Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг д*******ж, тус шүүхийн шүүх хуралдааны гуравдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох боломжгүй гэж татгалзсан захиргааны актыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг Ш ХХК-д эрхлэн хамгаалалт тогтоохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг З.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох боломжгүй гэж татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Ш ХХК-д эрхлэн хамгаалалт тогтоож шийдвэрлэхийг даалгах гэж тодруулсан.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Б ХХК болон Ш ХХК нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

2.2.Ш ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Б 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барж, улмаар түүний эхнэр, хүүхдүүд өв хүлээн авахаас татгалзсанаар Б ХХК 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон.

2.3.Б ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан Ш ХХК-д эрхлэн хамгаалалт тогтоох хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр шийдвэрлэх боломжгүй гэж мэдэгджээ.

2.4.Нэхэмжлэгч Б ХХК-иас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т*******: Б ХХК нь Ш ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрөө шаардах гэсэн боловч Ш ХХК-ийн цорын ганц үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барж, түүний эхнэр, хүүхдүүд нь өв хүлээн авахаас татгалзсанаар Ш ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй буюу эзэнгүй хуулийн этгээд болсон. Б ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх, шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд Ш ХХК-ийг төлөөлөх этгээд байх зайлшгүй шаардлага үүсээд байна. Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1-д Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан хүний өв залгамжлагч оролцвол зохих байсан хэрэгт өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно гэж тус тус заажээ.

Тодруулбал, Б ХХК нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргахад Ш ХХК-ийг төлөөлж эрхлэн хамгаалагч нутгийн захиргааны байгууллага болох Сүхбаатар дүүргийн Засаг даргыг оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т, Иргэний хуулийн 538 дугаар зүйлээр зохицуулсан байна. Хэрэв Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1-д зааснаар эрхлэн хамгаалалт тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд иргэний шүүх Ш ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх хэрэгжих боломжгүй болоод байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамжид Иргэний хуулийн 538 дугаар зүйлд зааснаар нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох эрх бүхий этгээд байгааг дурдах нь зүйтэй гэж дурдсан байдаг. Б******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргыг Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1-д зааснаар зөвхөн өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох чиг үүрэгтэй буюу захиргааны үйл ажиллагаатай нь холбогдуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхээ хэрэгжүүлэх эрх зөрчигдөж байгаа тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох боломжгүй гэж татгалзсан захиргааны актыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг Ш ХХК-д эрхлэн хамгаалалт тогтоохыг даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байж өв залгамжлагчийн үүрэг гүйцэтгэгч гэдгээ тодорхойлуулна. Олон захиргааны байгууллага байдаг гэж ярьж байна. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллагын тэр олон байгууллагаас тодорхой аль байгууллагад хандахыг заасан эрх зүйн зохицуулалт байхгүй. Нутгийн захиргааны байгууллагын алинд ч хандах эрхийг нээлттэй орхисон байна. Нотариатын тухай хуульд зөвхөн хамгаалалтын асуудлыг хөндөөд байгаа. Тэр тусмаа Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1-д зааснаар үүссэн хамгаалалтын асуудал юм. Өнөөдөр бид нарын нэхэмжлэл гаргаад байгаа зүйл бол Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1 буюу эрхлэн хамгаалалт тогтоох асуудал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгтэй уялдаж байгаа. Цаашилбал Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй холбогдож байгаа зохицуулалтыг яриад байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т дүүргийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалт, түүнд тавих хяналт гэж дүүргийн чиг үүргийг заасан байдаг. Тиймээс Ш ХХК-д эрхлэн хамгаалагч тогтоож, бидний хуульд заасан шүүхэд хандах эрхийг хангаж өгнө үү. гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.Т******* 2024 он 02 дугаар сарын 14-ний өдөр өвлөгдөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 538 дугаар зүйлд заасны дагуу эрхлэн хамгаалалт тогтоолгохоор дүүргийн Засаг даргад хандсан. Тухайн асуудлыг судалж үзэхэд Б ХХК нь Иргэний хуулийн 538 дугаар зүйлд заасан өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч биш байх тул дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүсэлт ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 538 дугаар зүйлд өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан гэж байгаа юм. Шаардлагатай бусад тохиолдол гэдэг дээр нэхэмжлэгч тал хамруулаад нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч тогтооно гээд байгаа юм. Гэтэл шаардлагатай бусад тохиолдол гэдэгт өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн асуудал субъектийн хувьд хамаарч байна. Нэгдүгээрт, тухайн хүсэлт гаргасан байгууллагыг өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч биш гэж үзсэн.

Хоёрдугаарт, эрхлэн хамгаалалт тогтоох гэдэг асуудлыг ярьж байгаа боловч сая нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа эзэнгүй эд хөрөнгө гэсэн. Тийм болохоор нутгийн захиргааны байгууллага эзэнгүй эд хөрөнгө гэж үзээд эрхлэн хамгаалалт тогтоох ёстой гэж тайлбарлаад байна. Гэтэл эзэнгүй эд хөрөнгийг хөрөнгө гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан төрийн өмчлөлд шилжүүлснийхээ дараа тухайн асуудал дээр хохирлын хөрөнгө гаргах эсэх асуудал тодорхойлогдоно. Дээрээс нь захиргааны байгууллагын чиг үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан байдаг. Өв хөрөнгөтэй холбоотой асуудлыг захиргааны байгууллага шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тухайн өв хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлд тодорхой заасан. Иймд өвлөгдөх эд хөрөнгийн хамгаалалтын асуудлыг нотариатын байгууллага хариуцах ёстой. Тэрнээс биш нутгийн захиргааны байгууллага хариуцахгүй. Хэрвээ нэхэмжлэгч тал өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гэдэг субъектэд хамаарч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 538 дугаар зүйл заалтыг хэрэглэгдэнэ. Гэтэл өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч биш. Гэрээ болон бусад үндэслэлээр зөвхөн тухайн эд хөрөнгийг барьж байгаа субъектийн харилцагч байгууллагууд байгаа юм. Тиймээс бид өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч гэж үзээгүй. Тэр утгаараа эрхлэн хамгаалалт тогтоохоос татгалзсан. Дээрээс нь эрхлэн хамгаалалт тогтоох хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Нутгийн захиргааны байгууллага эрхлэн хамгаалалт тогтооно гэснээс биш нутгийн захиргааны ямар байгууллага гэдэг нь тодорхойгүй байгаа шүү дээ. Хэрвээ эзэнгүй эд хөрөнгө гэж үзэх юм бол Улсын бүртгэлийн хэлтэс төрийн өмчлөлд тухайн эд хөрөнгийг бүртгээд, хариуцагчийг тогтоож явахаар байгаа. Гэтэл захиргааны байгууллага гэдгийг дүүргийн Засаг дарга гэдэг утгаар ойлгоод нэхэмжлэл гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хуулиас давсан зүйл хийхийг шаардаж байгаа асуудал юм. Дээрээс нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлохдоо хууль бус захиргааны акт байна гэдэг зүйлийг хэлж байна. Үүнийхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадсангүй. Захиргааны ерөнхий хуулийн хэддүгээр зүйл, заалтад хамаараад байгаа юм бэ. Бидний зүгээс хууль ёсны шаардлагыг хангуулаад тухайн албан бичгээ өгсөн. Нэхэмжлэгч тал үүнийг хууль бус гэж тодорхойлж байгаа үндэслэл нь тодорхойгүй учраас тайлбар хэлэх боломжгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Тамгын газар, нутгийн захиргааны агентлагийг оролцуулан зохион байгуулна гэж заасан. Тэгэхээр нутгийн захиргааны байгууллага нь Засаг дарга биш. Нутгийн захиргааны байгууллага гэдэг нь Засаг дарга, түүний харьяа нэгж агентлагууд байж байгаа. Дээрээс нь эзэнгүй эд хөрөнгө гэж үзээд энэ асуудалд ямар нэгэн байдлаар төрийн оролцоо байх ёстой гэж үзэх юм бол өмчтэй холбоотой харилцааг хэрэгжүүлдэг субъект нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар юм. Дүүргийн Тамгын газарт нийслэлийн өмчтэй холбоотой хэрэгжүүлэгч агентлаг байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан процесс ажиллагааг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллага дүүргийн Засаг дарга биш. Нийслэлийн Засаг даргад хандаад, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг эрхлэн хамгаалагчаар нь тогтоолгуулаад явах боломж байгаа. Бидний хувьд дүүргийн Засаг дарга хязгаарлагдмал эрх хэмжээтэй субъект юм.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайн хөрөнгө нь дүүргийн өмчийн хөрөнгийн асуудал биш байна. Дүүргийн Засаг даргад энэ асуудлыг шийдвэрлэх эрх үүрэг байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд дүүргийн Засаг даргын чиг үүрэгт хамаарах асуудлыг тодорхой заасан байдаг. Тухайн чиг үүрэгт хамаарах асуудалд эрхлэн хамгаалалт тогтоох чиг үүрэг байхгүй. Тэгэхээр дүүргийн Засаг даргын өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлээд, эрхлэн хамгаалалт тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1.2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б ХХК болон Ш ХХК-ийн хооронд байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр талууд дизель түлш худалдан авахаар харилцан тохиролцжээ.

2.2.Худалдан авагч тал болох Ш ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нас барснаар өв нээгдсэн, хууль ёсны өвлөгч Б******* Ц*******, Б******* Э*******, Б******* Ж*******, Б******* Т******* нар өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасныг Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч болон Нийслэлийн тойргийн нотариатч тус тус бүртгэж, баталгаажуулсан байна.

2.3.Нэхэмжлэгч Б ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож өгөх хүсэлт гаргасныг тус дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр хүсэлтэд дурдсан асуудал нь Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1 дэх хэсэгт хамаарахгүй тул шийдвэрлэх боломжгүй гэх агуулга бүхий хариуг хүргүүлжээ.

2.4.Б ХХК-иас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ш ХХК болон Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргыг Ш ХХК-ийн эрхлэн хамгаалагчаар тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2024/04344 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

2.5.Түүнчлэн Б.Б******* өвлөгдөх хөрөнгө болох Ш ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэн нэгэн этгээд өвлөх хүсэлт гаргаж байгаагүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

3.Хууль хэрэглээний тухайд:

3.1.Иргэний хуулийн Тавдугаар хэсэгт өв залгамжлалын эрх зүйн харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн Тавин наймдугаар бүлэгт өвлүүлэгчийн үүргийг өвлөгч хариуцах харилцааг, Тавин есдүгээр бүлэгт өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах харилцааг тус тус ялгамжтай байдлаар зохицуулжээ.

3.2.Тодруулбал, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.5. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгө эзэнгүй эд хөрөнгийн нэг адил төрийн өмчлөлд шилжинэ, 528 дугаар зүйлийн 528.5. Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй, 533 дугаар зүйлийн 533.1. Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно, 533.4. Энэ хуулийн 533.1-533.3-т заасан өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг хүлээн авах өвлөгч байхгүй бол тухайн эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ, 535 дугаар зүйлийн 535.1. Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж тус тус заажээ.

3.3.Дээрх хуулийн хэм хэмжээг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд Ш ХХК-ийн хувьцааг Б.Б******* хууль ёсны өв залгамжлагчид хүлээн авахаас татгалзсан тохиолдолд өвлөгдөх эд хөрөнгийг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэж, төрийн өмчлөлд шилжүүлэх бөгөөд шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээхээр байна.

3.4.Улмаар эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.5. Эзэнгүй эд хөрөнгийг төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа төрийн зохих байгууллагад олгоно, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 42.6. Өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчид мэдэгдэх бөгөөд бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөгдөх хөрөнгийг төрийн зохих байгууллагын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгоно, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. Төрийн өмчид эд хөрөнгийг дараахь хэлбэрээр олж авна:, 4/ хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө гэж тусгайлан зохицуулжээ.

3.5.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хууль ёсны өвлөгч хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэж, төрийн өмчлөлд шилжүүлэх гэрчилгээг төрийн зохих байгууллагад олгосноор тухайн эд хөрөнгө төрийн өмчид өвийн журмаар шилжихээр байна.

3.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Ш ХХК-ийн эрхлэн хамгаалагчийн тогтоосон тохиолдолд нэхэмжлэгч Б ХХК Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд иргэний хэрэгт хариуцагчаар оролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж тайлбарлан маргах боловч өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох буюу түүнийг хамгаалах эрх зүйн харилцаанд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээх хууль зүйн үр дагавар үүсэхгүй.

3.7.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 537 дугаар зүйлийн 537.1. Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна, 537.2-т Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална, 538 дугаар зүйлийн 538.1. Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана гэж зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хууль ёсны өвчлөгч болон гэрээслэлээр өвлөгч бүх этгээд хүлээн авсан, эсхүл тэдгээр этгээд өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд төрийн өмчид шилжих хүртэл хугацаанд тухайн өвлөгдөх эд хөрөнгийн шинж чанарыг алдагдуулахгүй хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.

3.8.Энэ маргааны хувьд дээрх хуульд заасан журмын дагуу нотариатч Ш ХХК-ийн хувьцаа болох өвлөгдөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг төрийн холбогдох байгууллагад шилжүүлсэн гэрчилгээг батлаагүй, төрийн өмчид шилжээгүй байхад нэхэмжлэгч Б ХХК 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм.

3.9.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх боловч энэ тохиолдолд маргааны зүйл болох Ш ХХК-ийн хувьцаа нь төрийн өмчид шилжээгүй байх тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өвлөгдөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэхгүй.

3.10.Нөгөөтэйгүүр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна, 2. Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхтэй: 1/ орон нутгийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулах; гэж тус тус зааснаас үзэхэд харьяалах нутаг дэвсгэртээ өмчийн эрхийг хэрэгжүүлэгч, түүнд хяналт тавих эрхтэй этгээд өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болох бөгөөд Иргэний хуулийн 538 дугаар зүйлийн 538.1 дэх хэсэгт заасан нутгийн захиргааны байгууллага гэдэгт тухайн орон нутагт өмчийн эрхийг хэрэгжүүлэгч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ойлгохоор байна.

3.11.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн өвлөгдөх эд хөрөнгөд Сүхбаатар дүүргийн Засаг дарга эрхлэн хамгаалалт тогтоох эрхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

4.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан гаргасан Ш ХХК-ийн өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсан тус дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.5, 531 дүгээр зүйлийн 531.5, 537 дугаар зүйлийн 537.1, 537.2, 538 дугаар зүйлийн 538.1, Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Б ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох боломжгүй гэж татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Ш ХХК-д эрхлэн хамгаалалт тогтоож шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ