Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

хохирогч Ө.Х-,

шинжээч эмч Т.Ч-,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Д-гийн Э-т холбогдох эрүүгийн 201726030743 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын .....-ний өдөр ..........төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ....... дүүргийн ........ хороо .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х- овогт Д-гийн Э- /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ......... дүүргийн ............. хорооны нутаг дэвсгэрт байрлах ...........алганы хажууд байрлах Петровис шатахуун түгээх станцын орчимд иргэн Ө.Х-тэй “таксины зогсоол дээр дарааллын урдуур орлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар баруун талын хавирга тус газар нь цохиж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Буянт-Ухаа спорт цогцолборын зогсоолоос Өлзийт хороолол руу машинаараа хүн зөөдөг. Би 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Буянт-Ухаа спорт цогцолборын зогсоол дээр 09 цаг өнгөрч байхад ирээд машинаа ТҮЦ-ний ойролцоо тавьсан. 12 цаг болж байхад Х- ирээд 2 хүн буулгасан. Миний ээлж болсон байсан болохоор хүн ачих гэтэл Х- миний урдуур ороод хүн ачсан. Бид хоёр очероос болж маргасан. Би хавирга руу нь цохиогүй, түлхсэн гэв.

Хохирогч Ө.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 онд ..........дүүргийн ........... хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Замын цагдаагийн газартай хамтарсан хурлаар намайг ахлагчаар томилсон. Би очерлодог хаалт, машинуудад лого хийж өгсөн. Бид нар очероо урдах хүнээсээ асуудаг. Тухайн үед П- гэдэг хүн миний урд байсан ба надад хэлэхдээ “миний ард А-ү, Отгоо нар байгаа” гэсэн. Харин миний ард Р- өвгөн ирсэн. Очертоо ороод хүнээ суулгаж байхад Э- ирээд “чи очер дайрлаа” гэхээр нь “П-, А- нараас асуу, би нэг хүн аваад гарлаа” гэхэд “зөнөг дандаа ингэж байдаг, чи юу юм” гээд дайрахаар нь “ах нь 2 хөлөндөө гэмтэлтэй, битгий цохиорой” гэж хэлсэн боловч Э- миний цээж рүү цохиход нь унаж гэмтэл авсан. Босох гэхэд босч чадаагүй. Р-, О- нар ирэхээр нь “ахыгаа машинд оруулаад өг” гээд машинд суусан. О-аар машинаа холдуулсан. Түргэн тусламж ирж намайг үзээд “Гэмтлийн эмнэлэг рүү яв” гэсэн. Би Гэмтлийн эмнэлэг рүү явах гэж байхад Э- “би цочир ууртай шүү уучлаарай” гэсэн. Манай хүүхэд Э-т “чи хүн гэмтээлээ 100.000 төгрөг өг” гэхэд “мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд би Цагдаагийн 2-р хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгчихөөд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зураг авахуулахад баруун талын 2 хавирга хугарсан, зүүн талын 1 хавирга хугарсан байсан. “Энэ гэмтэл эдгэрч болно. Та уушгаа үзүүл” гээд Мөнгөнгүүр эмнэлэг рүү явуулсан. Тэнд очоод зургаа авахуулаад хэвтэх гэж байхад “хоёр хөлөндөө гэмтэлтэй, сая эмнэлгээс гарсан хүнийг манайх авахгүй, та гэртээ очиж хөдөлгөөнгүй хэвт, эм тариа бичиж өгнө” гэхээр нь гэртээ ирсэн. Маргааш нь миний бие өвдөөд дахин эмнэлэгт ирж үзүүлсэн. Би 2 сар гаран гэртээ хэвтсэн. Э-ын эхнэр надтай утсаар яриад “танд мөнгийг чинь өгье, та гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэхээр нь “ирж уулз” гэж хэлсэн. Сар гаран хэвтсний дараа Э- манайд ирэхээр нь “бие эрхтнээрээ, эдийн засгаараа хохирч байна, шүүхээр шийдүүлнэ” гэж хэлсэн. Би Э-аас эмчилгээний зардалд 1.397.000 төгрөг нэхэмжилж байна. “Аарцаг ясны бэртэлтийг бороолсны дараа эмчилгээ хийнэ” гэж Гэмтлийн эмнэлгийн эмч хэлсэн. Энэ эмчилгээг 1-2 сард хийдэг. Одоо бол 80%-тай бороолсон байна гэсэн. Үүнээс гарах зардлыг мөн Э-аас нэхэмжилнэ гэв.

Шинжээч эмч Т.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үедээ гэмтлийн эмчийн зургийг уншаад ирүүлсэн хариу дээр аарцаг ясны тогооны хугарал буюу Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д заасан гэмтэлтэй байна гэж уншигдаж ирсний дагуу манайхаар дүгнэлт гаргасан байсан. Сүүж ясны тогооны хугарал нь сүүж ясанд байгаа хонхорыг тогоо гэдэг. Тогооны хугарал байна гэж гэмтлийн эмч уншсаны улмаас өмнө нь хүнд гэмтэл гарсан. Харин манайд ирүүлсэн 4 ширхэг томографийн зураг, 1 ширхэг рентген зургийг дахин дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад “сүүж ясны тогооны хугарал байхгүй гэж гарсан. Эдгээр гэмтлүүд нь удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулах тул хүндэвтэр гэмтэл гарсан. Хохирогч Ө.Х-д учирсан гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэхдээ хэд хэдэн удаагийн үйлчлэл гэдэг нь цээж рүү цохиход нэг хүч үйлчлэнэ, цохисноос газарт унахад өөр нэг хүч үйлчилж байна гэж үздэг гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Д.Э- мөрдөн байцаалтанд 2017.08.03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2017.06.04-ний өглөө 07 цагийн үед халтуур хийх гээд гэрээсээ гарсан. .......... хорооллоос хүн авчихаад .......... уулзвар дээр ирэхэд Х- машинтайгаа ирчихсэн байсан ба хүнээ аваад гараад явчихаад буцаж ирсэн. Намайг хүнээ ачаад яваагүй байхад миний урдуур ороод хүн ачиж эхэлсэн. Би машинаасаа бууж Х- гуай дээр очоод “миний ээлж, та очероороо яв” гэхэд “миний очер” гээд над руу уурласан. Машинд нь хүн сууж байсан учраас би хаяад машин руугаа явтал араас “гуйлгачин” гээд үглээд байхаар нь буцаж очоод заамдсан. Х- гуай адилхан намайг заамдаж авахаар нь хоёр гарыг нь түлхсэн чинь бөгсөөрөө газарт унаад “хөл өвдлөө, хавирга хугалчихлаа” гээд орилсон. Би очоод уучлалт гуйсан чинь надад уурлаад байсан. Х- гуай түргэн тусламж болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-55-р хуудас/,

2017.12.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би хохирогч Ө.Х-д ийм гэмтэл учруулаагүй. Би түүнийг заамдаж авахаар нь хоёр гараас нь түлхсэн чинь газарт бөгсөөрөө суусан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 125-126-р хуудас/,

 

2. Хохирогч Ө.Х- 2017.08.09-ний өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ...... хороолол руу хүн авч явах гээд ........ ..... хажууд машинтайгаа зогссон. Миний урд талд П- машинтайгаа зогсож байсан. Бид очерлож хүн авч явдаг учраас би П- дээр очоод “чиний ард хүн байгаа юу” гэхэд “А-ү, Отгоо хоёр байгаа” гэж хэлэхээр нь би араас нь очерлосон. Миний өмнө байсан гурван машин хүнээ ачаад хөдөлсөн. Би машиндаа 3 хүн суулгачихаад нэг хүн дутуу учраас хараад зогсож байтал Э- машинаасаа бууж ирэнгүүтээ “та яагаад очер дайраад байгаа юм бэ” гэхээр нь “очер дайраагүй ээ, яг л очероороо явж байна” гэхэд “өө муу зөнөг минь битгий дэмий донгосоод бай” гээд миний баруун талын хавирга хэсэг рүү 1 удаа цохиход нь би газар унаад босч чадахгүй байсан. Миний хажуу талд зогсож байсан Х-, бас нэг танихгүй залуу эрэгтэй хүн намайг газраас босгоод машинд суулгасан. Х- миний машиныг очероос гаргаад өөр газар байрлуулж өгсөн. Би хөлийнхөө баруун өвдөгний үеийг 3 удаа, зүүн өвдөгний үеийг 1 удаа  солиулах хагалгаанд орж байсан. Би Э-ыг цохихоос өмнө “ах нь бие муутай шүү” гэж сануулсан боловч намайг цохисон. Миний нас өндөр болчихсон учраас гэмтэл авахад маш хэцүү. Олон яс хугарсан учраас маш удаан бороолж эдгэхгүй байгаа. Эм тарианд 150.000 төгрөг, зураг авахуулахад 290.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 3000 төгрөг, өөрөө явж чадахгүй эмнэлэг болон бусад газар руу дандаа машинтай явдаг байсан учир машины бензинд 120.000 төгрөг болсон. Нийт 563.000 төгрөгийн зардал гарсан. Одоог хүртэл миний яс бороолоогүй учраас эм тариа нэмж хэрэглэж байна. Мөн зураг дахин авхуулж эмчилгээ хийлгүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-27-р хуудас/,

2017.08.31-ний өдөр мэдүүлэхдээ: ...Э- хүмүүст намайг “өвдөгөөрөө далимдуулж мөнгө авах гээд байна, угаасаа өвдөг нь өвдчихсөн байсан” гэж ярьсан байсан. Шинжээчийн дүгнэлтэнд өвдөгний гэмтэл огт дурьдагдаагүй. Би өвдөгний үеэ 2016.11 сард, 2017.02 сард солиулсан. Намайг зодсон өдөр би таягтай байсан. Цохих гэж байхад нь “ах нь хөл муутай хүн шүү” гэж хэлж сануулсан боловч тоохгүй хавирга руу хүчтэй цохиод түлхээд унагаачихсан. Би маш гомдолтой байна. Э- надаас уучлалт гуйхгүйгээс гадна хохирлын асуудлыг огт ярихгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

2017.12.07-ны өдөр мэдүүлэхдээ: ...1217 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Тухайн үед ГССҮТөвийн эмч нар “миний хоёр хавирга хугарсан байна” гэсэн онош тавьсан байхад энэ дүгнэлтэнд нэг хавирга хугарсан болж дүгнэлт гарсан нь буруу дүгнэлт гаржээ гэж бодож байна. Тухайн үед аарцаг яс, хавирга хугарсан зэргээс эмч нар хэвтрийн дэглэм сахь гэсэн тул би хоёр сар хэвтрийн дэглэм сахьсан. Энэ хугацаанд эм тариа байнга хэрэглэж байсан. Би Д.Э-аас эмчилгээний зардалд нийт 1.397.491 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс надад барагдуулсан хохирол байхгүй. Д.Э- надтай нэг ч удаа уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Хөгшин настай хүнийг дээрэлхэж зодож гэмтэл учруулсанд их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 123-124-р хуудас/,

 

3. Гэрч Ж.Р- 2017.08.22-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би машинтайгаа Нисэхийн уулзвар дээр хүн авах гээд очерт ороод зогсож байсан. Х-гийн машин миний өмнө далангийн хажууд жаахан хазгайдуу тавьчихсан байсан. Би Х- дээр очоод босгоод машин руу нь суулгахад “Э- намайг түлхчихлээ” гээд хөдөлж чадахгүй байсан. Х- Х-гийн машиныг замаас холдуулж өгсөн. Миний очер болсон учраас би хүнээ ачаад явсан. Би цохиж зодохыг нь хараагүй. Тэр хоёр хоорондоо очероос болоод маргалдаж байсан. Би хүнтэй яриад өөр тийшээ анхаарлаа хандуулчихаад нэг хартал Х- хазгай газарт хажуугаараа уначихсан байхаар нь босгоод машинд нь суулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

 

4. Гэрч Х.Б- 2017.08.26-ны өдөр мэдүүлэхдээ: “...2016.06.04-ний өдөр 13 цагийн үед би аавынхаа гэрт байж байтал аав над руу яриад “намайг хүн зодчихлоо, хөл гэмтчих шиг боллоо, хөдөлж чадахгүй байна. ......... хажууд хүрээд ирээч” гэхээр нь би утсаараа 103 руу залгаж түргэн дуудсан. Надтай зэрэгцээд түргэний машин аав дээр ирсэн. Түргэний эмч аавын даралтыг үзээд “маш өндөр даралттай байна” гээд тариа хийж өгөөд “хөлөө хөдөлгөж болохгүй шууд Гэмтлийн эмнэлэг яв, замдаа цагдаад бүртгүүлээрэй” гэж хэлсний дагуу аавыгаа би аваад Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаад байцаалт өгсөн. Манай аав хөлийн өвдөгнийхөө үеийг солиулах хагалгаанд 2016.11 сард, 2017.02 сард орсон. Одоо манай аавын биеийн байдал хүнд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

5. Гэрч Ч.О- 2017.08.27-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017.06.04-ний өдрийн 16 цагийн үед би машинтайгаа Нисэхийн уулзвар дээр хүн авах гээд очерт ороод зогсож байтал миний машины урд талд Э-, Х- гуай хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Э- Х- ахыг түлхсэн чинь Х- замын налуу шороон дээр хажуу талаараа бөгсөөрөө уначихсан. Р- жолооч Х- гуай дээр очоод босгоод машин руу нь суулгасан. Х- гуай холдож чадахгүй байсан учраас би машиныг нь замаас холдуулж өгөөд явсан. Ямар шалтгаанаар цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Х- гуай цохиод түлхээд унагаачихлаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

 

6. Шинжээч Т.Н- 2017.08.04-ний өдөр мэдүүлэхдээ: “...2017.06.04-ний өдрийн Мөнгөнгүүр эмнэлгийн цээжний томографи, 2017.06.18-ны өдрийн аарцаг яс, 2 түнхний үеийн компьютер томографийн шинжилгээг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Баруун талын сүүж ясны тогооны хугарал, суудал ясны хугарал нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2 хавирганы хугарал, баруун тохойны зулгаралт нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Арагшаа бөгсөөрөө унах үед үүсэж болно. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

7. Шинжээч Т.Ч- 2017.12.04-ний өдөр мэдүүлэхдээ: “...Шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7904 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Яагаад үндэслэлтэй байсан бэ гэхээр Т.Н- эмч ГССҮТөв болон Мөнгөнгүүр эмнэлгийн дүрс оношлогооны эмчийн бичилтийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байна. Ө.Х-гийн гэмтлийн зургийг анх буруу уншсан байх ба тэр нь дүгнэлт гарахад нөлөөлсөн байна. Шинжээч эмчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7904 дугаартай дүгнэлтийн 1-д Х-гийн биед баруун талын сүүж ясны тогооны хугарал, суудал ясны хугарал, 2 хавирганы хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэжээ. Шинжээч эмчийн үзлэг хэсэгт тухайн үеийн дүрс оношлогооны эмчийн уншсанаар хавирганы гэмтлүүдийг тодорхой тусгасан байна. Шинжээч эмч 2 хавирга хугарсан гэсэн нь хохирогчийн аль талын хэд хэддүгээр хавирга хугарсанаас үл хамааран Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох боломжтой учир аль талын хэд хэддүгээр хавирга хугарсаныг үзлэг хэсэгт байгаа тул дахин бичилт хийгээгүй байна. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргахдаа ирүүлсэн материалыг судлан үзэж Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр хохирогчийн тухайн үеийн зургуудыг дахин уншуулан доорхи дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэнд: Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9 дүгээр хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн. Энэ дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл болж өөрчлөгдсөн нь анхны зураг уншилтаар Х-гийн баруун талын сүүжний тогооны ясны хугарал гэмтэл үүссэн байна гэж уншсан байх ба манай нарийн мэргэжлийн эмчийн уншилтаар уг сүүжний тогооны хугарал гэмтэл тогтоогдоогүй, аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу зөрүүгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал гэмтэл үүссэн гэж уншигдсан болно. Өмнө нь Мөнгөнгүүр эмнэлгийн цээжний тодосгогчгүй дүрс оношлогоогоор уншигдсан баруун талын 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын 8 дугаар хавирганы хугарал гэх гэмтлүүд нь тогтоогдоогүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7904 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х-гийн биед баруун талын сүүж ясны тогооны хугарал, суудал ясны хугарал, 2 хавирганы хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 42-р хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1217 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шүүх эмнэлгийн 2017.06.20-ны өдрийн 7904 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7. Дээрх аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал гэмтэл нь ясны бороо үүсэж эдгэрнэ, баруун тохойн зулгаралт нь нөхөн төлжиж сэргээгдэж эдгэрнэ. /хх-ийн 111-112-р хуудас/,

 

10. Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 67-р хуудас/,

11. Шүүгдэгч Д.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Гэрч Ө.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009.04.13-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-65-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ......... дүүргийн ...........хорооны нутаг дэвсгэрт байрлах ............хажууд байрлах “Петровис” шатахуун түгээх станцын орчимд хохирогч Ө.Х-тэй “таксины зогсоол дээр дарааллын урдуур орлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар цээж рүү нь цохиж унагаасны улмаас “...аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч Ө.Х-гийн “...2015 онд ......... дүүргийн ........... хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Замын цагдаагийн газартай хамтарсан хурлаар намайг ахлагчаар томилсон. Би очерлодог хаалт, машинуудад лого хийж өгсөн. Бид нар очероо урдах хүнээсээ асуудаг. Тухайн үед П- гэдэг хүн миний урд байсан ба надад хэлэхдээ “миний ард А-, Отгоо нар байгаа” гэсэн. Харин миний ард Р- өвгөн ирсэн. Очертоо ороод хүнээ суулгаж байхад Э- ирээд “чи очер дайрлаа” гэхээр нь “П-, А- нараас асуу, би нэг хүн аваад гарлаа” гэхэд “зөнөг дандаа ингэж байдаг, чи юу юм” гээд дайрахаар нь “ах нь 2 хөлөндөө гэмтэлтэй, битгий цохиорой” гэж хэлсэн боловч Э- миний цээж рүү цохиход нь унаж гэмтэл авсан. Босох гэхэд босч чадаагүй. Р-, О- нар ирэхээр нь “ахыгаа машинд оруулаад өг” гээд машинд суусан. О-аар машинаа холдуулсан. Түргэн тусламж ирж намайг үзээд “Гэмтлийн эмнэлэг рүү яв” гэсэн. Би Гэмтлийн эмнэлэг рүү явах гэж байхад Э- “би цочир ууртай шүү уучлаарай” гэсэн. Манай хүүхэд Э-т “чи хүн гэмтээлээ 100.000 төгрөг өг” гэхэд “мөнгө байхгүй” гэсэн. Тэгээд би Цагдаагийн 2-р хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгчихөөд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зураг авахуулахад баруун талын 2 хавирга хугарсан, зүүн талын 1 хавирга хугарсан байсан. “Энэ гэмтэл эдгэрч болно. Та уушгаа үзүүл” гээд Мөнгөнгүүр эмнэлэг рүү явуулсан. Тэнд очоод зургаа авахуулаад хэвтэх гэж байхад “хоёр хөлөндөө гэмтэлтэй, сая эмнэлгээс гарсан хүнийг манайх авахгүй, та гэртээ очиж хөдөлгөөнгүй хэвт, эм тариа бичиж өгнө” гэхээр нь гэртээ ирсэн. Маргааш нь миний бие өвдөөд дахин эмнэлэгт ирж үзүүлсэн. Би 2 сар гаран гэртээ хэвтсэн. Э-ын эхнэр надтай утсаар яриад “танд мөнгийг чинь өгье, та гомдолгүй гэсэн бичиг хийгээд өгөөч” гэхээр нь “ирж уулз” гэж хэлсэн. Сар гаран хэвтсний дараа Э- манайд ирэхээр нь “бие эрхтнээрээ, эдийн засгаараа хохирч байна, шүүхээр шийдүүлнэ” гэж хэлсэн. Би Э-аас эмчилгээний зардалд 1.397.000 төгрөг нэхэмжилж байна. “Аарцаг ясны бэртэлтийг бороолсны дараа эмчилгээ хийнэ” гэж Гэмтлийн эмнэлгийн эмч хэлсэн. Энэ эмчилгээг 1-2 сард хийдэг. Одоо бол 80%-тай бороолсон байна гэсэн. Үүнээс гарах зардлыг мөн Э-аас нэхэмжилнэ гэх мэдүүлэг

 

2. Гэрч Ж.Р-гийн “...Би Х- дээр очоод босгоод машин руу нь суулгахад “Э- намайг түлхчихлээ” гээд хөдөлж чадахгүй байсан. Би цохиж зодохыг нь хараагүй. Тэр хоёр хоорондоо очерноос болоод маргалдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

3. Гэрч Х.Б-гийн “...Аав над руу яриад “намайг хүн зодчихлоо, хөл гэмтчих шиг боллоо, хөдөлж чадахгүй байна. Нисэхийн спорт цогцолборын хажууд хүрээд ирээч” гэхээр нь би 103 руу залгаж түргэн дуудлага өгсөн. Надтай хамт түргэн тусламжийн машин ирсэн. Түргэний эмч аавын даралтыг үзээд “маш өндөр даралттай байна” гээд тариа хийж өгөөд “хөлөө хөдөлгөж болохгүй шууд Гэмтлийн яв, замдаа цагдаад бүртгүүлээрэй” гэж хэлсний дагуу аавыгаа би аваад Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаад байцаалт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

 

4. Гэрч Ч.О-ын “...Э-, Х- гуай хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Э- Х- ахыг түлхсэн чинь Х- замын налуу шороон дээр хажуу талаараа бөгсөөрөө уначихсан. Ямар шалтгаанаар цохиж зодсоныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

 

5. Шинжээч Т.Ч-ын “...Шүүх эмнэлгийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7904 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Яагаад үндэслэлтэй байсан бэ гэхээр Т.Н- эмч ГССҮТөв болон Мөнгөнгүүр эмнэлгийн уншсан дүрс оношлогооны эмчийн үзлэгээр дээрхи дүгнэлтийг гаргасан байна. Ө.Х-гийн гэмтлийн зургийг анх буруу уншсан байх ба тэр нь дүгнэлт гарахад нөлөөлсөн байна. Шинжээч эмчийн үзлэг хэсэгт тухайн үеийн дүрс оношлогооны эмчийн уншсанаар хавирганы гэмтлүүдийг тодорхой тусгасан байна. Шинжээч эмч 2 хавирга хугарсан гэсэн нь хохирогчийн аль талын хэд хэддүгээр хавирга хугарсанаас үл хамааран Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох боломжтой учир аль талын хэд хэддүгээр хавирга хугарсаныг үзлэг хэсэгт байгаа тул дахин бичилт хийгээгүй байна. Ингээд дүгнэлт болон ирүүлсэн материалыг судлан үзэж Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр хохирогчийн тухайн үеийн зургуудыг дахин уншуулан доорхи дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийн 5-д Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9 дүгээр хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэсэн. Өмнө нь Мөнгөнгүүр эмнэлгийн цээжний тодосгогчгүй дүрс оношлогоогоор уншигдсан баруун талын 10 дугаар хавирганы далд хугарал, зүүн талын 8 дугаар хавирганы хугарал гэх гэмтлүүд нь тогтоогдоогүй болно...гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1217 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шүүх эмнэлгийн 2017.06.20-ны өдрийн 7904 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна.

2. Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Ө.Х-гийн биед аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7. Дээрх аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал гэмтэл нь ясны бороо үүсэж эдгэрнэ, баруун тохойн зулгаралт нь нөхөн төлжиж сэргээгдэж эдгэрнэ. /хх-ийн 111-112-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч “...Д.Э- нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлзэв.

Харин хохирогчоос “...Шүүгдэгч Д.Э-ын олон хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналаас ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

            Шүүгдэгч Д.Э- “...хохирогч Ө.Х-г зодоогүй тул санаатай үйлдээгүй” гэж  мэдүүлж байгаа боловч тэрээр хохирогчийн цээж рүү цохиж унагаасны улмаас биед гэмтэл учруулах, эрүүл мэндийг нь хохироож болохыг ухамсарлаж, мэдэх бололцоотой байтал зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байна.

 

          Иймд шүүгдэгч Д.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Э- нь 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ........ дүүргийн ........... хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. хажууд байрлах “Петровис” шатахуун түгээх станцын орчимд хохирогч Ө.Х-тэй “таксины зогсоол дээр дарааллын урдуур орлоо” гэх шалтгаанаар маргалдан улмаар цээжний баруун талын хавирга тус газар нь цохиж унагаасны улмаас “...аарцаг ясанд баруун талын суудал ясны дээд салаанд ташуу, зөрөөгүй хугарал, дээд салааны урд ирмэгт жижиг сэлтэрсэн хугарал, баруун талын 9-р хавирганы зөрөөгүй ташуу хугарал, баруун тохойд зулгаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ө.Х-, гэрч Ж.Р-, Х.Б-, Ч.О-, шинжээч Т.Ч- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №1217 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг нь харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн талаар:       

Хохирогч Ө.Х- нь эмчилгээний зардалд шүүгдэгч Д.Э-аас 1.397.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад нийт 1.432.550 төгрөгийн баримт /хх-ийн 69-72, 127-128-р хуудас/ авагджээ.

Гэвч дээрх баримтуудаас хавтаст хэргийн 72-р хуудсанд авагдсан /2017.06.02, 2017.06.03-ны өдөр/ шатахууны үнэ 40.000 төгрөгийн баримт нь гэмт хэрэг гарахаас өмнөх зардлын баримт байх тул хасч тооцох нь зүйтэй байна. Иймд хохирогч Ө.Х-гийн нотлох баримтаар ирүүлсэн 1.432.550 төгрөгөөс 40.000 төгрөгийн баримтыг хасч, шүүгдэгч Д.Э-аас 1.392.550 төгрөг гаргуулж хохирогч Ө.Х-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ө.Х- нь гэмт хэргийн улмаас бие махбодид учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.