Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00052

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  Х аймгийн М сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Э,

Хариуцагч Б.У нарт холбогдох

Үндсэн зээл 12.093.750 төгрөг, үндсэн зээлийн хүү 143.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.630 төгрөг, нийт 12.266.130 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01070/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан сум бүрт олгогдож буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Сум хөгжүүлэх сан-гаас иргэн Д.Э 20.000.000 /хорин сая/ төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Ноос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зээл авч №76 дахь гэрээг байгуулсан. Зээлийн барьцаанд Х аймгийн М сумын 6 дугаар багийн 19-4 тоотын үл хөдлөх хөрөнгийн 000188984 дугаартай 48мталбай бүхийн хувийн өвлийн сууцыг, газрын 000079406 дугаартай гэрчилгээний хамт барьцаалсан байна. Зээлдэгч иргэн Д.Эад 2015 онд зээлийн гэрээний дагуу санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан. Мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөр хийгдээгүй тул журмын дагуу сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дугаарт Зээл цуцлах захирамж гарсан хэдий ч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зээл, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй болно. Зээлдэгч өнөөдрийг хүртэл: Үндсэн зээл 7.906.250 /долоон сая есөн зуун зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, зээлийн хүү 643.750 /зургаан зуун дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг төлсөн байна.

Зээлдэгч иргэн Д.Э нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтийг зориулалт бусаар ашигласан тул зээлийн гэрээний 4.3, сумын Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/119 дүгээр захирамж шийдвэрээр зээлийн гэрээг цуцлуулах, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч иргэн Д.Эаас үндсэн зээл 12.093.750 төгрөг, үндсэн зээлийн хүү 143.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.630 төгрөг, нийт 12.266.130 төгрөгийг гаргуулж М сумын Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Х аймгийн М сумын Засаг даргын Сум хөгжүүлэх сангаас 20.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй Ноос боловсруулах төслийн хүрээнд №76 тоот гэрээ хийж авсан. Миний бие энэхүү төслийг анх 2013 оны 6 дугаар сард боловсруулж, Сум хөгжүүлэх сан-гаас дэмжлэг хүссэн. Гэвч сангийн дансанд зээл олгох үлдэгдэл хүрэлцэхгүйн улмаас 1 жилийн дараа буюу 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээл авсан. Энэ хугацаанд валютын ханш огцом өсч, Бүгд найрамдах Хятад ард улсаас юань 230 /хоёр зуун гуч/ төгрөгөөс 300 /гурван зуу/ төгрөг болж өссөний улмаас судалж байсан тоног төхөөрөмжөө авах боломжгүй болсон. Миний бие энэ хугацаанд зээлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэлгүй цаг тухайд нь эргэн төлөлт хийж ирсэн. 2015 оны 6 дугаар сар хүртэл сар бүрийн зээлийн хүү 50.000 /тавин мянга/ төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэгчийн 12.266.130 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун гуч/ төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг дарга нь хариуцагч Д.Э, Б.У нарт холбогдуулан үндсэн зээл 12.093.750 төгрөг, үндсэн зээлийн хүү 143.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.630 төгрөг, нийт 12.266.130 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У, Д.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 12.266.130 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 211.208 төгрөгийн тал хувь 105.604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн М сумын Засаг даргын үндсэн зээл 12.093.750 төгрөг, үндсэн зээлийн хүү 143.750 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.630 төгрөг, нийт 12.266.130 /арван хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга нэг зуун гуч/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Э, Б.У нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Э, Б.У нараас улсын тэмдэгтийн хураамж 105.604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА