гээд сууж байсан ба Энхзаяа босч ирээгүй. Тэгтэл Түвшинзаяа гарч ирээд миний хамар руу өшиглөж цус гаргасан. Тэгээд намайг түлхэж машин руу шахаад цохисон. Тэгээд түргэн дуудаад ирэхгүй болохоор нь Түвшинзаяагийн машинтай Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр Түвшинзаяа, 2 охин бид 5 очтол Энхзаяаг нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-96-98/
Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №913 дугаартай дүгнэлт: “...1. Талийгаачийн цогцост Их тархины баруун, зүүн талү бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны, тархины цус харвалт, бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн ар, ар доод гадаргуун зөөлөн эд, жолоо булчингийн баруун, зүүн тал, доод хэсгийн тархмал цус хуралт, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу, баруун чамархайн хуйхны зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний гадна доод булан, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний зүүн хажуу хэсгийн зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Талийгаачийн цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаачийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй байна. 6. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна. 7. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан бүрхүүл /зөөлөн бүрхүүл/-ийн доор цус харваж нас баржээ. 8. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэсэн мэдүүлэг. /хх-53/,
Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №2686 дугаартай дүгнэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн богино хар өнгийн гадуур хүрмэнд 45мм, 200мм ташуу чиглэлтэй, 150мм хөндлөн чиглэлтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралтууд гарсан байна. –Хар эрээн өнгийн богино ханцуйтай цамцанд хөндлөн чиглэлтэй татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ ханзралт гарсан байна. 2. Дээрх ханзралтууд нь шинэ байгаа нь хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой. 3. Бусад хувцаснууд урагдалтгүй байна.” гэсэн дүгнэлт. /хх-70/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №654 дугаартай дүгнэлт: “...1. Б.Ганбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна, өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Ганбат нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах мэдүүлэх чадвартай байна. 2. Б.Ганбат нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн хяналтанд байдаггүй болно. 3. Б.Ганбат нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ явуулах шаардлагагүй байна. 4. Б.Ганбат нь үйлдсэн хэргийн шинж чанарыг ойлгох чадвартай байна. 5. Б.Ганбат нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт. /хх-142/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-20/, гэрч Д.Түвшинзаяагийн мэдүүлэг /хх-30/, гэрч О.Адъяагийн мэдүүлэг /хх-32/, гэрч Б.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-33/, гэрч О.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-34/, гэрч Б.Саранцэцэгийн мэдүүлэг /хх-36/, гэрч Б.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-40/, гэрч Ч.Цэнгэлийн мэдүүлэг /хх-42/, гэрч О.Эрдэнэчулуун мэдүүлэг /хх-44/, гэрч Б.Насандуламын мэдүүлэг /хх-46/, шинжээчийн №913 тоот дүгнэлт /хх-51/, шинжээч Н.Энхцолмонгийн мэдүүлэг /хх-58/, шинжээчийн №5888 тоот дүгнэлт /хх-62/, шинжээчийн №2185 тоот дүгнэлт /хх-112/, шинжээчийн №2964 тоот дүгнэлт /хх-114/, сэжигтэн Б.Ганбатын мэдүүлэг /хх-92/ яллагдагч Б.Ганбатын мэдүүлэг /хх-96/, тодорхойлолт /хх-105/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цахлай зочид буудлын гадна Д.Энхзаяатай маргалдан нүүрэн тус газар нь цохиж хүнийг алсан болох нь шүүгдэгч Б.Ганбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Гэрч О.Адъяагийн: “...Ганбат Энхзаяа хоёр хоорондоо зодолдох гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг хоорондоо юм яриад байсан. Тэгэж байгаад Ганбат баруун гараараа нэг удаа Энхзаяагийн эрүү хавьцаа цохисон тэгсэн Энхзаяа хөл дээрээ тогтох гээд хичээж жоохон дайвсхийж байгаад газар унасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Эрдэнэсувдын: “...Тэгээд 6-7 цагийн үед Ганбат гэх залуу Энхзаяатай “ахыгаа хүндлэхгүй, том болчиж” гэж агсарч, улмаар маргалдаад зочид буудлаар гарч үүдэнд нь тэр хоёр зодолдсон. Би гарахад Ганбат гэх залуу Энхзаяагийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж, улмаар Энхзаяа цементэн газар дээр унасан” гэсэн мэдүүлэг, болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, нас барсны гэрчилгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, талийгаачийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл ба түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Г-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарахад талийгаач Д.Энхзаяагийн зүй бус харьцаа нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах гэсэн боловч прокуророос хэргийг ирүүлэхдээ сидиг скоч буюу наалдамхай туузаар нааж гэмтээсэн байсан болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Г-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-н урьд цагдан хоригдсон 169 /нэг зуун жаран ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг прокуророос хэргийг ирүүлэхдээ скоч буюу наалдамхай туузаар нааж гэмтээсэн байсан болохыг дурьдаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧИД С.ПҮРЭВСҮРЭН
Ч.АЛТАНЦЭЦЭГ