Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/161

 

 

 

 

 

2023         02            07                                             2023/ДШМ/161

 

     Д.М, Д.Б нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энх-Эрдэнэ,

хохирогч “Э б э м” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К А К, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, орчуулагч П.Мөнгөнтуяа,

шүүгдэгч Д.М, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баттөмөр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Э б э м” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К А К, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1802003940151 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С....... овгийн Д-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...................... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ................. мэргэжилтэй, “Э Б Ж М” .................. ажилтай, ам бүл .., ..............ийн хамт ............. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, /РД:........................./;

 Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. Б.................. овгийн Д-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......................... төрсөн, .. настай, э..эгтэй, ............... боловсролтой, ................... мэргэжилтэй, “Э Б Ж М” ХХК-ийн .................. ажилтай, ам бүл .., ................ хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Шүүгдэгч Д.М нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Э б э м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б С /K B S/-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

мөн Д.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “Э б э м” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Э Б Ж М” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

 “Э Б Ж М” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э б э м” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах" гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан,

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Д.М-ын ““Э б э м” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.М-тай санаатай нэгдэж бүлэглэн “Э Б Ж М” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

“Э Б Ж М” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э б э м” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

 Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.М-д оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.М-ын цагдан хоригдсон 21 хоногийн эдлэх ялаас нь хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 11.685.000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас нь 758.837.854 төгрөг гаргуулж, хохирогч “Э б э м” ХХК-нд олгож, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1251 дугаар прокурорын зөвшөөрлөөр 6227694 регистрийн дугаартай “Э Б Ж М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205054885 бүртгэлийн дугаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 86 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 6227694 регистрийн дугаартай “Э Б Ж М” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд бүхэлд нь хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч “Э б э м” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К А К давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмнэлгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж байсан “Э б э м” ХХК нь мөрөөдлөөсөө татгалзах хэрэгтэй юу?

Хүн төрөлхтөн аюулгүй байдал, эрүүл мэндэд зориулсан технологийг тогтвортой хөгжүүлсээр ирсэн. Эмнэлгийн технологи, тоног төхөөрөмжийн технологи, систем, урьдчилан сэргийлэх үзлэгээр хөгжсөн эрүүл мэндийн технологи нь хүний насыг уртасгаж, эрүүл аж төрөх, өвчнөөс ангид байх боломжийг нэмэгдүүлсээр ирсэн.

Монгол Улс уур амьсгал, орчин тойрноосоо шалтгаалаад анагаах ухааны дэвшилтэт технологийг ашиглах боломж хязгаарлагдмал, ялангуяа гэмтлийн тасгийн хувьд асуудал тэр тусмаа мэс засал болон мэс заслын дараах эмчилгээ нь хүндрэлтэй байгаа үед Монгол Улсын өвчтөнгүүдийг анагаах ухааны дэвшилтэт технологиор эмчилж, эмнэлгийн боловсон хүчнийг сургаж, өвчин эмгэгийг судлахад гадуурхах үл хүндэтгэх байдал гаргахгүй байх нь “Э б э м” ХХК-ийн мөрөөдөл байсан.

Солонгос Улсын засгийн газар, парламентад анхаарал хандуулж буй Солонгос Улсын “Хьюндай” эмнэлгийн захирал К Б С-ын мөрөөдөл болсон “Э б э м” ХХК нь гадаад улсад хөрөнгө оруулсан нь буруу шийдвэр болж хойшид тусламж болон сайн санааны зорилготой хөрөнгө оруулалтууд Монгол Улсад орж ирэхгүй байх, энэ нь муу үлгэр жишээ болж байна. Байгууллагын дотоод удирдлагыг хариуцуулж, тусламж авахаар сонгосон хамтрагчийн буруу шуналаас болж аврагдах ёстой байсан өвчтөнүүдээ аварч чадахгүй, хөгжлийн бэрхшээлтэй эрүүл байх ёстой өвчтөнүүдэд эмнэлгийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг хаасан билээ.

2. Монгол Улс хувийн өмчийн тогтолцоотой, Зөрчил гаргасан тохиолдолд бүрэн тусламж авах системээр хангагдсан уу?

Тус эмнэлгийг байгуулахад хоёр шүүгдэгч нь өчүүхэн хувь нэмэр оруулсан. Нөгөөтэйгүүр, Солонгосоос тоног төхөөрөмж ирж, эмнэлгийн нэг удаагийн хэрэглээний материалууд бас орж ирсэн бөгөөд, эмнэлгийн дотоод засал зэрэг үйл ажиллагааны санхүүжилтийн мөнгийг хүртэл Монгол Улс руу илгээж, эмнэлгийн дэвшилтэт боловсон хүчин болон эмнэлгийн үйл ажиллагааны системийг хүртэл нэмж явуулсан байдаг. Мөн монгол эмч нарын чадварыг дээшлүүлэн сургахын тулд Солонгосын эмнэлгүүдэд ажиллах сурах боломж олгодог байсан.

Бодит хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч нь хийсэн байдаг бөгөөд албан шаардлагыг мөн “И” ХХК-иар дамжуулан хийсэн байдаг. “Э б э м” ХХК-ийн эзэмшил нь тодорхой бөгөөд хувийн өмчийг хамгаалах ёстой байна. Харин тухайн хүн өмчлөгч нь ч биш, төлөөлөгч биш, эрх үүрэггүй хүмүүсээс болж зөвшөөрөлгүйгээр эзлэгдсэн тохиолдолд Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага эрхийг нь нөхөн сэргээхэд туслалцаа үзүүлэх ёстой. Тийм учраас бидний зүгээс албан ёсны логик биш, бодитой оноосон зөв тусламж хүсч байна.

3. Тодорхой нотлох баримт авалгүй, дутуу мэдүүлгээр шүүх хуралдааныг зарчмын хувьд үл тоомсорлосон гэж үзэж байна,

Хууль бусаар шамшигдуулсан, хулгайлсан эд зүйлээ нуун дарагдуулах зорилгоор хэд хэдэн заль мэх хийсэн нь нотлох баримтуудаар тодорхой харагдаж байгаа ч хууль, шүүхийн шийдвэр нь хууль болон хүн чанарыг үл ойшоон санаатай худал хуурмагийг баталсан. Хулгайлсан эд зүйлээ бусад эмнэлгээс зөвшөөрөл авч, эмнэлгийн өмчид нэгтгэж, тухайн эд хөрөнгөөрөө үйл ажиллагаа явуулж ашиг олон, олсон ашгаараа хуульчдыг ажиллуулж, шүүх хуралдаанд хууль бус үйлдлүүдийг нуун дарагдуулах зорилгоор ашиглаж байна.

Шүүх хурал болохоос өмнө К Б С-ийг яллагдагчаар татсанаар “Э б э м” ХХК-ийн өмчлөлийг авахыг оролдсон нь тухайн хүний хууль бус гэдгийг мэдэж байсан бөгөөд өөр компани үүсгэсэн үйлдэл нь өөрөө хулгайлсан эд хөрөнгийг нуун дарагдуулах зорилготой байсан.

Шүүх дээр ийм санаа зорилго байгаагүй гэсэн мэдүүлэг нь мэдэхгүй гэх баталгаа болохгүй бөгөөд прокурорын зүгээс К Б С-ийг яллахгүй байх шийдвэр гаргаж байх үед өмчийн эсрэг гэмт хэрэг болгож урагшлуулах ёстой байсан. Ижил нөхцөл байдалтай тулгарсан хоёр шүүгдэгчийн мэдүүлгийг яадаж санаатайгаар үйлсэн гэж үзэх хэрэгтэй.

Хулгайлсан эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, шамшигдуулах, хууль бусаар бусдад шилжүүлэх, хулгайлсан эд хөрөнгийг шууд болон шууд бусаар завших, барьцаалан зээлдүүлэх, зөвшөөрөлгүй ашиглах замаар ашиг олох зэрэг нь гэмт хэргийн талаар мэдээгүй байж болох ч мэдээгүй байж гэм бурууг нь цагаатгаж болохгүй юм.

4. Ял шийтгэл оногдуулаагүйд харамсаж байна,

Эрүүгийн гэмт хэргийг шийтгэж байж хуулиа дээдэлж сахина. Засч залруулах тал дээр илүү анхаарал хандуулж ял оноох нь шийтгэх замаар өөрийгөө эргэцүүлэн бодох засрах ухаарах явдал юм. Гэмт хэрэгтэн зугтах нь хэцүү. Хууль дээдлэх төрийн чиг үүрэг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг аврах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох явдал юм. Гэмт хэрэгтэн нь мултран гарах гарцгүй юм. Хууль дээдлэх төрийн чиг үүрэг нь зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хангах, гэмт хэрэгтнүүдийг шийтгэх замаар нийгмийн хэм хэмжээг тогтоох явдал юм.

Халдлагад өртсөн хөрөнгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байсан үеийн нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой бөгөөд тухайн үеийн мэргэжилтнүүдийн гаргасан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гэж дүгнэсэн нь стандартад нийцэж байна. Үүнд нэг удаагийн эмнэлгийн хэрэгслийн импортын материалыг санхүүгийн тайланд тусгасан ба үүнээс гадна шүүгдэгчийн ар гэрийнхэн бэлтгэсэн байдаг.

Мөн бага хэмжээний мөнгө завшсан ч хорих ял оногдуулдаг ба 3 тэрбум төгрөгийн зөрчилд зөвхөн торгууль оногдуулаж байгаа нь гэмт хэргийг өөгшүүлсэн шийдвэр гэж харж байна. Өндөр боловсролтой, нийгэмд байр суурьтай хүмүүс ёс суртахууны өндөр хэм хэмжээтэй бөгөөд илүү сайн боломж, эрх мэдэл нь илүү том байдагт билээ. Тухайн хүний нийгэмд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үзэж, эсвэл хүнд хэцүү шүүх хуралд бүрэн оролцсон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж торгууль оногдуулсан нь шүүхийн шийдвэр биш гэсэн асуулт байна.

5. Эрхийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ дутмаг байна,

Шүүгдэгч нь хувийн мөнгө, эд хөрөнгө түрээслэх асуудлаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулсан, бэлэглэсэн, нуун дарагдуулсан гэх үндэслэлээр нэрлэсэн эд хөрөнгө байхгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр нь хохирлыг арилгах бодит төлөвлөгөөг үгүйсгэж байна. Энэ нь шүүгдэгчид оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг хулгайлсан эд зүйл, түүний дайвар бүтээгдэхүүн болох эмнэлгийн битүүмжлэлийг цуцалсны үр дүн юм.

6. Энэ хэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувийн шинж чанарын сул талыг далимдуулан хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн хэрнээ тухайн хөрөнгөө өмчлөх эрхгүй, компанийн төлөөлөгчийн хувьд бүрэн эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд барьцаа хөрөнгийг шууд ашиглах, шууд бусаар хангах замаар мөнгө угаах замаар ашиг олсон байдал,

Эрхээ нөхөн сэргээх шүүх хурал нь хувийн өмчийг хамгаалах, нотлох баримтад тулгуурласан шүүх хуралдааны зарчим, хууль дээдлэх зарчим, ялын хувь тэнцүүлэх зарчмыг зөрчсөн тул Үндсэн хууль, Эрүүгийн хуульд нийцэхгүй, эргэлзэж байгаа тул давж заалах гомдол гаргаж байна. ...” гэв.

Хохирогч “Э Б Ж М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К А К-ийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад “...Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.М, Д.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Мөнгө угаах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж гомдолтой байна.

Учир нь, анхан шатны шүүх уг шийдвэрийг гаргахдаа болсон үйл баримтыг нотолсон хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж үнэлээгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчин, шүүгдэгч нарын өгсөн өөр бусад баримтаар худал болох нь тогтоогдож байгаа мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэж хэргийг шийдвэрлэжээ гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан үндэслэлээ шийтгэх тогтоолын 2 дахь талд “...шүүгдэгч Д.Б-ын хувьд “Э б э м” ХХК-нд бүртгэлтэй байсан хөрөнгүүдийг хууль бусаар Д.М ашиглаж завшиж байсан гэдгийг мэдээгүй “Э б э м” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байснаас бус 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан...” гэж бичжээ.

Аливаа гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг нь ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийнхээ төлөө л хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг бөгөөд Д.Б-ын хувьд түүний идэвхитэй үйлдлээр хуулийн дээрх шаардлага хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм.

Тухайлбал, Д.Б нь “Э б э м” ХХК-ийн харъяа “Монгол Хуйндай” эмнэлгийг байгуулагдсан цагаас эхлэн тус эмнэлгийн даргын албан тушаалд ажиллаж байсан, ажил үүргийн хувьд энэ эмнэлэг дээр болсон бүхий л асуудлыг мэдэж байсан төдийгүй зарим маргаантай асуудалд хамтран оролцож байсан байдаг.

Шүүхийн шийтгэх тогтоолд “...Д.Б-ыг “Э б э м” ХХК-ийн өмчлөлийн асуудал маргаантай байсныг мэдэж байсан...” гэж дүгнэсэн атлаа, түүний “Э б э м” ХХК-ийн өмчлөлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг өөрийн “Э Б Ж М” ХХК-ийн өмчлөлийнх хэмээн худал баримт бүрдүүлэн, Эрүүл мэндийн яаманд хүсэлт гарган өөрийн 50 хувийн өмчлөл бүхий компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл гаргуулан авч, “Э б э м” ХХК-ийн харъяа “Монгол Хуйндай” эмнэлгийг “Э б э м” болгон өөрчилж, мөнгө угаасан маш тодорхой үйлдэлд шүүх огт дүгнэлт хийж үзээгүй нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

Шүүгдэгч Д.М нь “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж, тэднийг эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцуулалгүй, өөрийн хууль бус өмчлөл, ашиглалтад байлгах хугацаандаа хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар БНСУ-ын иргэн К Б С-ын хамаарал бүхий “И” ХХК-ийн эзэмшлийн “М Х” эмнэлгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгуулж, Д.Б нарын нэр дээр буюу “Э Б Ж” ХХК-ийн нэр дээр хууль бусаар эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гаргуулан авсан байдаг.

Тодруулбал: Эрүүл мэндийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/482 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Д.М-ын хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Э Б Ж” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, үүнээс 1 сарын дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/527 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар манай “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх хууль бус аргаар Д.М, Д.Б нар БНСУ-ын иргэн К Б С-ын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлгийн байрны гадна хаягийг “Э Б Ж” болгон өөрчилснөөс өөр зүйл хийлгүйгээр өөрийн гэсэн бүхэл бүтэн эмнэлэгтэй болсон байхад Д.Б, Д.М нарыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн ямар ч боломж байхгүй нь хэнд ч ойлгомжтой юм.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.М-ын завшсан болох нь тогтоогдсон “Э б э м” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203.26 төгрөгийн эмнэлэгийн тоног төхөөрөмжүүдийг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан хөрөнгийг Д.Б болон Д.М-ын хүүгийн эзэмшлийн компанийн нэр дээр “Э Б Ж” нэртэй эмнэлэг байгуулахад ашигласан, уг эмнэлгийн нэр дээр тухайн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг одоог хүртэл өөрсдийн хууль бус эзэмшилд байлган, одоог хүртэл ашиг орлого олж байгаа, хууль бус эх үүсвэрээ нуун далдлах зорилгоор “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлгийн нэрийг “Э Б Ж” болгон өөрчилсөн /“Э Б Ж” эмнэлэгийн нэрнээс бусад зүйл нь ажилчид нь хүртэл “М Х” эмнэлгийнх байдаг/, шилжүүлсэн зэрэг үйлдлээр өнөөдрийг хүртэл Мөнгө угаах гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэж байгаа гэж хохирогч байгуулагын хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Ийм учраас Д.М, Д.Б нар “Мөнгө угаах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг бүрэн хангасан үйлдлийг санаатайгаар, өөрсдийн идэвхитэй үйлдлээр хийж хэрэгжүүлсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх тэдний үйлдсэн “Мөнгө угаах” гэмт хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2. Анхан шатны шүүх Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанарт огт тохирохгүй, хэт хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгч Д.М-д торгох ял шийтгэх нь тохиромжтой гэж үзсэн үндэслэлийн талаар шийтгэх тогтоолын 23 дахь талд “...“Э б э м” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа талаар хэргийн оролцогчид мэдүүлдэг, энэ асуудлууд энэ шүүх хуралдаанаар бүрэн шийдвэрлэгдэх боломжгүй талаар хохирогчийн өмгөөлөгч мэдүүлж байгаа, шүүгдэгч нь эмч мэргэжилтэй энэ мэргэжилээрээ олон жил ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж...” гэсэн ойлгомжгүй, арга ядсан шинжтэй, ямар ч аргаар хамаагүй, хуулийн илтэд тодорхой заалтыг зөрчөөд ч болов Д.М-д хорих ял оногдуулж болохгүй гэсэн үүрэг хүлээсэн шинжтэй нөхцөл байдалд байсан болох нь илэрхий мэдрэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар бүлэгт тодорхойлсон Эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг ноцтой зөрчсөн шүүхийн дүгнэлт гэж хэлэхэд хэцүү зүйл бичжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч мэдүүлэг өгнө, түүнийг нь нотлох баримтаар тооцно гэсэн хуулийн зохицуулалт огт байдаггүй бөгөөд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч миний хувьд шийтгэх тогтоолд шүүгчийн бичсэн шиг “...“Э б э м” ХХК-тай өмчлөлийн маргаан бүхий асуудлууд байгаа, үүнийг нь Мад ял шийтгэхдээ анхаарч үзээч, торгож өгөөч...” гэсэн агуулга бүхий тайлбар, дүгнэлт шүүхэд огт гаргаж байгаагүй болно.

Шүүгдэгч нь “...эмч мэргэжилтэй энэ мэргэжилээрээ олон жил ажиллаж байгаа бол...” түүнийг нь харгалзан үзэж, илтэд хөнгөн ял шийтгэх ёстой гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд огт тусгагдаагүй байна.

Өнөөгийн Монгол Улсын шүүхийн практик, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах талаар гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол шийдвэрт гэмт хэргийн улмаас учруулсан их хэмжээний хохирлоо нөхөн төлөөгүй, ядаж төлөхөө илэрхийлээгүй, гэмт хэргийн хор уршиг нь арилаагүй тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлэх тэр тусмаа торгох ял оногдуулах үндэслэл байхгүй талаар тодорхой заасан байдаг.

Д.М анхан шатны шүүхээс тогтоосон 758.837.854 төгрөгийн бодит хохирлыг огт төлөөгүй, төлөхөө илэрхийлээчгүй байх төдийгүй шүүхээс оногдуулсан хохирол төлөх, торгуулын ялыг биелүүлэх боломжтой гэж үзэх баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй байсан түүнд торгох ял оногдуулах огт боломжгүй байжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 758.837.854 төгрөгийн их хэмжээний бодит хохирол учирсан төдийгүй Д.М, Д.Б нар нь гадаадын хөрөнгө оруулагч болох нарийн мэргэжлийн эмч БНСУ-ын иргэн К Б С-ыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжийг хааж, түүний хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлгийн нэрийг “Э Б Ж” болгон өөрчлөхөөс өөр зүйл хийлгүйгээр булаан авсан үйлдлээрээ Монгол Улсын иргэд, тухайн эмнэлгээр эмчлүүлж, үйлчлүүлж байсан өвчтнүүдийн эрхийг ноцтой зөрчсөн хор уршгийг учруулсан болохыг мөн анхаарч үзнэ үү.

Хамгийн ноцтой нь Д.М, Д.Б нар одоо үйл ажиллагаа явуулж байгаа өөрсдийн эзэмшлийн “Э Б Ж” эмнэлгийг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “М Х” эмнэлэг мөн гэсэн ойлголт, сурталчигааг иргэд, өвчтөнүүдэд төрүүлэх замаар төөрөгдөлд оруулан, хууран мэхэлсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.М “Э б э м” ХХК-ийн эзэмшлийн 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн эмнэлэгийн тоног техөөрөмжүүдийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон атлаа 758.837.854 төгрөгийн бодит хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэж өөрчилсөнд гомдолтой байна.

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолын 18 дугаар талд шүүхээс хэргийн хохирлыг тодорхойлохдоо “...тоног төхөөрөмжүүдийн элэгдэл, хорогдолыг хасаад 758.837.854 төгрөгийн үнэлгээг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд хэргийн оролцогчид бүгд энэхүү шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 758.837.854 төгрөгөөр тогтоогдож байна. ...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь, Эрүүгийн 201726021339 дугаар хэрэгт хийгдсэн “СМД аудит” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэн, Ц.Оюунтуул, Ц.Энхмаа нарын хийсэн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаар дүгнэлтүүд нь бүхэлдээ манай үйлчлүүлэгч, хохирогч “Э б э м” ХХК-ийн харъяа “М Х” эмнэлгийг Д.М, Д.Б нарт алдагдах цаг үед холбогдуулж компанийн хөрөнгө санхүүгийн байдалд санхүүгийн анхан шатны баримтууд дээр тулгуурлаж хийгдсэн дүгнэлт ба энэ нь шүүгдэгч Д.М болон Д.Б нарт огт хамааралгүй болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар манай үйлчлүүлэгч “Э б э м” ХХК-ийн харъяа “Монгол Хюндай” эмнэлэгийн нэрийг өөрчлөх замаар хууль бусаар бүхэлд нь шилжүүлэн авч ноцтой хохироосон үйлдэлд нь эрүүгийн хариуцлага тооцуулах тухай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж, нотлох баримт цуглуулах явцад Д.М болон Д.Б нар нь тус эмнэлэгт хувийн журмаар оруулсан хөрөнгө гэж огт байхгүй болох нь нотлогдож байгааг шүүх анхаарч үзэлгүйгээр тус шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч “Э б э м” ХХК-ийн эсрэг буюу Д.М, Д.Б нарт ашигтайгаар тайлбарлаж, хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж шийдвэрлэсэн нь шудрага бус ба хуульд нийцэхгүй байна.

Иймд дээрх үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Д.М, Д.Б нарт холбогдох хэрэгт Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож шийдвэрлэсэнийг хэдийгээр Д.М-ын “Хөрөнгө завших" гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байсан ч гэм буруугийн болон ял оногдуулсан хэсэгт гаргасан шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байна.

Харин шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт заалтад шүүгдэгч Д.М-аас 758.837.854 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс хохирлын хэмжээг багасгаж оруулж ирсэн. Гэрчээр оролцсон “Э Б Э М” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Батчимэг тус компанийн дансанд байсан 70.000.000 төгрөгийг Голомт банкны харилцах данснаас гаргуулж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд ороогүй мөнгө болох 269.961.856 төгрөгийг хохирогч К Б С-ын дансанд шилжүүлсэн баримт, 3.942.000 төгрөгийн сандал зэрэг нийт 343.903.856 төгрөгийн нийт хохиролд тооцсон 758.837.854 төгрөгөөс хасаж тооцож, 414.933.998 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан хохирлоос хасуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм байдалд хүрнэ гэж өнөөдрийг хүртэл бодож яваагүй. Яагаад гэхээр энэ хүмүүсийн яриад байгаа шиг зүйл үнэндээ болоогүй. Солонгос Улсын иргэн К Б С бид хоёрын дунд байгууллагдсан хамтын гэрээний дагуу 3.000.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг 5 жилийн хугацаатай, сар болгон 50.000.000 төгрөг үйл ажиллагааны орлогоос өгнө гэсэн гэрээ байгуулаад үйл ажиллагаа эхэлж явсан. Анхнаасаа миний компани гэж яриад байгаа. Үгүй, 2013 онд би өөрийнхөө нэр дээр энэ компанийг үүсгэн байгуулсан. Тодорхой хөрөнгө оруулалт тухайн үед зайлшгүй шаардлагатай байсан ба эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад хэрэгтэй тоног төхөөрөмж буюу эмнэлгийн хэрэгсэл байсан. Яригдаад байгаа 3.000.000.000 төгрөгөөс гэрээнийхээ дагуу сар болгон 50.000.000 төгрөг өгч явсаар 2.200.000.000 орчим төгрөгийг өгсөн. Миний зүгээс үлдсэн хөрөнгө ямар хэлбэрээр байна, тэрийг өгөх нь үнэн, тэр хүн авах нь үнэн. Анх гэрээ байгуулж авсан 3.000.000.000 төгрөгийн зөрүүний тоног төхөөрөмжийг хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч Д.М-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа тус хуульд зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, энэхүү ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдохгүй байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан ял эрүүгийн хариуцлагад шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээнд нийцсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар сонгох санкцтай, 2 төрлийн ялаас сонгож оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал байсан. Эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхээс торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Хохирогч нарын гаргасан гомдолтой холбогдуулаад дараах тайлбарыг хэлье. Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн, хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлтэй байна. Учир нь, Д.Б нь К Б С болон Д.М нарын хооронд үүсээд байгаа маргаантай холбоотойгоор тухайн эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдэх боломжгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь, энэхүү гэмт хэрэг нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Д.М-ыг ажлаас  чөлөөлж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийг авснаар энэ гэмт хэрэг төгссөн гэж шүүх үзэж завшсан гэмт хэрэг энэ хугацаанд үйлдэгджээ. Завших гэмт хэргээс олсон эд хөрөнгийг өөрөө ашиглаж байгаа нь цаашдаа мөнгө угаах гэмт хэрэг биш байна гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэж байна. Хохиролтой холбоотой асуудлаар дараах тайлбар дүгнэлтийг хэлье. Энэ хэрэгт Д.М-ын гаргасан гомдлын дагуу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт зааснаар 201726021339 дугаар хэргийг нээж, энэ хэрэгт “ММД” аудит болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2 дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтээс анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 208 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг. 2014 оноос 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийтдээ 3.004.896.203 төгрөгийн хөрөнгө оруулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материал буюу эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгдсэн байна. Гэхдээ 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тоног төхөөрөмжийн хувьд 758.837.854 төгрөгийн тоног төхөөрөмж завших гэмт хэрэг үйлдэх үед хуулийн этгээдэд байсан учраас энэхүү эд хөрөнгийг завшсан гэж үзэж хохирлыг тогтоосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч Д.М-ыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 86 тоотод эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан “Э б э м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “И” ХХК-ийн захирал Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К Б С /K B S/-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа итгэмжлэн хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгө болох 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

мөн Д.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж “Э б э м” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж “Э Б Ж М” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан,

 “Э Б Ж М” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаагаар гаргуулан авч, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор “Э б э м” ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглан Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 4.930.000.000 төгрөгийн зээлийн барьцаалбарт шилжүүлэн “Мөнгө угаах” гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, зохион байгуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Шүүгдэгч Д.Б-ыг шүүгдэгч Д.М-ын “Э б э м” ХХК-ийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт үйлдлийн улмаас өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн өмчлөх эрхэд шилжүүлэн авсан 399 ширхэг, 157 нэр төрлийн 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг, хууль бус буюу гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.М-тай санаатай нэгдэж бүлэглэн “Э Б Ж М” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан хэлэлцээд “...Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, мөн шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 13 дугаар талд “... Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.М нь ... 3.004.896.203,26 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг шилжүүлэлгүй завшсан гэх, мөн шүүгдэгч Д.М-ыг, Д.Б-тай үйлдлээрээ санаатай нэгдэж, санаачлан удирдаж ... “Э Б Ж М” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн, эзэмшсэн, ашигласныг түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бодит шинж чанар, эх үүсвэр, эд хөрөнгийн эрхийг өөрчилж нуун далдалсан гэх, “Э Б Ж М” ХХК-д эмнэлгийн тусгай зөвшөөрлийг ... зээлийн барьцаалбарт шилжүүлсэн гэх хэргийн үйл баримтууд тогтоогдлоо” гэжээ.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг буруутгасан хэргийн үйл баримтуудыг тогтоогдсон мэтээр дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 19 дүгээр талд “... 3.004.837,854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж” гэснийг 758.837.854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж гэж хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. ... “Хөрөнгө завших гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзэх тул Мөнгө угаах гэмт хэргээс ялгаж ойлгох шаардлагатай”, “Шүүгдэгч Д.Б-ын хувьд ... 3.004.896.203 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж мэдэх боломжгүй байсан. ... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 758.837.854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүд болж өөрчлөгдсөн тул шүүгдэгч Д.Б энэхүү 758.837.854 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хууль бусаар олж авсан гэж мэдээгүй гэж үзнэ” гэх зэрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаагүйгээс гадна хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж тус тус заажээ.

Дээрх үндэслэлээр хохирогч “Э б э м” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч К А К, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789  дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Д.М, Д.Б нарын өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/789 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ