| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2020/01632/и |
| Дугаар | 01954 |
| Огноо | 2020-09-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 01954
Н Х Э Г-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчН Х Э Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М Б” хадгаламж зээлийн хоршоонд /цаашид ХЗХ/ холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 96 017 988 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санг байгуулж тус сангийн журмыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Бичил бизнесийг дэмжих сан нь “Мөрөөдлийн булаг” ХЗХ-д 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгосон. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Капитал банкин дахь түүний 2046009310 тоот данснд 100 000 000 төгрөгийг шилжүүлсэн. “Мөрөөдлийн булаг” ХЗХ нь 100 000 000 төгрөгийн зээлээс 4 338 449 төгрөг төлж үлдэх 95 661 550 төгрөгийг буцаан төлөөгүй байна. Иймд “Мөрөөдлийн булаг” ХЗХ-оос гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 95 661 550 төгрөг, зээлийн хүү 356 437 төгрөг, нийт 96 017 988 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бичил бизнесийг дэмжих сан нь “Мөрөөдлийн булаг” ХЗХ-той 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 100 000 000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн төлбөрийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар шаардах үндэслэлгүй. Бичил бизнесийг дэмжих сантай байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Мөрөөдлийн булаг” ХЗХ-ноос 96 017 988.26 /ерэн зургаан сая арван долоон мянга есөн зуун наян найман мянган төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Мөрөөдлийн булаг” хадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 638 040 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан гэх боловч өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн чадамжгүй хэдий ч “Мөрөөдлийн булаг” ХЗХ-той хэлбэл хийсэн. Мөн шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талууд гэрээний хугацааг 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар тохиролцсон. Түүнчлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журамд оруулж буй өөрчлөлтүүдийг баталсан бөгөөд тус өөрчлөлтийн 9-д зааснаар “Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд дамжуулан зээлдүүлэгчид олгосон санхүүжилтийг сангийн дансанд буцаан төвлөрүүлнэ” гэж заасан. Гэтэл шүүхээс талуудын хүсэл зориг дээр үндэслэсэн гэрээ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол болон хуулийн зохицуулалтыг үл хайрхан гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдсэн нь гэрээ болон хуулийг зөрчсөн. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн журмын 1.4-т “Хөнгөлөлттэй зээлийг холбогдох тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйлчилгээ үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдээр дамжуулан олгоно” гэж заасан. Гэвч аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авах ёстой байсан атал тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хариуцагч “Мөрөөдлийн булаг” ХЗХ-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 95 661 550.70 төгрөг, хүү 356 437.56 төгрөг, нийт 96 017 988 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн төлбөрийг шаардах эрхгүй этгээд нэхэмжилсэн” гэж маргажээ.
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Мөрөөдлийн булаг” ХЗХ-той 100 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ”-г байгуулжээ.
Дээрх гэрээний дагуу Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 100 000 000 төгрөгийг “Мөрөөдлийн булаг” ХЗХ-д олгосон талаар зохигч маргаагүй.
Зохигчийн хооронд байгуулагдсан бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний 4.5-т зааснаар хариуцагч нь зээлийн хүүг жилийн 1 хувиар тооцож сар бүрийн 05-ны дотор багтаан төлөх болон гэрээний 4, 6 дахь хэсэгт заасан мэдээ, тайланг хугацаанд нь хүргүүлэх үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ“ байгуулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон боловч үүнээс хойш хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн хурлын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шаардах эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг зөрчөөгүй байна. Иймд зээлийн төлбөрийг шаардах эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /хх-31-39/
Хариуцагч “Мөрөөдлийн булаг” ХЗХ нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.
Иймд шүүх хариуцагч “Мөрөөдлийн булаг” ХЗХ-ноос үндсэн зээлийн төлбөрт 95 661 550.70 төгрөг, зээлийн хүү 356 437.56 төгрөг нийт 96 017 988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үгүйсгэсэн нотлох баримтыг гараагүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 638 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Д.БАЙГАЛМАА