Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: К ХК /РД:/,

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч О.А холбогдох,

Маргааны төрөл: Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч О.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч О.А 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Н******* ******* ХХК-иас К ХХК-ийг зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдлыг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт, цахим орчинд зар сурталчилгааг түгээхэд тавигдах нийтлэг шаардлага зөрчсөн гэх гомдлыг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус гаргасан.

2.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр гомдлыг Оюуны өмчийн газарт шилжүүлжээ.

2.3.Хариуцагч эрх бүхий албан тушаалтан зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх гомдолд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг, цахим орчинд зар сурталчилгааг түгээхэд тавигдах нийтлэг шаардлага зөрчсөн гэх гомдолд дугаартай зөрчлийн хэрэг тус тус нээсэн.

2.4.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтын саналыг үндэслэн прокурорын тогтоолоор К ХХК-д холбогдох дугаартай зөрчлийн хэргийг дугаартай зөрчлийн хэрэгт нэгтгэжээ.

2.5.Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар К ХХК-д Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэхийг хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.6.Гомдол гаргагч К ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Гомдол гаргагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: К******* ХХК нь 2009 оноос хойш эхлэн өнөөдрийг хүртэл зар сурталчилгаа, программ хангамжийн чиглэлээр тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд бид дотоодын болон олон улсын байгууллагуудын захиалгат ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл гомдол гаргагч Н******* ******* ХХК буюу Bloomberg TV Mongolia-ийн зүгээс 22 бүтээлийг К ХХК-ийн бүтээл, олон нийтэд түгээсэн гэж дурдсан нь биднийг илтэд гүтгэсэн гомдлыг Оюуны өмчийн газарт гаргасан байна. Үүнд: "К" ХХК дээр гэрээ хийгдэж гүйцэтгэсэн ажлууд, тэр бүү "Н******* *******" ХХК-д огт хамааралгүй буюу гэрээ хийгдээгүй ажлуудыг зохиогчийн эрх зөрчсөн гэж дурдсан байсан. Түүнчлэн зарим гэрээ нь иргэн О.Бын хувь хүн дээр хийсэн гэрээ болно. Иргэн О.Б болон "К ХХК-ийн зарим ажилтнууд өмнө нь "Н******* *******" ХХК- д Хөдөлмөрийн гэрээний дагуу ажилладаг байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар тус компанийн оюуны бүтээлийг хууль бусаар ашиглаагүй. "Н******* *******" ХХК-ийн ажилтнуудтай хийсэн Хөдөлмөрийн дотоод журмын 1.6 хэсэгт зааснаар "Компанид ажиллах хугацаанд уг ажилчдын оролцоотойгоор бий болсон аливаа оюуны өмч нь Компанийн өмч байна." гэсэн заалт нь тухайн компани тухайн нөхцөлд бүтээсэн бүтээлүүдийг оюуны өмчид батлуулсан буюу бүртгүүлсэн оюуны өмчийг хэлдэг. Тухайн ажилтнуудын бүх хийсэн бүтээл нь уг компанийн өмч мөн гэсэн үндэслэл биш юм. Уг ажилтнууд өөрсдийн оюуны өмч гэж маргаагүй болно. Нууцлалын гэрээнд дурдсаны дагуу нийтэд ил болгоогүй мэдээллийг нийтлээгүй ба захиалагч тал аль хэдийн олон нийтэд нээлттэй хэлбэрээр цацагдсан бүтээлийг гүйцэтгэхэд оролцсоны хувиар ажлын туршлага, ажлын түүх болгож өөрийн хуудас дээр байршуулсан болно.

Гомдлын хуулийн үндэслэл:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 343.3-д "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэсэн байх тул маргаанд дурдагдаж байгаа бүтээлүүд нь "Н******* *******" ХХК-ийн оюуны өмч биш юм. Оюуны өмч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмнөөс гомдол гаргах эрх байхгүй гэж үзэж байна.

2."Н******* *******" ХХК-д ажиллаж байхдаа бүтээсэн олон нийтэд нээлттэй цөөн тооны реклам зар сурталчилгааны зориулалттай бүтээлийг өөрийн ажлын туршлага, түүх гэсэн утгаар байршуулсан нь гомдол гаргагч "Н******* *******" ХХК-ийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн улмаар хохирол учруулсан талаарх нотлох баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй байна.

3."Н******* *******" ХХК нь Оюуны өмчийн газарт гомдол гаргахдаа өөрт огт хамааралгүй манай байгууллагын оюуны өмч, хувь хүний бүтээлийг хавсаргаж өгч өөрийн оюуны өмч, зохиогчийн эрх мэтээр гүтгэсэн нь анхнаасаа эрхээ сэргээлгэх гэхээсээ илүүтэй манай байгууллагын үйл ажиллагаанд зориуд саад учруулах зорилготой байсныг илэрхийлж байна.

4.Н******* ******* ХХК-д урьд өмнө ажиллаж байсан хувь хүмүүс өөрийн бүтээлцсэн контентийн талаар ажлын туршлага болгон нийтэд мэдээлэх нь хэвийн үзэгдэл байтал зөвхөн манай байгууллагыг онцолж ялгаварлан гомдол гаргаж байгаа нь зохиогчийн эрхийг хамгаалах гэхээсээ өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой нь харагдаж байна. Оюуны өмчийн газарт гаргасан гомдлоос үзэхэд манай болон өөрийн гэх бүтээлийг ч ялгахгүйгээр бидний хийсэн бүх ажил нь зохиогчийн эрхийн зөрчилтэй гэж гүтгэсэн нь үүний илрэл болж байна.

Иймд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч О.А 2024.02.26-ны Өдрийн № дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай Шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гомдоллогч тал буюу Н******* корпорейшн ХХК-иас гаргасан 22 бүтээл дотор 3 өөр төрлийн агуулга явагдаж байгаа.

1 дүгээрт хувь хүний хийсэн ажлыг манай хийсэн ажил гэж баримтаар өгсөн байгаа.

2 дугаарт К ХХК-ийн хийсэн гэрээгээр баталгаажиж байгаа ажлуудыг Н******* корпорейшн ХХК-ийнх гэж гүтгэсэн. Тэр нь баримтаар баталгаажиж байгаа.

3 дугаарт Н******* корпорейшн ХХК бусад байгууллагуудтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 6.1.3-т олон нийтэд түгээх эрхийг захиалагч тал эдэлнэ гэсэн заалт байгаа.

Оюуны өмч болон зохиогчийн эрхтэй холбоотой заалтууд ихэнх гэрээн дээр байхгүй. Мөн өнөөдөр өгсөн нэмэлт материал буюу С ХХК-ийн компаниас өөрсдийн оюуны өмч гэдгийг баталсан албан бичгийг бид нарт ирүүлсэн байгаа. Бусад компаниуд руу бид бас албан бичиг явуулчихсан байгаа. Одоогоор 4 компани хариу ирүүлсэн байна. Х, ХК-иас ирүүлсэн албан бичгээр мөн Х, ХК-ийн өмч гэдэг нь баримтаар баталгаажна. Тухайн ажлууд нь олон нийтэд түгээгдсэн байдлыг зөвшөөрөл олгоогүй гэсэн байсан. Бусад байгууллага, хувь хүмүүсийн өөрсдөө олон нийтэд түгээсэн байдлыг линкээр хавсаргасан байгаа. Тэрийгээ Оюуны өмчийн газарт баримтаар бас өгсөн байгаа. Н******* ******* ХХК анхны мэдүүлэгтээ К ХХК нь 2022 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн тайлбарыг Оюуны өмчийн газарт ирүүлсэн байсан. Энэ нь худлаа. К ХХК-ийн гэрчилгээ дээр 2009 онд байгуулагдсан гэж байгаа. Мөн бүтээлүүдийг зөвшөөрөлгүй авч явсан гэсэн байсан. Би зөвшөөрөлгүй авч яваагүй. Олон нийтэд ил болсон байсан контентыг бид нар нийтэлсэн гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээн дээр Н******* ******* ХХК-д ажиллаж байх үедээ хийсэн ажлуудыг тухайн компани эзэмшинэ гэсэн заалт байдаг. Оюуны өмчийн газарт бүртгэлтэй Н******* ******* ХХК-ийн нэвтрүүлгүүд байдаг, тэдгээрийг хэлж байна гэж би ойлгож байгаа. Манай компани албан бичиг удаа дараа ирүүлж, руу зөрчлөө арилгах талаар сануулж байсан гэж тайлбар ирүүлсэн нь бас худлаа. Манай дээр ямар нэгэн албан бичиг ирээгүй. Өөрөөр хэлбэл анх Оюуны өмчийн газарт ирүүлсэн санал гомдлоос өмнө манай компанид ямар нэгэн албан бичиг ирж байгаагүй. Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчсөн гэсэн байна. Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар ямарваа нэг контент зөв, бодит үнэн мэдээллийг олон нийтэд түгээх ёстой байдаг. Бидний түгээсэн контент худал мэдээлэл биш. Захиалагчийн зөвшөөрөлтэйгөөр баталгаажсан, олон нийтэд ил болсон контентыг нийтэлсэн гэсэн үг. Мөн К ХХК-ийн 2021 оноос өмнө бүтээсэн бүх контент нь манай өмч байх магадла******* гэсэн тайлбар ирүүлсэн байсан. Энэ бол гүтгэлэг. Учир нь К ХХК 2009 онд түрүүлж байгуулагдсан компани. Түрүүлж байгуулагдаад Х, ХК болон бусад олон байгууллагуудтай гэрээ хийж байсан. Энэ нь баримтаар баталгаажна. Тайлбар дээрээ Н******* ******* ХХК маргаан бүхий 22 бүтээлийг зөвхөн өөрийн телевизээр цацдаг гэсэн байсан. Энийг худлаа гэх баталгааг Оюуны өмчийн газарт хүргүүлсэн тайлбартаа хавсаргасан байгаа. Харилцагч болон хувь хүмүүсийн олон нийтэд тавьсан цахим холбооснуудыг хавсаргасан байгаа гэсэн үг. Тухайн контентуудыг цахим сүлжээнд байршуулснаараа ашиг олох магадла*******, бид нарт хохирол учруулсан гэсэн байсан. Гэтэл хохирол учруулсан баримт бид нарт ирээгүй, ашиг олсон гэдэг баримт, баталгаа байхгүй. 50 жилийн дараа нийтийн хүртээл болдог гэдэг дээр эсрэг байр суурьтай байгаа. Учир нь зар сурталчилгааны гэрээгээр тухайн компаниуд нь гэрээ дуусаад, ажлаа гүйцэтгүүлж аваад олон нийтэд тэр дор нь цацах шаардлагатай байдаг. Энэ нь өөрсдийнх болон манай сувгуудаар цацсан баримтаар баталгаажна. Тэгэхээр 50 жилийн дараа цацах ёстой байсан юмыг зөрчөөд өмнө нь цацчихсан гэсэн үг биш гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч Н******* ******* ХХК буюу Блүүмберг телевизийн хувьд зохиогчийн эрх, бүтээлийг өөрсдийнх нь гэж тайлбарлаад, бүтээлийг ашиглах онцгой, давуу эрхтэй гэдэг. К ХХК-ийн үйл ажиллагааг хуулийн байгууллагуудад худал мэдээлэл өгөх байдлаар өрсөлдөөнийг хязгаарлах үйлдэл хийж байна. Компанийн цахим сайт дээрх бүх мэдээллийг манай бүтээл гээд тайлбар мэдүүлэг, гомдол гаргаад явчихсан. Гэтэл зарим бүтээл нь огт хамааралгүй, тухайн компанийг үүсэн байгуулагдахаас өмнөх үеийн бүтээлүүд байгаа юм. Гэтэл үүнийг огт ялгалгүйгээр бүгдийг нь хамаатуулж манай бүтээл гээд байгаа. Хууль ёсны эрх, ашиг сонирхлоо сэргийлэх гэхээсээ илүүтэйгээр өрсөлдөгч компанийн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой, ташаа мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгсөн байна гэж харж байгаа. Үүнийгээ 22 бүтээл гэж байснаа явцын дунд 18 болгож буулгасан. Гэтэл энэ 18 бүтээлийн ихэнх нь О.Бын хувь хүнээрээ буюу өөрийн эзэмшлийн хуулийн этгээдээр хийсэн зар сурталчилгааны видео контентууд байгаа юм. Гомдол гаргагч өөрийн хийсэн контент болон иргэн О.Бын хийсэн контентуудын хоорондын ялгааг огт гаргадаггүй, тэр талаар мэдээлэл байхгүй. Ирүүлсэн гомдлыг нь харахаар нэгийг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, нэгийг нь Оюуны өмчийн газарт өгсөн байсан. Үүнийг прокурор нэгдэхдээ буруу нэгтгэсэн гэж бид үзэж байгаа.

Учир нь өнөөдрийн бид нарын маргаж байгаа асуудалд оюуны өмчийн асуудал, зохиогчийн эрхийн асуудал яригдахгүй. Маргаан бүхий 22 контентыг харахаар бүгд зар сурталчилгааны контентууд байгаа юм.

Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болон үйл ажиллагааны талаар, мөн танилцуулга, түүх зэрэг олон нийтэд зориулж буюу тухайн компани хэрэглэгчдэдээ зориулж зах зээлд давуу тал олж авах зорилготой түгээдэг контентууд юм. Энэ нь аль болох олон хүнд түгэх тусмаа компанийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг. Харин ч энэ зар сурталчилгааг түгээхийн тулд тодорхой маркетинг, пи-арын компаниудад мөнгө төлдөг. О.Б бол 15 жил энэ төрлийн бизнесийг эрхэлж байгаа хүн. Хэн нэгний компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, зар сурталчилгааны контентыг би хийсэн учраас би өмчилнө, миний зөвшөөрлөөр нийтэд, түгээ гэдэг ойлголт байхгүй, гэрээн дээр ч ийм заалт байхгүй. Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээнд ч тийм юм байхгүй. Контентын агуулга нь захиалагчийн хувийн мэдээллүүдийг агуулсан, захиалагчийн даалгавраар хийгдсэн ажлууд байгаа юм. Тэгэхээр бид нар ингээд зах зухаас нь аль хэдийн мэдээллүүдийг авч өгч байна. Өмчийн хувьд тэр айлууд өөрсдөө ингэж ойлгож байна шүү дээ. Захиалгын гэрээ гүйцэтгэгч тал мөнгөө аваад явчихна, өмчлөл нь цэвэр захиалагчид шилжинэ. Тэр сурталчилгааг хэдэн ч жил ашиглаж болно. Жишээлбэл Пи си молл дэлгүүрийн хямдралын зар сурталчилгаа жил болгон явж байдаг. Энэ контентын зураг авалтыг хийсэн компани энэ чинь манай өмч гэж маргах утгагүй асуудал. Тиймээс оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд урлаг, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлүүд зэрэг хамаарч байгаа болохоос биш зар сурталчилгааны материалууд хамаарахааргүй байгаа юм. Анхнаасаа логикийн хувьд боломжгүй зүйл байгаа юм. Бизнесийн ёс зүй, этик гэж юм байх ёстой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдлыг нь харахад контентуудыг манайд ажиллаж байхдаа хийсэн нь үнэн. Гэхдээ К ХХК-ийн сайт дээр байршуулчихаар эд нар хийсэн мэт ойлголтыг хэрэглэгч нарт төрүүлээд байна гэсэн байсан. Энэ нөхцөл байдлыг бид хүндэтгэж үзээд Блүүмберг телевизэд ажиллаж байх явцдаа хийсэн контентуудыг сайтаас устгасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2 өрсөлдөгч байгууллага учраас бидний хийсэн бүтээлийг К ХХК хийсэн мэт ойлголт хэрэглэгчид төрүүлэхээр байгаа нь зар сурталчилгаа болон өрсөлдөөний хуульд харшлах нөхцөл үүсгэж байна. Ийм учраас энэ контентуудыг устгуулж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй гэж тайлбарласан байсан. Үүний дагуу шаардлагыг нь биелүүлээд контентуудыг татаж авсан. Зохиогчийн эрхийн маргааныг бид хүлээн зөвшөөрөхгүй. Прокурор хэргээ нэгтгэхдээ өрсөлдөөнийг хязгаарлах шинжтэй буюу зар сурталчилгааны хуульд харшлах шинжтэй гэдэг агуулгаар хянах ёстой байтал зохиогчийн эрхийн асуудал хөндөнгүүт Н******* корпорейшн ХХК нь хөтлөгдөөд, өөрсдийгөө өмчлөгч мэтээр тайлбар өгөөд яваад байгаа. Энэ нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүсгэж байгаа. Тиймээс энэ шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Мөн эдгээр 18 бүтээл дотор 10 гаруй манай өөрийн бүтээлүүд яваад байгаа. Тэгэхээр байцаагч маань яг аль контент дээр зөрчил гарсан гэдэг дээр биднээс тайлбар аваагүй. Контент тус бүр дээр тайлбар хэлэх боломж олгоогүй. Яг аль үйлдэл нь зөрчилтэй вэ гэдгээ тодорхойлчихвол бид тайлбар тавьж, мэтгэлцэх боломжтой нөхцөл үүснэ. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт гэж санаж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг шийтгэлийн хуудсыг захиргааны акт гэж үзэж байсан. Хэрвээ акт алдаатай, буруу гарсан бол дахин гаргахыг даалгах нөхцөл үүсдэг. Олон нийтэд цацах зорилготой зар сурталчилгааны асуудал дээр зохиогчийн эрхийн асуудал яригдахгүй гэж үзэж байна.

Манай маргааны хувьд үндсэндээ хууль хэрэглээний алдаа гарсан гэж би харж байгаа. Эрх зүйн харилцааг нь буруу тодорхойлоод байгаа. Зохиогчийн эрх, оюуны өмч, зар сурталчилгаа гэсэн ойлголтуудыг ялгаж, салгаж ойлгохгүй бол асуудал үүснэ. Зохиогчийн эрхийн хуульд урлаг, уран зохиол, шинжлэх ухааны бүтээл гэж байгаа. Ямарваа нэг бүтээлийг зохиогч зөвхөн өөрийнхөө идэвхтэй оюун дүгнэлтүүдийг хийж байж бүтээж байгаа. Тэрнээс хэн нэгний захиалгаар хийдэггүй, өөрөөр хэлбэл хэн нэгний захиалгаар шүлэг бичдэггүй. Бусдын тархиар боддоггүй л гэсэн үг. Тэгэхээр оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг ойлголтыг иргэний эрх зүйн ажил гүйцэтгэх гэрээтэй хольчихоор асуудал үүсгээд байгаа юм. Хэрэгт авагдсан гэрээг харахаар захиалга өгнө, даалгавар өгнө, зар сурталчилгааныхаа үнэн зөвийг хариуцна, текст, дуу хоолойны эхийг бэлтгэж өгнө гэж байгаа. Зохиогчийн эрх хүнээс хамаарч бүтдэг бүтээл биш. Зөвхөн өөрөө бие дааж оюун дүгнэлт хийж гаргадаг бүтээл. Оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг ойлголтыг зар сурталчилгаатай холиод асуудал үүсгээд байна. Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 "зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг, 3.1.2."зар сурталчилгаа захиалагч" гэж өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээдийг, "зар сурталчилгаа бүтээгч" гэж захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээдийг гэж тус тус заасан байдаг. Зар сурталчилгааны хуулиар зохицуулагдах харилцааг Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулаад эрх зүйн харилцааг анхнаас нь буруу тодорхойлж маргаан үүсгэсэн. Зохиогчийг хувь хүн гэж үзэх юм бол манай тохиолдолд тэр нь О.Б. Тухайн үед өөрөө тэдгээр бүтээлүүдийг хийж байсан хүн. Байгууллагын нэр дээр хийгээд явж байсан. Нийтэд түгээх зориулалттай бүтээгдсэн юмыг нийтэд түгээсэн гэж хариуцлага хүлээлгэнэ гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Хариуцагч зөчилтэй гэж үзсэн үйлдлүүдээ тодорхойлж чадахгүй байна. Өмнөх жишээн дээр тайлбарласан, жил бүр явдаг Писи молл дэлгүүрийн хямдралын реклам байдаг. Тэр реклам Писи молл дэлгүүрийн өмч, тэрийг хийсэн, дуулаад байгаа хүмүүс нь ажлын хөлсөө л авна. Хариуцагчийн тайлбараар бол хүний хийсэн бүх зүйл зохиогчийн эрхэд хамаарах нь байна. Хэрэв тухайн зар сурталчилгааг өвөрмөц шийдэлтэй, тодорхой хэмжээний оюуны өмч шингэсэн гэж үзвэл түүнийгээ оюуны өмчид бүртгүүлж патентлуулах эрх нь байгаа. О.Б ажлын туршлага болгоод бүтээлүүдийг нийтэлсэн. Өөрийнх нь хийсэн ажил гэдэг нь үнэн, ажлын туршлага гэдэг нь үнэн. Бизнесийн ёс зүй талаасаа хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах ойлголт төрүүлэхээр бол Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд харшилж магадгүй. Энэ утгаараа зарим бүтээлүүдийг нийтэлсэн байснаа устгасан. Гэхдээ гомдол гаргагчийн мэдүүлж байгаа шиг гүйцэтгэгч нь К ХХК гэж нийтлээгүй. Тэр бол худлаа. Гомдол гаргагч гүтгэсэн агуулгатай тайлбар мэдүүлэг их гаргаж байгаа. Өөрийнхөө хийгээгүй ажлыг хийсэн гэнэ, биднийг өөрсдийгөө гүйцэтгэгч гэж бүтээл нийтэлсэн гэнэ, зөвшөөрөлгүйгээр баримт материал аваад явчихсан гэж гомдол гаргана. Тэгээд дурдагдаад байгаа энэ 22 компанийг зөвхөн өөрийнх нь харилцагч учраас хийсэн бүх ажлыг өөрсдийнх нь гэж ойлгодог. Гэтэл бид нар давхар өөрсдөө гэрээ байгуулаад, контентууд хийгээд явж байдаг. Энэ мэтээр хуулийн байгууллагууд буруу мэдээлэл өгдөг. Манай үйл ажиллагааг боомилох зорилготойгоор хууль хяналтын байгууллагаар шалгуулж, өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй гомдол гаргаад тэрнийх нь дагуу шийтгэл ноогдуулсан гэж харж байгаа. Тиймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. Нэмж хэлэхэд, шүүх дээр ирчхээд зөрчилтэй үйлдлүүдээ тодруулаад сууж баймааргүй байна. Өмнө ямар гэрээний ямар бүтээлийг зөрчилтэй гэж үзэж байгаагаа тодорхой хэлчихсэн бол бид нар гэрээ материалаа үзүүлээд, тайлбараа гаргаад ойлголцоод явчих боломжтой байлаа шүү дээ. Бүгдийг нь базаад хэлчихээр чинь бид нар юун дээр буруу юм хийчихсэнээ тодорхой мэдэхгүй. Тэгээд шүүхийн хэлэлцэх шатанд зөрчилтэй үйлдлүүдийг тодруулдаг ийм процессыг би сайн мэдэхгүй. Тухайн үйлдлээр нь хүчингүй болгох үндэслэл болно гэж харж байгаа. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.4.Хариуцагч хариу тайлбартаа: 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн дугаартай хэрэгт, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн дугаартай хэргийг нэгтгэн шалгаж "К" ХХК-ийг холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цахим орчинд хийсэн үзлэгээр

1."" ХХК-ийн Танилцуулга видео гарчигтайгаар 2022 оны 09 дүгээр сарын 18- ны өдрийн SINOTRUK үйлдвэрийн HOWO цувралын шинэ загвар Ѵ7-Х өөрөө буулгагчийг танилцуулга 1 минут 34 секундийн дүрст бүтээл 175 хүнд таалагдсан, 8 сэтгэгдэл, 12000 үзэлттэй гэх төлөвтэй байна.

2. "" байгууллагын танилцуулга видеог 2022 оны 09 дүгээр сарын 18- ны өдөр байршуулж, тус бичлэг нь 1 хүнд таалагдсан, пост бичлэгийг үзэхэд youtube цахим хуудасны О.Бын хаягт нэвтэрч бичлэг гарах ба 23 subscribers хандалттай 14 минут 34 секундийн дүрст бүтээл байна.

3. Линк хаягаар нэвтрэн ороход 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байршуулсан #TVCommercial гарчигтай Хны танилцуулга бүхий дүрст бичлэг 1 хүнд таалагдсан төлөвтэй байна.

4. Линк хаягаар нэвтрэн ороход 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байршуулсан #TVCommercial_CF гарчигтай Хны танилцуулга бүхий дүрст бичлэг 1 хүнд таалагдсан төлөвтэй байна.

5. линк хаягаар нэвтэрч ороход 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан нэртэй А******* группийн танилцуулга 13 ширхэг гэрэл зураг танилцуулга бүтээл байна.

6. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байршуулсан Xanadu Residencе нэртэй орон сууцны танилцуулга 30 секундийн дүрст бүтээл 1 хүнд таалагдсан төлөвтэй байна.

7. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байршуулсан К ХХК-ийн ******* орон сууцны танилцуулга 35 секундийн дүрст бүтээл 4 удаа хуваалцсан гэх төлөвтэй байна.

8.https://www.facebook.com/photo/?fbid=149268040803834&set=pcb.14926870080376 8 линк хаягаар нэвтэрч ороход 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байршуулсан ******* орон сууцны танилцуулга танилцуулга 20 ширхэг гэрэл зураг танилцуулга бүтээл байна.

9. линк хаягаар нэвтрэн ороход 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байршуулсан

#TVCommercial_CF гарчигтай Монголын Иргэний агаарын тээвэр /МИАТ/-ийн танилцуулга бүхий 30 секундийн дуу авиа бүхий дүрст бүтээл 1 хүнд таалагдсан төлөвтэй байна.

10.https://www.facebook.com/photo/?fbid=151487063915265&set=pcb.1514871339152 58 линк хаягаар нэвтэрч ороход 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байршуулсан Блүүмбэргийн танилцуулга 2 ширхэг гэрэл зураг танилцуулга бүтээлүүдийг тус тус байршуулсан байсан.

1.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэгт Албан үүргийн дагуу туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх этгээдийг талууд гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дах хэсэгт Захиалгаар туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд захиалагч эдлэхээр заагаагүй бол бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч эдэлнэ гэж заасан байна. Н******* ******* ХХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн ажил гүйцэтгэх гэрээнүүдэд захиалагч тал бүтээлийн онцгой эрхийг эдлэх талаар тусгасан заалт байхгүй байгаа нь хохирогчийн зүгээс гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

2.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт Энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хувь хүн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиг олох зорилгогүйгээр нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хуулбарлаж болно. 43.2.Дараах бүтээлийг хуулбарлахад энэ хуулийн 43.1-д заасан нөхцөл хамаарахгүй: 43.2.1.байшин, барилга байгууламж бүхий архитектурын бүтээл; 43.2.2. компьютерын программ; 43.2.3. мэдээллийн сан. гэж заасан байх бөгөөд "К ХХК-иас ирүүлсэн тайлбарт дурдсан нийтэд ил болоогүй мэдээллийг нийтлээгүй ба захиалагч тал олон нийтэд нээлттэй хэлбэрээр цацагдсан бүтээлийг өөрийн хуудсандаа туршлага болгон байршуулсан талаар дурдсан байна. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13.2-т заасан эрхийг хуульд заасан болон бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ гэж заасан байна. Энэ нь Зохиогчийн эрхийн 13 дугаар зүйлд заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Энэ нь Зохиогчийн эрхийн 13 дугаар зүйлд заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон болно. Иймд дугаартай зөрчлийн хэрэгт хийсэн хяналт, шалгалтын ажиллагаа нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй, нийцэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэйшнал ньюс корпорейшн ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 8.3.1 дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн ******* дугаартай хэрэг нээн шалгасан. Үүний дараагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас харьяаллын дагуу шилжүүлж ирсэн. Зар сурталчилгааны тухай хуульд зөрчсөн гэх Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн дугаартай хэргийг бүртгэж шалгасан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад К ХХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд үзлэг хийхэд гомдолд дурдагдсан 22 төрлийн бүтээлээс 10 төрлийн бүтээл тус пэйж дээр болон иргэн О.Бын ютүб сувагт байрлуулсан байсан нь үзлэгээр тогтоогдсон. Уг 10 контент дүрс бичлэгүүдээс заримыг нь нэхэмжлэгч тал өөрсдийн бүтээл гэж тайлбарлаж байна. К ХХК-иас 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өгсөн хариу тайлбарт Монос группийн танилцуулга гэж байгаа. Үзлэг хийсэн тэмдэглэлд Монос групп нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байршуулсан 34 секундийн дүрс бүтээл байгаа юм. 2018 онд О.Б болон К ХХК-ийн зарим гишүүд нь уг ажилд гар бие оролцож хийж байсан. Өөрөөр хэлбэл Н******* ХХК-д ажиллаж байх үедээ бүтээсэн бүтээл гэсэн үг. Иргэний хуульд гэрээгээр гүйцэтгүүлсэн ажлын үр дүн захиалагчийн өмч байна гэж заасан байдаг. Тиймээс Н******* корпорейшн ХХК-ийн өмч биш гэж тайлбарладаг. Тухайн үедээ О.Б болон зарим гишүүд Н******* корпорейшн ХХК-д ажиллаж байх үедээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бүтээсэн бүтээл нь тухайн байгууллагын өмч болно гэж тусгасан байдаг. Гэрээ нь зөрчлийн хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа нийтэд ил болоогүй мэдээллийг нийтлээгүй, захиалагч тал нь аль хэдийн нийтэд нээлттэй хэлбэрээр цацсан байсан бүтээлийг өөрийн цахим хуудсаар туршлага танилцуулах журмаар байршуулсан гээд байгаа. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт энэ хуулийн 43.2-т зааснаас бусад тохиолдолд хувь хүн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиг олох зорилгогүйгээр нийтийн хүртээл болсон бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, төлбөргүйгээр хуулбарлаж болно гэж заасан байдаг. Нийтийн сүлжээнд тус бүтээлүүдийг байршуулснаар компаниа сурталчилж байна, тодорхой хэмжээний ашиг олох зорилготой байна гэж үзэж байгаа юм. Дараагийнх нь Монголын Ипотекийн Корпорацийн жилийн тайлангийн дизайн байгаа. Энэ дээр Н******* ХХК-д ажиллаж байхдаа гар бие оролцон хийж байсан, ажлаасаа гарсныхаа дараа ажлын туршлага болгоод байршуулчихсан гээд яг адилхан тайлбар өгсөн байсан. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Захиалгаар туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд захиалагч эдлэхээр заагаагүй бол бүтээл ашиглах онцгой эрхийг зохиогч эдэлнэ гэж заасан байдаг. Дараагийнх нь мөн Монголын ипотекийн корпорацид хийж өгсөн зар сурталчилгаа байгаа. ******* ТӨХК байгаа. 2015 онд О.Б нь Н******* ХХК-д ажиллаж байхдаа хийж байсан бүтээл. Мөн ******* цогцолбор, Форбес Монголиа сэтгүүлийн дизайн, Х, ХК, А******* групп зэрэг компаниудад хийж өгсөн бүтээлүүд байгаа. Х, ХК-тай холбогдох бүтээлд бараг асуудал яригдахгүй гэж харж байгаа. Гомдолд дурдсан 22 бүтээлээс 10 бүтээлийг фэйсбүүк хуудаст байсныг нь баталгаажуулж авсан. Үүнээс зохиогчийн эрх зөрчсөн гэж үзсэн 5 бүтээл байгаа. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрх тухайн бүтээлийг бодитойгоор дүгнэж, бодит хэлбэрт орсон үеэс үүсдэг гээд заачихсан байгаа. Мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.16-д "дуу авиа бүхий дүрст бүтээл" гэж дуу авиа дагалдсан эсэхээс үл хамааран хоорондоо холбоотой цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт оруулан үзэх боломжтой болон дуу авиа дагалдсан бол сонсох боломжтой аргаар туурвисан бүтээлийг ойлгоно гэж заасан байдаг. Улсын байцаагчийн хувьд иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол мэдээллийн дагуу шалгаж байгаа. Тэрнээс биш аль нэг талд нь орж шийдвэр гаргасан зүйл бол байхгүй. Зохиогчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1 энэ хуулийн 13.2-т заасан эрхийг хуульд заасан болон бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ гэж заасан байдаг. Мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Оюуны өмчийн асуудлыг шийдвэрлэсний дараа өрсөлдөөнтэй холбоотой асуудлыг ярих хэрэгтэй болов уу гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Н******* ******* ХХК-иас К ХХК нь 2022 оны 1 дүгээр сараас өөрсдийн фэйсбүүк хуудаст Bloomberg TV Mongolia-ийн нийт 22 бүтээлийг тус компанийн бүтээл мэт, тус бүтээлийг захиалан хийлгэсэн харилцагч нарын К ХХК гэрээт харилцагч мэт ойлголт өгөхүйц байдлаар нийтэлж, манай компанийн оюуны өмчийн эрхийг зөрчиж байна... гэх гомдол, мэдээллийг Оюуны өмчийн газарт гаргасныг тус газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч О. хүлээн авч, Н******* ******* ХХК Bloomberg television-ийн зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дугаартай зөрчлийн хэрэг нээн[1], зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.Мөн Н******* ******* ХХК-иас 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан К ХХК нь 2022 оны 1 дүгээр сараас өөрсдийн фэйсбүүк хуудсаар ...Bloomberg TV Mongolia-ийн нийт 22 бүтээлийг тус компанийн бүтээл мэт, тус бүтээлийг захиалан хийлгэсэн харилцагч нарын К ХХК-ийн гэрээт харилцагч мэт ойлголт өгөхүйц байдлаар нийтэлж, ... өөрсдийн компани, бизнес нөхцөл байдлыг төөрөгдүүлсэн худал зар сурталчилгаа хийж хэрэглэгчийг төөрөгдүүлэх үр дагавартай зар сурталчилгаа нийтэлж, Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан ... шаардлагыг ноцтой зөрчиж байна, ...манай компанийн болон харилцагч байгууллагуудын нэр, логог ашиглан өөрсдийн маркетинг, сурталчилгаанд зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь харилцагч байгууллагуудыг төөрөгдөлд оруулсан, ...Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг зөрчсөн гэх гомдол[2] гаргасныг тус газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр Оюуны өмчийн газарт шилжүүлж, хариуцагч К ХХК нь цахим орчинд зар сурталчилгааг түгээхэд тавигдах нийтлэг шаардлага зөрчсөн үйлдэлд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дугаартай зөрчлийн хэрэг[3] нээсэн байна.

3.Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч О. К ХХК-ийн фэйсбүүк цахим хуудаст 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хийсэн үзлэгээр тус компани Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг зөрчиж, зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан болох нь тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааны дагуу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар К ХХК-ийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн хувьд зөвхөн Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн зөрчилд шийтгэл оногдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх талуудын маргаагүй асуудлаар тодруулбал, нэхэмжлэгч К ХХК-ийн төлөөлөгч О.Б/иргэний хувьд/-ын зөрчил үйлдсэн гэх үйл баримт болон Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн гэх зөрчилд дүгнэлт хийгээгүй болно.

4.Нэг.Зөрчлийн хэргийг нэгтгэсэн тухайд:

5.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл/Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих/, 10.1 дүгээр зүйл/Зар сурталчилгааны тухай хууль зөрчих/-д заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... нэг холбогдогч хэд хэдэн зөрчлийг үйлдсэн бол зөрчлийн хэргийг нэгтгэж шалгах ..., 3 дахь хэсэгт Зөрчлийн хэргийн нэгтгэх, ... тухай саналыг эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорт гаргана гэж тус тус зохицуулжээ.

6.Хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын сарын 02-ны Зөрчлийн хэргийг нэгтгэх тухай саналыг[4] үндэслэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолоор[5] нэг холбогдогч хэд хэдэн зөрчил үйлдсэн үндэслэлээр К ХХК-д холбогдох дугаартай зөрчлийн хэргийг дугаартай зөрчлийн хэрэгт нэгтгэсэн нь дээрх хуульд заасан зөрчлийн хэргийг харьяалалд хамаарч, хэрэг нэгтгэх хууль зүйн үндэслэлд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөрчлийн хэргийг буруу нэгтгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.

7.Хоёр.Зар сурталчилгааны бүтээл нь зохиогчийн эрхийн бүтээлд хамаарах тухайд:

8.Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. "зар сурталчилгаа" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагаа /цаашид "бүтээгдэхүүн" гэх/-ны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээллийг ойлгохоор, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т бүтээл" гэж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн салбар дахь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны бодит үр дүнг ойлгохоор тус тус заажээ.

Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас өөрийн бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхээр бэлтгэсэн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг зар сурталчилгааны бүтээл гэж ойлгохоор байна.

Мөн Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцохоор заасан бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.13-т зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлийн төрлийг тодорхойлжээ.

Түүнчлэн Зар сурталчилгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Зар сурталчилгаа нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан тохиолдолд бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн хамгаалагдана гэж заасныг Зохиогчийн эрхийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудтай уялдуулан авч үзвэл зар сурталчилгаа нь зохиогчийн эрхээр хамгаалагдахад /оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдах/ бүтээлийн шинжийг агуулсан байх шаардлага тавигдана.

Тодруулбал, маргаан бүхий зар сурталчилгааны контент нь захиалагч байгууллагын бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны талаарх мэдээллийг агуулсан цуврал дүрсийг хөдөлгөөнт хэлбэрт болон дуу авиа оруулах зэргээр оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон гэж дүгнэвэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан дуу авиа бүхий дүрст бүтээл гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч маргаан бүхий зар сурталчилгааны контентыг хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан, тодорхой нөхцөл заасан, төлбөр тогтоосон гэрээний үндсэн дээр бүтээсэн байх тул Зохиогчийн эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан захиалгаар туурвисан бүтээл гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, нэг талаас захиалагч өөрийн бизнесийн үйл ажиллагааг сурталчилсан зар сурталчилгааны танилцуулга, контент хийлгэж, гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр, нөгөө талаас зохиогч гэрээнд заасан нөхцөлийн дагуу зар сурталчилгааны танилцуулга, контентыг туурвиж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцон гэрээ байгуулснаар захиалгаар зар сурталчилгааны бүтээл туурвисан байна.

Энэ тохиолдолд захиалгаар бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх эдлэх бөгөөд захиалагч, зохиогч нарын хооронд байгуулсан гэрээнд захиалгаар туурвисан бүтээл ашиглах онцгой эрхийг захиалагч эдлэхээр заагаагүй бол уг эрхийг зохиогч эдлэхээр байна.

7.Гурав.Зохиогчийн эрхийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан гэх зөрчлийн тухайд:

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх /цаашид "бүтээл ашиглах онцгой эрх" гэх/ эдэлнэ, 13.2. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд дараах эрхийг хамааруулна:, 13.2.1. хуулбарлах", 13.2.2. нийтэд түгээх, 13.2.3. нийтэд дамжуулах, 13.2.4. нийтэд тоглох, 13.2.5. нийтэд дэлгэж үзүүлэх, 13.2.6. түрээслүүлэх, 13.2.7. үүсмэл бүтээл болгон өөрчлөх гэж заажээ.

Хариуцагч К ХХК-ийг гэрээний үндсэн дээр туурвисан зар сурталчилгааны бүтээлүүдийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд түгээснээр зохиогчийн нийтэд түгээх бүтээл ашиглах онцгой эрхийг болон Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж шийтгэл ногдуулжээ.

Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч О.А 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0002376 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.8, 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.3 дахь хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг тус тус заасныг баримтлан К ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын улсын ахлах байцаагч О.А 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч О.аас 70.200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ