| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/00973/и |
| Дугаар | 155/ШШ2016/00051 |
| Огноо | 2016-12-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2016/00051
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Д.Н-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-т холбогдох
Хөөрөг, машины үнэ, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2015/00973/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр Д.Бт шүрэн толгойтой бага гарын манан хөөргийг худалдахаар өгсөн. Д.Б нь хөөргийг чинь авч яваад хүнд үзүүлчихээд хариу өгье, 3.000.000 төгрөг хүрэхгүй бол буцааж өгнө гээд аваад явсан. Түүнээс хойш хөөргийг чинь зараагүй гэж хэлж байсан. Хөөргөө буцааж авъя гэж гэхэд хөөрөг чинь байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д.Бтай миний мөнгийг өгөхгүй бол хөх өнгийн ХӨВ 69-44 дугаартай Ниссан марч маркын машиныг чинь аваад явлаа гээд авсан. Гэтэл хэд хоногийн дараа Д.Б чи одоо 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэмж өгөөд наад машинаа аваарай гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд Ширнэндорж гэдэг хүнээс миний бие 2.000.000 /хоёр сая/ төгрөг авах ёстой байсан бөгөөд тэр мөнгийг аваарай гэж хэлсэн. Ширнэндорж нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн оронд Соната-2 маркын машин өгсөн байсан. Би Д.Бтай тооцоо дууссан гэж бодоод энэ жилийн автын үзлэгээр өөрийн нэр дээр болгоод татвар төлсөн чинь энэ машин чинь үнийг нь төлөөгүй, Д.Бын мэдлийн хөрөнгө биш гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтан хурааж авсан. Иймд миний бие 5.000.000 /таван сая/ төгрөгөөр хохирч байгаа тул уг мөнгийг Д.Баас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Баас 5.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Д.Бтай ярилцаж тохироод уг 5.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор авахаар боллоо. Д.Б нь 5.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Нгийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар Д.Нтэй ярилцаж тохирсон. Иймд Д.Нд 5.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.Бт холбогдуулан хөөрөг, машины үнэ, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийн тал хувь болох 47.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Баас 47.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч Д.Нд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн хөөрөг, машины үнэ, нийт 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийн тал хувь 47.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Баас 47.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА