Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 633

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Б.Нямжав,                            

улсын яллагч О.Багшбаяр,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э.О, О.А нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725010979 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.О, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 5-93 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.А, 1995 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 23Б-7-28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э.О, О.А нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сутай” дээд сургуулийн үүдэнд хохирогч Г.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, 230.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирлыг нөхөн төлсөн, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

 

 Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хохирлыг нөхөн төлсөн, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ”...2017 оны 3 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд 2 залуу миний хажууд ирсэн. Тэгээд ирэнгүүтээ намайг сууж байхад “утсаар чинь ярьчихая” гэсэн тэгэхээр нь “надад нэгж байхгүй” гэж хэлтэл нэг залуу нь хоёр гарнаас бариад өвдгөн дээр суусан. Нөгөө залуу нь миний ард гараад баруун гараараа хоолой боосон. Тэгээд хэсэг хугацааны дараа би ухаан алдчихсан. Тэгээд толгой эргээд босоод иртэл 100 гаран метрийн зайд гүйж байсан. Би араас нь хөөж байтал жуковын автобусны хойд автобусны буудал дээр миний утсыг над руу “п…а минь наадхаа ав” гээд шидээд таксинд суугаад зугтсан...” гэсэн мэдүүлэг. /хх-11/,

Гэрч Б.Марал-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр тус хэлтсийн эргүүлийн офицер Адъяатөмөрийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд явган эргүүлийн үүргийн 21 цагаас 1 цагийн хооронд гүйцэтгэсэн. Тухайн өдөр 23 цаг 30 минутын үед нэг залуу урдуур гүйгээд өнгөрсөн. Тэгээд хохирогч гэх залуу “ахаа наад залуу чинь намайг боож унагаагаад утас аваад зугтчихлаа” гэж орилсон. Тэгээд хойноос нь ганцаараа хөөгөөд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунел өгсөх замд очиж барьж авсан…” гэсэн мэдүүлэг. /хх-42/,

Гэрч Б.Адъяатөмөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудамжинд Цагдаагийн дэд ахлагч Марал-Эрдэнийн хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын үед иргэн Г.Бат-Эрдэнэ “намайг боож унагаагаад, утас аваад зугтчихлаа” гэж ирсэн. Тэгэхээр нь би зугтсан хүн нь хаана байна гэж асуухад тэр зугтаж байна гээд гүйж байгаа залууг заахад араас нь хөөж байгаад барьж авахад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 23Б-28 тоотод түр оршин суудаг РД:ЕЙ95120915 бичиг баримттай Отгонбаярын Ариунбат гэдэг хүн байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-15/,

Яллагдагч Э.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тэр залуу дээр очтол цагаан өнгийн утас барьчихсан пиво уугаад сууж байсан. Тэгээд очингуутаа Аринбат ард талаас нь барьчихсан, би гараас нь татаж байгаад баруун гар талд нь барьчихсан байсан утсыг нь авсан. Тэгээд гүйж байтал араас нөгөө залуу хөөж байсан. Хөөгдөөд байхаар нь би авсан утсаа жуковын хөшөөний ойролцоо өөр рүү нь зүглүүлээд шидчихээд такси бариад зугтсан...” гэсэн мэдүүлэг. /хх-57/ь

Яллагдагч О.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...хохирогч залуу дээр очоод “утсаараа нэг яриулчих” гэтэл надад нэгж байхгүй байна гэхээр нь яасан сүртэй юм бэ гээд би араас нь хоолойг нь боосон. Тэгээд зүүн гарыг нь өөрийнхөө зүүн гараар татаад би өөрийнхөө баруун гараар хоолойг нь боож татсан. Тэгээд Оюунболдыг зугтаая гээд түлхээд гүйсэн. Хохирогч араас хөөсөн. Тэгээд гүйж байхад утсыг нь шидээд буцааж өгсөн. Бид 2 такси бариад Сансарын цагдаагийн хэсгийн ойролцоо зогсоод таксинаас буугаад Цагдаад би түрүүлж баригдсан...” гэсэн мэдүүлэг. /хх-73/ь

Хохирогч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-10/, гэрч Э.Насанжаргалын мэдүүлэг /хх-22/, гэрч Н.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, “Сити” их сургуулийн тодорхойлолт /хх-86/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-75, 84/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-94/, хохирогч Г.Бат-Эрдэний хүсэлт /хх-105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.О, О.А нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 26-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сутай” дээд сургуулийн үүдэнд хохирогч Г.Бат-Эрдэнийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, 230.000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.О, О.А нарыг  бүлэглэн хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О, О.А нар нь хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялаас доогуур ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Э.О, О.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.О, О.А нарыг түс бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О, О.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О, О.А нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
  5. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.О, О.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР