| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00612/И |
| Дугаар | 155/ШШ2016/00612 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2016/00612
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ..... тоотод оршин суух Х овогт С-ийн Д /................/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .....дугаар багийн ..... тоотод оршин суух М овогт Б-ын Х /.................. /, Т овогт Н-ийн Н /....................... / нарт холбогдох,
500.000 /таваг зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй учраас нөхөр асран халамжилдаг. Бид хоёр комиссийн бараа зарж амьдардаг. Урьд нь танил байсан Х , Н нар нь 2015 оны 04 дүгээр сард манай бараанаас авч хөдөөгүүр зарж ашиг гаргаж аваад зараад өгье гэж 500.000 төгрөгийн бараа авч яваад зарж аваад мөнгийг маань өгөхгүй өдийг хүрлээ. Иймд 500.000 төгрөгийг эдгээр хүмүүсээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х , Н.Н нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бүрэнтогтох овогтой Х , Нацагдорж овогтой Н бид С овогтой Д ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 500.000 төгрөгийг төлж барагдуулна. Одоогооро бид 2 эрхэлсэн ажилгүй орлогогүй байгаа учраас нэхэмжилж байгаа 500.000 төгрөгийг шууд барагдуулах боломжгүй байгаа тул сар болгон 50.000 төгрөг өгч байх боломжийг олгож өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Б.Х , Н.Н нараас 500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х , Н.Н нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Д ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг хариуцагч Б.Х , Н.Н нараас, 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Д д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Д ын нэхэмжилсэн 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х , Н.Н нар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.650 /арван таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х , Н.Н нараас 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/, улсын орлогоос 7.825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН