Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ДШМ/147

 

 

  2023           02              01                                       2023/ДШМ/147

                                                          С.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/2850 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэл зэргийг үндэслэн эрүүгийн 2209024331902 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

0,

Шүүгдэгч С.Н нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн орчимд автобусаар зорчиж байхдаа Ц.А-тай хөгшин настай хүнд суудал тавьж өгсөнгүй хэмээн маргалдаж, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  “ ...  шүүгдэгч С.Н-г прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн эөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. ... Прокуророос шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “ ... заасан хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана. ...” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Төгөлдөр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... шүүгдэгч С.Н нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчтой эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан, түүнд учирсан хохирлыг нөхөн төлж, прокурорт хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөлүүд хангагдсан гэж дүгнэн, хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн шүүх хялбаршуулах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн прокурорт буцаах хуулийн зохицуулалт баримталсан байна. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ , эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж зааснаас үзвэл прокуророос яллагдагчтай ялаас чөлөөлөх саналыг тохиролцож, ялаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргахаар зохицуулсан байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөвхөн шүүх хэрэглэнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдолдоо: “... С.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн гэм буруугийн байдлыг хүлээн зөвшөөрч, сайн дураараа хохирогч С.А-тай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, хохирлыг төлж, хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокурор, улсын яллагч хүлээн авч хянаад шүүгдэгчийн гаргасан санал, хэргийн нөхцөл байдал болон гэм буруугийн байдал, хохирогчийн гаргасан хүсэлт зэргийг харгалзан хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол гаргасан ба гэм буруугийн байдлыг Эрүүгийн хэргийн тусгайн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулан, оногдох ялаас чөлөөлүүлэх ялын саналаар тохиролцсон юм. Тухайн хэрэг болон ялын саналын талаар яллагдагчийн санал хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн гарын үсгийг зуруулсан. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэн шүүх хурлаар хэргийг хэлэлцсэн бөгөөд хурлын хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н өөрийн гэм буруутайд маргаагүй, хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсээр байхад шүүхээс прокурорт хэргийг буцаахаар шийдвэрлэснийг хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэлгүйгээр нотлох баримт, хэргийн оролцогчийн санал хүсэлт, мэдүүлгийг буруу үнэлж буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...  шүүгдэгч С.Нг прокурорын яллах дүгнэлтэд дурдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн эөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. ... Прокуророос шүүгдэгч С.Н-г ялаас чөлөөлөх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж хуульчилсан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журамыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана:”, 4.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;”, 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх; 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;”, 4.6-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.”, 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч С.Н нь хохирогч Ц.А-тай эвлэрч, хохирол төлбөрийг төлсөн талаарх эвлэрлийн гэрээ /хх 64-65/ авагдсан байх боловч шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “бид хоёр харилцан зодолдсон, би энэ асуудлаас салъя гэж бодоод хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй.

Тодруулбал, хохирогч Ц.А, шүүгдэгч С.Н нар нь хэлбэрийн хувьд эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн мэт боловч агуулгын хувьд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь дээрх хуульд заасан журмыг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал нөлөөтэй тул шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүх “прокуророос шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг ялаас чөлөөлөх санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам баримтлан явуулдаг бөгөөд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хэр хэмжээний дотор ялаас чөлөөлөх саналыг шүүхэд гаргасан нь эрүүгийн хариуцлагаас шууд чөлөөлсөн асуудал биш бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ...” гэсэн шүүхийн эрх хэмжээнд прокуророос халдсан хэмээн үзэх үндэслэлгүй тул энэ талаарх гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/2850 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН