Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 714

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Д.Батчимэг,

улсын яллагч С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат,

шүүгдэгч Б.Х, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт Б.Х, Б.Б, Б.У нарт тус тус  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.У, 1986 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, эгч, 6 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1452 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Б, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 7-26б тоотод оршин суух хаягтай, 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 355 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял шийтгэгдэж, 2015 оны 06 дугаар сарын 16-нд тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.Х, 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баян-Уул 8-51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах талын нотлох баримыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Зодоон болж байхад би салгаад явж байсан. Зодоон дуусаад би хохирогчийг хүн салгаж өгөөд байхад чи зүгээр салахгүй яасан юм бэ гээд хацар руу нь зөөлөн түлхээд явуулсан. Түүнээс биш би цохиогүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сард хохирогчийн цохиод өөд болсон гэдгийг мэдээгүй. Тухайн үед би энэ зодооныг эхлүүлээгүй байсан бол бусад шүүгдэгч нар ч энэ зааланд сууж байхгүй байсан. Хаш-Эрдэнэ салгаад явж байсан. Тэгтэл энэ хэрэгт шүүгдэгчээр татагдаад явж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би группныхээ мөнгийг авахаараа хохирол төлбөрийг төлнө гэж бодож байсан ч төлж чадсангүй. Би хохирлоо төлнө. Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би талийгаачийн төрсөн ах нь. Талийгаач маань доороосоо 2 дахь дүү маань байсан. Эхнэр хүүхэдтэй, Нарантуул зах дээр машин угааж амьдралаа залгуулдаг хүн байсан. 1 хүүхэд нь өвчний улмаас бурхан болоод гурвуулаа амьдарч байсан. Манай дүү маань нас барсанд гомдолтой байна. Хамгийн хэцүү нь үр хүүхэд, найз нөхөд, эхнэрт нь хэцүү байгаа. Тэр хүмүүсийн ирээдүй нь хэцүү байна. Шүүгдэгч нар ойлгож байгаа зүйл байхгүй байна. Оршуулгын зардал 2.310.000 төгрөг зарцуулсан. Шүүгдэгч нар нь намайг гомдолтой гэж хэлбэл 1 ч төгрөг өгөхгүй гэсэн хандлагаар шүүх танхимд хандаад байна. Ийм зүйл байх ёстой юм уу гэж гайхаж байна. Хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Талийгаач 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед ганцаараа 200 грамм архи уусан, тэгээд зах дээр машин угааж байж байгаад 13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад, тэр хүн хамт явсан 3 хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн нь намайг цохьсон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан, босч ирээд бие сонин болоод гээд 15-16 цагийн үед надад “Би ер нь явлаа” гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. Тэгээд би хүүгийн араас 19 цагийн үед буудлын өрөөнд очиход нөхөр маань унтаж байснаа босч ирээд нөгөө мөнгө чинь байгаа шдээ гээд надад буцаан өгөөд би 2 ширхэг банана авч орсны нэгийг идээд бас нэрс жимс идсэн. Тэгээд байж байгаад дотор муухай оригоод байна гэж босоод жорлонд бөөлжөөд буцаад хэвтсэн. Дараа нь бас орны өмнө бөөлжсөн. Тэгээд бид 20 цаг гээд унтсан. Би нэг хэсэг нам унтсан байсан, шөнө 01-02 цагийн үед сэрэхэд нөхөр цээж нь бөглөрөөд байгаа юм шиг чимээ гаргаад сонин болсон хэвтэж байсан. Би нөхрөө яагаад байна гэхэд юм хариулаагүй эвхэрээд байхаар нь би буудлын эгч дээр очоод түргэн дуудаад өг гэж гуйгаад буудлын эгч 103-т залгасан. Тухайн үедээ би нөхрөө нас барсан гэж мэдээгүй, урд нь байнга татаад байдаг болохоор татчихаад байгаан байх гэж бодсон. Гэтэл түргэн тусламж удаагүй ирж эмч ирж үзээд нөхрийг маань нас барсан байна гэсэн…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх36-37/,

Хохирогч Б.Доржбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Гомдолтой байгаа. Би оршуулгын зардалд 2.310.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ хохирлын баримтыг цуглуулж чадаагүй учир ямар нэг баримт байхгүй юм…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-41/,

Насанд хүрээгүй гэрч М.Батбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...машин олоод ээж, аав хоёр угааж байтал 4 ах ирээд аавд хандаж чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон бэ гээд хөөсөн. Тэгтэл аав 2000 оноос хойш угааж байна гэж хэлээд маргалдсан. Тэгтэл нөгөө залуу чи зайл гээд аавыг цохьсон, гэтэл аав зөрүүлээд мөргөсөн. Тэгээд зодолдож эхэлсэн нөгөө гурван ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон, аав газар унаад болъё гээд арай гэж босч ирэхэд нь нүүрэндээ соривтой нэг ах ямар овоо мөргөдөг юм бэ гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөсөн. Би зугтаасан, тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч нэг хүн рүү гурав дөрвүүлээ дайраад бас эмэгтэй хүнийг зодохоо боль гээд салгасан. “...тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан тэгээд байж байгаад босоод ирсэн. Тэгээд ээж чи явж бай гэж хэлээд нэг машин угаасан 5000 төгрөгөө өгөөд аавыг 16 цагийн орчим явуулсан. Ээж бид хоёр машин угааж байгаад орой зах тарахад аавын араас очсон. Бид нарын очиход аав зүгээр байх шиг байсан. тэгээд 2 ширхэг банана жимс идээд инээж байгаад тал тамхи татсан, ээжийн авч очсон нэрснээс 2 халбагдаад унтаад өгсөн. Тэгээд шөнө сэрээд бөөлжөөд байсан ба босч чадахгүй байсан. Ээж аавыг босгоод 00-д оруулсан тэгээд сэрээд унтсан, тэгээд 3 цагийн орчимд дахиад ээж намайг сэрээгээд аав чинь сонин болоод байна гэсэн. Тэгэхэд аав хоолойгоо засаад байгаа юм шиг байснаа чимээгүй болсон...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-43/,

Гэрч Д.Бурмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай зочид буудал танихгүй эхнэр нөхөр 2 хүүтэйгээ гурвуулаа байрлаад 10 хонож байгаа...буудалд хэрүүл зодоон хийгээгүй. Нөхөр нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед ганцаараа ирээд өрөөндөө орохоор нь чи яагаад эхнэр хүүхдээсээ түрүүлээд ирэв гэсэн чинь бие өвдөөд би түрүүлээд ирлээ гээд өрөөндөө ороод хэвтээд өрөөнөөсөө гараагүй. Тэгээд эхнэр хүүхэд нь 18 цаг болоод ирсэн, тэгээд шөнө үүрээр эхнэр нь манай нөхөр бие нь тааруу сонин болчихлоо гэж хэлэхээр нь 103 дуудсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас,  хх47-48/,

Гэрч О.Цэдэвдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний машин угааж байсан эгнээнд хүмүүс зодоон хийгээд байхаар нь харахад машин угаадаг Баттогтох эхнэр Зулаа нар Цоомоо бас хажууд нь хоёр гурван хүмүүс хэрүүл хийгээд зодоон хийгээд байгаа бололтой байсан. Би тэгээд дахин машин угаахаар цаашаа явсан. намайг очиход зодоон болоод дуусчихсан Баттогтох ах угааж байсан машиныхаа хажуу талд 38 гэсэн нэг жижиг шилтэй архи уучихсан сууж байсан аа “миний дүү татах уу” гэхээр нь нэг татчихаад салаад явсан. Юунаас болж хэрүүл зодоон болсон талаар мэдээгүй. Би тэр үед нь хажууд нь байгаагүй. Чамтай архи уусан хүмүүстэй зодоон хийсэн гэхээр нь “яагаад зодолдсон юм” гэсэн чинь дуугарахгүй ууртай байгаа бололтой байхаар нь салаад явсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх49-50/,

Гэрч А.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Нарантуул зах дээр ирсэн. Ингээд Нарантуул зах дээр ирээд Нарантуул захын урд хаалганы урд зогсож байсан чинь зүс таних Баттогтохыг нүүрэндээ түлэнхий соривтой намхан бүдүүн залуу заамдчихсан маргалдаад зогсож байсан. Миний сонссоноор бол тэр нүүрэндээ түлэнхий соривтой залуу Баттогтохыг “чи хэзээ ийм болчихсон юм бэ машин угаадаг хүмүүс ийм том байхыг мэдэхгүй юм байна” гэж байсан чинь нэг өндөр нуруутай залуу түлэнхий нүүртэй залууг цаашаагаа дагуулаад салгаад аваад явсан. Ингээд Баттогтох эхнэртэйгээ хамт машин угаагаад зогсож байсан чинь барзгар түлэнхий нүүртэй залуу дахин ирж Баттогтохыг шууд хэд хэдэн удаа алгадсан. Би холоос харж байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохьсоныг мэдээгүй байна. “...цаад талд нь өндөр нуруутай цагаан саарал куртиктэй залуу Баттогтохыг заамдчихсан бас алгадаад “би чамайг өчнөөн өмөөрч байгаа шүү” гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-51/,

Гэрч Б.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн үед зогсоол дээрээ машин угаагаад зогсож байтал миний танил Цоомоо гэх залуу над дээр согтуу ирчихээд “ганц шил юм аваад өг” гэхээр нь найзад нь мөнгө алга гэж хэлсэн. Тэгтэл Цоомоо тэр хавиар явж байсан аа Баттогтохыг “хөөш өвгөөн Батаа” гэж тоглоомоор дуудсан чинь Баттогтох уурлаад Цоомоотой хэрэлдтэл хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй 3 залуу гарч ирсэн ээ түлэнхий юм шиг нүүртэй залуу нь Баттогтоход хандан “зах хэзээ нээгдсэнийг мэдэх үү та нар яадаг болчихсон юм бэ, та нар миний нүүрийг ийм болохоор ингээд байна уу” гэж хэлээд Баттогтохыг нэг удаа цохих шиг болсон. Би тэгэхэд нь тонгойгоод машин угааж байсан болохоор хэн нь цохьсоныг сайн харж чадаагүй. Тэгэхэд нь Цоомоо больцгоо гээд нөгөө залуусыг дагуулаад явсан. Тэгээд Цоомоо нөгөө залуучуудтайгаа хамт машинуудын ард нэг шил архи хувааж уугаад эргээд хүрээд ирчихсэн явж байсан. Тэгэхэд би мөн машин угааж байсан бөгөөд хүмүүс орилолдоод байхаар нь хартал Цоомоо болон түүний найзууд нь Баттогтох болон түүний эхнэр Мөнхзул нарыг тойроод зогсоод зодож байх шиг байсан. Хэн нь хэрхэн яаж цохьсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх-52/,

Гэрч Ө.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхлээд түлэнхий нүүрт Ууганаа маргаж зодолдож эхэлсэн бөгөөд Хашаа Болдоо нар надтай хамт эхлээд салгаж байсан сүүлдээ Батааг нөгөө гурав маань нийлээд зодоод эхэлсэн юм. “…түлэнхий нүүрт Ууганаатай бол зууралдаад зодолдоод цохилцоод байсан ба Ууганаа 2-3 удаа цохиод үснээс нь зулгаагаад доошоо хараад хоёр удаа өшиглөж байсан тэр үед нь Хашаа бид хоёр салгасан ба дараа нь Хашаа Батаатай зууралдсан бас цохиод байсан. Би дахиж очоод салгасан ба энд тэнд л бужигналдаад Тулгаа эхнэртэй нь маргачихсан байсан. Би тэд нарыг нэгэн зэрэг салгаж чадаагүй болохоор энд тэнд бужигналдаад нэгийг нь салгахаар нэг нь барьж авчихаад байсан юм аа. Ямар ч байсан миний харсанаар бол Ууганаа 2-3 удаа шанаанд нь цохиод үсдээд дарж байгаад бас 2-3 удаа өшиглөсөн. Харин Хашаа Тулгаа хоёр намайг салгаж байх үед мөн Ууганаатай маргаж байх үед хажуугаар нь ороод хэд хэдэн удаа шанаадаж байсан…” гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хх55-56/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1868, №914 дугаартай: “…Талийгаач Б.Баттогтохын цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины цус хуралт, эрүүний төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. “…талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ…” гэсэн дүнэлтүүд. /1 хавтас, хх-74, 2 хавтас, хх-163/,

Шинжээч Г.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Талийгаачид учирсан үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь толгойд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу талийгаачийн толгойн хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой…” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх-109/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтас, хх100-108/, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн №1117, 1108, 1109 дугаартай дүгнэлт /1 хавтас, хх100-108/, хохирогч Б.Доржбатын мэдүүлэг /1 хавтас, хх-41/, хохирогч М.Мөнхзулын мэдүүлэг /1 хавтас, хх36-37/, насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын мэдүүлэг /1 хавтас, хх-43/, гэрч Д.Бурмаагийн мэдүүлэг /1 хавтас, хх47-48/, гэрч О.Цэвээндоржийн мэдүүлэг /1 хавтас, хх49-50/, гэрч А.Мөнхзулын мэдүүлэг /1 хавтас, хх-51/, гэрч Б.Уранчимэгийн мэдүүлэг /1 хавтас, хх-52/, гэрч Ө.Цолмонгийн мэдүүлэг /1 хавтас, хх55-56/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1868, 914 дугаартай дүгнэлтүүд /1 хавтас хх-74, 2 хавтас хх-163/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Баттогтохыг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан болох нь

Хохирогч Б.Мөнхзулын: “…13:30 цагийн үед зах дээр хулгай хийгээд явдаг хүн нөхрийн хажуугаар гарахдаа “Шар бандиа чамайг мэдэхгүй юм байна” гэснээс болж нөхөр маань тэр хүнтэй муудалцаад, тэр хүн хамт явсан 3 хүнтэй нийлээд манай нөхрийг зодсон, 1 хүн нь намайг цохисон. Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан, босч ирээд бие сонин болоод гээд 15-16 цагийн үед надад “Би ер нь явлаа” гээд байхаар нь би 5000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. “…байж байгаад дотор муухай оригоод байна гэж босоод жорлонд бөөлжөөд буцаад хэвтсэн дараа нь бас орны өмнө бөөлжсөн. “…шөнө 01-02 цагийн үед сэрхэд нөхөр цээж нь бөглөрөөд байгаа юм шиг чимээ гаргаад сонин болсон хэвтэж байсан. Би нөхрөө яагаад байна гэхэд юм хариулаагүй эвхэрээд байхаар нь би буудлын эгч дээр очоод түргэн дуудаад өг гэж гуйгаад буудлын эгч 103-т залгасан. Тухайн үедээ би нөхрөө нас барсан гэж мэдээгүй урд нь байнга татаад байдаг болохоор татчихаад байгаан байх гэж бодсон гэтэл түргэн тусламж удаагүй ирж эмч ирж үзээд нөхрийг маань нас барсан байна…” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын: “... машин олоод ээж, аав хоёр угааж байтал 4 ах ирээд аавд хандаж чи хэзээнээс эхэлж машин угаадаг болсон бэ гээд хөөсөн тэгтэл аав 2000 оноос хойш угааж байна гэж хэлээд маргалдсан. Тэгтэл нөгөө залуу чи зайл гээд аавыг цохьсон, гэтэл аав зөрүүлээд мөргөсөн. Тэгээд зодолдож эхэлсэн нөгөө гурван ах хажуунаас нь орж аавыг бас нийлээд тал талаас нь өшиглөж зодсон аав газар унаад болъё гээд арай гэж босч ирэхэд нь нүүрэндээ соривтой нэг ах ямар овоо мөргөдөг юм бэ гээд элэг хавь руу нь цохиж унагаасан. Тэгээд ээжийн үснээс зулгааж дугтарч унагаад намайг хөөсөн би зугтаасан тэгтэл хажууд машин угаадаг Зулаа гэдэг эгч “та нар болиоч нэг хүн рүү гурав дөрвүүлээ дайраад бас эмэгтэй хүнийг зодхоо боль” гээд салгасан. “...тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан. Тэгээд байж байгаад босоод ирсэн. “…Бид нарыг гэртээ очиход аав зүгээр байх шиг байсан тэгээд 2 ширхэг банана жимс идээд инээж байгаад тал тамхи татсан ээжийн авч очсон нэрснээс 2 халбагдаад унтаад өгсөн. Тэгээд шөнө сэрээд бөөлжөөд байсан ба босч чадахгүй байсан ээж аавыг босгоод 00-д оруулсан тэгээд сэрээд унтсан. Тэгээд 3 цагийн орчимд дахиад ээж намайг сэрээгээд аав чинь сонин болоод байна гэсэн. Тэгэхэд аав хоолойгоо засаад байгаа юм шиг байснаа чимээгүй болсон...” мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Ууганбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Болдтулга, Б.Хаш-эрдэнэ нар нь талийгаач Б.Баттогтохыг шүүгдэгч Б.Ууганбаяр зодох явцад үйлдлээрээ бүлэглэж буюу тухайн зодоон маргааныг салгах, болиулахын оронд шүүгдэгч Б.Ууганбаяртай хамтран талийгаач Б.Баттогтохыг зодох цохих зэргээр түүний эрх чөлөөнд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нарыг бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Ууганбаяр, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нарыг бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Б.Ууганбаяр, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нар нь амь хохирогчийн оршуулгын зардлыг нөхөн төлөөгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшээгүй зэрэг нөхцөл байдал нь ял хүндрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх бүрэлдэхүүн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатын нэхэмжилсэн талийгаач Б.Баттогтохыг оршуулахад гаргасан зардал болох нийт 2.310.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүд болох Б.Хаш-Эрдэнэ, Б.Ууганбаяр, Б.Болдтулга нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Дээрх зардлыг нотолсон нотлох баримт хэдийгээр хавтаст хэрэгт байхгүй боловч хүнийг оршуулахад хайрцаг сав, оршуулгын төлбөр багтсан зайлшгүй гарах зардал гэж үзэж гэм буруутай этгээдүүдээс нийт 2.310.000 /хоёр сая гурван зуун арван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатад олгохоор шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хорих ялыг ялгамжтай оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ууганбаярт оногдуулсан хорих ялыг хаалттай, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Х, Б.Б, Б.У нарыг бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар Б.У-г 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, Б.Х, Б.Б нарыг тус бүр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-т оногдуулсан хорих ялыг хаалттай, Б.Х, Б.Б, нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х, Б.Б, Б.У нарын урьд цагдан хоригдсон 396 /гурван зуун ерэн зургаа/ хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Х, Б.Б, Б.У нараас нийт 2.310.000 /хоёр сая гурван зуун арван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатад олгосугай.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Х, Б.Б, Б.У нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР           

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.МӨНХТУЯА

 

                                                                                                Б.АРИУНХИШИГ