Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хаймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О холбогдох,

7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2015/01060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуунэхэмжлэгч Д.Г, хариуцагч Х.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Г миний бие Х.О тай захын урд байрлах К автозасварын газрыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 47.000.000 төгрөгөөр худалдан авах болж аман хэлцэл хийж би урьдчилгаа болох 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингэхдээ 5.000.000 төгрөгийг банкнаас авч өөрт бэлэн байсан 700.000 төгрөгийг нэмж 5.700.000 төгрөг болгон 1 сарын 5-ны өдөр Х.Оад төв ХААН банкны хойд талд өөрийнх нь машинд эхнэр М.Ни-йн хамт хүргэж өгсөн. Ингээд үлдэгдэл 1.300.000 төгрөгийг 2 дугаар сард Төрийн банкны зээл хийх боллоо гээд манай аавынхаас Төрийн банкны хүмүүс очиж авсан байсан. Ингээд би Х.О-ад нийтдээ 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. Би энэ К авто засварын газрыг нь ажиллуулах гэж халаалт болон халаалтын тоног төхөөрөмж худалдан авсан тул би хүнээс 3.000.000 төгрөг нэмж зээлсэн.

Ингээд бүтэн 2 сар уг автозасварын газрыг ажиллуулахад ямар ч орлого орохгүй ашиггүй байхаар нь Х.Отай ярилцаад наймаагаа буцаах болж грашны түлхүүрийг өөрөө аваад таны өгсөн 7.000.000 төгрөгийг би бүрэн бүтэн буцаагаад өгнө гэсэн. Би халаалтанд тавьсан бусад зардлыг тооцож нэхэхгүй зөвхөн чамд өгсөн урьдчилгаа 7.000.000 төгрөгийг авна гэж хэлсэн. Гэтэл Х.О нь 4,5 сард хавар ноолуур гарахаар өгнө гэсэн. Би удаа дараа нэхэж очсон боловч өгнө өмнөх худалдан авч байсан хүнээ шүүхэд өгсөн байгаа тэр хүнээсээ мөнгөө авахаар өгнө эсхүл зээлээд дуусгаад дахин зээл аваад өгнө гэх мэтээр өнөөг хүргэж байна. Би тухай гаражийг банкинд өндөр зээлэнд барьцаанд байгааг мэдээгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ миний нэр дээр албан ёсоор шилжиж ирээгүй Х.Оын нэр дээр байгаа.

Иймд Х.Оаас 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Х.О шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.Г нь өөрөө болон эхнэрийн хамтаар надтай уулзаж М сумын 6-8-17 тоотод байрлалтай 12х12 метрийн хэмжээтэй бүрэн ашиглалтанд ашиглагдаж үйл ажиллагаа явуулж байсан автогражийг худалдан авах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч 47.000.000 төгрөгөөр зарсан ба урьдчилгаа мөнгө болох 7.000.000 төгрөгийг авсан. Гэтэл Д.Г нь 2 сар болсны дараа автозасварын газрыг ажиллуулахад ямар ч орлого орохгүй ашиггүй байна гэсэн. Бид хоёр ярилцаад наймайгаа буцаах болсон боловч надад өгөх мөнгө байхгүй тул уг мөнгөнд газар өгч болж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Х.Оад холбогдуулан 7.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би Х.Отай захын урд байрлах К автозасварын газрыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 47.000.000 төгрөгөөр худалдан авах болж аман хэлцэл хийж урьдчилгаа болох 7.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл / эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэсэн байх бөгөөд хариуцагч Х.О нь Хаймгийн М сумын ...  байрлах үйлчилгээний зориулалттай авто гаражийг худалдах тухайгаа илэрхийлж түүнийг нэхэмжлэгч хүлээн авснаар хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн болох нь зохигчдийн шүүхэд гаргасан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Х.Отай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М сумын 6 дугаар багийн 8 дугаар гудамжны 17 тоотод байрлалтай К автозасварын газрыг 47.000.000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 7.000.000 төгрөгийг худалдагч талд шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлээгүй, худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Гээс хариуцагч Х.Оад холбогдох 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч Х.Оаас 7 000 000 /долоон саятөгрөгийг гаргуулан Д.Гэд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 120 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ