| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01114/И |
| Дугаар | 155/ШШ2016/00607 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/00607
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багт байрлах, Хөвсгөл аймгийн НДХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багт байрлах, УЧ ОНӨҮГ-т холбогдох
Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2015/01114/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХАНДХ-ийн дарга П.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХАНДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 140-170 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж, энэ хэмжээгээр цалин хөлсөө тооцож, нийгмийн даатгалын тайлан гаргаж мэдээлдэг боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар сар бүр төлбөл зохих шимтгэлээ хуулийн хугацаанд бүрэн төлөөгүйгээс нийгмийн даатгалын өрийг хуримтлуулсаар байгаа ба энэ байгууллагад ажиллагсдын нийгмийн баталгаа хангагдахгүй, улмаар аймгийн тэтгэвэр тэтгэмж, эмнэлгийн төлбөрийг хуулийн хугацаанд олгох хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч нийгмийн даатгалын сангуудыг хохироосоор байна. Иймд Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн 105.299.241, 36 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын төвлөрсөн санд оруулж өгнө үү. Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас дутуу төлсөн 105.299.241 төгрөг 36 мөнгөний шимтгэлийг тус байгууллагын 2015 оны 9 дүгээр сарын /НД-7,8 маягт/ тайлан, тооцоо, нийлсэн актаар хүлээн зөвшөөрч захирал, ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан болно гэжээ.
Нэхэмжлэгч ХАНДХ-ийн дарга Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаарлагыг дэмжиж байна. Бид энэ компаний үйл ажиллагаатай холбоотой шүүхийн байгууллагад ирэхээс өмнө хугацаатай, графиктай, гэрээ байгуулсан. Харилцан итгэлцэл дээр олон зүйлийн ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Хариуцагч тал 2010 оны 9 дүгээр сард 100 сая төгрөгийн өртэй тасалсан гэж байгаа боловч энэ өрөө бууруулсаар байгаад 49 сая төгрөг хүртэл бууруулж байсан. Энэ нь санхүүгийн дэмжлэгтэй холбоотой. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө энэ байгууллагын даатгуулагч ажилчдыг нь бодоод нийгмийн даатгалын санд хөрөнгө мөнгөний авлага үүсч байсан ч гэсэн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах, нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны болон, жирэмсэн амаржсаны тэтгэмж, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн хүмүүсийн тэтгэврийг тогтоолгох зэрэг нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн. Нийгмийн даатгалын тухай хууль болон нийгмийн хамгааллын баталгааны хувьд ч гэсэн нийгмийн даатгалын санд тухайн иргэн даатгуулагч байгууллага, ажил олгогч нийгмийн даатгалын байгууллагад мөнгөө төлж байж эргэж үйлчилгээгээ авах ёстой. Өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байна гээд бүгдийг нь хаачих гэхээр ажил үйлчилгээний хувьд, нийгмийн хамгааллын хувьд даатгуулагч хохирчих гээд байсан. Энэ өрийг нэг дор 100 хувь барагдуулж чадахгүй гэдгийг аль аль тал нь ойлгож байна. Гэхдээ энэ өрөө цаашид нэмэхгүйгээр аль болох бага багаар ч хамаагүй төлөх санал санаачлага энэ байгууллага ерөөсөө гаргадаггүй. Манай байгууллагын нэхэмжилсэн энэ мөнгө 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргасан тооцоо. Үүнээс хойш 130-аад сая төгрөг болж нэмэгдчихээд явж байна.
...хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй, зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Хөвсгөл Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Тухайн өр авлагыг байгууллага тайландаа тусгасан байдаг. Манай байгууллага эдийн засгийн боломжоос хамааран төлж чадахгүй байгаа. 2010 оны 9 дүгээр сараас УСНААК гэж байгаад хоёр хуваагдсан. Тэгэхэд анх 104.000.000 төгрөгийн өртэй байсан. Одоо 2015 оны 9 дүгээр сарын байдлаар 105 сая төгрөг болж өссөн байгаа. Манай байгууллага одоо 116-120 ажилчинтай, улсаас 278 сая төгрөгийн татаас өгдөг боловч тэр нь цалингийнхаа тал хувьд хүрдэггүй тул Нийгмийн даатгалынхаа шимтгэлийг төлөхгүй байсаар энэ нь хуримтлагдаж ийм өртэй болсон.
..нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХАНДХнь хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П нэхэмжлэлийн шаардлага 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг төлөх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч байгууллагаас 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийн тал хувь болох 342.223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ХАНДХ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл-УЧ ОНӨҮГ-т холбогдох 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч байгууллагаас 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийн тал хувь болох 342.223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ