Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 166

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгчийн өмөөлөгч Б.Хандмаа,

Хохирогч С.Б ,

Шүүгдэгч В.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пансан овогт Воршилийн Б д холбогдох эрүүгийн 1726001540055 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Пансан овгийн В.Б;

Шүүгдэгч В.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Мухар хад” гэх газар хохирогч С.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                 Шүүгдэгч В.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 8-9 цагийн үед гэртээ орсон чинь С.Б , У  хоёр манайд ирчихсэн сууж байсан. Тэгээд манайд байсан 750 граммын шилтэй архи уусан. Намайг гэрийнхээ гадна машин доогуураа хэвтэж байсан чинь С.Б  “чи яагаад намайг найрандаа урьдаггүй юм бэ” гэж хэлээд хэрүүл гуйгаад байхаар нь би цохиод авсан юм. Миний буруу. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

                 Хохирогч С.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр адуунд мордсон юм. Тэгж явахдаа шинэ гэр барьсан В.Б ыд буусан. Гэрт ортол нэг шил архи, монгол архи өгөхөөр нь уусан. Гэрийг нь мялаасан. Тэгээд би В.Б д “Миний 2 хар морийг чамайг авчихсан гэж саахалтын айл чинь хэлсэн” гэсэн чинь үүнээс болж намайг В.Б  2-3 удаа мөргөсөн. Би зууралдаж байгаад дээлийг нь урчихсан юм. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

                 Хохирогч С.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө гэрээсээ 09 цаг өнгөрч байхад адуундаа мордоод явж байтал манай адуунууд В.Б ы гэрийн гадна ойролцоо байхаар нь би гэрийнх нь гадна буугаад В.Б ы гэрт орсон. В.Б  нь энэ оны 8 дугаар сард гэр барьж найр хийж байсан юм. Тэр үед нь би В.Б ы гэрт очоогүй байсан. Тэгтэл В.Б ы гэрт саахалтынх нь айлын У  хоёр байсан. Тэгээд 750 граммтай Соёрхол архи болон Монгол архи гаргаж ирсэн. В.Б ы ер нь уугаагүй. У  бид хоёр ихэнх архийг нь уусан. Тэгээд би манай адуунууд хашаандаа байсан чинь яагаад танай гадна ирчихсэн юм гэх асуудлаар маргалдаад байж байтал В.Б  нь заамдаж аваад нүүрэн тус газар 3-4 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

                    Гэрч Ц.Н  мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр С.Б  нь адуундаа мордоод явсан. ... 16 цаг өнгөрч байхад манай нөхөр С.Б  гаднаас орж ирэхдээ нүүр нь цус болчихсон орж ирэхээр нь би юу болов гэж асуухад ...В.Б  зодчихлоо гэхээр нь би В.Б ы 88924577 гэсэн дугаар луу залгаад яагаад манай нөхрийг зодож байгаа юм гэтэл ямар сүртэй юм нээх сүртэй цохиж зодоогүй гээд утсаа тасалчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/,

                 Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн 407 дугаартай шинжээчийн: “... С.Б ын биед тархи доргилт, дух, доод уруул хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь хохирогчийн амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 20 дугаар хуудас/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/768 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгч В.Б ы хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28, 32, 37-38, 41-42, 46-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч В.Б ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч В.Б ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 53-56 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч В.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Мухар хад” гэх газар хохирогч С.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Б ын “...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр адуунд мордсон юм. Тэгж явахдаа шинэ гэр барьсан В.Б ыд буусан. Гэрт ортол нэг шил архи, монгол архи өгөхөөр нь уусан. Гэрийг нь мялаасан. Тэгээд би В.Б д “Миний 2 хар морийг чамайг авчихсан гэж саахалтын айл чинь хэлсэн” гэсэн чинь үүнээс болж намайг В.Б  2-3 удаа мөргөсөн....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10/, гэрч Ц.Н  “... В.Б  зодчихлоо гэхээр нь би В.Б ы 88924577 гэсэн дугаар луу залгаад яагаад манай нөхрийг зодож байгаа юм гэтэл ямар сүртэй юм нээх сүртэй цохиж зодоогүй гээд утсаа тасалчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх эмнэлгийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 20/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, шүүгдэгч В.Б ы мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч В.Б д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Пансан овгийн В.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч В.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Хохирогч С.Б  нь гэм хорын хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ба энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б  нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг тус тус дурьдаж, 

Шүүгдэгч В.Б д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пансан овогт В.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пансан овогт В.Б ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч В.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б  нь хэлэлцэхгүй орхисон хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Б д авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Б    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.МАНДАХБАЯР