Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0525

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б Б /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн А/388 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

              1.1.Анх шүүхэд нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар хураан авч, нураасны улмаас учирсан хохиролд 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсны хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас иргэн Б.Бд 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1,200,000 төгрөгийн үнэ бүхий гараашийг олгосон байна.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд үүнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн хойд талд байрлах 12 гарааш багтсан байна.

2.3.Улмаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдэх хуудсаар, тогтоосон хугацааны дотор зөрчил арилгаж газар чөлөөлөхийг нэр бүхий 12 гарааш эзэмшигч нарт мэдэгджээ.

2.4.Нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ: “Эрх ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар: Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр 40 мянгат, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх /45 дугаар дунд сургуулийн чанх ард байрлах/, улсын бүртгэлийн ******* тоот дугаартай гараашийг өмчилдөг байсан билээ. Уг гарааш нь Нийслэлийн Засаг даргын 1993 оны ******* тоот захирамжийн дагуу 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ******* тоот Ерөнхий Архитектор Жадамбаагийн газрын зөвшөөрлөөр “*******” хувиараа эрхлэх аж ахуй буюу компани нь 45 дугаар сургуулийн хашааны хойд талд 24 гарааш барьсан байдаг.

Хариуцагч хууль бус захиргааны акт гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Ингэхдээ Захиргааны Ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй болно. Мөн шүүхээс уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б.Б нь учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас гаргуулах боломжтой болох юм.

Маргаан бүхий захиргааны актын улмаас учирсан хохирлын талаар: Уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь тухайн үед Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр бичигдсэнчлэн 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Уг хохирлыг иргэний өмчлөх эрхэд халдаж, өмчийг нь устгах шийдвэр гаргасан буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр  сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 7891 дугаартай шүүгчийн захирамжид зааснаар учирсан хохирлоо 1,200,000 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын уг захирамжаар нэхэмжлэгч Б.Б эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр 40 мянгат 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх улсын бүртгэлийн тоот дугаартай гараашийг зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудын тоонд оруулаад албадан нурахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуульд заасан иргэний хувийн өмчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Уг гараашийг Ардын депутатуудын хурлын 1993 оны А/36 тоот захирамжийн дагуу 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын олгосон газрын зөвшөөрлөөр ******* хувиараа эрхлэх аж ахуй буюу компани нь 47 дугаар сургуулийн хашааны хойд талд барьсан. Хариуцагч хууль бус захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Хувийн өмч болон өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалсан, зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан байдаг. Үл хөдлөх эрх хөрөнгийн гэрчилгээтэй. Газрын маргаан гэж үзэхгүй байгаа. Хүний хувийн эд хөрөнгийг дайчлан авч байгаа тохиолдолд хуульд заасан үндэслэлээр нөхөн олговор олгохоор заасан байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байдаг.

Захирамжаар зөвшөөрөл олгоод, газрыг нь тогтоож зөвшөөрлийн дагуу гарааш баригдсан. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.8-д газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай харилцан тохиролцоно гэж заасан байгаа. Гэтэд сонсох ажиллагааг хийхгүйгээр шахалтад оруулсан нь хууль бус үйл ажиллагаа юм.” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд  Газрын зөрчил арилгах талаах арга хэмжээ авах тухайНийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар гарсан.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ" гэж заасан бөгөөд гэж заасан бөгөөд тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т "газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах" гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжийг гаргасан болно.

Газар эзэмших эрх дуусгавар болсны үр дагавар нь газар дээрх эд хөрөнгийг өөрийн зардлаар чөлөөлөх үүрэгтэй болохыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" заасныг биелүүлэх үүрэгтэй ба төрөөс өмчлөлийн гэх гараашийг албадан чөлөөлсний төлөө нэхэмжлэгчид нөхөн олговор олгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар захирамж нь нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах явган хүний зам талбайн хэрэгцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто машин түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд гарсан. Нэхэмжлэгч талаас хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ байхгүй, тухайн үедээ эзэмших хүсэлт гаргаж байгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний зам хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан, захирамжийн хавсралтын 86 дугаарт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 45 дугаар сургуулийн хойд талд байршилтай 12 гарааш багтсан бөгөөд нэхэмжлэгч нараас ******* гэрчилгээний дугаартай, №23 гараашийн хувьд маргаж байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 1993 оны дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаартай захирамжийн дагуу  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ******* дугаартай “Газрын зөвшөөрөл олгох тухай” албан бичгээр “*******” ХЭАА-д 24 машины гарааш барих зөвшөөрөл олгосон байна. Тухайн актаар газар эзэмших эрх үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

3.Улмаар 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр автомашины гарааш худалдан авсан тухай хэлцэл байгуулан иргэн Ч.Т******* маргаан бүхий гараашийг нэхэмжлэгч Б.Б 1,200,000 төгрөгөөр худалдан авч Үл хөдлөх эд хөрөнгийн газраас ******* дугаартай гэрчилгээгээр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 1,200,000 төгрөгийн үнэ бүхий гараашийг Б.Бг хууль ёсны өмчлөгчөөр бүтгэжээ.   

4.Нэхэмжлэгчээс “... Хуульд заасан үндэслэл журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага буюу Эд хөрөнгийн улсын бүртгэлээс олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий зөвшөөрөлтэй гараашийг өмчилж байхад зөвшөөрөлгүй мэтээр захиргааны акт гаргасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасны дагуу өмч хөрөнгөө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших хүсэлтийг холбогдох Төрийн захиргааны байгууллагад гаргаж байгаагүй байж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан байдал нь ойлгомжгүй гэж үзсэн учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.

5.Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

6.Хуулийн дээрх заалтаас үзэхэд хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олж аваагүй этгээдийн хувьд хүн өөрийн хувийн өмчийн автомашины гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, төрийн өмчийн газар дээр баригдсан хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрын эзэмших, эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд Засаг дарга газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй байна.

7.Ийнхүү газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулдаг байхад нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр газрыг ашигласан энэ тохиолдолд төрийн өмчийн газарт гарааш барьж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь газрыг эзэмших, ашиглах эрхийг хугацаагүйгээр олгосон эрх биш юм.

8.Түүнчлэн дээрх захирамжийг гаргахдаа газрын зөрчлийн судалгааг хийж, мэдэгдэх хуудас байршуулсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Бгээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад хандсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өргөдөлд бичигдсэн “...миний эд хөрөнгийг маань буулгах талаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022.02.10-ны өдрөөс эхлэн шаардах болсон...” “нэхэмжлэгч Б.Бгээс Б.Нд олгосон итгэмжлэлд Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот мэдэгдэх хуудас” гэх баримтаар тогтоогдож байна.

9.Иймд газрыг нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх зорилгоор гарсан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.

10.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны баримтлан нэхэмжлэгч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, нийт 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.ГАНЗОРИГ