Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2016/00604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ........... сумын ............ дугаар багт оршин суух Ш овогт М-ын Ц /................. /-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч155/2016/0669/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1983 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын дунд сургуулийг төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр 1983 оны 6-р сарны 20-ны өдөр Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж эхэлсэн ба 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Иймд 1983 оны 06 дугаар сарын 20-ноос 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд ажиллаж байсныг өгнө үү гэжээ.

М.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие М.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд Улаанбаатар хот руу шинжилгээ хийлгэхээр явах болсон тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч М.Ц нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Ц-ийн  ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Монголын Хүүхэд залуучуудын эвлэлийн Илгээлт-ийн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай Нэгдлийн гишүүдийг батлах тухай тогтоолын хуулбар, гэрч Ч.Ц-ын  2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...М.Ц 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Хайс 2 дугаар бригадад саальчнаар 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...М.Ц 1983 онд илгээлтээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн Хайс 2 дугаар бригадад саальчнаар томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 10/351 дугаартай ...Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул М.Ц-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Иймд хүсэлт гаргагч М.Ц-ийн  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч М.Ц нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт М-ын Ц /................. /-ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч М.Ц-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ