| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00409/И |
| Дугаар | 155/ШШ2016/00608 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/00608
| 2016 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2016/00608 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд
Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн .... сумын ..... дүгээр багийн ...... тоотод оршин суух Ч овогт Д-ын Э /................/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ........... сумын ..... дугаар багийн ..... тоотод оршин суух Б овогт Э-ийн А /................/-т
Палкны үнэ 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 7 дугаар сард би өөрийн эзэмшлийн машинаа эвдсэн учир авто засварын газар аваачиж засуулахаар болж 2.500.000 төгрөгөөр засна гэж байхад нь харилцан ярилцаж 2.300.000 төгрөгөөр засуулахаар болж хөлсөнд нь 12х15 хэмжээтэй 100 ширхэг палк нэг бүрийн үнэ 12.000 төгрөгөөр бүгд 1.200.000 төгрөг, 3 сантиметрийн 5 куб банзыг 1 кубыг нь 110.000 төгрөгөөр бодож бүгд 550.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө машины засуулсны дараа өгөхөөр харилцан тохиролцсон юм.
Гэтэл засаж өгөхгүй удаж 6 сар болсон тул машинаа буцааж аваад өгсөн төлбөрөөсөө буцааж 1 сая төгрөг авахаар болсон боловч өгөхгүй өдий хүрсэн тул шүүхэд хандсан болно.
Иймд Э.А ын 500.000 төгрөг өгнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.
Хариуцагч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 20-дын үеэр Д.Э нь машин янзлуулна гэж ирсэн бөгөөд уг машины засвар үйлчилгэээ хийх эвдрэл зэргийг харгалзан хөлсийг 2.500.000 төгрөгөөр тохирсон. Машиныг засварлахад зайлшгүй сэлбэг хэрэгтэй байсан бөгөөд энэ сэлбэгийг Э хариуцах тул тэрээр сэлбэг иртэл 2015 оны 12 сар гартал хүлээсэн.
Сэлбэг ирэх ёстой байсан хугацаанд би өөрөө шалтгаалах сэв гаргаж, төмрийн ажлыг бүрэн хийсэн. Сэлбэг ирснээр уг сэлбэгийг тааруулах ажил хийгдэж дууссан. Энэ машин нь зам тээврийн осолд орж онхолдсон, засвар үйлчилгээ их шаардсан шинэ сэлбэгийг засаж янзалсан машины сэргээсэн байдалд тааруулах ажил хийгдэж дуусч зөвхөн замаск хийх, будагны ажил үлдсэн байсан. Хөлсийг анх тохирсон хэлбэрээс буцаж 200 ширхэг палк, банз оруулж тооцохоор тохирсон. Хөлсийг өгөхгүй удааж явсаар урьдчилгаа болгож 2015 оны 10 сарын дундуур хөлсөнд 100 ширхэг палк /7х15 см/, 3 м куб 3 см-ийн банз авчирч буулгасан. 100 ширхэг палкийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн.
Үлдэгдэл хөлс буюу 1.200.000 төгрөгийг өгөөгүй ирсэн миний бие цааш үргэлжлүүлж, засварыг хийхэд материалын үнэ хэрэгтэй байсан тул би хөлсийг төлөхийг шаардсан. Гэвч энэ хүн машинаа аваад явсан. Уул нь би энэ хүнээс засварын үлдэгдэл хөлс шаардах байсан ч тэгээгүй. Э нь буулгасан банзаа 5 м куб гэж хэлдэг боловч энэ нь 3 м куб банз байсан. Миний бие нийт хийж гүйцэтгэх ёстой ажлынхаа 50 хувийг хийж гүйцэтгэсэн. Надад өгсөн палк нь 15х15 хэмжээтэй биш 7х15 хэмжээтэй байсан тул бусдад зарж чадахгүйд хүрсэн бөгөөд зээлээр зарах болсон. Мөн энэ асуудлаар бид 2 ярилцаж 500.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Э.А т холбогдох палк, банзны үнэ 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхэд хариуцагч Э.А ын ирүүлсэн ....500.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон.... гэх тайлбар ирүүлснийг шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Э ....500.000 төгрөг өгнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.... гэх тайлбараа ирүүлсэн ба зохигч нь эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагч Э.А т шүүх хуралдааны товыг түүний 96381111 дугаартай утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А аас 15.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй бана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 123.2-т
ЗАХИРАМЖЛАХ :
1. Нэхэмжлэгч Д.Э ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А т холбогдох палк, банзны үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.950 /хорин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.А аас 15.650 / / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э од олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ