| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01207/И |
| Дугаар | 155/ШШ2024/01150 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01150
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01150 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ш Бын Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Д-ын Ат холбогдох,
3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий 155/2024/01207/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-ь, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нөхөр бид хоёр Д.Ааас Прадо-95 маркийн машиныг 2024 оны 01 дүгээр сард худалдаж авсан. Өмнө нь 2023 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг бэлнээр Д.Ат урьдчилж өгсөн байсан. Мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ны үед Д.Ат 2,200,000 төгрөгийг өгсөн. Ингээд 2024 оны 7 дугаар сарын 15,16-ны үед тухайн Прадо-95 машинд засвар үйлчилгээ хийлгэхэд 500,000 төгрөгийн зардал гарсан. Тухайн машиныг засуулж ирээд байж байтал Д.А эхнэртэйгээ ирээд машинаа буцааж авахаар болж эхнэр нь машинаа бариад Д.А мотоциклио унаад явсан. Тэгэхэд бид хоорондоо ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн машин манай эзэмшилд байх хугацаанд нөхөр маань ээжийгээ асрахаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байсан. Тэр машиныг нэг их унаж эдлээгүй. Би өөрөө жолоо барьж чаддаггүй. Манай нөхөр ч гэсэн жолооны бичиг баримтгүй учраас манай гадаа л зогсож байдаг байсан.
Д.А нь машинаа авсан учир өгсөн 3,200,000 төгрөг машинд засвар үйлчилгээ хийхэд гаргасан зардал 500,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба засвар үйлчилгээ хийсэн 500,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж, анх өгсөн 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Прадо 95 маркийн автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр 13,000,000 төгрөгөөр зарсан. Гэрээний төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөр хийхээр тохирсон боловч хийгээгүй тул төлбөрийг хийх ёстой сүүлийн өдөр буюу 2024 оны 5 сарын 30-ны өдрөөр гэрээ цуцлах тухайгаа түүнд мэдэгдсэн.
Гэрээний үүргийг биелүүлээгүй нь уг гэрээний зүйлийг өөрийн мэдэлд авах эрх үүссэний дагуу арга буюу 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр очиж машинаа авсан.
Ингэж өөрийн мэдэлд авахад машины янданг ханзалж унагаасан, нэг дугуйг буудуулсан, радиаторын тосолыг тургиулж буудуулсан, 4 амаржиныг ажиллагаагүй болгосон, жолоочийн рулийн механизмыг эвдэлсэн, хуурч мэхэлж олон сар унасан, машины ердийн хорогдлоос илүүтэй гэмтээсэн тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар авто засварын газарт засуулж байгаа ба харин ч өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн Прадо-95 маркийн автомашинаа 2024 оны 1 дүгээр сард найз н.Г-од 3,200,000 төгрөгөөр худалдсан. Тэгэхэд би н.Г-той нотариатаар гэрээ байгуулах гэсэн боловч бид найзууд юм чинь ямар ч асуудалгүй гэхээр нь больсон юм. Миний машиныг цагаан сараар хойшоо Улаан-Уул сум руу унаж яваад ирсэн. Тэгэхэд манай хоёр гэр цугтаа айл байсан. Миний машин тэр үед ганц ч эвдэрч байгаагүй. н.Г-ынх нүүх болоход машины үнэ төлбөрт мал авъя гэхэд эхнэр зөвшөөрөхгүй байна гэсэн. Бидний хамгийн сүүлийн хугацаа 2024 оны 5 дугаар сард мөнгөө өгөхөөр тохиролцсон байсан. Түүнээс хойш мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй байсан. Тэгээд би 2024 оны 7 дугаар сард очоод мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм бэ? гэхэд н.Г- мөнгө байхгүй байна. Мал зарах гэж байгаа гэсэн. Түлк резинүүдийг би өөрөө чангалсан гэж н.Г- хэлж байсан. Тэгээд би машиныг унаж үзэхэд хроп нь эвдэрсэн байсан. Яагаад хроп нь эвдэрсэн байгаа юм бэ? гэхэд хроп нь саяхнаас ингэж угзраад байгаа гэж надад хэлсэн. Би тэгээд эхнэртээ машинаа өгч явуулсан. Тэгээд хоёр хоноод утсаар н.Г-той машины тосолыг нь тургиулаад моторыг нь цохиулсан юм уу? гэж асуухад дуугарахгүй байсан ба энэ машинаа буцааж ав гэж н.Г- руу хэлсэн боловч н.Г- утсаар ярихгүй таг болсон. Тэгээд н.Г-ыг утсаар ярихгүй алга болохоор нь 3,200,000 төгрөгийг би чамд буцааж өгч чадахгүй. Миний машин эвдэрсэн байна. Чи зарж борлуулж миний мөнгийг гаргаж өг гэж дахин хэлсэн. Тэгээд ч бас утсаар ярихгүй таг болсон. Тэгэхээр нь би аймагт машинаа оруулж ирээд өөр хүнд зарж борлуулсан.
Иймд надаас худалдаж авсан машиныг эвдэлсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3,200,000 төгрөгийг өгөх боломжгүй. Би машины наймааг Б.Б-ьтай хийгээгүй, түүний нөхөр н.Г-той хийсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 74,150 төгрөг төлсөн тухай баримт, Ш Бын Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 1-12 дугаар хуудас)
Хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн ба зохигч хүсэлт гаргаагүй учир шүүх нотлох баримт бүрдүүлээгүй болно. (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас)
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б-ь нь хариуцагч Д.Ат холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 3,200,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2024 оны 1 сард нөхөр н.Г- бид хоёр ярилцаад Д.Ааас Прадо 95 маркийн автомашиныг худалдаж авахаар тохирч үнийг 2024 оны 5 дугаар сард багтааж өгөхөөр харилцан тохирсон. Үнийн урьдчилгаанд 3,200,000 төгрөгийг өгсөн ба үлдэх төлбөрийг тохирсон хугацаандаа өгч чадаагүй. 2024 оны 8 сард Д.А машинаа буцааж аваад өөр хүнд зарсан учир урьдчилгаа төлбөрт өгсөн 3,200,000 төгрөгөө буцааж гаргуулж авна. Уг машиныг манай эзэмшилд байх хугацаанд 500,000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн байсан ба энэ мөнгийг мөн гаргуулахаар нэхэмжилсэн байсан ба энэ мөнгийг гаргуулахаас татгалзаж байна гэж
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...миний машины янданг ханзалж унагаасан, нэг дугуйг буудуулсан, радиаторын тосолыг тургиулж буудуулсан, 4 амаржиныг ажиллагаагүй болгосон, жолоочийн рулийн механизм, хоропыг эвдэлсэн. Хуурч мэхэлж олон сар унаж ашигласан ба машины ердийн хорогдлоос илүүтэй гэмтээсэн тул нэхэмжилсэн 3,200,000 төгрөгийг өгөхгүй. Машины наймааг Б.Б-ьтай бус түүний нөхөртэй хийсэн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.
Зохигчийн тайлбараар хариуцагч Д.Аын эзэмшлийн Прадо-95 маркийн тээврийн хэрэгслийг 13,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөрт 3,200,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгч үлдэх төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон байх бөгөөд уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тул хариуцагч нь автомашинаа буцааж авсан.
Нэхэмжлэгчийн урьдчилж өгсөн 3,200,000 төгрөгийг гаргуулах эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б-ь, хариуцагч Д.А нарын хооронд бичгээр гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг тохирч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Б-ийн нөхөр н.Г-, хариуцагч Д.А нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзэхээр байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба талуудын хооронд дээрх гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нь гэрээг цуцлах тухай санал гаргаж Прадо-95 маркийн тээврийн хэрэгслээ буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд гэрээгээр шилжүүлэн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хариуцагч Д.А нь машинд доголдол, эвдрэл үүсгэсэн, олон сарын хугацаанд машиныг ашигласан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Гэвч худалдах-худалдан авах гэрээний харилцаа хариуцагч Д.А, нэхэмжлэгч Б.Б-ийн нөхөр н.Г- нарын хооронд үүссэн байх ба шүүхэд н.Г-ын өмгөөс гэрээний төлбөрийг шаардах, нэхэмжлэл гаргах эрх Б.Б-ьд олгоогүй, уг эрхийг олгосон баримтыг нэхэмжлэгч нь хэрэгт гаргаагүй байна.
Иймд хариуцагч Д.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Энэ шүүхийн шийдвэр нь н.Г-ыг Д.Ааас гэрээний үүрэг гаргуулахаар шаардах эрхийг хөндөхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 3,200,000 (гурван сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 (далан дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН