| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01168/И |
| Дугаар | 155/ШШ2024/01137 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01137
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01137 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ***од оршин суух, Э овогт Н-ын Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01168/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Н.Б нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1965 онд Н-ын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн билээ.
Би Хатгалын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1981 онд төгсөж, үргэлжлүүлэн Төв аймгийн Угтаалын Техник мэргэжлийн сургуульд суралцаж, тракторын жолооч мэргэжил эзэмшин 1983 онд төгссөн.
Сургуулиа төгсөөд Ардын армийн 016 дугаар нэгтгэлийн 150 дугаар ангид 1984 оноос 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан юм.
Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн үйлдвэрт ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн тушаал аймгийн архиваас олдохгүй байгаагийн улмаас миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Н.Б миний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Э Н-ын Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хатгал ой модны үйлдвэрийн захиргаанаас Н- овогтой Бд нээж олгосон №221019 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Э Н-ын Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх бичилттэй Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н-ын Б-ийн 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тракторч-машинч болсон үнэмлэх, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 589 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н-ын Б-ийн цалин хөлсний тодорхойлолт, Ц-ийн Б-ын 1992, 1988 оны төрөлтийн түүх зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-9, 38-45 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Ч, А.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Н.Б-ийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Н.Бд холбогдуулан гаргасан тушаал шийдвэр, цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэр татан буугдсан, өөрчлөн байгуулагдсантай холбогдох дээд газрын тушаал шийдвэр бий эсэх лавлагааг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 12-23 дугаар хуудас)
Нэхэмжлэгч Хатгал мод боловсруулах үйлдвэрийн түүхэн замнал (2018) номын 114 дүгээр хуудсыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулахаар эх хувийг өгөв. Шүүх уг номын 114 дүгээр хуудсыг, номын нүүрийн хамт хуулбарлан авч хэрэгт хавсаргалаа. (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Н- овогтой Бд Хатгал ой модны үйлдвэрийн захиргаанаас нээж олгосон 1987 10 1 Ардын цэргийн албанаас ирсэн тул мод бэлтгэлийн бригадад тракторын жолоочоор авч ажиллуулав. 1995 04 06 захиргааны шийдвэрээр орон тоо цомхотгосон учир ажлаас нь чөлөөлөв. гэх бичилт бүхий №221019 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай ... Н.Б-ийг бэлтгэл бригадад тракторчноор 1987 оны 10-р сарын 1-нээс тус тус авч ажиллуулсугай. гэх бичилт бүхий Ажилд авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас гаргасан Н- овогтой Б-ийн 1987 оны 10-12, 1988 оны 1-5, 1989 оны 2-3, 9-12, 1990 оны 1-12, 1991 оны 1-6, 10-11, 1992 оны 1, 4-5, 1993 оны 1, 4, 1994 оны 3, 1995 оны 4 сар-уудад авч байсан цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Н- овогт Б-ийн ХААТР-1А баримтын 14 дүгээрт ажилладаг байгууллага гэх хэсэгт Мод боловсруулах, ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт трактор жолооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987 гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)
Овог, нэр Ц- Б-, тогтмол хаяг Хатгал 1-21-9, нөхөр Б МБҮ жолооч гэх бичилт бүхий Н-ын Б-ийн эхнэр Ц-ийн Б-ын 1988 оны №429 дугаартай төрөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
Хатгал мод боловсруулах үйлдвэрийн түүхэн замнал (2018) номын Н- овогтой Б Би 1987 онд цэргийн албанаас халагдаж Хатгалын мод боловсруулах үйлдвэрт ТДТ-55 тракторын жолоочоор ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Мод боловсруулах үйлдвэрийн мод бэлтгэлийн бригадад мод цагаалгын тракторчин, доод агуулахад мод трактороор татаж буулгах рамын вандан дүнз гаргах зэрэг ажлыг тасралтгүй хийж байгаад 1995 онд үйлдвэр хувьчлагдсанаас хойш худалдаа эрхлэн хөдөлмөрлөж байна гэх бичилттэй 114 дүгээр тал (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),
Гэрч Ц.Чын: ...Хатгал хотын Модны үйлдвэрт 1975 оноос 1995 оныг хүртэл хамт ажиллаж байсан. Н.Б нь 1987 онд цэргээс халагдаж ирээд, шууд ажиллаж эхлээд 1995 он хүртэл модны үйлдвэртээ ажиллаж байсан ... гэх мэдүүлэг,
Гэрч А.Эын: ...Н.Бтэй Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуульд цуг сурч байсан. Үүний дараагаар цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мод боловсруулах бригадад хамт ажиллаж байсан. ... Н.Б нь 1987 онд цэргээс халагдаж ирээд, Мод боловсруулах үйлдвэрийн Мод бэлтгэлийн бригадад араамчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Н.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э Н-ын Б-ийн Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн Хатгалын мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН