Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04596

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 182/ШШ2024/04596

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ХЛ ХХК хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Э-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.*******ийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.******* ******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь манай компанитай 2021.09.20-ны өдөр Ч-БЗГ/2021-17544 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,949,900 төгрөгийг сарын 2,55%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай цахилгаан бараа авах зориулалтаар зээлж авсан Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Apple macbook pro 13.3512ssd загварын зөөврийн компьютерыг "Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч ******* нь зээл авснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу 8,149,568 төгрөг төлөх байснаас 3,361,000 төгрөг төлж, 4,788,568 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 709 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай компаний зүгээс *******т холбогдуулан Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух хаягаар нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаягтаа бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/Ш32024/07947 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч нь *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 7947 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.******* ******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг ******* нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.20-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Баянзүрх дүүргийн ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.20-ны өдрийн 7947 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь ******* ******* ХХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэл бүрдсэн байх тул ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж, *******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзэв.

 

3.Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Э.Э-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Е-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА