Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/97

 

 

 

 

 

 

 

 

Э.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1749 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э.Г-ин гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2109010021031 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн Э.Г, .......................... төрсө, ....... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................................. тоотод оршин суух, /РД: ............................/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 423 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 840 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Э.Г нь

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот бууз” цайны газрын орчим хохирогч Д.Бгийн эзэмшлийн “IPhone Xs max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.250.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын нүхэн гарцын орчим хохирогч Э.Эгийн эзэмшлийн “IPhone 11 Рro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.000.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хорооллын автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Э.Өний эзэмшлийн “IPhone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.425.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп виллаж” хотхоны орчим хохирогч А.Оын эзэмшлийн “IPhone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.375.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Натур” худалдааны төвийн орчим хохирогч Ө.Цийн эзэмшлийн “IPhone Xs” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны автобусны буудлын орчим хохирогч Б.Сгийн эзэмшлийн “IPhone 11 рrо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.650.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сакура” хотхоны орчим хохирогч С.Нийн эзэмшлийн “IPhone 12 рrо” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.625.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Э.Г-ин үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э.Г-иг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 27 /хорин долоо/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Гд оногдуулсан 3 /гурав/ жил 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Э.Г-ин цагдан хоригдсон 251 /хоёр зуун тавин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гэс нийт 5.925.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Од 1.375.000 төгрөг, хохирогч Ө.Цд 900.000 төгрөг, хохирогч Б.Сд 1.650.000 төгрөг, хохирогч Э.Эд 2.000.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий сиди 5 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчөөс долоон зуун хорих цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна гэж заажээ. Э.Г миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлынхоо 50 хувийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа. Миний ээж Н.Э нь тархины архаг даралт ихсэлт, үе мөчний ангин, бөөрний хүндрэл өвчтэй, хойд аав болох йэ нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас намайг цагдан хоригдож байхад нас барсан. Одоо хүнд өвчтэй ээж минь ганцаараа байгаа. Улсын яллагчийн зүгээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Иймд миний энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, улсын яллагчийн саналыг дэмжиж надад нээлттэй хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Миний хувьд өндөр 155 см, жин 50 кг, жижиг биетэй тул хаалттай ангид явахаас маш их айж байна. Ийм болохоор эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнээс надад нээлттэй хорих ял болгон өөрчилж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна” гэв.

Шүүгдэгч Э.Э.Г-ийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгч Э.Э.Г-ин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 2 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан. Энэхүү саналыг дэмжиж өгнө үү. Мөн Э.Э.Г-ин төрсөн эхийнх нь эрүүл мэндийн байдал, хойд аав нь нас барсан зэрэг гэр бүлийн байдал, хувийн байдал, мөн хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал болон бусад байдлыг харгалзан үзэж хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтоосон. Энэ нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал. Шүүгдэгч Э.Г урьд нь 3 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Энэ байдлыг харгалзан шүүхээс хаалттай хорих ангид хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг 7 удаагийн үйлдлээр хулгайлсны улмаас 11.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

1. хохирогч Д.Бгийн “...2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 50 минутын орчим Улсын их дэлгүүрийн замын урд талаас ертөнцийн зүгээр зүүн тийш явган алхаад Оросын холбооны улсын элчингийн хойд талаар чигээрээ Блью скайн зүүн хойд уулзвар хүрээд урагшаа баруун эргээд Шангрилла моллын уулзвар руу алхах замдаа утсаа үзсэн чинь алга болсон байсан. Тухайн үед 15 цаг 03 минут орчим болсон байсан. Улсын их дэлгүүрийн замын урд “Жи-эс 25” дэлгүүрийн урд талд цаг харсан чинь байж байсан. 2020 оны 8 дугаар сард 1.750.000 төгрөгөөр “IPhone Xs max” загварын хар саарал өнгийн гар утсыг худалдаж авч байсан. ... Надад цэцэг төвийн харалдаа замын урд талын төрийн тусгай газрын орчим явж байх үед надтай зөрсөн хүн сонин хараад байсан учир сонин мэдрэмж төрсөн. ...” /1хх 15/,

шүүгдэгч Э.Э.Г-ин яллагдагчаар өгсөн “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хот бууз” цайны газрын гадна хохирогчийн “IPhone Xs max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан. Тухайн үед би ганцаараа байсан. Би хулгайлсан гар утсаа цагдаагийн албан хаагчаар дамжуулан хүлээлгэн өгсөн. ...” /1хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн СБ1-21-853 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone XS max” загварын гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн. ...” тайлан /1хх 20-21/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо “Хот бууз” цайны газрын гадна талд баруун зүгт харуулан байрлуулсан хяналтын камерын бичлэг байх бөгөөд хохирогч Д.Б борооны шүхэр барьсан алхаж байхад араас нь цайвар өнгийн саравчтай малгай, хар өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн өмд, хар өнгийн гуталтай намхан биетэй эрэгтэй дагаж явж байгаа бичлэг байлаа. ...” гэсэн тэмдэглэл /1хх 25/,

эд зүйлийг хүлээн авсан тухай, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 18-19/,

2. Хохирогч А.Оын “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж хотхоны явган хүний гарцан дээр явж байхдаа өөрийн өмсөж явсан номин ногоон өнгийн куртикны зүүн талын халаасанд байсан шар өнгийн “Айфон 11” загварын гар утсаа алдсан. 2020 онд 3.000.000 төгрөгөөр анх авч байсан. Одоо 1.700.000 төгрөгөөр үнэлж байна. Хяналтын камер байсан, гэхдээ царай зүс сайн танигдахгүй, нэг эмэгтэй хүн миний халааснаас 19 цаг 54 минутын үед авч байгаа нь бичигдсэн байсан. ...” /1хх 225-226/,

шүүгдэгч Э.Э.Г-ин яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 14-ний орой ганцаараа Баянзүрх дүүрэгт Олимп хотхоны орчимд “Айфон 11” загварын гар утсыг авсан бөгөөд мөн танихгүй хүнд 250.000 төгрөгөөр зарж, мөнгийг өөртөө хэрэглэчихсэн. ...” /1хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б31-21-1385 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone 11” загварын гар утсыг 1.375.000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан /1хх 233-234/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн бичлэгт авто зогсоол болон явган хүний зам харагдаж байх, хяналтын камерын бичлэг дүрслэл муу, машины гэрэлд гялбаад байсан тул юу болж байгаа нь тодорхой харагдахгүй байв. Үзлэгийг үргэлжлүүлэн Video нэртэй бичлэг хийхэд тухайн бичлэг нь 31 секундийн бичлэг байх ба 05 секундэд хаалтны хажууд алхаж байсан цайвар өнгийн урт куртик өмссөн эмэгтэй хүний араас бараан өнгийн урт куртик өмссөн эрэгтэй хүн ойртоод халааснаас нь эд зүйл авч байгаа бичигдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл /1хх 231-232/үнэлгээ /1хх 233-234/

3. Хохирогч С.Нийн “...2021 оны 12 дугаар сарын 25-ны 20 цагийн орчимд Баянхзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сакура” гэх нэртэй байрны хойд хаалганаас нь зүүн урд тал тал руу явдаг явган хүний зам дагуу би охиноо тэргэнд суулгаад, тэргээ түрээд явж байгаад өөрийн өмдний баруун халаасанд байсан гар утсаа гаргаад буцаагаад өмдний халаасандаа хийгээд цааш яваад 10 орчим минутын дараа зам гарах гэж байхад манай дүү Мөнгөнтулга намайг тосож авсан. Ингээд ээжийнхээ гэрт ороод гар утсаа шалгахад байхгүй болсон байсан. ...Миний утсыг хулгайлсан хүн мөрдөгч Б.Амарсайханаар дамжуулан 353995105680858 гэсэн имей дугаартай ямар нэгэн сэв зураас, эвдрэл гэмтэлгүй, хайрцаг савтайгаа шаргал өнгийн “Айфон 11” загварын гар утсыг надад өгсөн. Би тухайн утсыг хүлээн авсан тул одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ...” /2хх 9-10, 12-13/,

            шүүгдэгч Э.Э.Г-ин яллагдагчаар өгсөн “...Би Сакура хотхоноос авсан С.Н гэх эмэгтэйд хоригдоогүй байх хугацаандаа ажиллаж олсон цалингаараа Айфон 11” загварын гар утас 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад оронд нь өгчихсөн бөгөөд өөрөө гомдол, саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. ...” /1хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б31-21-1386 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone 12 pro” загварын гар утсыг 2.625.000 төгрөгөөр үнэлсэн. ...” тайлан /2хх 21-22/,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...Үзлэгээр тээврийн хэрэгслүүд байршуулсан авто зогсоолын цаана явган хүний зам харагдаж байх бөгөөд тэрэг түрсэн эмэгтэй хүн алхаж байгаа бичиглэл байв. Тухайн эмэгтэйн араас хар өнгийн урт куртик өмссөн эрэгтэй хүн дагаж байгаад халааснаас нь гар утас авснаар бичлэг дуусав. ...” гэсэн тэмдэглэл /2хх 17-18/,

эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 19-20/,

4. Насанд хүрээгүй хохирогч Э.Өэлүн-Үжиний “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өглөө Энканто хотхонд байрлах гэрээсээ 06 цаг 35 минутад гарсан бөгөөд улмаар 06 цаг 50 минутын орчим Саруул хотхоны автобусны буудал дээр 634 дугаартай автобусанд суугаад өөрийн халаасанд байсан “Айфон 11” загварын гар утас алга болсныг мэдсэн. ...” /2хх 53-54/,

шүүгдэгч Э.Э.Г-ин яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны орчимд цагаан өнгийн “Айфон 11” загварын гар утсыг хоёр бага насны охин явж байхад нь гадуур хувцасны халааснаас нь аваад Энхжаргал гэх хүнд зарчихсан юм. Энэ гар утсыг 500.000 төгрөгөөр зарсан санаж байна. ...” /1хх 195/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б31-21-1296 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone 11” загварын гар утсыг 1.425.000 төгрөгөөр үнэлсэн. ...” тайлан /2хх 56-57/,

эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 71-72/,

5. Хохирогч Ө.Цийн “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны 17 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур худалдааны төв рүү орж байхдаа халааснаасаа “IPhone XS” загварын гар утсаа алдсан. Би утсаа алдчихаад Натур худалдааны төвийн хяналтын камерыг шүүлгэхэд миний араас нэг залуу дагаж байгаад намайг хаалган дээр ирэнгүүт халааснаас минь утсыг маань авч байгаа бичлэг байсан. ...” /2хх 131/,

шүүгдэгч Э.Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ганцаараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натур худалдааны төвийн урд хэсэгт явж байгаад эмэгтэй, эрэгтэй хоёр хүн сугадалцчихсан явж байхад нь эмэгтэйнх нь гадуур хувцаснаас “IPhone XS” загварын гар утсыг нь авчихсан, тус гар утсыг Теди дээр танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Б31-22-94 дүгээр хөрөнгийн үнэлгээний “...“IPhone XS max” загварын гар утсыг 900.000 төгрөгөөр үнэлсэн. ...” тайлан /2хх 136-137/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн хяналтын камерын цагаар 17 цаг 28 минутад цагаан куртиктай хүн үзэгдэнэ. Тухайн хүний яг араас саарал гадуур хувцастай хүн явах бөгөөд саарал куртиктай хүн нь цагаан куртиктай хүний халааснаас хар өнгийн ямар нэг эд зүйл авч байгаа нь бичигдсэн байна. ...” гэсэн тэмдэглэл /2хх 124-125/,

6. Хохирогч Б.С-н “...Би ажлаа тараад гэр рүүгээ ажлын хоёр хүний хамт явж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Баянмонгол” хотхоноос салаад ганцаараа явж гэртээ очоод гар утсаа үзэхэд утас байхгүй байсан. Тэгээд явсан газраа бодоод камер шүүхэд “Елизабет” хотхоны автобусны буудал орчимд явж байхад нэг эмэгтэй, гурван эрэгтэй 18-аас 20 орчим насны залуучууд миний араас дагаж яваад нэг нь миний халааснаас утсыг маань авч, тэгээд цувраад замын нөгөө тал руу гарч байгаа бичлэг байсан. Утсанд 99043850 дугаартай байсан “Iphone 11 рrо” загварын хар ногоон өнгийн ягаан кейстэй гар утас байсан. ...” /2хх 177/,

шүүгдэгч Э.Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Елизабет” хотхоны урд талын явган хүний гарцаар ганцаараа явж байсан эмэгтэй хүн миний хажуугаар зөрөхөөр нь хойноос нь дагаж очоод халааснаас нь “Iphone 11 рrо” загварын цагаан өнгийн гар утсыг нь авчихсан бөгөөд энэ гар утсыг Монтель дээр танихгүй хүнд зарчихсан юм. ...” /1хх 195/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б31-22-30 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone 11 pro” загварын гар утсыг 1.650.000 төгрөгөөр үнэлсэн. ...” тайлан /2хх 184-185/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн бичлэгт явган хүний зам дагуу хохирогч гэх эмэгтэй цайвар өнгийн хүрэм өмсөн алхаж байх ба бичлэгийн 7 секундэд түүний араас хар өнгийн урт куртик өмссөн эрэгтэй хүн халааснаас нь эд зүйл аваад зам гарч байгаа нь бичигдсэн байв. ...” гэсэн тэмдэглэл /2хх 172-173/,

7. Хохирогч Э.Эгийн “...Би өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Халдвартаас гэр рүүгээ алхаад явж байсан юм. Тэгээд гэрийнхээ наана байх Баянмонгол хорооллын нүхэн гарц орох гэж байхад нэг эрэгтэй хүн хальт шүргэх шиг болсон. Тэгээд би найзтайгаа утсаар ярих гээд цүнхэнд байсан утсаа үзэхэд гар утас маань алга болчихсон байсан. ...” /2хх 213-214/,

шүүгдэгч Э.Э.Г-ийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа явж байгаад цагаан куртиктэй эмэгтэй явж байхаар нь халааснаас нь “Айфон 11 про” загварын гар утсыг нь мэдэгдэлгүй авчихсан бөгөөд уг гар утсыг Монтель дээр танихгүй хүнд 600.000 төгрөгөөр зарсан шиг санаж байна. ...” /хх 192/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б31-21-1298 дугаар хөрөнгийн үнэлгээний “...“IPhone pro” загварын гар утсыг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан /2хх 224-225/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 207-208/, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 196-204/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Э.Г-иг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Э.Г-ин хохирогч нарын араас дагаж халааснаас гар утсыг мэдэгдэхгүйгээр буюу нууцаар авч, нийт 11.225.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүхээс Э.Гд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.Г нь “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ... надад оногдуулсан ялын дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс Э.Гд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.Г нь өмнө 2017-2021 оны хооронд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгэгдсэн нөхцөл байдал байгаа ч шүүх түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр сонгон шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх хуульд заасан үндэслэлийг шүүгдэгч Э.Э.Г-и үйлдсэн гэмт хэрэг дээр дүгнэж үзээд түүний хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж, улмаар нэмж нэгтгэн нийт 3 жил 27 хоногийн хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоожээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Э.Э.Г-ин ялын тооцооны талаарх баримт /3хх 47/-ыг үнэлсэн боловч тус баримтад ял эдэлсэн хугацааг буруу тооцсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Г нь зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдон 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс сүүлийн гэмт хэрэгтээ цагдан хоригдсон хүртэлх хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэнд тооцов. үлдэх 10 сар 12 хоногийн ялыг эдлээгүй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1749 дүгээр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлэх үед Э.Г нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 7 сар 18 хоногийн хорих ял эдэлсэн байх тул түүний эдлэх хорих ялаас хасч, үлдэх 10 сар 12 хоногийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Э.Г-ин “...надад оногдуулсан ялын дэглэмийг нээлттэй болгон өөрчилж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Э.Г-ин шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1749 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 хэсэгт зааснаар Э.Гд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 2 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э.Г-ин гаргасан давж заалдах гомдлын “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар ялласан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 10 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Г-ин шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР