Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2016/00605

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн .......... сумын ..... дүгээр багт оршин суух, Д  овогт Т-ийн Д /.................. / -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... дугаар гудамжны .....тоотод оршин суух, С  овогт Э-ийн Э /....................../ -т холбогдох

1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Д  нь Э.Э-т  1.500.000 төгрөгийн өглөгтэй байсан ба 600.000 төгрөгийг өгсөн байсан. Э.Э нь 2016 оны 01 сарын 19-ний өдөр зээл хаалгах зорилгоор 1.948.000 төгрөгийг 96584848 дугаартай зээлдүүлэгчтэй ярьсны үндсэн дээр 5890368574 данс руу /Б  Ба / надаар шилжүүлгүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл утсаа авахгүй, мөнгөгүй гээд байгаа тул миний авах 1.000.000 төгрөгийг Э.Эээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Д  нь Э.Э-т  900.000 төгрөгийн өглөгтэй байсан. Анх 2014 онд Т.Д  нь торх зарахаар Э.Эээс 1.500.000 төгрөг авсан байдаг. Гэтэл Э.Э торхоо ирж аваагүй. Ингээд Э.Э торх авахаа больж, мөнгөө буцааж авахаар болоод 600.000 төгрөгийг Э.Э-т  буцааж өгсөн юм. 1500.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг Э.Э-т  өгөөд 900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байж байтал Э.Э утасдаад надад өгөх 900.000 төгрөг дээрээ 1.000.000 төгрөг нэмээд н.Ба  гэх хүний данс руу 1.948.000 төгрөг хийгээд өгөөч, удахгүй 1.000.000 төгрөгийг чинь буцааж өгнө, зээлийн хүү тооцоод хэцүү байна гэж хэлсэн байдаг. Ингээд Т.Д  н.Ба  гэх хүний 96584848 гэсэн утасны дугаараар холбогдож Э.Эийн өмнөөс 1.948.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн байдаг. Т.Д  Э.Э-т эй эргээд утсаар холбогдож 1.000.000 төгрөг шилжүүлсэн, та мөнгийг маань удахгүй өгөөрэй гэж хэлсээр өгнө, өгнө гэж хойшлуулсаар 2016 оны 04 дүгээр сараас утсаа авахаа больж нэг удаа утсаа авахдаа би чамд мөнгө өгөхгүй гэж хэлчихээд утсаа хаачихсан байдаг. Иймд Э.Эээс 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Д  нь 2014.04.24-ний өдөр дүүгийн машины зээл нэхэгдээд байгаа учир байшингийн бэлэн мод хямдхан аваач, өнөөдөр мөнгө нь маш чухал яаралтай байна, 1.500.000-г шилжүүлээч гээд Т.Д  гэсэн данс /................ / өгсөн. Би итгээд шилжүүлсэн. Одоог хүртэл байшингийн мод ч үгүй мөнгө ч үгүй байсаар өдийг хүрсэн. Иймд би маш ихээр хохирч 2 жил болсон учир хүүндээ тооцъё гэж тохирсон байсан. иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Т.Д  нь хариуцагч Э.Эээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч Т.Д гаас байшингийн мод авахаар харилцан тохиролцож 1.500.000 төгрөгийг түүний ................  данс руу шилжүүлсэн. Одоог хүртэл байшингийн мод ч үгүй, мөнгө ч үгүй хохирч 2 жил болсон учир хүүндээ тооцъё гэж тохирсон байсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.Д  нь Хаан банкинд ................  дугаарын дансыг эзэмшдэг болох нь хариуцагч Э.Эийн тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Хаан банкны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ -аар нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б  овогтой Ба ын Хаан банкны 5890368574 дугаарын данс руу өөрийн эзэмшдэг ................  дугаарын данснаас 1.948.500 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ -аар нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Д гийн Хаан банкны ................  дугаар данснаас Б  овогтой Ба ын данс руу шилжүүлсэн гэх 1.948.500 төгрөгийг аваагүй гэж маргаагүй ба харин Т.Д д 1.500.000 төгрөгийг байшингийн мод авахаар шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө ч, модоо ч аваагүй, 2 жил болж байгаа, уг мөнгийг хүүндээ тооцъё гэж тохиролцсон гэх тайлбарыг ирүүлсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан болно.

Иймд нэхэмжлэгч Т.Д , хариуцагч Э.Э нарын хооронд хууль болон гэрээнд зааснаар ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул хариуцагч Э.Эийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хэмээн үзэж 1.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.Эээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Д д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эээс 28.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН