Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 135/ШШ2024/01393

 

 

2024 11 07 135/ШШ2024/01393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 9 дүгээр баг *** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг *** тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн болон Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг

Хариуцагч О.*******

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие О.*******тай хамтран амьдарч байгаад **-ны өдөр хүү Б.*******ыг төрүүлсэн. О.******* бид хоёр таарч тохирохгүйн улмаас 2023 оны 02 сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд хүүгийн минь эцэг О.******* хүүдээ ямар нэгэн санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Хүүхдийнхээ нийгмийн харилцаанд ч анхаарал халамж байхгүй байгаа тул хүү Б.*******ы эцэг О.*******аас эцэг хүний үүргийг гүйцэтгүүлэхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Миний хувьд бага ангийн багшаар ажилладаг, манай сургуульд хүү маань сурдаг. Би хүүтэйгээ хамт ажилдаа ирээд тараад хамт явдаг учир хүүгээ байнга анхаарал тавиад асрамждаа байлгах бүрэн боломжтой гэв.

 

2. Хариуцагч О.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2018 онд хүү Б.******* төрсөн Бид нарыг хамт амьдарч байхад хүү аав амьтай, байнга л аав аав л гэдэг ээжийгээ нэг их тоодоггүй байсан. Миний бие ДДЦС-д зуухны машинчаар ажилладаг ба 7 хоногт 12 цагаар 4 гараанд гараад 3 хоног дараалж амардаг тул хүүхэдтэйгээ их цаг өнгөрүүлдэг аз жаргалтай аав хүү хоёр байсан. Гэтэл 2022 оны намраас Э.******* нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас бидний хооронд үл ойлголцол үүсэж, 2023 оны 02 дугаар сараас эхлэн бид хамтран амьдрахаа больсон. Э.******* нь тусдаа амьдарч эхэлсэн үеэсээ эхлэн хүү Б.*******ыг минь удаан хугацааны турш уулзуулахгүй, утсаар ч яриулахгүй байнга хааж боодог. 2023 оны 8 сараас хойш хүүг маань надтай нэг ч уулзуулаагүй, хүүхэдтэйгээ уулзъя гээд утсаар залгахаар эсэн бусаар харааж доромжилдог. Дээрх байдлаар хүүг надтай уулзуулдаггүй байж намайг хүүхдээ хайхардаггүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэв.

 

3. Хариуцагч О.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.******* архи дарс шоу цэнгээнд дуртай. Энэ нь хүүд маань буруугаар нөлөөлнө. Тэгээд харах хүнгүй байгаа. Би өөр дээрээ авбал хүүгээ өөрөө харна. Миний ажил 7 хоногт 4 удаа гараад 3 хоног амардаг. Аав маань хамт амьдардаг тэтгэврийн хүн байдаг. Иймээс хүү маань миний асрамжид байхад эрх ашиг нь зөрчигдөхгүй гэж үзэж байна. Иймд би хүүгээ өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргасан. Э.*******ээс хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

4. Нэхэмжлэгч Э.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд бага ангийн багшаар ажилладаг болохоор хүүхдэдээ ямар нэгэн эрсдэл гаргахгүй гэж бодож байна. Би ажлын 8 цаг ажиллаад орой 5 цаг 30 минутад ажил маань тардаг. Хүүгийн хичээл нь 5 цаг 20 минутад тараад би хүүгээ аваад гэртээ харьдаг. Намайг догшин ширүүн ааштай, архи дарсанд дуртай гэж хэлж байгаад би гайхаж байна. Энэ хүн хоол сайн хийдэг. Хоол хийж байхдаа архи уудаг. Тэгээд ч хамтран амьдрагчтай болсон. Тэр хүн нь миний хүүг үг хэлээр доромжилсон байсан. Тэрнээс хойш өөрөө ч залгаагүй, би ч залгаагүй. Иймээс хүүгээ өөрийн асрамжид авна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Э.*******ийн хувьд хүүхдээ өөрийн асрамжид авъя, тэтгэлгээ гаргуулъя гэсэн байр суурьтай байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тодорхой заасан байгаа. 9 дүгээр сургуулийн 4Е ангийг дааж аваад ажиллаж байгаа орой тарах цаг нь хоёулаа таардаг. Ахуйн нөхцөл бололцоог харж үзнэ. Энэ хоёр тусдаа амьдраад 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлсөн зүйл байхгүй. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын шинжээчийн дүгнэлтэд эхэд давуу талтай гардаг. Хүүхдийн ээнэгшсэн дассан орчныг сольж болохгүй. О.******* уулзуулдаггүй гэж байна. Хүний амьдрал баялаг. Уулзахаар бол яаж ч бол яаж уулзана. Хүүхэд хэний асрамжид байснаар хүүхдийн ирээдүйд хэрэгтэй вэ? гэдэг талаар харж үзээсэй гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Бид хүүхдийн асуудлыг шийдэх гэж байгаа болохоос хаана юу хийдэг нь онц биш. Энэ хуулийн шаардлагад нийцэж байна уу? Эцэг эхийн ёс суртахууны хувьд доголдолтой, хэлж ярьж байхдаа хараалын үг хэллэг хэрэглэдэг, хүүхдээ унтаж байхад нь ёс бус, зүй бус, үг хэллэг хэлж байгаа нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд нөлөөлөх гээд асуудал байна. Энэ таарамжгүй харилцаа нь хамтран амьдарч байх хугацаанд ч байсан. Энэ хүний хажууд хүүхэд аюулгүй орчинд амьдарч чадаж байгаа юм уу? 39-40 хуудсанд авсан дүгнэлтээ хэлж байна. Энэ хүүхэд бол аавтайгаа байхдаа аз жаргалтай байгаа нь харагдаж байна. Аавтайгаа хөл бөмбөг тоглоод инээж байгаа нь, аавтайгаа хамт байвал юунаас ч айдаггүй аз жаргалтай нөхцөл байдал харагдаж байна. Аавынхаа юу хийдэг, ямар хөдөлгөөн хийдэг нөхцөл байдлыг дуурайж хийдэг. Миний үйлчлүүлэгч хүүхэдтэйгээ уулзах хүчин чармайлтыг гаргаад яваад байхад уулзуулахгүй гээд таслан зогсоох үйлдэл хийж байсан. 1 жил 8 сарын хугацаанд уулзаагүй байгаа нь О.*******ы буруутай зүйл огт байхгүй. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

7. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.*******ы төрсний бүртгэлийн гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Э.******* бага ангийн багшаар ажилладаг талаарх Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн тодорхойлолт, Б.*******ы суралцаж байгаа тухай тус сургуулийн тодорхойлолт, Э.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа, Э.*******ийн өмчлөлд бүртгэлтэй Дархан сумын 9-р баг, 4 байрны 5 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн.

 

8. Хариуцагчаас нотлох баримтаар хүүхэдтэйгээ байхдаа авахуулсан фото зургууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/206 дугаартай шийтгэвэр, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 2024/ДШМЗ/17 дугаартай магадлал, Дархан-Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас О.*******д ирүүлсэн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн өргөдлийн хариу, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар гаргасан Э.*******ийн тайлбар зэргийг ирүүлсэн байна.

 

9. Шүүхээс зохигчийн хүсэлтээр шинжээч томилсны дагуу Дархан-Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын шинжээчийн дүгнэлт, тус газраас нотлох баримтаар 2024 оны 01 сарын 15, 17-ны өдрүүдэд хийсэн ярилцлагын тэмдэглэл, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу О.*******ы эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох утасны харилцсан захианууд2023 оны 11 сарын 03-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023 оны 11 сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл, дундын эд хөрөнгө хуваах тухай гэрээ, зөрчлийн хэрэгт авагдсан CD бичлэг зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.*******ийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч О.*******ы хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь ...2023 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд тухайн хугацаанд хүү Б.******* миний асрамжид байгаа, эцэг О.******* хүүхдэдээ анхаарал тавихгүй, эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин хүүгээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд Э.******* ёс зүйн хувьд хүүхдээ асрамждаа авах боломжгүй тул хүүхдээ өөрийн асрамждаа авна, хүүхдийн тэтгэлэг авах шаардлагагүй гэж маргадаг болно.

4. Зохигчид 2017 онд танилцан, хамтран амьдарсан, 2018 оны 07 сарын 29-ний өдөр хүү Б.*******ыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн гэрчилгээгээр Б.*******ы эцгийн нэр О.*******, эхийн нэр Э.******* гэж бүртгэгдсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар хүүхдийн эцэг, эх захиргааны журмаар тогтоогдсон байна.

5. Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа бөгөөд шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсны дагуу гаргасан Дархан-Уул аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 03 сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

Тус дүгнэлтээр ...эцэг эхийн чадамжийг үнэлэх 6 багц оношилгоогоор дүгнэхэд эцэгт давуу тал үүсээгүй, эхэд 4 давуу тал үүссэн. Эцэг эхийн хүүхдэдээ хандах хандлага, харилцан үйлчлэлийг тогтоох 3 судалгаанаас дүгнэхэд эцэгт давуу тал үүсээгүй, эхэд 1 давуу тал үүссэн. Хүү Б.*******д хүүхдийн нас сэтгэхүйн онцлогоос шалтгаалаад оношилгоо хийх боломжгүй... гэжээ.

Хариуцагч тал энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газраас 2024 оны 08 сарын 23-ны өдөр дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү дүгнэлтэд ... нэхэмжлэгч Э.*******ийн Стрессийг оношлох агуулга-д хариулсан байдлаар авч үзвэл нийт авсан оноо 23 буюу стрессийн түвшин бага үзүүлэлттэй, хариуцагч О.******* нийт авсан оноо 36 буюу стрессийн түвшин дунд зэрэг үзүүлэлттэй байна. Нэхэмжлэгч Э.*******ийн Сэтгэл гутралыг хэмжих агуулга-д хариулсан байдлаар авч үзвэл нийт авсан оноо 1 буюу сэтгэл гутралын илрэл бага үзүүлэлттэй, хариуцагч О.******* нийт авсан оноо 5 буюу хөнгөн зэргийн сэтгэл гутралтай үзүүлэлттэй байна. ...Эцэг, эхийг үнэлэх асуулга-д хариулсан байдлаар авч үзвэл нэхэмжлэгч Э.******* 34 оноо, хариуцагч О.******* 33 оноо авсан буюу энэ нь талуудын хэн хэн нь хүүхдэдээ зохих ёсны шаардлага тавьдаг ба анхаарал хандуулдаг...Хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөл, хүүхдийн ээж болон эмээ өвөөтэйгөө харилцах харилцааг ажиглахад наад захын хэрэгцээ хангагдсан, аливаа төрлийн хүчирхийлэлд өртдөг байдал ажиглагдаагүй болно.

... Шинжээчийн баг уулзалт хийх хугацаанд ээж хүүгийн хоорондын харилцаа хэвийн, эерэг, хүүгээ дэмжсэн харилцаатай ажиглагдсан. Мөн хүүгийн одоогийн амьдарч буй орчин сайн, нөхцөл байдалдаа дасаж, ээнэгшсэн нь ажиглагдсан.

Хариуцагч О.*******ы зүгээс хүүхэд амьдрах орчин нөхцөлийг сайн бүрдүүлсэн. Хүүдээ тавих анхаарал, халамж, дэмжлэг төдийлөн сайн биш. Тусдаа амьдарч байсан хугацаандаа санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагүй, ээж нь энэ талаар дэмжлэг хүсэж байгаагүй, хүүтэйгээ уулзах хүсэлтэй ч ээж нь уулзуулдаггүй гэх. Хүүтэйгээ уулзахаар өөрийн зүгээс санаачилга гаргаж байгаагүй нь ярилцах явцад ажиглагдсан. Хүүхдийнхээ бага насны амьдралын талаар ярьж байсан хэдий ч одоогийн нөхцөл байдал, хүүхдэд хэрэгцээ шаардлагатай зүйл, хүсэл сонирхлын талаар төдийлөн анхаарал хандуулдаггүй нь ажиглагдсан.... Шинжээчийн багаар ажиллах явцад хүүхдийн эрх ашиг сонирхолд нөлөөлөх муу зуршил ажиглагдаагүй... гэжээ.

6. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн 171 дугаартай албан бичиг болон тус сургуулийн 2024 оны 11 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар нэхэмжлэгч Э.******* нь тус сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд боловсролын салбарт 4 дэх жилдээ ажиллаж байгаа, хүү Б.******* нь мөн сургуулийн 1в ангид суралцаж байгаа болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн шийтгэврээр Э.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан танхайрах зөрчил үйлдсэнд тооцож, Э.*******ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн магадлалаар Э.*******т холбогдох шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шийтгэврээр ... хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар холбогдогч Э.*******, гэрч О.******* нар нь хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2018 оны 07 сарын 29-ний өдөр хүү Б.******* төрсөн. Э.*******, О.******* нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас 2023 оны 02 сараас хойш тусдаа амьдрах болсон. 2023 оны 10 сарын 20-ны өдөр Э.******* нь төрсөн дүү Э.Энх-Ялалтаар хүүхдээ харуулаад өөрөө Ди Ди бааранд ороод 23:00 цагийн орчим гэртээ харьсан. О.*******ы төрсөн дүү О.Сүнжидмаа нь Э.*******ийг бааранд явж байгааг хараад гэрт нь очсон. Улмаар чи хүүхэд ингэж хардаг юм уу гадуур шоудаад яваад байна, би дүүгээ авч явна гэж хэлэн Э.*******тэй маргалдсан. Маргалдах явцдаа О.Сүжидмаагийн зүүн мөр хэсэгт 3 удаа гар утас барьсан гараараа тогшсон. ... гэх үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн байна.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д: Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан.

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхдийн асрамжийн талаар талууд маргаж байгаа тул шүүх дээрх хуульд заасан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрэнд дүгнээд 2018 оны 07 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.*******ыг эх Э.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч тал хэрэгт авагдсан гар утасны захиа /мессеж-д үзлэг хийсэн тэмдэглэл болон хариуцагч талын хүсэлтээр зөрчлийн хэргээс нотлох баримтаар авсан бичлэг /CD/, шийтгэвэр зэргээр нэхэмжлэгч Э.*******ийн зан байдал, ёс зүйг тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Э.******* нь дээр дурдсан шийтгэврээр шийтгэл хүлээсэн байгаа боловч тухайн зөрчил гарах болсон шалтгаан, шийтгэврээр Э.*******ийн үйлдлийн талаар хийсэн дүгнэлт зэргээс үзэхэд зөвхөн энэхүү шийдвэрийг үндэслэн түүнийг хүүхэд хүмүүжүүлэх, асран хамгаалах боломжгүй, хүүхдийн эрх ашигт сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтээр зохигчдын хүүхдэдээ хандах хандлага, харилцааг тодорхойлсон байдал, ...ээж хүүгийн хоорондын харилцаа хэвийн, эерэг, хүүгээ дэмжсэн харилцаатай ажиглагдсан. Мөн хүүгийн одоогийн амьдарч буй орчин сайн, нөхцөл байдалдаа дасаж, ээнэгшсэн нь ажиглагдсан гэсэн дүгнэлт, хүүхдийн сурч боловсрох, амьдрах орон байраар хангагдсан байдал зэргээс үзэхэд хүү Б.*******ы одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж үзлээ.

8. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2-т: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус заасан.

Шүүхээс хүү Б.*******ыг эх Э.*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь дээрх хуульд заасантай нийцнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдаж байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.******* нь дээрх хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд хүү Б.*******ыг эцэг О.*******тай уулзахыг хориглох, хязгаарлах эрхгүй болно.

9. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т, хүүхдийн нэг жилд ногдох тэтгэлгийн хэмжээнээс тооцож, 57,833 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны 07 сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.*******ыг эх Э.*******ийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар **-ний өдөр төрсөн хүү Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.*******аас тэтгэлэг гаргуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож, нэг хүүхдэд ногдох 1 жилийн хугацааны тэтгэлгийн хэмжээнээс тооцож, улсын тэмдэгтийн хураамж 57,833 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлэхийг, мөн хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ