Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/146

 

       

 2023            02              01                                2023/ДШМ/146                                                                                                                                                                   Б.Р-д холбогдох эрүүгийн

                                    хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

хохирогч Г.О-,

шүүгдэгч Б.Р-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/870 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Г.О-,  шүүгдэгч Б.Р- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2205000002019 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

          0,

          - Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1992 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэх ажиллагааг 1 жилийн хугацаагаар  хойшлуулсан,

          - Баянгол дүүргийн 1993 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн,

          - Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

          - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан ялыг тэнссэн.

          Шүүгдэгч Б.Р- нь “... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялиг шалтгааны улмаас маргалдаж 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ... тоотод Г.О-ийг бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бүтэц хийцийг өөрчлөх чадвартай эд зүйл болох хутгаар хэвлийн хөндийд цус хуралт бүхий амь насанд аюултай гэмтлийг учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Р-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн Балдандагвын Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.О- нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.  

          Хохирогч Г.О- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Б.Р-д хэвлийн тус газраа хутгалуулж амь насанд аюултай маш хүнд хагалгаанд орсон билээ. Би адилхан хүн юм байна гэж бодоод гомдолгүй гэж хэлсэн юм. Тэгтэл намайг басамжилж байгаа аятай “эмчилгээний зардал өгөхгүй хоёулаа болчихсон юм чинь би одоо 6.7 дугаар зүйлийг ашиглаж ялаа багасгах болно” гэж хэлсэн. Би Р-оос 270.000 төгрөгийн үнэтэй уургийг 5 өдөр авч уусан. Тэгээд эм тарианы бүх зардал нийлээд 2.000.000 гаруй төгрөг болсон байдаг. Тэгэхэд Б.Р- надад санаа тавих нь байтугай нэг ч удаа миний биеийн байдлыг асууж байгаагүй билээ. Эмчилгээний зардал яах вэ гэхэд хоёулаа болчихсон гэж хэлсэн юм. Намайг басамжилж, доромжилж байгаад би маш их гомдолтой байна. Иймд миний гомдлыг хүлээн авч Б.Р-д оноосон анхан шатны шүүхээс гаргасан хорих ялыг хаалттай болгож өгнө үү.” гэв.

          Шүүгдэгч Б.Р- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.О-ийн хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсаны улмаас Г.О-ийн хэвлийн тус газар хутгалж хүнд гэмтэл учруулан шүүхээс 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү үйлдэлдээ миний бие маш ихээр гэмшиж байгаа бөгөөд хохирогч Г.О-аас уучлалт гуйж эмчилгээний зардалд түүний ээж болон эхнэрийн дансаар дамжуулан 830.000 төгрөг өгсөн. Хохирогч Г.О- шүүх хурал дээр гомдолгүй гэсэн бөгөөд шүүхээс тогтоосон хохиролгүй гэснээр шүүх хурал дууссан. Иймд миний гэмшил болоод хийсэн үйлдэлдээ харамсан ухамсартайгаар хэргээ ямар нэгэн маргаангүйгээр хүлээсэн зэргийг харгалзан эрх зүйн байдлыг минь бодон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна.” гэв.

          Шүүгдэгч Б.Р-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хохирогч баримтаа гаргаж хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгч Б.Р- нь хийсэн үйлдэлдээ гэмшиж хохирогчид 830.000 төгрөгийг сайн дураараа төлж, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уучлалт гуйсан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэл хэргээ хүлээсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгнө үү. Хэдийгээр шүүгдэгч удаа дараа ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг эдлээд дууссан учраас эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэв. 

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан бөгөөд
шүүгдэгч Б.Р-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор хохиролд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Р- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн ... тоотод Г.О-тай үл ялиг шалтгааны улмаас маргалдаж, улмаар  хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хэвлийн тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Хохирогч Г.О- нь “ ... урд талын айл болох Б-н гэрт З, Б бид 3 архи уугаад байж байхад гаднаас Р- орж ирсэн. ... бид нар архи уусан. ... би сууж байхад Р- надад хандан “чи О-аас 3 сая төгрөг авсан.” гэж хэлэхээр нь би “ямар ч мөнгө аваагүй” гээд тайлбарлахад ойлгохгүй байсан. Тэгээд бид хоёр үл ялиг маргалдаж, эргээд харахад миний хэвлий орчим нэг часхийгээд юм ороод гарч байгаа нь мэдрэгдсэн. Би футболкоо сөхөөд харахад гэдэснээс цус гарч байсан. Би гэдсээ дараад намайг хутгалчихлаа гэж хэлээд хашаа даваад гэртээ орсон. ... бор өнгийн модон иштэй хутга байсан ... гэртээ ороход манай дүү байсан...” /хх-ийн 36-37 тал/,

          “... Миний биеийн байдал тийм ч сайнгүй байна. Эмчилгээний зардалд нийт 450.000 төгрөг өгсөн. Би хутгалуулсны дараа 7 хоног юм идэлгүй уураг хэрэглэсэн. Нэг удаагийн хэрэглээ нь 270.000 төгрөг болж байсан. Өөр эмчилгээ бичиж өгсөн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-ийн 38 тал/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

          хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10809 дугаартай “... Г.О-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч элэг, ходоод гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт /2 л/, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 85-86 тал/  гэх дүнэлт,

яллагдагчаар Б.Р-ийн өгсөн “... ширээн дээр байсан бор иштэй хутгыг аваад ... юунаас болж маргаснаа мэдэхгүй барьж байсан хутгаараа Г.О-ийн хэвлийн орчим нь хутгалсан.Тэгсэн О- “яаяаа чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд ээжийнхээ гэр рүү орохоор хашаа даваад явсан. ... ” /хх 93-94/ гэх мэдүүлэг,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3831 дугаартай “... Г.О-аас авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна, уг цус нь О /1/ бүлгийн харьяалалтай байна. Эд мөрийн баримтаар ирүүлсэн гэх 2 ширхэг хутга дээрээс цус болон биологийн ул мөр илрээгүй ...” /хх-ийн 67-69 тал/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3830 дугаартай “... Эд мөрийн баримтаар хураан авсан гэх хар өнгийн футболк дээр цус илэрч байна. Уг цус нь хүний цус мөн байна. 0 /1/ бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 72-74 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2368 дугаартай “... Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хар өнгийн богино ханцуйтай цамц шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн богино ханцуйтай цамцанд 7 мм, 20 мм, 20 мм, 20 мм, 7 мм, 16 мм, 20 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. Мөн 38 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ сэмрэлт байна...” /хх-ийн 77-80 тал/ гэх дүгнэлтүүд,

      гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

      Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-14 тал/,

      2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26 тал/,

       2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 тал/ зэргээр тус тус давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Р-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Г.О-аас “Би маш их гомдолтой байна. Б.Р-д оногдуулсан хорих ялыг хаалттай эдлүүлж өгөхийг”,

шүүгдэгч Б.Р-оос “хийсэн хэргээ ямар нэгэн маргаангүйгээр хүлээсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг” хүссэн агуулга бүхий гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Р-ийг 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл болон ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээтэй бөгөөд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг  үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Р-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүндрүүлэн өөрчлөх эрхгүй юм.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Тиймээс шүүхэд үүрэг болгоогүй, эрх олгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг заавал хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болохгүй тул шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр тодорхойлогддог.

Хохирогч Г.О- нь өөрт учирсан хохирол хор уршгийн талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх урьдчилан тооцоолох боломжгүй гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай тус тус нийцсэн гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.О-, шүүгдэгч Б.Р- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Р-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 72 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/870 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.О-, шүүгдэгч Б.Р- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 72 /далан хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН