Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                  2023/ДШМ/08

 

 

 

          Ү.Бд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Э

Шүүгдэгч                                                         Ү.Б

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ү.Бд холбогдох 2212000730337 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар  хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ү.Б

 

Шүүгдэгч Ү.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Т.Гт 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ү.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч Ү.Бын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймгийн ... тоотод оршин суух Ү.Б намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл ангиар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие үйлдсэн хэргийнхээ гэм буруутай маргахгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Т.Гт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн эрж хайсны зардалд 1.000.000 төгрөг төлсөн. Т.Гаас уучлалт гуйсан. Тэгээд намайг уучилж гомдол, саналгүй болсон. Надад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ амлаж байна. Миний ээж өндөр настай, харааны бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд би ээжийгээ харж ханддаг. Миний өөрийн эрүүл мэнд ч муу байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж миний ялыг багасгаж өгнө үү. Миний бие энэ хэрэгтээ маш их гэмшиж байна. Би одоо давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Г.Э-ыг сонгож авсан бөгөөд өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж, давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Ү.Бд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар багасгаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ү.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Ү.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг зөв зүйлчилсэн  байна.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ү.Б нь 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлаастын ар гэх газар бэлчээрлэж байсан хохирогч Т.Гын 44 тооны ямаа, 10 тооны хонь буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Т.Гт 7.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

 Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдал зэрэгт эрүүгийн хариуцлага тохирсон байна.

 

 Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Ү.Б... Миний бие үйлдсэн хэргийнхээ гэм буруутай маргахгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Т.Гт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн эрж хайсны зардалд 1.000.000 төгрөг төлсөн. Т.Гаас уучлалт гуйсан. Тэгээд намайг уучилж гомдол, саналгүй болсон. Миний ээж өндөр настай, харааны бэрхшээлтэй хүн байдаг бөгөөд би ээжийгээ харж ханддаг. Миний өөрийн эрүүл мэнд ч муу байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж миний ялыг багасгаж өгнө үү....гэж давж заалдах гомдол гаргажээ.

 

             Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан байна.

 

            Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Ү.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон, түүний гомдолд дурдсан үндэслэл нь оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм. 

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх хугацаанд шүүгдэгч Ү.Б нь 43 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бын цагдан хоригдсон 43 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                  ШҮҮГЧИД                                     Н.ЭНХМАА

 

                                                                                    Л.АРИУНЦЭЦЭГ