Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0338/З |
Дугаар | 128/ШШ2024/0582 |
Огноо | 2024-07-17 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0582
2024 07 17 128/ШШ2024/0582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.Д
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.2.М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт буюу орон нутаг дахь гаалийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх;
1.3.М.Дд Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан “Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэсний дагуу тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хуульд заасны дагуу 12 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгохыг даалгах гэж тус тус тодорхойлсон.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч М.Д нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын даргаар ажиллаж байжээ.
2.2.Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар[1] ээлжийн амралтын хуваарь баталсан. Тус тушаалаар нэхэмжлэгчийн ээлжийн амралт авах хуваарь нь мөн оны 02 дугаар сард байх ба 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02/1 дугаар албан бичгээр[2] Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт ээлжийн амралтаа биеэр эдлэх хүсэлтээ хүргүүлжээ.
2.3.Тус хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газраас ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаар М.Дд 2022 оны ээлжийн амралтыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл олгожээ[3].
2.4.Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Гаалийн ерөнхий газрын даргын мэдэлд шилжүүлсэн байна[4].
2.5.Улмаар нэхэмжлэгч М.Дын ажлыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Өод хүлээлцүүлж тэмдэглэл үйлджээ[5].
2.6.Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/135 дугаар тушаалаар М.Дыг Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт Захиргааны албаны даргаар томилон[6].
2.7.Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Улаанбаатар хотоос бусад орон нутагт тав болон түүнээс дээш хугацаанд ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн олговор олгохоор болжээ[7].
2.8.Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газарт хандсан ба Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-1.1/1298 дугаар албан бичгээр “2022 оны 01 дүгээр сарын 31-ний Б/47 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга албан тушаалаас чөлөөлөгдөж, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Гаалийн ерөнхий газрын мэдэлд байсан тул орон нутагт ажилласан жил тасарсан гэж үзэж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 61.1.6. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх; нийтлэг баталгаагаар хангагдана гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.1.ээлжийн амралттай; гэжээ.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуульд зааснаар ээлжийн амралтын хугацаанд ажил албан тушаал хэвээр хадгалагдах ёстой. Энэ хугацаанд ажилтны ажлаас чөлөөлөхийг хориглоно гэдгийг хатуу хуульчилж өгсөн байна.
Гэтэл маргаан бүхий тушаалыг харахад энэхүү захиргааны акт нь намайг ээлжийн амралттай байх хугацаанд тохируулан гаргасан байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5.“хуульд заасан бусад үндэслэл” хууль зүйн үндэслэл болгосон боловч “чөлөөлөх” яг ямар ямар үндэслэлээр чөлөөлсөн шалтгааныг огт дурдаагүй.
Үүгээр ч зогсохгүй Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.“Захиргааны акт... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, 43 дугаар зүйлийн 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” огт хийгээгүй.
Дээрхээс үзвэл Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.“Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.3.хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.5.“... шийдвэр нь үндэслэл бүхий байх...”, 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; зэрэг зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу хүчин төгөлдөр акт гэж үзэхгүй.
Иймд дээрх хуулийн холбогдох заалтаар Гаалийн ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалыг хүчингүй болох хангалттай үндэслэл тогтоогдож байх тул М.Д миний Төрийн албан хаагч болохын хувьд миний хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалан, зөрчигдсөн эрхийг маань сэргээж, маргаж буй захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт буюу орон нутаг дахь гаалийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх;
Нэхэмжлэгч М.Дд Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан “Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэсний дагуу тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хуульд заасны дагуу 12 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгохыг даалгах” гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: “Нэхэмжлэгч нь хөдөө орон нутаг дахь Гаалийн байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байгаа бөгөөд Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгон” гэж заасны дагуу тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд ийнхүү тэтгэмжээ авахаар Гаалийн ерөнхий газарт хүсэлт гаргахад хариуцагч Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-0.1/1298 дугаар албан бичгээр миний хүсэлтэд “орон нутагт ажилласан жилийг тасарсан гэж үзэж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хариу өгсөн. “Ажилласан жил тасарсан”-г нягтлах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа тодорхойлолтыг цахим системээс гарган авч харахад 2022 оны 02 дугаар сард харгалзах хэсэгт Ажил олгогч- Гаалийн ерөнхий газар гэж бичигдсэнийг олж мэдсэн.
Миний бие Гаалийн ерөнхий газарт нэг ч өдөр томилогдож ажиллаагүй байхад миний ээлжийн амралтын олговрыг Гаалийн ерөнхий газраас олгосноо Гаалийн ерөнхий газарт ажилласан гэж үзэж миний тэтгэмж авах эрхийг хязгаарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ээлжийн амралтыг эдэлж байсан бөгөөд энэ нь Гаалийн ерөнхий газарт ажилласан тооцогдохгүй, Гаалийн ерөнхий газартай хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан гэж үзэж маргаж байгаа болно.
Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5-д тус тус зааснаар хөдөө орон нутаг дахь Гаалийн газарт тасралтгүй ажилласан болохоо шүүхийн журмаар тогтоож, хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Ийнхүү шүүхийн журмаар нийтийн эрх зүйн харилцааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр нэхэмжлэгч миний Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан тэтгэмж авах эрх үүсэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хариуцагч Гаалийн ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-1.1./1298 дугаар албан бичгээр миний хүсэлтэд “орон нутагт ажилласан жилийг тасарсан гэж үзэж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байгаа нь хариуцагчийн байр суурийг тодорхой илэрхийлж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар гомдол гарган шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж шүүхэд хандсан болно.
Гаалийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01-1.1/1298 дугаар албан бичгээр “орон нутагт ажилласан жилийг тасарсан гэж үзэж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх тэтгэмж олгохоос татгалзсан эс үйлдэхүйтэй маргаж байгаа бөгөөд уг эс үйлдэхүйн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа, уг эс үйлдэхүйтэй холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт буюу орон нутаг дахь гаалийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.Дд Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан “Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэсний дагуу тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хуульд заасан 12 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гаалийн байгууллагад 25 жил тасралтгүй ажилласан. Үүнээс 24 жилд нь гаалийн орон нутгийн байгууллагад ажилласан мэргэшсэн байцаагч. Маргааны үйл баримт Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 тушаалаас үүсвэртэй.
Тухайн тушаалыг гаргахдаа өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд эрх эдэлж, хэрэглэх хууль тогтоомжийг хэрэглээгүй буюу чөлөөлөх хууль зүйн үндэслэлээ Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 46 2 5, Гаалийн тухай хуулийн 2711 .10 дахь хэсгийг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгтээ гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлсүгэй гэсэн.
Мэдэлд шилжүүлэх эрх хэмжээ Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээнд олгогдоогүй. Тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.6, Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 4.1-д заасан зарчмуудад тус тус нийцээгүй гэж дүгнэж байна. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 11.3-т заасны дагуу тухайн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалтанд хамаарахаар хуулийн дагуу зохицуулагдсан байгаа юм.
Гэтэл уг захиргааны актыг гаргахдаа 2711.10-ийг үндэслэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн тус албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан байсныг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй.
Өөрөөр хэлбэл хууль бус захиргааны акт гэж дүгнэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан тодорхой урьдач нөхцөл хангагдсан тохиолдолд тухайн эрхийг хэрэгжүүлнэ.
Нэгдүгээрт төрийн албан хаагчтай тохиролцож, эсхүл албаны зайлшгүй шаардлагыг үндэслэн тухайн байгууллагад 10 жилээс дээш жил ажилласан бол шилжүүлэх зохицуулалттай. Энэ нь албан тушаалаас өөр албан тушаалд шилжүүлнэ. Гэтэл мэдэлд шилжүүл гэсэн байдлаар захиргааны актыг гаргасан нь хуулийг зөрчсөн байна. Хууль зүйн үндэслэлийг маргаан бүхий актад үндэслээгүй байгаа нь тухайн захиргааны акт хууль бус гэж үзэх үндэслэл болж байна.
Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр албан тушаалаас чөлөөлсөн. Үүний үр дагавар нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх. Чөлөөлсөн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д заасан бусад үндэслэл. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хуульд заасан ямар бусад нөхцөл үүссэн талаар баримт байхгүй.
Ийм нөхцөл байдал байгаагүй гэж үзэхээр. 01 дүгээр сарын 31-ний өдрөөс манай үйлчлүүлэгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн, Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлсүгэй гэсэн. Тухайн нөхцөл болохоос өмнө нэхэмжлэгч нь ээлжийн амралт эдлэх тухай хүсэлтүүдээ гаргаж, хуваариа батлуулсан. Ээлжийн амралт эдлэх тухай хүсэлтүүдээ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын даргын тушаалын хавсралтад 2 дугаар сард амруулахаар, өмнөх жилд ээлжийн амралт аваагүй гэж дурдан баталсан.
Үүний дараагаар Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амрал эдлүүлэхээр тогтоосон. Үүнээс нэхэмжлэгч нь тушаалтай танилцаагүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, санал, тайлбар гаргах боломжоор хангагдаагүй, ээлжийн амралт эдэлж байгаа талаар л ойлголттой байсан. Үүнийг мэдэхгүй байхтай холбоотой нэгэн асуудал нь ээлжийн амралттай холбоотой олговор орж ирсэн.
Гэтэл дараагийн албан тушаалд томилох тушаал гарсан. Ингээд нэхэмжлэгч нь дараагийн албан тушаалд томилогдсон. Дараагийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд хуульд өөрчлөлт орж, орон нутагт 5 жил ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах болсон. Энэ талаар хүсэлтээ илгээсэн. Хүсэлтийн хариуд боломжгүй, Б/47 дугаар тушаалаар гаалийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Гаалийн ерөнхий газрын мэдэлд байсан... өөрөөр хэлбэл орон нутагт ажилласан хугацаа тасалдсан гэж үзэж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн. Энэ нь Гаалийн ерөнхий газраас шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн нь эс үйлдэхүй гэж харж байгаа.
Хүсэлтийн дагуу эерэг нөлөөлөл бүхий эсхүл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарах ёстой байсан. Тухайн хариуд тийм гэж хэлээгүй бас үгүй ч гэж хариу өгөөгүй. Тэгэхээр эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гаалийн ерөнхий газрын мэдэлд байсан тул орон нутагт ажилласан жил тасарсан эгж үзэх тайлбарыг албан бичигт дурддаг. Гэтэл тодорхой албан тушаалд томилоогүй байдаг. Тухайн эрхийг ч Гаалийн ерөнхий газрын даргад өгөөгүй. Нэхэмжлэгчийн тухайд ээлжийн амралтаа эдэлж байгаад өөр албан тушаалд томилсон талаар шийдвэр гарсан талаар танилцуулсан. Тухайн шийдвэртэй маргаагүйгээр өнөөдрийг хүртэл тус албан тушаалд орон нутагт ажиллаж байгаа.
Нийтийн эрх зүйн хүрээнд үзэхэд Гаалийн газартаа тодорхой албан тушаал эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учир Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт ажиллаж байсан хугацаа тасраагүй байна. Үүнийг тогтоолгосноор нэхэмжлэлд дурдсан Гаалийн тухай хуулийн 280.7-д заасан 12 сарын хугацаатай тэнцэх тэтгэмж авах эрх нээгдэнэ.
Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.5-д зааснаар шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хоёр дахь шаардлагын тухайд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл шийдвэрлэх боломжгүй байна гэж хариу өгч байгаа нь эс үйлдэхүй байна. Үүний хууль бус болохыг тогтоолгож, тэтгэмж олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж холбогдох тооцоог хийж, ажил гүйцэтгүүлэхийг Төрийн захиргааны удирдлага, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, тус тус даалгаж шийдвэрлэсэн.
Маргаан бүхий захиргааны актаар Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн тул түүнийг дагаж мөрдөж ажилласан” гэжээ.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийдвэр гаргахдаа тодорхой бусаар шийдвэрлэсэн байна. Ер нь Гаалийн тухай хуулийн 280.7-д нэмэлтээр орсон 5 жилийн тэтгэмжийн талаар оруулсан өөрчлөлт нь хөндөгдөж байгаа. Үүнийг л хэлье” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
4.2.Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5. “хуульд заасан бусад үндэслэл”, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн, 2711.1.“Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 2711 .1.10. “гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох” гэж дурдсан бөгөөд тухайн захиргааны актаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлж, үйлчлэл нь нэг мөр хэрэгжжээ.
4.3.Ингэхдээ маргаан бүхий захиргааны актын тушаах хэсэгт “... М.Дыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлсүгэй...” гэж үүрэг болгосон ажээ.
4.4.Гэтэл Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлд заасан Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхэд гаалийн байгууллагын албан тушаалтныг “Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлэх” эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт нийцэхгүй, ойлгомжгүй, тодорхойгүй байх бөгөөд ямар нэгэн албан тушаалын орон тоонд томилохгүйгээр түр шилжүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй.
4.5. Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг эрхэлж буй албан тушаалаас нь чөлөөлсөн боловч хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй талаараа огт тодорхой дурдаж заагаагүй.
4.6.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчөөс “...шийдвэр гаргахдаа тодорхой бусаар шийдвэрлэсэн...” хэмээх тайлбар зэргээс үзвэл актын холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.“Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасантай нийцээгүй боловч уг актын үйлчлэл нь хэрэгжиж дууссан байх тул шүүх маргаан бүхий захиргааны актыг холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.7.Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий актыг гаргаж буй захиргааны үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-аар заасан зарчмуудыг хэрэгжүүлээгүй улмаас нэхэмжлэгчийн төрийн албаны хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.
4.8.Түүнчлэн хариуцагчаас дээрх үйл ажиллагааны талаар Захиргааны ерөнхий хулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгчид уг актын талаар урьдчилж мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчсөн гэж үзсэн.
4.9.Учир нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “оролцогчийг сонсох”, 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох нэхэмжлэгчид түүнийг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх актыг гарахаас өмнө мэдэгдэж, улмаар энэ эрхээ хамгаалах үндэслэл бүхий тайлбар гаргах боломжоор хангаагүй, энэ талаар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй орхигдуулсан байна.
4.10.Хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын төрийн тусгай албан хаагчдын 2022 оны ээлжийн амралтын хуваарь[8], 2022 оны ээлжийн амралтаа 02 дугаар сарын 01-нд биеэр эдлэх хүсэлт[9], ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл[10] зэргээс үзэхэд тэрээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт ажиллаж байсныг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.11.Улмаар дээрх хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Дын хөдөө орон нутагт ажилласан жилээс нэг сар тасалдсан байх тул дээрд үндэслэлийн дагуу Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгох нь зүй ёсны гэж шүүх дүгнэлээ.
4.12. Нэгэнт шүүх Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснээр хууль бус тушаалын улмаас үүссэн эс үйлдэхүйтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагалдах шаардлагууд нь мөн хангагдах үндэслэлтэй юм.
Товчхондоо нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 -т заасан эрхийнхээ хүрээнд өөрийн хувийн хэрэг, ажил байдлын тодорхойлолт, …, шаардлагатай гэж үзвэл хувийн хэрэгтээ нэмэлт тайлбар хийлгэхээр маргасан нь үндэслэлтэй байна.
4.13. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэн шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалын холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж, нэхэмжлэгч М.Дын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт буюу орон нутаг дахь гаалийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг тогтоож, Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан тэтгэмжийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 41 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/47 дугаар тушаалын ...Гаалийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлсүгэй...холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг, М.Д нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт буюу орон нутаг дахь гаалийн байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг тогтоосугай.
2.Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан М.Дд Гаалийн тухай хуулийн 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэгт заасан “Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно” гэсний дагуу тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хуульд заасны дагуу 12 сарын үндсэн цалинтай тэнцэхүйц мөнгөн тэтгэмж олгохыг даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэгчид нөхөн олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 22-25 дугаар тал,
[2] Хавтаст хэргийн 26 дугаар тал,
[3] Хавтаст хэргийн 28 дугаар тал,
[4] Хавтаст хэргийн 14 дүгээр тал,
[5] Хавтаст хэргийн 51- 58 дугаар тал,
[6] Хавтаст хэргийн 15 дугаар тал,
[7] https://legalinfo.mn/mn/detail/209 - Гаалийн тухай хууль, 280 дугаар зүйлийн 280.7 дахь хэсэг,
[8] Хавтас хэргийн 23 хуудас
[9] Хавтас хэргийн 27 хуудас
[10] Хавтас хэргийн 28 хуудас