| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0787/Э |
| Дугаар | 737 |
| Огноо | 2017-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,
хохирогч Д.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706024630237 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.Б, 1997 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 64 дүгээр гудамжны 846 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн орчимд Д.Сайнзаяатай маргалдаж, улмаар түүний мөр рүү усны саваар цохиж, толгой хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сургууль дээрээ байж байгаад Бямбажаргал гэдэг найзтайгаа хамт сургуулиас гараад явж байхад сургуулийн үүдэнд Сайнзаяа, Нарангоо, Гоомарал, Энхмаа 4 зогсож байсан. Сайнзаяа нөгөө 3 хүүхэд рүүгээ чанга хашгираад хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байсан. Би дөхөж очоод сургуулийн үүдэнд байна ш дээ жаахан чимээгүй байгаа ч гэж хэлсэн чинь намайг хуц гичий минь, би чамтай яриагүй байна. Та нар шиг гудамжны юмнуудтай ярихгүй, та нар юу юм гээд над руу ойртоод ирэхээр нь би чи ямар аймаар юм ярьдаг юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс дайраад намайг янз бүрээр доромжилсон. Над руу ойртож ирээд миний цамцнаас зуурахаар нь би цаашаа холдуулах гээд усны саваараа түлхсэн. Тэгээд намайг үсдээд доошоо дарсан. Би гарыг нь тавиулах гээд адилхан үсдэж доошоо дарсан. Тухайн үед би энэ охиныг ерөөсөө зодож цохиогүй” гэв.
Хохирогч Д.Сайнзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2 дахь өдөр байсан. Би энэ өдөр өглөө 2 дугаар цаг дээр хичээлтэй байдаг. Намайг хичээлдээ ирэхэд манай ангийн охин Нарангоо гэдэг охин өглөөнөөс хойш Энхмаа, Биндэръяа гэдэг хүүхдүүдийг цуглуулаад явж байна гэж надад хэлсэн. Нэг хичээл дээр цуг суудаг байж эд нар тухайн үед хичээлдээ суугаагүй. Утсаар манай найз руу яриад Сайназаяаг гаргаад ир, чи өөрөө хамт гараад ир гэж хэлсэн байсан. Тухайн үед би ийм зүйл болно гэж бодоогүй, их завсарлагаанаар дэлгүүр гарч сникерс авах гээд сургуулийн урд байдаг дэлгүүр рүү орчихоод гарахад Нарангоо гэдэг охин байсан. Нарангоо бид хоёр хувийн шалтгаанаас болоод өмнө нь муудсан байсан. Тэр тухайгаа яриад зогсож байхад цаанаас Энхмаа, Гоомарал гэдэг охидууд гарч ирсэн. Энхмаа гэдэг охин ирээд над руу томорч, сүрдүүлсэн. Гоомарал гэдэг охин над руу томорч дайрч байхад нь зогсоох гэж оролдсон. Тэгээд би ярих зүйл чинь дууссан бол би хичээл рүүгээ орлоо гэж хэлээд сургуулийн хашаа руу явсан. Сургууль руу орох гэж байхад Нарангоо гэдэг охин тийм л юм бол чи найзуудыгаа гаргаад ирээ, найзуудтай чинь цуг зодно шүү гэж хэлсэн. Тухайн үед би наад гудамжны зангаа гудамжны хүмүүсдээ гаргаарай гэж хэлсэн. Хэлэхдээ би чанга дуугаар хэлсэн. Тэгээд байж байхад Бямбажаргал, Биндэръяа гэдэг 2 охин гарч ирсэн. Би Биндэръяа гэдэг охиныг танихгүй. Бямбажаргал манай ангийн дарга охин байсан. Биндэръяа над руу дөхөж ирээд чи яагаад чанга орилоод байгаа юм бэ, чи яах гээд байгаа юм бэ гэж сүрдүүлэх маягтай над руу ойртож ирсэн. Тэгэхээр нь би “энэ чамд ямар ч хамаагүй, чамайг би танихгүй юм байна” өөрийнхөө оролцох ёстой хэрэгтэй оролцоо гэж хэлсэн. Тэгээд Биндэръяа гэдэг охин чи дуугүй бай, сургуулийн үүдэнд байна, сургуулаас хол явж асуудлаа ярилц гэж надад хэлсэн. Над руу Биндэръяа устай саваа шидээд тэр нь миний цээжинд оносон. Тэгээд дөхөж ирээд усны саваараа миний мөр рүү цохиод, үсдэж дарсан. Би нүдний шилээ унагаахгүй гээд нэг гараараа нүүрээ дараад, нөгөө гартаа дэлгүүрээс авсан сникерсээ тас атгасан байдалтай байсан. Намайг үснээс татаж угзарахад би хальт Биндэръяагийн үснээс зулгаасан. Тэгээд би тавиач гэж орилоход тэнд байсан охидууд намайг тал талаас үсдсэн. Бид нарыг манай сургуулийн нөгөө ангийн банди нар ирж салгасан. Тэр үед тэр хүүхдүүд ирж салгаагүй байсан бол надад үүнээс өөр хүнд гэмтэл учирч болзошгүй байсан. Нарангоо гэдэг охины эгч нь над руу фэйбүүк чатаар дарвайтал чинь алагдаад унагаачихна шүү гэж чат бичээд байсан. Тухайн үед би тэр эгчид нь дүү чинь ийм хүмүүстэй нийлээд намайг ийм байдалд хүргэсэн гэдгийг нь хэлсэн чинь би чамайг харсан тухайн үед чамайг бүлэглэж зодсон хүн бол байгаагүй. Би тэр явдлыг чинь машин дотроос суугаад харж байсан. Би очиж та нарыг салгаа биз дээ гэж байсан. Тухайн өдөр болсон явдлыг би гэртээ ороод гэрийнхэндээ юу ч хэлээгүй. Намайг эгч нь сүрдүүлсэн болохоор айсандаа би ээждээ болсон бүх зүйлийг хэлсэн. Ээж тэр хүнтэй чинь утсаар нь ярина гээд дугаар аваад ярихад тэр эгч манай ээжийг янз бүрээр доромжилсон. Төгсөх ангийн хүүхдүүд байна надаас ирж уулчалт гуйгаад яваа гэж хэлээд хүлээгээд байхад надаас ирж уучлалт гуйгаагүй. Тэгээд би маргааш нь цагдаад өргөдөл бичиж өгсөн” гэв.
Хохирогч Д.Сайнзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Д.Биндэръяа барьж явсан устай саваараа миний мөр рүү цохисон. Тэгэхээр нь миний уур хүрээд Д.Биндэръяаг “гөлөг минь өөрийнхөө оролцох хэрэгт оролц” гэхэд нөгөө устай саваа миний цээж рүү шидсэн. Тэгэхээр нь би уурлаад дөхөж очоод “чи яах гээд байгаа юм бэ” гэж чанга дуугаар хэлэхэд намайг Д.Биндэръяа “чи битгий орилоод бай” гээд намайг үсдээд авсан …Миний толгой руу Д.Биндэръяа гараараа 2 удаа цохисон. Мөн намайг үсдэж доош нь дарсан үс зулгаасан” гэсэн мэдүүлэг. /хх-11х/,
Гэрч Н.Гуамарал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Д.Биндэръяа “чи одоо юу гээд байгаа юм” гэхэд Д.Сайнзаяа Д.Биндэръяаг мөр рүү нь гараараа түлхсэн. Д.Биндэръяа устай сав барьсан бөгөөд тус саваараа адилхан түлхсэн чинь Д.Сайнзаяа Д.Биндэръяаг үсдээд Д.Биндэръяа өөдөөс нь үсдсэн. Тэгээд тэр хоёр үсдэлцээд байсан бөгөөд Энхмаа бид хоёр жаахан зайтай байсан тэгээд салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-14/,
Гэрч Ж.Нарангуа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Биндэръяа “чи сургуулийн үүдэнд чимээгүй байгаач” гэсэн чинь “чи дут гөлөг минь чамд хамаагүй шүү”гээд тэр хоёр бие биенийгээ нэг удаа түлхээд улмаар хоорондоо үсдэлцсэн. Тухайн үед Д.Сайнзаяа эхэлж үсдсэн бөгөөд Д.Биндэръяа зөрүүлээд үсдсэн” гэсэн мэдүүлэг /хх-16х/,
Гэрч Э.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...сургууль дотроос Биндэръяа Бямбажаргал хоёр гарч ирээд юу болоод байгаан гэсэн. Тухайн үед би хажууханд нь байсан нэг харахад Д.Сайнзаяа, Д.Биндэръяа хоёр үсдэлцсэн байсан бөгөөд Н.Гуамарал бид хоёр салгасан” гэсэн мэдүүлэг /хх-17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №12388 тоот дүгнэлтэд:
Шинжээч эмч Б.Ариунзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Комьпютер томографийн шинжилгээнд хохирогчийн тархины бор болон цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай байна гэх ба үүнийг үндэслэнэ. Мөн бодит үзлэгт нүдний алим чичирхийлэлтэй, дагзны булчингийн хөшингтэй байгаа нь тархи доргилт гэж тогтоох үндэслэлтэй байна. Мөн зовиур нь толгой өвдөнө бөөлжинө гэсэн байна ... энэ гэмтлийг авсан бол энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, хичээл сургуульдаа явж болно” гэсэн мэдүүлэг. /хх-53х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн орчимд Д.Сайнзаяатай маргалдаж, улмаар түүний мөр рүү усны саваар цохиж, толгой хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно.
Мөн гэмт буруутай этгээд болох Д.Б-с хохирогчид баримтаар учирсан хохирол болох 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Сайнзаяад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-д оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Д.Б-с хохирогчид баримтаар учирсан хохирол болох 128.000 /нэг зуун хорин найм/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Сайнзаяад олгоусгай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР