Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2016/00603

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1964 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 7, Хөвсгөл аймгийн ........... сумын   ...... дүгээр багт оршин суух Б овогт Д-ын Н /................... /-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч155/2016/0402/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Н  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Н  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 5-р сарын 20-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 5-р сарын 13-ны өдрөөс 11-р сарын 14-ний өдрийг дуустал тус тус ажиллаж ирсэн. Мөн Эгүүрийн сангийн аж ахуйд 1988 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1992 оны 4-р сарын 01-ний өдрийг хүртэл ажилчин, саальчнаар ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Н  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч Д.Н  нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Н гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, гэрч Б.Н-ийн  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ...Д.Н  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын захиргаанд 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч М.Б-ийн  2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ....Д.Н  сургууль төгсөөд 1986 оны 5 дугаар сараас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэбулган сумын захиргаанд хүний оронд түр үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 оноос 1992 оныг дуустал Эгүүрийн сангийн аж ахуйд малчнаар тасралтгүй ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагч Д.Н гийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгүүрийн сангийн аж ахуйд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10/348 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/176 дугаартай тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ын Н /................... /-ийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эгүүрийн сангийн аж ахуйд 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ